Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 85

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            Д.Нямдэлэг

    Хохирогч                               Г.Март

    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Г.Амартүвшин   

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000139 дугаартай,  1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

 Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газар Сайга МК маркийн буугаар галтай сумаар буудан ой хээрийн түймэр гаргаж байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 342 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Нямдэлэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “өмгөөлөгч Г.Амартүвшингийн “Хохирлын талаар гаргасан дүгнэлт болон гал гарсан дүгнэлтүүд эргэлзээтэй байгаа талаар, хохирлын дүгнэлт гаргасан С.Мөнхзулын талаар ярьсан зүйл”-үүд хэрэгт авагдсан баримтуудтай зарим талаараа нийцэж байгаа тул хүлээж авах үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь: Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудсанд гэрчээр асуугдсан Д.Гантогтох Шөнө 01 цагийн үед манай сумын байгаль орчны байцаагч С.Мөнхзул “Танай гэрийн ойролцоо утаа гараад байна, гэрээсээ гараад хараадах” гэж хэлсэн, энэ үед би гэрээсээ гараад харахад ямар нэгэн утаа харагдахгүй болохоор нь би гэртээ ороод С.Мөнхзулд “ямар нэгэн утаа харагдахгүй байна” гэж хэлчихээд унтаад өгсөн гэж мэдүүлжээ. Мөн хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд байгаа Б.Тэгшжаргал “түймэр Цагаан давааны цаанаас гарсан, жип машины мөр замын хоёр талаар гарсан зургийг нь гар утсанд авсан талаар хүн ярьсан” гэж мэдүүлжээ. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд гэрчээр асуугдсан Л.Алтанцэцэг “Манай нөхрийг гэрээсээ гараад утаа гарч байгаа эсэхийг шалгаадах байгаль орчны байцаагч С.Мөнхзул хэлсэн. Манай нөхөр гарч хараад утаа гарахгүй байна гэж хэлж байсан. Энэ үөд шөнийн 01 цаг болж байсан гэж мэдүүлжээ. С.Мөнхзул шөнийн 01 цагийн үед тэнд утаа гарах болохыг хэрхэн яаж мэдсэн талаар асуугаагүй. Мөнхзулыг тэнд Амарсайхан нартай жип машинтай тэр орой анд явж байсан талаар шалгах, хэргийн газраас олдсон бууны сумны хонгио ямар бууных болохыг тогтоох зэрэг ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, гэрч П.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлснээр түймэрийг Бат-Эрдэнийг тавьсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц асуудлууд байгааг нарийвчлан шалгаж нэг мөр шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзнэ. Мөн Шинжээчийн дүгнэлтэнд бичигдсэн он сар өдөр зөрүүтэй байгааг анхаарвал зохино. Гал гарсан шалтгаан нөхцлийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Сумын байгаль орчны байцаагч болон бусад албан тушаалтан гал гарсан талаар яагаад удааширсан болох, хожуу дуудлага өгсөн болох, алдсан нэг өдрийн галын хохирлын хэмжээг тогтоох боломжтой эсэх зэргийг шалгах шаардлагатай байна. Ойн санд түймэр гарснаас учруулсан хохирлын хэмжээг дахин тогтоолгох нь бусад оролцогч нарт төрөх эргэлзээг арилгах талтай байгаа тул шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй талаас нь тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Үүнд: Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр дүгнэлт хийн  буцаасан байх ба шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт энэ талаар дурьдаагүй, Шүүхийн тухай хуульд 33.1 дүгээр зүйлийн 6 гэсэн заалт байхгүй байхад хуульд тусгагдаагүй заалтыг баримтлан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь ойлгомжгүй байна. Мөн шүүгчийн 347 дугаартай захирамжинд шүүгч гарын үсэг зурсан атлаа тамга дараагүй нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамж гэж дүгнэх учир дутагдалтай байна. Иймд Б.Бат-Эрдэнэд холбогдох Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Яагаад гэвэл энэ хүнийг түймэр тавьсан гэхэд эргэлзээтэй зүйлүүд байгаад байна. Захирамжийн үндэслэх хэсэгт бичигдсэн ажиллагаанууд хийгдэх шаардлагатай гэж үзэж байна. Захирамжид тамга тэмдэг дарагдсан эсэх дээр бол үндсэн захирамжид тамга дарагдсан зөвхөн прокурорт хүргэгдсэн хувь дээр тамга дараагүй байгаа нь шүүгчээс бусад албан тушаалтны хийх ёстой байсан үйл ажиллагааны алдаанаас болоод тамга дарагдаагүй байх боломжтой. Үүнээс болж захирамжийг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хохирлоо нөхөн төлүүлэх саналтай байна гэв.

