Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00640

 

 

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00640

 

МАГАДЛАЛ

2021.04.

К Б ХХК-ийн эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00146 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К Б ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н БХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 7 886 478 137 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К Б ХХК нь Н БХХК нь тай 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар барьцааны гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64,2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоотод байрлах 19 867 м.кв талбайтай үйлдвэрийн Ньюбродес юнион ХХК-ийн барилга, мөн дүүргийн 20 дугаар хороо, нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын Н дугаартай 4 194, 75 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай Буян ХХК-ийн газар, 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж 62/5, ШТС 62/9 тоотод байрлах 3 980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай Н БХХК-ийн барилгыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүд төлбөр 701 641 029,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 069 589,04 төгрөг, нийт 712 710 618, 86 төгрөг төлсөн. Зээлдэгчээс үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 124 441 161,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөг, нийт 8 192 041 983,88 төгрөг гаргуулах, нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 20 500 төгрөг, нийт 8 192 041 983,88 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Төгсбаатар шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүүд 93 205 528 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 1 848 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 276 441 161 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 2.5, 2.6-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй гэж ойлгоно. Зээлийн гэрээний 8.3.3-т зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй, 60 хоног үргэлжилсэн бол банк зээлийн гэрээг цуцалж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардана гэж, Банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.6-д банк нь зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй бол зээлийн гэрээг цуцалж, шүүхэд хандана гэж тус тус заасан. Н БХХК нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамгийн сүүлийн төлөлт хийснээс хойш төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байна. Гэрээг цуцлах нөхцөл бүрдсэнээс хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож авах үндэслэлгүй. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаа 1525 хоногийн хүүг шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн шаардлага 276 441 161 төгрөгийг давхардуулж нэхэмжилсэн. Зээлийн гэрээний 2.2-т зааснаар зээлийн эргэн төлөлтийг өөрчлөв гэж оруулсан. Тэгэхээр зээлийн гэрээ дуусах үед зээлийн үлдэгдэлтэй байсан. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 320 тоот зээлийн гэрээний хугацаа гэрээний 3.4-т зааснаар зээлийн ерөнхий хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 320-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг сунгасан байна. К Б ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр татан буугдаж, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон учраас 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүү тооцож шаардах эрхгүй. Нэмэгдүүлсэн хүү 38 478 136 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, зээлийн хүү 1 848 000 000 төгрөгөөс 1 754 000 000 төгрөг болон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот барьцааны гэрээний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/489 тоот албан бичгээр барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааны гэрээг шинэчилсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээнд дурдсан Н БХХК-ийн өмчлөлийн Ү2201034525 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орчлонгийн гудамж, 62 дугаар байрны 05, 09 тоот хаягт байршилтай, 3 980 м.кв талбайтай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрнө. Харин барьцааны гэрээнд тусгагдаагүй 4 294 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Энэ нь барьцааны гэрээнд тусгагдаагүй, газрын эзэмших эрхийг барьцаалуулах тохиолдолд газрын албанд бүртгүүлж, энэ талаар гэрээнд тодорхой тусгах ёстой. Гэрээний хугацаанд хариуцагч нь 718 836 745 төгрөгийн хүүг төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н БХХК-аас 8 192 062 483,88 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Н БХХК үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 тоот барьцааны гэрээнд заасан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034525 дугаарт бүртгэж, 000292181 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Н БХХК-ийн нэр дээрх 3 980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамтаар барьцаалбартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Нэхэмжлэлээр шаардсан бусад Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/5, 64/6 тоотод байршилтай 19867 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газрын хамт, бусад барьцаа хөрөнгөнд Компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж бусад бүх хөрөнгүүд, мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8028/0104 нэгж талбарын дугаартай 4 194,75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай НТ-8028/0104, ГД-0000272, Буян ХХК-ийн өмчлөлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н БХХК-аас улсын тэмдэгтийн хураамж /41,118,262+70,200/-д 41 188 462 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлого болгож,

Тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2020/08508 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Н БХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 7 886 478 137 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Төгсбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Зээлийн гэрээний талууд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 320-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээгээр зээлийн хугацааг 60 сараар сунгасан бөгөөд зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг хавсралт 1-д 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, тухай зээл, хүүгийн татбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 320 тоот зээлийн гэрээний 3.4-т Зээлийн ерөнхий хугацаа 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гэж тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул 4 хоногийн дараа байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 320-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний 2.1-т зааснаар зээлийн гэрээг 60 сараар сунгасныг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байх хугацаанд гэрээг сунгах боломжтой. Нэгэнт дууссан хугацааг сунгах боломжгүй. К Б ХХК нь 20 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр татан буугдаж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх нь дуусгавар болсон тул 2019 оны 4 дүгээр сарын 08-наас хойш хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Н БХХК нь Иргэний хуулийн 223 дугаар 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн зээлийн хүүд 1 754 794 472,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөг, нийт 1 822 395 294,42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний 8.3.3-т "Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүүгийн болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол банк зээлийн гэрээг цуцлаж, өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана, К Б ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.6-т хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүний төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлаж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ, 11.9-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх, 14.4 зээлдэгчийн үндсэн зээл болон хүүний хугацаа 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хариуцсан зээлийн ажилтан холбогдох хорооны хурлаар танилцуулж, нэг талын санаачилгаар гэрээг цуцлан, шүүхэд шилжүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна гэж тус тус заасан. Мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 320-1 тоот барьцааны гэрээний 2.6-д барьцаалуулагч зээлийн гэрээний дагуу зээл, хүүний төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан. Зээлдэгч Н БХХК нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаанд 712 710 618,86 төгрөгийг төлсөн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлөлт хийсэн ба түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тул зээлийн гэрээний 2.6, 8.3.3-т заасан зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал бүрдсэн байхад К Б ХХК нь зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 11.6, 11.9-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй. Зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь зээлдэгчийн үүрэг мөн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зээлдүүлэгч К Б ХХК-ийн үүрэг юм. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ нэхэмжлэгч алдсан. Анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд гэрээг цуцлах шаардлага гаргаагүй байгаа асуудалд дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Н БХХК нь зээлийн хүү 1 754 704 472,5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөг, нийт 1 822 395 294,42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч К Б ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч Н БХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 124 441 161,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөг, хохирол 20 500 төгрөг, нийт 8 192 041 983,88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, хүү 93 205 528 төгрөг төлөх, барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байршилтай, 3 980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

К Б ХХК нь Н БХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 6 000 000 000 төгрөгийг зээлдэгч Н БХХК-д зээлдэх, зээлдэгч нь 6 000 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлдэгч төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байна. /хх-5-8/

Талууд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 320-1 дугаартай гэрээгээр 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгаж өөрчилсөн нь өмнөх гэрээний салшгүй нэг хэсэг болох тул зээлийн гэрээг 9 жил буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

К Б ХХК нь төлбөрийн чадваргүй болсон үндэслэл тогтоогдсон тул Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсноор түүнд К Б ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь шилжиж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасантай нийцжээ. Банкны эрх хүлээн авагч томилогдсон хугацаанд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасан үндэслэл үүсээгүй тул татан буугдснаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авах эрхгүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 320 дугаартай барьцааны гэрээг байгуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/3, 62/,5, 62/6, 62/7, 62/8, 62/9, 64/1, 64/2, 64/3, 64/4, 64/5, 64/6 тоотуудад байрлалтай 19867 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тус барилгад хамаарах орчмын газар, компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж бусад бүх хөрөнгүүдийг, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 320-1 дугаар барьцааны гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, /18132/ Сонсголонгийн зам гудамж 62/5, ШТС 62/9 тоот хаягт байршилтай 3 980 м.кв талбайтай шатахуун түгээх станцын зориулалттай барилгыг тус тус барьцаалсан байна./хх-11-16/

Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлдүүлэгч К Б ХХК нь зээлдэгч Н БХХК-д зээлийн гэрээгээр тохиролцсон 6 000 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүү 701 641 029,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 069 589,04 төгрөг, нийт 712 710 618, 86 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

Харин зээлдэгч Н БХХК Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг, төлбөр төлөх хуваарийг зөрчиж, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, зээлийн хүү 3 780 000 000 төгрөг /6 000 000 000 х 7= 420 000 000 х 9 жил/, нийт 9 780 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, зээл зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, зээлийн тооцоолол зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 5-15,178/

Зээлийн гэрээний 3.14-т зааснаар зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул хариуцагч нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх талаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, мөн оны 7 дугаар сарын 29-ний өдрүүдэд албан бичгээр мэдэгдэж удаа дараа шаардаж байсан гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй гэж үзнэ.

Хариуцагч Н БХХК нь зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлж гэрээний зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт урт хугацаатай гэрээг цуцлахад мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт журмыг баримтална гэж заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Талууд гэрээний 5.1.1-т ... үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг зээлийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу банк шаардах эрхтэй талаар заасан тул хариуцагчид хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс үүссэн гэж үзнэ. К Б ХХК нь хариуцагч Н БХХК-д зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Зээлийн гэрээний 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 8.3.3-т ..зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол банк зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардах гэж заасан боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэрээг цуцлах үүргээ биелүүлээгүйгээс үүргийн зөрчил гэж үзэхгүй тул хариуцагчийн ... зээлдүүлэгчийн буруугаас зээлдэгчийн төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн... гэх гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н БХХК-иас үндсэн зээл 6 000 000 000 төгрөг, зээлийн хүү 2 124 441 161,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67 600 821,92 төгрөг нийт 8 192 041 983,88 төгрөгийг буцаан шаардсан К Б ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гаргасан нотариатын зардал 20 500 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хохирлыг тодорхойлсон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан буруу боловч энэ нь шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. Нэхэмжлэгч зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж түүнтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагч Н БХХК-аас 8 192 062 483,88 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 9 269 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БАЙГАЛМАА