Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2084

 

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02627 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Э ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сан нь банк эсвэл банк бус санхүүгийн байгууллага шиг санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай зориулалтын сан гэсэн статустай. Эрх бүхий байгууллагаас төрийн бусад байгууллагад аудитын шалгалт хийхэд үндсэн үйл ажиллагаанд орохгүйгээр зөвхөн санхүүгийн тайлан, санхүүгийн баримтад аудитад хийдэг бол тус сангийн хувьд бүхлээр нь шалгадаг онцлогтой. Төрийн аудитын тухай хуульд төсвийн мөнгийг эргэж төлөх нөхцөлөөр ашиглаж байгаа Засгийн газрын тусгай зориулалтын санд аудит хийхдээ олгож байгаа санхүүжилт, түүний зарцуулалт, гарч байгаа үр дүн зэргийг бүгдийг нь шалгах тухай зохицуулалттай. Хэрэгт авагдсан аудитын шалгалтын тайланд 12 зөвлөмж бичсэн байгаагаас 3-ыг албан шаардлага гэсэн байсан. Энэхүү аудитын шалгалтын зөвлөмжид тусгагдсан үндэслэлүүдээс хамаарч сөрөг дүгнэлт гарахад нөлөөлсөн гэж байгаа боловч миний гаргасан ямар үйлдэл, эс үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа тухайгаа хариуцагч тал тодорхой баримтад тулгуурлан тайлбарлахгүй байна. Манай байгууллага нь 500 гаруй харилцагчтай, 350 тэрбум төгрөгийн зээл гаргасан улсын хөрөнгө эргэлдэж байдаг газар бөгөөд санхүүгийн хэлтэст 4, 5 хүн ажилладаг ба эдгээр хүмүүс өр, авлагыг барагдуулах тал дээр анхаарч, төслийг хэрэгжүүлдэг. Тэр утгаараа аудитын 12 зөвлөмжийг зөвхөн надад холбогдуулсан бус, харин тус сангийн үйл ажиллагааг дүгнэж, нэг бүрчлэн зааж, хариуцах эздийг заасан гэж ойлгосон. Гэтэл зээл, төсөл, санхүүтэй холбоотой бүхий л зүйлд намайг буруутай мэтээр тайлбарлаж байна. Төсөв хэтрүүлсэн 4 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг 2016 оны аудитын шалгалтаар илрүүлээгүй, 2017 онд илрүүлсэн. Энэ нь өөрөө материаллаг алдаа болж, үнийн дүн өсөхөд нөлөөлсөн. Миний бие гурван албан шаардлагын хоёрыг хүлээн зөвшөөрөөгүй, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу мөнгө орж ирээгүй тохиолдолд хаахгүй. Бид бүхэн ажил үүргийн хуваарьт заасан тодорхой ажил үүрэгтэй бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн албаны бус, харин байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчлүүдийг 1 хүнд хариуцуулж байгааг ойлгохгүй байна. Намайг ажлаас халах үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19-д заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн. Гэтэл дотоод журмын 9.1, 9.2.-т сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг харьяалах хэлтсээс санал авч захирлын тушаалаар ногдуулан гэж заасан хэдий ч үүнийг хэрэгжүүлээгүй. Миний юу хийж, ямар ажил хийж сайжруулсныг тооцооны нягтлан, эдийн засагч, албаны дарга мэдэж байхад өөр газар, хэлтсийн хүмүүсээс санал авсан, үнэхээр санхүү дээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол бусад ажилтны мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудал давхар яригдах ба хамт олны санал авах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, надад ийм эрхийг эдлүүлээгүй. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтооно, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байх ёстой атал урьдчилан танилцуулаагүй. Манай байгууллага энэхүү аудитын дүгнэлтийг 2018 оны 3 дугаар сарын сарын 30-ны өдөр хүлээн авсан боловч би 2 баримт дээр гарын үсэг зураагүй, аудитаас зураагүй дээрх хоёр баримтыг нэрсийн жагсаалттай, үнийн дүнтэй хамт гаргаж өг гэж нэхсэн боловч өгөөгүй, яагаад тэр 2 баримт дээр гарын үсэг зураагүй вэ гэвэл анхан шатны баримтаар 7.2 сая төгрөг төлөгдөж, манай тооцооны нягтлан бичсэн, үүнийг 7 дугаар сарын 01-ний өдөр албан шаардлагын хариу өгөхдөө бичиж өгсөн байх ёстой. 2016 онд хаагдсан хүүгүй зээл байдаг, үүнийг Төрийн сангийн хуулгаас харахад мөнгө нь ороод ирчихсэн байсан, тухайн үед холбогдох баримтыг аудитын ажилтанд үзүүлж, танай гэрээт хүн чинь үүнийг олж хараагүй байна, мэргэжлийн алдаа гаргасан гэж хэлсэн, миний бие аудитын зөвлөмжид харьцангуй уян хатан ханддаг, байгууллага дээр болохгүй байгаа алдаа, дутагдлыг илрүүлж, нэмж бичүүлэн нягтлан бодогчид засах, мэдэх боломжийг олгодог. Байгууллагын бүтэц, газар, хэлтсийн чиг үүргээс хамаарч аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, цаашид юун дээр анхаарах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал зөвхөн надад холбогдуулан ноцтой зөрчил гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү, би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын мөнгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн гаргасан тушаал нь ерөнхий нягтлан бодогч М.Э г 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл юм. Улсын Дээд шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зүйлс гэсэн зөвлөмжид тус тус дурдснаар ноцтой зөрчлийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхгүй байна гэж ойлговол зохино гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2.-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, 3.2.3.-д дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж ойлгон гэж хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Хөдөлмөрийн гэрээг тухайн үед боловсруулж байхдаа ноцтой зөрчлийн зохицуулалтыг тусгайлан дугаарлаагүй ч гэрээний доод хэсгийн 4-д албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн зорилгод ашигласан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Мөн хөдөлмөрийн дотоод журмыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинэчлэн баталсан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.19.13.-д мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, данс бүртгэлийн алдаа гаргасан, эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон бол гэдэг зохицуулалт байна. Эдгээр зохицуулалтыг хэрэглэхдээ аудитын тайлан, албан шаардлага, зөвлөмжийг тус тус нотлох баримт болгосон. Хэрэгт авагдсан аудитын шалгалтын явцад илэрсэн алдаа зөрчлийн жагсаалтад сөрөг дүгнэлт гарах болсон шалтгааны 3 албан шаардлага нь нэхэмжлэгч М.