Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/00146

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/00146

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 43 өөрийн байранд байрлах Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 68-04 тоотод оршин байрлах Ньюбродерс юнион ХХК /РД:5329531/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7,886,478,137 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ньюбродерс юнион ХХК нь Капитал банктай 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 320 тоот Зээлийн гэрээ байгуулан жилийн 7.0 хувийн хүүтэй 6,000,000,000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 4 жилийн хугацаатай төслийн зээлийг авсан, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот Барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 дугаар Барьцааны гэрээнүүдэд заасан дараах үл хөдлөх болон газар эзэмших эрхүүдийг барьцаалуулсан болно. Үунд;

д/д

Хөрөнгийн хаяг байршил

Хөрөнгийн төрөл, хэмжээ

Улсын

бүртгэлийн

дугаар

Хөрөнгийн өмчлөгч,

эзэмшигч

1

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 62/3,62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5,64/6 тоот.

19867 мкв тапбайтай үйлдвэрийн барилга.

Ү-2201028968

Ньюбродерс юнион ХХК

2

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарыН дугаартай.

4194.75 мкв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар.

НТ-8028/0104 ГД- 0000272

Буян ХХК

3

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо /18132/, Сонсголонгийн гудамж 62/5, ШТС 62/9 тоот.

3980 мкв талбайтай шатахуун түгээх станцын зориулапттай барилга

Ү-2201034525

Ньюбродерс юнион ХХК

Зээлдэгч банктай зээлийн гэрээ байгуулснаас хойш дараах төлбөрийг төлсөн. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр төлөөгүй, Зээлийн хүүгийн төлбөрт 701,641,029.82 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,069,589.04 төгрөг, нийт 712,710,618.86 (Долоон зуун арван хоёр сая долоон зуун арван мянга зургаан зуун арван найман төгрөг наян зургаан мөнгө) төгрөг төлсөн. Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл төлөөгүй болно.

Зээлдэгч Ньюбродерс юнион ХХК-ийн төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 6,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,848,000,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,478,136.99 төгрөг, нийт 7,886,478,137.00 (Долоон тэрбум найман зуун наян зургаан сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун гучин долоон) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч зээлээ төлөхгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус албан тоотоор болон удаа дараа уулзаж, утсаар холбогдож зээлээ төлөх талаар мэдэгдэж шаардсан боловч зээлээ төлөөгүй.

Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн зээлийн төлбөрт 6,000,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,848,000,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38,478,136.99 төгрөг, нийт 7.886,478,137.00 төгрөг, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 20,500 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, Капитал баик ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч сайн дураар төлөөгүй тохиолдолд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 дугаар Барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүд болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, хэрэв барьцаа хөрөнгүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө, хөрөнгөөр хангуулахаар тус тус нэхэмжилсэн. Үүнд:

д/д

Хөрөнгийн хаяг байршил

Хөрөнгийн төрөл, хэмжээ

Улсын

бүртгэлийн

дугаар

Хөрөнгийн өмчлөгч, эзэм шигч

1

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо/18132/, Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6 62/7,62/8,62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5,64/6 тоот.

19867 мкв талбайтай үйлдвэрийн барилга.

Ү-2201028968

Ньюбродерс юнион ХХК

2

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын дугаартай.

41,94.75 мкв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулапттай газар.

НТ-8028/0104 ГД- 0000272

Буян ХХК

3

Улаанбаатар хот, СХД, 20-р хороо/18132/, Сонсголонгийн гудамж 62/5, ШТС 62/9 тоот.

3980 мкв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилга

Ү-2201034525

Ньюбродерс юнион ХХК

 

Гэтэл нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг байх ёстой дүнгээс багаар нэхэмжилсэн байсан тул зээлийн хүүнд нэхэмжилсэн 1,848,000,000.01 төгрөгийг 276,441,161.95 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 38,478,136.99 төгрөгийг 29,122,684.93 төгрөгөөр тус тус ихэсгэж, Үндсэн зээлийн төлбөрт 6,000,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 2,124,441,161.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67,600,821.92 төгрөг, нийт 8,192,041,983.88 төгрөг, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай материал бүрдүүлэхэд нотариатаар гэрчлүүлсэн зардал 20,500 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхээр шийдүүлэх шаардлага маань өөрөө зээлийн гэрээний үүрэг, материалын зардал нийт 8,192,062,483.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан эд зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангуулах, барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад мөнгө хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийн төлбөрт 6 тэрбум төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зээлийн хүүгийн төлбөр 1,848,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 276,441,161 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүгийн төлбөрөөс 93,205,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэхээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5, 2.6-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй гэж ойлгоно. Зээлийн гэрээний 8.3.3-т зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй, 60 хоног үргэлжилсэн бол банк зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардана гэж заасан. Банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.6-д банк нь зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй бол зээлийн гэрээг цуцалж, шүүхэд хандана гэж үүрэгжүүлж зохицуулсан.

Ньюбродерс юнион ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлийн төлөлт хийсэн. Энэ хугацаанаас тооцож үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байна. Гэрээг цуцлах нөхцөл бүрдсэнээс хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож авах үндэслэлгүй гэж үндэслэлээ гаргаж байна. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаа 1525 хоногийн хүүг шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн шаардлага 276,441,161 төгрөг нь анхны нэхэмжлэлийн шаардлагад орсон байсныг давхардуулж нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний 2.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг өөрчлөв гэж оруулсан. Тэгэхээр зээлийн гэрээ дуусах үед зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 320 тоот зээлийн гэрээний хугацаа гэрээний 3.4-т зааснаар зээлийн ерөнхий хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл байна. Тэгэхээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Гэтэл үүнээс 4 хоногийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 320-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр сунгасан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 хоногийн дараа сунгасан учраас энэ гэрээний сунгалт нь хүчин төгөлдөр байж чадахгүй. Зээлийн гэрээний 1 тал болох үүрэг гүйцэтгүүлэгч Капитал банк ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр татан буугдаж, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон учраас 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүү тооцож шаардах эрхгүй гэж үндэслэлээ гаргаж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд анхны нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлсэн хүү 38,478,136 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 29,122,684 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийн төлбөр 6,000,000,000 төгрөг, зээлийн хүү төлбөр эхнийх нь 1,848,000,000 төгрөг, үүнээс 1,754,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 93,205,528 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хамгийн сүүлийн төлөлт хийсэн буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөх хүүг төлье гэсэн үг.

Барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/489 тоот албан бичгээр барьцааны гэрээг дуусгавар болгоод барьцааны гэрээг шинэчилсэн байдаг. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээнд дурдсан Ньюбродерс юнион ХХК-ийн өмчлөлийн Ү2201034525 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орчлонгийн гудамж, 62 дугаар байрны 05, 09 тоот хаяг дээр байршилтай, 3,980 м.кв талбайтай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар зөвшөөрнө.

Барьцааны гэрээнд тусгагдаагүй 4294 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлдээ дурдсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь барьцааны гэрээнд тусгагдаагүй, газрын эзэмших эрхийг барьцаалуулах тохиолдолд Газрын албанд бүртгүүлж, энэ талаар гэрээндээ тодорхой тусгасан байх ёстой. Ийм хууль ёсны барьцаа хийгдээгүй учраас хүчин төгөлдөр барьцаа 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээ байгаа, энэ гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрнө. Үндсэн зээлийн төлбөр 6,000,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 93,205,528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,478,136 төгрөгийг болон Ү-2201034525 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээний хугацаанд хариуцагч нь 718,836,745 төгрөгийн хангалттай хүүг төлсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97, мөн өдрийн А-97 дугаартай Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай, Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалуудаар Капитал банк ХХК-ийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгах арга хэмжээг авч, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг мөн өдрөөс 1 /нэг/ жилийн хугацаатайгаар томилжээ.

