Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00169

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/00169

Улаанбаатар хот

25 181/ШШ2021/00169

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20а-36 тоотод оршин суух, Боржигон овогт Дугарбаатарын Мягмар /РД:ХД73041775/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 8/1 тоот барилга, Сити тауэр бизнес төв 18 давхар 1801-1 тоотод байрлах Экструд констракшн ХХК /РД:5371937/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 117,450,000 төгрөг гаргуулах үндсэн, 10,935,518 төгрөг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мягмар миний бие 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Экструд констракшн ХХК-тай 18/001 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд баригдах Вип /VIP/, загварын 2 ширхэг барилгын газар шорооны ажил, суурь болон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 392,000,000 төгрөгийг 5 үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцсон.

Захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгэгч тал нь Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ч.Дагиймаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202002726 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 31 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 50мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж 2018 оны 08 сарын 07-ны өдөр барьцааны гэрээг байгуулж, дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Гүйцэтгэгч талын зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралтад заасан ажлуудыг гэрээний хугацаанд чанартай сайн гүйцэтгэсэн, гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсний илрэл болгож Экструд констраюшн ХХК нь 2018 оны 8 сарын 07-ны өдөр барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн.

Захиалагч тал Ажил гүйцэтгэх гэрээ-д заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, гэрээний дагуу төлөх 392,000,000 төгрөгийн төлбөрөөс 276,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 115,600,000 төгрөгийг шалтгаангүйгээр төлөхөөс зайлсхийж байна.

Иймд хариуцагч Экструд коистракшн ХХК-аас Ажил гуйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 115,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан.

Шүүхийн шатанд Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 115,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа доорх үндэслэлээр нэмэгдүүлсэн.

Экструд констракшн ХХК-иас 2019 оны 11 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч талд ирүүлсэн гэрээ дүгнэсэн протоколоор Д.Мягмарт өгөх төлбөрийн үлдэгдэл 117,450,000 төгрөг байгаа тухай ирүүлсэн, мөн нэхэмжлэгч талын Улаанбаатар хотын банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгаар 2019.08.01-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018.07.27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018.07.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018.08.07-ны өдөр 80,000,000 төгрөг, 2018.08.28-ны өдөр 17,600,000 төгрөг, 2018.10.22-ны өдөр 91,950,000 төгрөг, 2018.11.14-ний өдөр 50,000,000 төгрөг, нийт 274,550,000 төгрөгийг Экструд констракшн ХХК-иас Д.Мягмарт шилжүүлэн өгсөн бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 117,450,000 төгрөг байгаагаас нэхэмжлэгч тал 115,600,000 төгрөгийг нэхэмжилж 1,850,000 төгрөгийг дутуу нэхэмжилсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 115,600,000 төгрөгийг 1,850,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 117,450,000 төгрөгийг хариуцагч Экструд констракшн ХХК-иас нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч болох Д.Мягмар нь гүйцэтгэвэл зохих ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй буюу гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул захиалагч болох Экструдконстрашн ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 3.7, 4.1.8.8-т заасан эрхийнхээ дагуу гүйцэтгээгүй ажлын санхүүжилтийг хойшлуулсан болно. Улмаар гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэхийн тулд захиалагч нь нэмэгдэл зардал гаргаж, цаг хугацаа алдсан. Захиалагчаас гүйцэтгэгчид ажлаа гүйцэтгэх талаар удаа дараа анхааруулж, мэдэгдсэн боловч ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй өдийг хүрээд байна.

