Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01653

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01659 дугаар шийдвэртэй, Т.Оийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэнгис, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Э” ХХК-ийн Нэгдсэн удирдлагын газар хянан нийцүүлэх хэлтсийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, “Э” ХХК болон уг компанийг ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг зөрчсөн.

Ажил олгогчоос өгсөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай мэдэгдэл нь ажил олгогчоос ирээгүй буюу хэнээс ирсэн нь тодорхойгүй гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй хэвлэсэн цаас байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасныг ажил олгогч зөрчсөн.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд ажилтнуудын төлөөлөлтэй ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй, миний бие дангаар ажлаас чөлөөлөгдөөгүй.

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б/25 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт болон төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолыг үндэслэл болгосон нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоолд миний ажиллаж байсан орон тоо хасагдсан буюу тус ажилд албан тушаал байхгүй болсон тухай үг, үсэг огт байхгүй.

“Э” ХХК болон ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 5.2 дахь хэсэгт компанийн хэмжээнд сул байгаа орон тооны хүний нөөцийн хангалтыг хийхдээ мэргэжил, ур чадвар, ажлын байрны шаардлагыг хангасан компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байгаа тохиолдолд тэргүүн ээлжид түүнийг урьтал болгоно гэж заасан. Миний хувьд эрх зүйч мэргэжилтэй, төрийн байгууллага болон дипломат албанд нийт 13 жил ажилласан туршлагатай. “Э” ХХК-д ажиллаж байх хугацаандаа мэдлэг, чадвараа дээшлүүлж компанийн засаглал төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг сургалтад хамрагдаж, бүтцийн өөрчлөлтөөс үл хамааран өөрийн мэдлэг чадварын хүрээнд ажиллах бүрэн боломжтой байсан бөгөөд өөр ажилд шилжин ажиллуулах үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй. Тэтгэмж олгох хүсэлтийг гаргахдаа Хамтын гэрээний 3.9 дэх хэсгийг үндэслэсэн  боловч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл бичихэд тухайн үед “Э” ХХК-иас ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан тохиолдол байгаагүй учраас бөөнөөр халахаас бусад тохиолдолд гэсэн заалтыг үндэслэж тэтгэмжийг 3 сараар олгохыг хүссэн. Бид нарын хүссэн өргөдлийн загварын дагуу хүсэлтээ бичих юм бол 3 сарын тэтгэмж өгнө гэж хэлээд тэр хүмүүс ажлаа өгөөд чөлөөлөгдсөн. Надад 1 сарын тэтгэмж өгөхөөр тэр үед өөр хүмүүс ажлаас халагдаагүй байсан учраас хамтын гэрээний 3.9 дэх хэсгийг үндэслэж бичсэн.

Түүнээс тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд Б/25 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.О нь “Э” ХХК-ийн нэгдсэн удирдлагын газарт хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар түүний ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын газар нь бүтцээс байхгүй болсон.

“Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд 1 сарын өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдлийг Т.Оид хүргүүлсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж байгаа гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б25 дугаартай тушаалаар түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн ба 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Т.О тухайн шийдвэрийг хүлээж аваад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэх захиралд “Э” ХХК болон ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 3.9 дэх хэсэгт заасны дагуу ажилчдыг бөөнөөр халахаас бусад тохиолдолд тухайн ажилтанд 3 сараас доошгүй сарын тэтгэмж олгоно гэж заасны дагуу тэтгэмж олгох хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг үндэслэж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот тушаалаар 2 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байдаг.

“Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаартай тогтоолоор бүтэц зохион байгуулалтын ажлыг Хөдөлмөрийн тухай хууль болон “Э” ХХК-ийн холбогдох дүрэм, журмын дагуу ажлаас чөлөөлөх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/25 дугаартай тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Т.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоол нь нэрнээсээ бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар заасан нь харагдаж байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 40 дүгээр тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан 51 дүгээр тогтоолоор 8 газар, 2 албатай байсан бүтэц нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолоор 2 газар, 5 хэлтэс болон бүтцийн хувьд маш том өөрчлөлт орсон нь цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолын 3-т тодорхой хүмүүсийг ажлаас чөлөөлөх, шилжүүлэх, томилох, арга хэмжээ авахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тус компанид ажиллаж байсан иргэн А.Галтбаатар. Л.Болор-Эрдэнэ нарыг ажлаас чөлөөлсөн тушаал, Г.Батсүлдийг ажилд томилсон тушаалууд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэсэн байгаа нь “Э” ХХК-ийн нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халсан болох нь тодорхой харагдаж байна.

“Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 37 дугаар тогтоолыг үндэслэн 2 ба түүнээс дээш этгээд ажлаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгж татан буугдсан гэдэг нь нэгэнт тогтоогдсоор байтал аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан тохиолдолд ажилтны төлөөлөлд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээр хийнэ гэснийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч миний бие тухайн үед өөрийгөө ажлаас халагдсан гэж бодож байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай газрын өөр ажилчид ажлаас чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон гэдгийг олж мэдээд шүүхэд маргаантай байгаа хэргүүдтэй нэгтгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх анхнаасаа ажилчдыг бөөнөөр халсан талаар шийдвэрлэх сонирхолгүйгээр миний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанууд дээр тус компанийн Нэгдсэн удирдлагын газар татан буугдсан гэдгийг удаа дараа хэлж тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Мөн “Э’ ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.8-д зааснаас үзэхэд “Э" ХХК-ийн Нэгдсэн удирдлагын газар татан буугдсан гэдэг нь тодорхой харагдаж байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Б/25 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй буюу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлээгүй буюу 37 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн болох нь илэрхий байтал хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Нэгдсэн удирдлагын газарт ажиллаж байсан хүмүүсийн ажлын байрыг хэрхэн сольж, ажиллуулж байгаа болон компанид шинээр ажилд орсон хүмүүсийг хэрхэн сонгон шалгаруулж авсан зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 181/Ш32021/04196 тоот захирамжаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус орхигдуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарласанчлан миний ажиллаж байсан нэгж, газар татан буугдсан эсхүл орон тоо хасагдсан, эсэхийг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой байсан болно.

Түүнчлэн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийн асуусан асуултад тодорхой хариулт өгөх боломжгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохын тулд хариуцагчаас бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой 2020 оны 12 дугаар сараас хойш шинээр ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн нийт хүмүүсийн жагсаалтыг гаргуулахыг хүссэн боловч хариуцагчийн хариу хүргүүлэх албан бичигт дурдсаныг үндэслэн хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой гэх хууль бус үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Т.О нь “Э” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Нэгдсэн удирдлагын газрын Нэгдсэн төлөвлөлт, хянан нийцүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг шинэчлэн баталсантай холбогдуулан хууль, гэрээ, дүрэм, журмын хүрээнд эрх бүхий албан тушаалтан, холбогдох бусад албан тушаалтан, ажилтныг зохих журмын дагуу чөлөөлөх, шилжүүлэх, томилох арга хэмжээ авахыг гүйцэтгэх захиралд зөвшөөржээ. /хх19-22/

 

 “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, “Э” ХХК-ийн дүрмийн 9.7.10, 9.7.12, 9.7.16, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 37 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.2, 11.8-д заасныг тус тус баримтлан Компанийн зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бүтцийн дагуу Нэгдсэн төлөвлөлт, хянан нийлүүлэлт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан буюу тус ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр Т.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас нь чөлөөлжээ. /хх7/

 

 Хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж тодорхойлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх учиртай. “Э” ХХК 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилтан Т.Оид “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэгдлийг гардуулсан, Т.О гарын үсэг зурж, мэдэгдлийг хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан 02/14 тоот мэдэгдэл гэх баримтад үндэслэн зөв тогтоожээ. /хх120/

 

 Ажил олгогч дээрх мэдэгдлийг гардуулснаас хойш 34 хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Т.Оийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргажээ. /хх7/

 

 Уг тушаал гарсны дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.О ажил олгогчид өргөдөл гаргасан ба уг өргөдөлд “2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Э” ХХК болон компанийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 3.9-т ажилчдыг бөөнөөр халахаас бусад тохиолдолд компани ажилтанд 3 сараас доошгүй сарын тэтгэмж олгоно гэж заасны дагуу 3-аас доошгүй сарын тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх”-ийг хүсч буйгаа илэрхийлсэн байна. /хх25/

 

 Ажилтан Т.О хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурж ажил олгогчид өгснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний нөгөө тал болох ажил олгогч нь уг илэрхийллийг хүлээж авч 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 тоот тушаалын дагуу түүнд 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна.

 

“Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 40 тоот тогтоолоор байгуулагдсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 37 тоот тогтоолоор шинэчлэн баталснаар нийт орон тооны дээр хязгаар 88-аас 86 болж цөөрсөн байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “...орон тоо хасагдсан...” гэх үндэслэлд хамаарна.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн буюу хөдөлмөрийн ганцаарчилсан маргаантай холбоотой байх бөгөөд ажилтнуудыг бөөнөөр нь ажлаас чөлөөлсөнтэй холбоотой хамтын маргаан гэж шууд дүгнэх боломжгүй. Иймд хэргийг нэгтгэх, бусад ажилтныг чөлөөлсөнтэй холбоотой баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай биш байгаагаас гадна бусад хүмүүсийн нууц, хувийн мэдээлэлтэй холбоотой байх тул шүүхээс холбогдох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заснаар нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой байх шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА