| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/25 |
| Огноо | 2017-03-28 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Л.Энхтайван
Хохирогч А.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.А
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн С овогт Ж-гийн М-од холбогдох 20171***** дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт *** аймаг *** сумын * баг * хэсэг * тоотод оршин суугаа хаягтай, **** ажилтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх С овгийн Ж-гийн М-, РД /***** /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.М- 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 11 цагийн үед тус тус эхнэр А.Зг хардсаны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
1. Шүүгдэгч Ж.М-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн….Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч А.Згийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орой 19 цагийн үед манай найзын охины төрсөн өдөр болж байна ирээч гэж урьсан. Тэгээд 21 цагийн үед архиар шахуулаад согтолттой байхад У гэх залуу залгаад хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь архиа гартал наадмын талбайн ард очиж машин дотор нь сууж байгаад гэртээ хариад нөхөртөө би ирчихлээ гэсэн чинь хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Тэгээд мотоциклийн уралдаан болдог газар авч очоод зодож эхэлсэн. Тэгээд тэндээс манай найз Ч-ийн гадаа ирээд найзыг дуудаад гарч ирэхгүй болохоор нь намайг дахиж зодоод тэгээд гэр рүү хариад намайг **** руу хүргэж өгнө гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд **** явах замдаа Утай уулзаад гэр рүүгээ харьсан. Би гэртээ ороод унтаад өгсөн. Маргааш нь дахиад зодсон. Тэгээд би аав руугаа залгаж дуудсан. Тэгээд аав ирээд цагдаа дуудсан. Тухайн шөнө чамайг ална, яасан ч байсан миний дур гэж хэлж байсан гэв.
3.Хохирогч А.Згийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад манай найз С-огийн охиных нь төрсөн өдөрт уригдаад *** кафед очсон. Тэнд байж байх үед миний утас руу У гэх залуу залгахаар нь би ***-т байгаа талаар хэлээд одоо харих гэж байна гэтэл намайг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд тэндээсээ гараад У намайг гэрт хүргэж өгөх болсон боловч би тухайн үед архиар шахуулаад уучихсан байсан болохоор харихаас санаа зовоод Уын машинтай наадмын талбайн тэнд машинд нь цаг гаран юм ярьж суусан. Тэгээд гэртээ харьсан. Тухайн үед цаг хэд болж байсныг анзаараагүй. Гэрт харихад нөхөр байхгүй хадам ээж, охин, эмээ гурав байсан. Тэгээд би нөхрийн утас руу ирчихлээ гээд мессеж бичсэн чинь манай нөхөр над руу залгаад ... очиж явна гараад ир гэсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гартал манай нөхөр машиндаа суулгаад ***** арагшаа мотоциклийн уралдаан болдог газар аваачаад .. Хаагуур юу хийж явсан гэж хашигирч байснаа л намайг нүүр рүү цохиод эхэлсэн. Тэнд байхдаа намайг машинаас буулгаад газар цасан дээр унагааж байгаад дээрээс өшиглөөд л байсан. машинаас буулгахдаа үснээс чирээд буулгасан. Хамраас цус гараад цусаа тогтоох гээд хойшоо ухарсан чинь намайг маяглаад бай гээд янз янзаар зөндөө л зодсон. Тэгээд мөн намайг ... янхан, ал, нэг шөнийн хүүхэн гээд доромжилж байгаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Тэгээд пизда минь чамайг алж байж санаа амарна гээд орилж орилж намайг машиндаа суулгаад барилгын 27-гийн цаана байх манай найз Ч-гийн гэр рүү дагуулаад явсан. Ч-гийн гадаа очоод магшинаасаа буугаад хашаан дотор нь орилоод л байсан. Тэгээд буцаж гарч ирээд намайг машин дотор зөндөө зодсон. Тухайн үед нөхрийн машины акумлятор суусан байсан болохоор нөхөр найз Д-ийг дуудсан байсан. Д- ирэхдээ найз Р-гийн хамт ирсэн. Д-, Р- нар ирээд намайг салгасан. Тэгээд манай нөхрийн машиныг М- өөрөө бариад ****ын ам руу харихаар явсан. Харих замдаа мөн намайг зодсон. ****ын аманд очоод намайг **** хүргэж өгнө гээд машинд суулгаад явсан. **** явах гээд Газын колонк дээр очоод байж байтал У залгаад манай нөхөртэй уулзана гээд бид хороололын Шонхор дэлгүүрийн тэнд очтол манай найз Ч-гийн хамт ирсэн. Ирээд нөхөртэй уулзаад тэгээд **** явах гээд хороололоос урагшаа явж байгаад Д-ийг ..машинаа зогсоо гээд намайг мөн буулгаад хөл рүү өшиглөөд толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгээд буцаад ****ын ам руу гэр рүү харьсан. Гэртээ хариад би охиноо аваад унтаад өгсөн. Хадам ээж тухайн үед юм дуугарахгүй байсан. Маргааш өглөө нь сэрээд хэвтэж байтал М- намайг өшиглөөд орноос жийж унагаагаад байхаар нь хүүхдийнхээ хувцасыг өмсүүлээд жорлон орохдоо ширээн дээр байсан утсаа аваад жорлонд ороод ****д байгаа аав руугаа залгаад болсон асуудлыг ярьсан. Тэгээд гэртээ ортол намайг ямар удаан гардаг юм гээд утсыг минь аваад фэйсбүүкийнхээ кодыг хэл гэсээр байгаад код аваад миний фэйсбүүх хаягыг нээсэн. Тэгтэл тэр үед Шүүхийн шинжилгээнд ажилладаг Н над руу бие чинь гайгүй юу гээд мессеж биччихсэн байсан... Чи хэнтэй явалддаг юм гээд дахиад зодоод эхэлсэн. Намайг зодож байгаад утсыг минь хурааж аваад ...байж байгаарай алга болчихов гээд гараад явчихсан. Тэгээд аав маань ирээд цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/
4.Хохирогч А.Згийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн ...... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 00 цагийн үед байх тэр үед намайг ****ын амны хойд хэсэг мотоциклийн уралдаан болдог байсан газар аваачаад дээд уруул хэсэг болон нүүр рүү тохойгоороо цохиод байсан.Машинаас гаргаж байгаад газар унагаагаад дэвсээд байсан. Ер нь толгой хэсэг газар руу цохиод байсан. Харин 2016 оны 12 сарын 21-ний өглөө 11 цагийн үед намайг орон дээр хэвтэж байх үед миний хажууд хэвтэж байгаад миний нуруу руу гараараа нэг удаа чанга цохихоор нь эргээд хартал миний зүүн талын хацар руу алгадсан. Тэгээд би өндийгөөд боссон чинь хөлөөрөө намайг жийгээд газар унагаасан. Тэгээд би босож хувцасаа өмсөөд гадаа 00 орохдоо утсаа аваад гарч аавтайгаа яриад эргээд гэрт орж ирэхэд гадаа удлаа гээд гэрийн хаалгаар орж ирэхэд буцаагаад хөлөөрөө жийгээд гаргачихсан. Би эргэж орж иртэл М- гэрийн компьютер асаачихсан намайг фэйсбүүкийн кодоо хэл гэхээр нь хэлтэл Ч-, Н хоёроос ...бие нь яаж байна гэсэн утгатай ..Ч-гээс холбоо барих боломж байна уу гэсэн утга бүхий мессеж ирсэн байсан. Тэрийг уншчихаад орон дээр алгадаж унагаагаад үсдэж газар унагаагаад нуруу болон гэдэс нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн.. гэх мэдүүлэг
/хавтаст хэргий 33 дугаар хуудас/
5.Гэрч Г.Уын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр оройны 23 цагийн үед З руу залгасан чинь ...*** кафед байна гэр рүү хүргээд өгөөч гэсэн. Тэгээд Зг *** кафегаас очиж авахад жаахан согтуу байна нөхрөөсөө айгаад байна. Машинд чинь сууж жаахан архиа гаргая гэхээр нь стадионы зогсоол дээр очиж зогссон. Тэнд 30-40 минут орчим зогссон. Тэгээд гайгүй боллоо гэхээр нь 00 цаг болж байхад ****ын аманд байх гэр рүү нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Шөнө унтаж байхад миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад...Би Згийн нөхөр байна Яагаад айлын эхнэр эргүүлээд яваад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм хоёулаа уулзая гэж хэлсэн. Тэгээд Згийн нөхөртэй хороололын Шонхор дэлгүүрийн гадаа уулзахаар болсон. Би гэрээсээ гараад Згийн найз М- гэх эмэгтэйг гэрээс нь очиж аваад хамт Шонхор дэлгүүрийн гадаа очсон. Намайг очиход Згийн нөхөр М- болон бас хамт 2 залуу байсан. З мөн хүүхэдтэйгээ байсан. Очоод Згийн нөхөр М-той уулзаад.. Чи юу яриад байгаа юм бэ гэтэл М- ... та манай эхнэртэй явалдаад байгаа юм биш үү гээд байсан. Би ..