Мөн банкны ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалаар эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 /зургаан/ сарын хугацаатайгаар,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар сунгасан,

түүнчлэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Туулхүүгийн Дэлгэрхүүг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар томилсон талаарх тушаалууд хэрэгт авагдсан байна.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг томилсноор Капитал банк ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн бөгөөд Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ньюбродерс юнион ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 6,000,000,000 төгрөг, зээлийн хүү 1,848,000,000.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,478,136.99 төгрөг, нийт 7,886,478,137 төгрөг болон хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргахад баримтыг нотариатаар гэрчлүүлсний зардал 20,500 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг байх ёстой дүнгээс багаар нэхэмжилснийг зөвтгөж, зээлийн хүүнд нэхэмжилсэн дүнг 276,441,161.95 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 29,122,684.93 төгрөгөөр тус тус ихэсгээд, үндсэн зээлийн төлбөрт 6,000,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,124,441,161.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67,600,821.92 төгрөг, нийт 8,192,041,983.88 төгрөг болгон ихэсгэж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжин мэтгэлцсэн болно.

Хариуцагч тал үндсэн зээлийн төлбөр 6,000,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 93,205,528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,478,136 төгрөг, нийтдээ 6,131,683,664 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг болон барьцааны зарим зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс татгалзаж, маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

I. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6,000,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,124,441,161.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67,600,821.92 төгрөг, нийт 8,192,041,983.88 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Ньюбродерс юнион ХХК нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 320 тоот зээлийн гэрээг байгуулан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийн зориулалтаар, 6,000,000,000 /зургаан тэрбум/ төгрөгийн зээлийн хүү нь сарын 0,58%, жилийн 7 хувь байх ба хүүг хуанлийн хоногоор тооцно, зээлийн хүүг жилийн 360 хоногоор бодно, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатайгаар тохиролцон зээлийг авсан байна. /хх-ийн 5-8 дахь талд/

Зохигчид нь 2017 оны 03 дугаар сарын 17ы өдөр 320-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулж, 320 тоот зээлийн гэрээний дор дурьдсан нөхцөлийг өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг дахин 60 сараар сунгав, Зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Хавсралт 1-д заасан байдлаар өөрчлөв, зээлийн хүү жилийн 7 хувь хэвээрээ байна, Зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлт тасалдах, хугацаа хэтрэх тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн өр түүнд бодогдох зээлийн хүүг банкны Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл-д заасны дагуу зах зээл дээрх энгийн нөхцөлрүү хөрвүүлнэ, Банк болон Зээлдэгч нарын эрх үүрэг нь тэдгээрийн хооронд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 320 тоот зээлийн гэрээнд заасны дагуу хэрэгжинэ, Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 320 тоот Зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг нь болно гэж заажээ./хх-ийн 9-10 дахь талд/

Капитал банк ХХК нь хариуцагч Ньюбродерс юнион ХХК-тай дээрх Зээлийн гэрээний дагуу Барьцааны 320 тоот гэрээг 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоотуудад байрлалтай 19867 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамт, бусад барьцаа хөрөнгөнд Компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж бусад бүх хөрөнгүүдийг барьцаалсан байна./хх-ийн 11-13 дахь талд/

Мөн зохигч талууд нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны 320-1 тоот гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байрлалтай 3980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилгыг барьцаалж, зээл авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч талуудын тайлбараар нотлогдож байна./хх-ийн 14-31 дэх талд/

Хариуцагч тал Капитал банк нь Зээлийн гэрээ болон Зээлийн үйл ажиллагааны журамд заасан зээлийг төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 03 сарын 05-ныг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдон нэмэгдсэнд буруутай тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш хугацааны хүү авах эрхээ алдана гэж тайлбарлан маргасан.