Тодорхойлох нь

                

Б.Бат-Эрдэнэ нь  2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг Бөхлөө гэх газар Сайга МК маркийн буугаар галтай сумаар буудан ой хээрийн түймэр гаргаж байгаль экологид 204.276.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 347 дугаартай шүүгчийн захирамжаар:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнг 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан “Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд холбогдох 201718000139 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч Туваан овогт Батцэнгэлийн Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийн дагуу Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт болох Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгтэй хамт уг хуулинд байхгүй 33.1 дүгээр зүйлийн 6 гэсэн заалтыг удирдлага болгож, шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын     10-ны өдрийн 347 дугаартай  захирамжийг гаргасан, уг захирамжинд шүүгчийн гарын үсэг зурагдсан боловч албан ёсоор тамга дарж баталгаажуулаагүй зэрэг алдаа зөрчил гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Гэвч анхан шатны шүүхийн шүүгч нь  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэсэн заалтыг удирдлага болгон дээрх захирамжийг гаргасан, хэдийгээр прокурорын байгууллагад ирүүлсэн захирамж нь албан ёсны тамгагүй боловч шүүх хуралдаанд уншиж сонсгосон захирамжийн захирамжлах хэсэг гардуулсан захирамжийн захирамжлах хэсгээс зөрүүгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн анхан шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдагдсан  ажиллагаауудаас гадна дор дурьдсан мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзлээ.Үүнд:

-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын    15-ны өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу томлогдсон Алтанбулаг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мөнхзулын гаргасан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №05 тоот Шинжээчийн дүгнэлт нь  /хх-ийн 111-116-р ху/ тогтоолд дурьдагдсан мөрдөгчийн асуултуудад бүрэн дүүрэн хариулт өгөлгүй орхигдуулсан, хэдийгээр шинжээчээс мэдүүлэг авсан боловч энэ талаар тодруулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээч тавьсан асуултын заримыг санаатай хариулалгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу шинжээчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тодрруулсны эцэст дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах,

-Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед “Сайго” маркийн буугаар буудлага үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  2017 оны 05 дугаар сарын 11-нээс 12 нд шилжих шөнө Хилийн цэргийн 05 дугаар заставын жижүүрээс түймэр гарсан тухай анхны мэдээллийг Алтанбулаг сумын байгаль орчны байцаагчид мэдэгдсэн байх тул тухайн үед түймэр гарсан нутагт дэвсгэрт өвс ургамлын гарц, хуурайшилт ямар хэмжээнд байсан, тухайн нөхцөлд галт сумаар буудлага үйлдсэн үед шууд түймэр гарах болсмжтой эсэх, ямар тохиолдолд буудлагын дараа шууд түймэр асалгүйгээр галын нууц голомт үүсэж, далд шаталт, уугилт явагдаж байгаад  хэдий хугацааны дараа илрэх боломжтой болох зэрэг асуудлыг шинжээчийн дүгнэлт гаргуулах болон шинжээч, гэрч нарыг асуух замаар тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 12 дугаар сарын     11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын      10-ны өдрийн 347 дугаартай шийтгэх захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