тийм асуудал байхгүй гэрт нь хүргэж өгөөд салсан талаар хэлээд бага зэрэг маргалдсан. Тэгтэл нөхөр нь машинаасаа Зг буулгаад ирсэн. Тэгэхэл Згийн нүүр нь хавдсан зодуулсан байдалтай байсан. Би тэгэхээр нь ...Чи яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ хардаад байх юм болоогүй гэж хэлсэн. Бидний хооронд ямар нэг зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би явсан... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
6.Гэрч А.Р-баярын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр гэртээ байж байтал Д- над руу залгаад .. Хоёулаа М- дээр очъё. Утсаар яриад хүрээд ир гээд байна. Чи манайд хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Д-ийн хамт Шүүхийн арын 60 айлын тэнд нэг айлын гадаа зогсож байсан. Очиход М- эхнэр З бас нүдний шилтэй цагдаа гээд байсан нэг ах нар зогсож байсан. Тэр үед нэг эмэгтэй гэрээсээ гарч ирээд энэ хүнийг танихгүй юм байна л гээд байсан. Тэгээд би Д-ийн машиныг бариад Д- М-ын машиныг бариад ****ын ам руу М-ын гэр рүү явсан. М- эхнэрээ **** руу хүргэж өгнө гээд хороололын урд байдаг Дашваанжил газын колонкоос бензин аваад байж байтал М- нэг хүнтэй утсаар яриад Шонхор дэлгүүрийн тэнд уулзана гээд байсан. тэгээд бид нар Шонхор дэлгүүрийн гадаа очиход нэг өндөр бүдүүн биетэй нэг эрэгтэй нэг эмэгтэй хүний хамт ирээд М- тэр 3 уулзаад байсан. Юу ярьсан талаар бол мэдэхгүй байна. Би Д-, З нарын хамт машин дотор сууж байсан. Тэнд нилээн удаан ярьж байгаад М- **** явахаа болиод буцаад ****ын ам руу гэр рүү нь явсан. Эхнэрийг нь гэр рүү нь оруулаад Д- бид хоёр М-той юм ярьж сууж байгаад нэг пиво хувааж уугаад Д- бид хоёр харьцгаасан.... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/
7.Гэрч Т.Нын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..2016 оны 12 сарын 21-ний өдрийн 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ байж байтал 21 цагийн үед манай байранд байдаг Э гэх багш хүүхэн намайг сургууль дээр ирээд хичээлд туслаад өгөөч гэхээр нь 3 дугаар сургууль дээр очоод хамт туслаад байж байтал 01 цагийн үед М- гэх манай найз залгаад хашаан дотор согтуу хүн яваад байна. Найз нь айгаал хоёр хүүхэд маань сэрчих гээд байна гэхээр нь яваад очсон. Тэгтэд М-ийн гэрийн гадаа Соната -6 маркийн машин байсан. Тэгсэн чинь нэг танихгүй залуу нэг эмэгтэй хүнийг зодоод хажууд нь бас 2 залуу хамт байсан. Би очоод болиоч гэсэн чинь ...Чамд хамаагүй гэсэн. Хажууд нь байсан залуу намайг танимхайраад ирснээ ах зүгээр зүгээр гэхээр нь би хүн амьтан аллаа ш тээ гээд салгаад тэнд байсан нэг машинд хүүхнийг нь суулгасан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэрээ зодож байсан залуу .. Би эхнэрээ яах нь та нарт хамаагүй биз дээ гээд байхаар нь хамт явсан залуучуудад хэлтэл нөгөө залуу эхнэрээ өөрийнхөө машинд суулгаад дахиад нэг залуу нь хамт суугаад яваад өгсөн. Тэгээд би явсан...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