Зээлийн гэрээний талууд нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 320-1 тоот Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр зээлийн хугацааг 60 сараар сунгасан бөгөөд зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийг хавсралт 1-д 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаагаар сунгаж, тухайн зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймээс, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны зүйлийг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээл 6,000,000,000 төгрөгийг төлөөгүй, үндсэн хүүнд 701,641,029.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,069,589.04 төгрөг, нийтдээ 712,710,618.86 төгрөгийг төлсөн боловч хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Зээлдэгч буюу хариуцагч гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн гэх шалтгаан, нөхцөл байдлаа бичгийн баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйг дурьдах нь зүйтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж, Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.14-т Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдэлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна., 4.2.1-т Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, 4.2.5-д Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4-т заасан хугацаа болон тэдгээрийн хавсралтад заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр тооцоогоо банкин дахь харилцах дансаараа дамжуулан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг дахин 60 сараар сунгасан хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болохоор байх боловч нэхэмжлэгч тал 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот зээлийн гэрээний 8.3-т Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хохирлыг шаардана., 8.3.1-т Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, 8.3.2-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт 1)-ийн дагуу төлөөгүй бол, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/-н улмаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь зээлдэгчээс гаргуулах төлбөрийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: үндсэн зээл 6,000,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,124,441,161.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67,600,821.92 төгрөг, нийт 8,192,041,983.88 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Гэрээний үүргийн дагуу тооцоолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүнгийн тооцоололтой хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгчийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол нь гэрээгээр тохиролцсон хүүний хэмжээгээр тооцоологдсон, холбогдох тооцооллыг бичгийн баримтаар хавсаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ./хх-ийн 175-179 дэх талд/

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн гэрээний үүргийн дагуу гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Ньюбродерс юнион ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8,192,041,983.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй байна.

II. 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээ, мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүд болон эрхүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухайд:

Зээлийн гэрээний талууд нь Барьцааны 320 тоот гэрээг 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоотуудад байрлалтай 19867 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамт, бусад барьцаа хөрөнгөнд Компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж бусад бүх хөрөнгүүдийг барьцаалсан байна./хх-ийн 11-13 дахь талд/

Мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны 320-1 тоот гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байрлалтай 3980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилгыг барьцаалжээ./хх-ийн 14-31 дэх талд/

Дээрх барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ньюбродерс юнион ХХК /5329531/-ийн өмчлөлд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201028968 дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Капитал банк ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэгдэж, Капитал банк ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 5/4489 дугаартай албан бичгээр барьцааны гэрээ дуусгавар болсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7/9672 тоот хариу хүргүүлэх албан бичгээр шүүхэд ирүүлснээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна./хх-ийн 165-168 дахь талд/

Мөн нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай НТ-8028/0104/, ГД-0000272, Буян ХХК-ийн газрыг барьцааны гэрээнд тусгаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагыг хариуцагч тал үндэсгүй гэж татгалзаж буйг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилготой хийгдсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймээс, хариуцагч Ньюбродерс юнион ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны 320-1 тоот гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байрлалтай 3980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилгаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

III. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн зардал 20,500 төгрөг гаргуулахаар шаардаж Монголын нотариатчдын танхимын 000633 дугаартай мөнгөний тасалбар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний хөлс, зардалд 20,500 төгрөг тушаасан баримтыг хавсаргасан нь талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.2-т Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн банк нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан ...нотариатын үйлчилгээний хураамж ...бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна./хх-ийн 38 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ньюбродерс юнион ХХК-иас 8,192,062,483.88 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Ньюбродерс юнион ХХК үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034525 дугаарт бүртгэж, 000292181 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ньюбродерс юнион ХХК-ийн нэр дээрх 3980 мкв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамтаар барьцаалбартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээр шаардсан бусад Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/5, 64/6 тоотод байршилтай 19867 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамт, бусад барьцаа хөрөнгөнд Компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж бусад бүх хөрөнгүүд, мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай НТ-8028/0104, ГД-0000272, Буян ХХК-ийн өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ньюбродерс юнион ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж /41,118,262+70,200/-д 41,188,462 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

4. Тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/08508 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Ньюбродерс юнион ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 7,886,478,137 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