Э тай шууд холбоотой. 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хязгаарлалттай дүгнэлт авсан ба тухайн үед н.Наранцэцэг гэдэг ерөнхий нягтлан бодогч ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд нэхэмжлэгч томилогдсон. Тэрээр хязгаарлалттай дүгнэлтээс хойш 100 хувийн гүйцэтгэлтэй хангасан гэж ярьж байгаа ч өнөөдрийн байдлаар 2017 онд сөрөг дүгнэлт авсан байна. Сөрөг дүгнэлт авах болсон гол үндэслэлийг тус 3 албан шаардлагатай шууд холбож байна. Албан шаардлага, зөвлөмж хоёрын хооронд ялгаатай зүйл бий бөгөөд зөвлөмжийг үр дагаврын хувьд өндөр ач холбогдолтойд тооцдог. Гурван албан шаардлагад дурдснаар Эх буян цагаан эсгий хоршоо, Д.Од-Эрдэнэ нарыг зээлээ төлөөгүй байхад 7.2 сая төгрөгийн зээлийг төлсөн гэж санхүүгийн тайланд тусгасан байсан. Иймд, үүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзнэ. Сангийн тайлант он буюу 2017 оны санхүүгийн тайланд 56 зээлдэгчийн 1.181.8 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг бүртгээгүй, 2014 оноос хойш олгосон 330 зээлдэгчийн гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 онд төлөх ёстой байсан 54 зээлдэгчийн 1.441.2 сая төгрөгийн үндсэн зээл, 135 зээлдэгчийн 343.5 сая төгрөгийн хүүгийн төлбөр тус тус төлөгдөөгүй байна гэж тусгасан. Эдгээр зөрчлийг төрийн эрх бүхий байгууллагаас шалгаад тогтоосон байхад нэхэмжлэгч тал өөрийгөө зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасны дагуу дүгнэлт өгөх, дүгнэлтийн дагуу хариуцлага тооцох, албан шаардлага хүргүүлэх, ажлаас чөлөөлөх, санал хүргүүлэх эрх хэмжээтэй байгууллагын дүгнэлтээр зөрчил нь илэрсэн гэдэг нь тогтоогдсон. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.-д тодорхой зөрчил гаргасан албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээг заавал шат дараалан авахгүйгээр аль нэгийг нь хэрэглэж болно гэж заасан ба 9.2.-т сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах хэлтсийн саналыг авч захирлын тушаалаар ногдуулан гэснийг хэрэгжүүлсэн. Аудитын дүгнэлт нь санхүүгийн албыг хамарсан, өөрөөр хэлбэл, Санхүүгийн албаны дарга Л.Гантөмөрт сануулах сахилгын шийтгэлийг удирдлагын хяналтыг зохих ёсоор тавиагүй гэсэн үндэслэлээр ногдуулсан. Нэхэмжлэгч аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол дээд шатны байгууллага болон холбогдох албан тушаалтанд гомдол гаргах хугацаа байсан. Аудитын дүгнэлт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарч, 2 сарын дараа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр бид, аудитын дүгнэлтийн талаар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн боловч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд танилцуулагдаж, улмаар албажиж ирсэн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э г урьд эрхэлж байсан Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 270 809,03 төгрөгийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5,-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 51 128 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн ...."илрүүлснээс хойш..." гэдэг ойлголтыг мэдсэнээс хойш гэж автоматаар, логик уялдаа холбоогүй тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч М.Э-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Дээрх зохицуулалтуудын үндсэн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2.4-т тус тус талбарлсанаар "...зөрчил тогтоогдсон байх..." ёстой байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт тайлбарласнаар 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энэхүү зөрчлийг мэдсэн байх тул энэ хугацаанаас эхлэн сахилгын шийтгэл ногдуулвал зохих хуулийн хугацааг тоолно" гэж дүгнэсэн. Үндэсний аудитын хяналт шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтан нь "2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтнуудад /Захирал, албаны 3 дарга, ерөнхий нягтлан бодогч/ нарт 3 албан шаардлагыг танилцуулж, зөвшөөрч байгаа эсэх талаар гарын үсэг зуруулсан. Энэ үед ерөнхий нягтлан бодогч М.Э нь Үндэсний аудитын илрүүлсэн зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Ахлах аудитор нь өөрийн хяналт шалгалт хийсэн аудитын явцад гарч байгаа зөрчлийг танилцуулж, зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсан болохоос албажиж ирүүлээгүй" мөн, уг зөрчилд шууд хамаарал бүхий этгээд болох М.Э нь хүлээн зөвшөөрөөгүй тул үүнийг бид "тогтоогдсон" гэж үзэх үндэслэлгүй. Үндэсний аудитын эцсийн дүгнэлт нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулагдаж, эцсийн байдлаар зөвшөөрч гарын үсэг зурж, Үндэсний аудитын хяналт шалгалтын дүгнэлт баталгаажсан байдаг. Уг дүгнэлт албан ёсоор баталгаажсанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын А-96 дугаар "Албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай" тушаал гарч, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 01/1818 дугаар албан бичгээр ирүүлсэн. Ажил олгогч болох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь аудитын дүгнэлтийг албан ёсоор баталгаажаагүй эцэслэн тогтоогдоогүй асуудлаар ажилтанд хариуцлага тооцох эрх хэмжээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн 4, 5, 6, 7, 8 дугаар нүүрүүдэд Үндэсний аудитын тухай дүгнэлтийн буруу зөв буруу эсэх талаар дүгнэлт гаргасан нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргасан. Учир нь Үндэсний аудит нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны байгууллагад хамаарах бөгөөд тус байгууллагын аудиторын дүгнэлт нь Захиргааны шийдвэр бөгөөд түүнийг хууль зүйн үндэслэлийн хянах эсэх нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс ахлах нягтлан бодогч, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн үйл баримт хэргийн  4, 35-40, 68 дахь талд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/48 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Б/34 дүгээр тушаал зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                               