8.Гэрч Б.Д-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр гэртээ амрах гээд байж байтал шөнийн 01 цагийн үед байх тэгж санагдаж байна манай найз М- над руу нилээн тэвдүү ч гэх юм уу залгаад ..яаралтай Могойтын аманд хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж гайхаад найз Р-г дагуулаад Нутгийн удирдлагын ордны цаана айлын гадаа очсон. Очиход М- эхнэртэйгээ байсан. М- машиныхаа гадаа эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан. Юу болсон талаар асуухад Хоорондоо үл ойлголцсон уу яасан юм хардалтаас л болсон юм шиг байна лээ. Эхнэрийгээ хүнтэй явалдсаныг мэдлээ гээд л бөөн уур байсан. Тэнд байж байтал нэг залуу ирсэн. Тэр залуу ирээд цагдаа байна гээд цагдаагийн тэмдэг үзүүлээд Одоо наад хүнээ аваад яв эсвэл машин дуудлаа гээд байсан. Би тэр залуу дээр очоод .. гэр бүлийн асуудал болсон юм. Би хоёр найзыгаа аваад явлаа гээд салсан юм. Тэндээс хөдлөхөд М-ын машиныг би бариад эхнэрийг нь хажуудаа суулгаад М-ыг ард суулгаад ****ын аманд байх гэр рүү нь явсан. М-ын гэр рүү очих замдаа муудалцаад эхнэрээ **** руу хүргэж өгнө гээд байсан. Би тэр хоёртой найз болохоор эвлэрүүлчих санаатай аль болох салгаад байсан. М- гэртээ ороход ээж нь бас хориод байсан. Тэгээд хүүхдээ аваад эхнэрээ **** хүргэж өгнө гээд бид хэд гэрээс нь хөдөлсөн. Би шүдэнзний ард гэрээсээ очиж бензиний мөнгө аваад хороололын газын колонкоос газ хийгээд байж байтал эхнэртэй нь явдаг байсан залуу нь М- руу утсаар яриад тэр 2 уулзахаар болсон. Тэр 2 Шонхор дэлгүүрийн гадаа уулзсан. Шонхор дэлгүүрийн гадаа М- тэр залуутай уулзаад зогсоод байсан. Тэндээс шууд **** явахаар хөдөлсөн. Сүхбаатар самбарын тэнд явж байтал М- машинаа зогсоо гэхээр нь зогстол М- эхнэрээ машинаас дагуулж буугаад бараг хориод минут ярилцаад байсан. Тэгж байснаа М- за за намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь ярилцаад гайгүй болсон юм байлгүй гэж бодоод буцаад ****ын аманд байх гэрт нь ирсэн. Тэгээд М-ын хашаан дотор нь нэг том пиво уусан. Учир нь тэр пивийг би гэрээсээ найзтайгаа юу болсон талаар нь ярилцангаа ууя гээд авсан юм. Пиво уучихаад би гэртээ харихаар явсан... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
9.Гэрч С.Оийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдрийн 21 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьсан. Тэгэхэд манай бэр З нэг хүнтэй утсаар ярьж байснаа хүний төрсөн өдөрт очно гээд гарсан. Зг гараад явах үед М- гэртээ унтаж байсан. Тэгээд сэрээд М- хүнд бариа хийнэ гээд гэрээсээ 21 цаг өнгөрсөн байсан байх тэр үед хоол ундаа идчихээд гэрээсээ гарсан. М- нилээн удаж байж байгаад гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь .. чи Зг олж ирэхгүй юм уу гэсэн чинь М- буцаад гараад явсан. Шөнин 00 цаг өнгөрч байхад З гаднаас орж ирсэн. Тэгээд явчихаад ирлээ гээд хүүхдээ аваад унтсан. Тэгээд удаагүй байж байгаад З гараад явчихсан. Гарснаасаа хойш нилээн байж байгаад М-, З найз Д- нар орж ирсэн. Тэгтэл М- уурлаад л эхнэрээ хүнтэй явсан гээд хүргэж өгнө гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би бэрээ өмөөрөөд нэг хэсэг хэрүүл болсон. М- заавал **** хүргэж өгнө гээд байхаар нь тэгвэл би цуг явна гээд гараад машинд нь суучихсан. Тэгтэл М- машин дотроо суучихаад эхнэрээ цохиод байхаар нь би найз Д-ид нь хэлээд хамт явуулаад өөрөө үлдсэн. Тэгээд явж байгаад буцаж хүрч ирээд унтаад өгсөн. Өглөө 08 цаг 30 минутаас ажилтай байдаг болохоор яваад өгсөн. Тэгээд намайг явсны дараа эхнэрээ зодсон байна лээ... гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/
10.Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ?05 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд
1.А.Згийн биед хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 43 дугаар хуудас/
11.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал
/хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/
12.Эд мөрийн браимт хавсаргах тогтоол /хавтст хэргийн 8-11 дүгээр хуудас/
13.****-Уул аймгийн нэгдсэн эмнэлт хэвтэн эмчлүүлсэн хохирогч 14.А.Згийн өвчний түүх /хавтаст хэргийн 13-27 дугаар хуудас/
15.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийдвэр /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/
16.Шүүгдэгч Ж.М-ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн.....2016 оны 12 сарын 20-ны өдөр ээлжээс 10 үед буугаад гэртээ ирсэн. Тэр үед эхнэр шалгалт өгөх гээд явсан байсан. Гэртээ байж байх үед эхнэр гаднаас орж ирсэн. Ээлжнээс буусан болохоор ядраад унтсан байсан. Оройны 21 цагийн үед сэрээд хартал эхнэр байхгүй байсан. Эхнэр рүү залгатал.. Найзын хүүхдийн төрсөн өдөр болж байна. Намайг явуулахгүй байна гэхээр нь би эхнэрээ авах гээд гэрээсээ 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд *** кафед очтол байхгүй 22 цаг өнгөрч байхад гараад явсан гэсэн. Тэгээд утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Найз нөхөдтэйгээ дарвиад коллектив баар руу очсон байж магадгүй гэж бодоод очтол тэнд байхгүй байсан. Тэндээсээ төмөр замд ажилладаг Мөнхтулга гээд Ерөнхий инженер ахын гэрт очоод бариа хийж өгсөн. Мөнхтулга ахын гэрээс 23 цаг өнгөрч байхад гараад гэртээ очтол эхнэр ирээгүй байсан. Буцаад гэрээсээ гараад эхнэрээ хайгаад явж байтал эхнэрийн найз Сарантуяагийн нөхөртэй тааралдаад эхнэрээ асуусан чинь найз нь уугаад явж байна мэдэхгүй гэсэн. Тэр үед би 5-н давхарын голд байдаг супермаркетаас нэг том Сэрүүн пиво авсан байсан болохоор уур хүрээд тэрийгээ уухаар Мөнхөөнөө гэх залуутай хамт 60 айлд байх гэрийнх нь гадаа очиж уусан. Тэгээд 00 цаг 38 минутын үед миний утсанд эхнэр маань гэртээ ирлээ гэсэн месеж ирсэн. Тэгээд эхнэр рүүгээ залгаад намайг очихоор гараад ир гээд гэрийн гадаа очтол гэрийн гадаа гараад ирсэн. Эхнэрээ шууд дагуулаад ****ын ам руу явсан. Эхнэрээсээ хаана байсан талаар асуухад найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирсэн гэсэн. Чи битгий худлаа яриад бай гээд эхнэрээ зодсон. Тэгтэл эхнэр маань надад Ч- гэх найз нь У гэдэг залуутай танилцуулсан. Тэгээд хамт байж байгаад ирсэн гэсэн. Тухайн үед эхнэр хэн гэдгийг нь хэлэхгүй байсан ч сүүлдээ надад нэрийг нь хэлсэн. Тэр үед эхнэрийгээ хэд хэдэн удаа цохьсон . Эхнэрээс Ч-гийн дугаарыг аваад Ч-тэй уулзахаар гэрийнх гадаа очтол Ч- гарч ирэхгүй байсан. Тэгтэл тэр үед нэг нүдний шилтэй залуу гарч ирээд цагдаа байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Ч- гарч ирээд ..Би чамайг танихгүй юм байна гэж байснаа манай эхнэрийг хараад намайг таньсан байх. Тэр үед би машины акумлятор суусан байсан болохоор найз Д.Д-ийг дуудтал Д-, Р- гэх залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд тэндээ байж байгаад гэртээ хариад эхнэр хүүхдүүдээ аваад **** хүргэж өгнө гээд хороололын газын колонк дээр байж байтал У гэх залуу над руу утсаар яриад уулзая гэхээр нь бид нар хороололын Шонхор дэлгүүрийн хажууд уулзсан. Тэр үед би танай эхнэртэй чинь янз бүрийн юм болоогүй. Зүгээр хүргэж өгсөн гээд байсан болохоор бид нар өөр илүү дутуу юм ярилгүй салцгаасан. Тэгээд У гэх залууги йн ийм тийм юм болоогүй гэж хэлснийг нь бодоод гайгүй тайвшраад буцаагаад эхнэрээ дагуулаад гэртээ ирээд унтсан. Өглөө 11цаг өнгөрч байхад босоод эхнэрийн утсыг аваад Ч-, У гэх хүмүүсийн хаягыг блоклох гээд оролдож байтал урд орой нь цагдаа байна гээд үнэмлэхээ үзүүлээд байсан нүдний шилтэй жижиг залуу манай эхнэрийн фэйсбүүк чатаар ... Бие чинь гайгүй юу гээд биччихээр нь би өмнөөс нь ...Та нараас болоод надад зодуулаад сууж байна гээд бичсэн чинь миний утсанд танихгүй дугаараас ..Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу гэх мэтээр янз бүрийн мессеж бичсэн. Тэгээд тэр залууг Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг болохыг мэдсэн. Тэр үед тэр нүдний шилтэй залуу цагдаа үнэмлэх гаргаж үзүүлээд дуудлага өгсөн дуудлагаар явж байна гэх мэтээр яриад байсан. Энэ талаар шүүхийн шинжилгээний албаны даргад өргөдөл гаргасан байгаа. Тухайн өдөр бол эхнэрийгээ зөндөө зодсон. Одоо бодоод байхад тухайн үед уураа дийлэхгүй ийм үйлдэл хийсэндээ одоо болтол гэмшиж байна. Анх худлаа ярьж байгаад сүүлд У гэх залуутай уулздаг болсон мессежээр харилцдаг болсон талаараа надад үнэнээ хэлсэн. Унтаж хэвтээгүй байж болох л байх л даа одоо бодоход би уураа барьж чадаагүйгээсээ болж өөрийнхөө амьдралыг сүйтгэлээ...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