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/48 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.19.13, 9 дүгээр зүйлийн 9.1, Үндэсний аудитын газрын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 06/825 дугаар “Аудитын гэрчилгээ”, 2018 оны 3 дугаар зүйлийн 30-ны өдрийн 02/143, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03/172 дугаар албан шаардлага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 18-ны А-96 дугаар тушаал болон 2016/20 дугаар хөдөлмөрийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3-т заасныг тус тус үндэслэсэн байна.                       /хх-4 дэх тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална”, 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заажээ.

 

                Монгол Улсын Үндэсний аудитын газраас хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн, тус газраас аудитын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангийн захирал болон холбогдох эрх бүхий ажилтнуудад засч, залруулахыг 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02/141, 02/142, 02/143 тоот дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн үйл баримт хэргийн 78-97 дахь тал авагдсан Монгол Улсын Үндэсний аудитын газрын санхүүгийн тайлан, хэргийн 100-102 дахь талд авагдсан Монгол Улсын Үндэсний аудитын газрын албан шаардлага зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх Монгол Улсын Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын тайланд “нэхэмжлэгч М.Э г Их буянт цагаан эсгий хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээлийг төлөгдөөгүй байхад барагдуулснаар тайланд тусгасан, мөн зээлийн хүүгийн авлага болох 1,181,8 сая төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүй” гэсэн зөрчлийг гаргасан гэж дүгнэжээ. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, түүнд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан  нь хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх хугацааг хуулиар тогтоосон тохиолдолд уг хугацааг зөрчиж шийтгэл ногдуулах боломжгүй. Энэ талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Монгол Улсын Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын тайланд зааж байгаа дээрх зөрчил нь ерөнхий нягтлан бодогчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэхдээ ноцтой зөрчил гаргасан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч М.Э нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч М.Э г хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 270 809.03 төгрөгийг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргуулж нэхэмжлэгч М.Э д олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Монгол Улсын Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын тайланг нотолгооны хэрэгсэл болохынх нь хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснийг буруутгахгүй бөгөөд дээрх хяналт шалгалтын тайланд үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ. Иймд иргэний хэргийн шүүх эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