17.Шүүгдэгч Ж.М-ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн...Би өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан.....гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
18. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж-ийн М-ыг 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө тус тус эхнэр А.Зг бусадтай хардсаны улмаас үргэлжилсэн үйлдлээр эрх чөлөөнд нь халдаж, хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл учруулж, Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан баримт сэлтүүдийг хуулийн шаардлага хангасан үнэн зөв гэж үзсэн тул Шүүх нотолгооний эх сурвалжаа болгов.
Үүнд Хохирогч А.Згийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.У /хх34/, А.Р-баяр /хх 35/, Т.Н /хх36/, Б.Д- /хх37-38/, С.Оэ /хх39-40/ нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 05 тоот дүгнэлт /хх43/, эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг, нүүрний рентген зураг, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримт сэлтүүдийг нэрлэнэ.
Дээрхи нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ж-гийн М-ыг 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө тус тус эхнэр А.Зг бусадтай хардсаны улмаас үргэлжилсэн үйлдлээр эрх чөлөөнд нь халдаж, хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоож байна.
Хохирогч А.З, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А нар нь Хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхээс хүссэн боловч хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.
Учир нь Шүүгдэгч М- нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглсэн, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж хуулиар тогтоожээ. 2 дахь үндэслэл нь хохирогч З нь сэтгэл санааны хохирол 2 сая төгрөгийг цаашдаа нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэв. Эдгээр тохиолдолдлуудыг үндэслэн хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй, тийм боломжгүй байна. Харин хохирогч Згийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч М-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүлйин 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Торгох ялын хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж байгаа жишгээр буюу 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцвол зохино.
Шүүгдэгч Ж.М- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн томографийн зураг 1 ширхэг, нүүрний рентген зураг 1 ширхэгийг хохирогч А.Згийн хүссэнээр буцаан олгож, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хохирогч А.З, шүүгдэгчийн өмгөөлөгч А.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.С овгийн Ж-гийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Ж-гийн М-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 нэг сая дөрвөн зуун дөчин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар ялтан торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Згийн томографийн зураг 1 ширхэг, нүүрний рентген зураг 1 ширхэгийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хохирогч А.Зд буцаан олгож, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтоосугай.
6.Шүүгдэгч Ж.М- нь нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М-од урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ
.