Иргэн Д.Мягмар нь өөрийн хөрөнгөөр гэрээний 30%-ийг гүйцэтгэх боломжгүй байсан тул барьцаа хөрөнгө байршуулан гэрээний 30%-ийн урьдчилгаа санхүүжилт авсан юм. Барьцааны гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулж барьцаалсан. Тэгэхдээ ажил дуусаагүй үед Д.Мягмарын ээжийнх нь байр байсан учраас чөлөөлж өгнө үү энэ байр хэрэгцээтэй байна гэдэг үндэслэлээр чөлөөлүүлсэн байдаг. Гэрээнд хэд хэдэн заалт байгаа. Гүйцэтгэсэн гэрээт ажлын урьдчилгаа санхүүжилт орсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Гэрээний үнийг талууд тохирсон байна. Гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж дууссаны дараа комисст хүлээлгэж өгнө. Мөн дээрээс нь хугацаандаа гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.

Гүйцэтгэгч нь хугацаандаа дуусгаагүй бол захиалагч нь үнийн дүнгийн 30 хувийг шаардах эрхтэй. Нөгөө талаас гүйцэтгэгч нь хугацаандаа дуусгаагүй бол 0,5 хувийг захиалагчид төлнө. Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг байна. Энэ хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т заасан ажлыг тодорхой хэсэг үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах, энэ хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэх мэтчилэн, хуульд зохицуулсан зохицуулалтууд байна.

Энэ хүрээнд талууд маргаад ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаандаа гүйцэтгээгүй учраас холбогдох эрх бүхий шинжээчийг томилуулсан. Шинжээч нь гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй байна. Гэрээт ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэгч нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгээгүй байна. Д.Мягмарын хувьд илүү хийсэн ажил байна. Чанаргүй хийсэн ч ажил байна. Энэ бүгдийг тооцож үзэхээр Д.Мягмарын хийж гүйцэтгэсэн ажлын НӨАТ орсон дүнгээр 371,669,000 төгрөг, НӨАТ ороогүй дүнгээр 334,492,600 төгрөг байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т НӨАТ багтана гэж заасан учраас энэ 334,492,600 төгрөгийг НӨАТ-тай дүн гэж үзнэ. Д.Мягмар нь НӨАТ төлөгч биш тул, гүйцэтгэлийг НӨАТ-гүй дүнгээр тооцох нь зүйтэй байна. Татварын Ерөнхий Газраас лавлагаа авсан. Лавлагаанд Д.Мягмар нь НӨАТ төлөгч биш байна. Эсвэл татвар төлөгч биш, ерөөсөө Д.Мягмар гэдэг хүний зүгээс ямар нэгэн И-баримт системд мэдээлэл ороогүй байна гэсэн байгаа учраас Д.Мягмарын нэхэмжилж байгаа 117,450,000 төгрөгийг төлөх боломжгүй. Д.Мягмарын хийсэн ажлыг бид нар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, 334,492,600 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэж байна.

Тийм учраас үүнээс олгосон санхүүжилт 274,550,000 төгрөгийг хасаад 59,942,600 төгрөг үлдэж байгаа. Д.Мягмарт төлбөл зохих мөнгө, хийсэн ажлыг тооцож гаргаж ирсэн баримт ойролцоогоор 21,871,036 төгрөгийн ажил дутуу хийсэн. Гэрээнд заасан ёсоор хугацаандаа гүйцэтгээгүй, Д.Мягмар дээрээс нь 2018 оны 08 дугаар сарын 28-нд хамгийн сүүлийн санхүүжилт ороод, ингээд 2018 оны 07 дугаар сарын 27-наас 08 дугаар сарын 28-ны хооронд 4 удаагийн гүйлгээ хийгээд, 117,600,000 төгрөг 30 хувийг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд Д.Мягмар ажлыг бүрэн гүйцэтгэж ашиглалтад оруулж өгсөн байх ёстой. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр болон бодит байдал дээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан. Энэ хооронд 397 хоног өнгөрсөн байна. Гэрээнд заасан ёсоор хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувиар тооцож, гүйцэтгээгүй ажил буюу 21,871,036 төгрөгөөр бодохоор 40 орчим сая төгрөг болж байгаа, хуулиараа 50 хувиас хэтрэхгүй гээд, 21,871,036 төгрөгийн 50 хувь 10,935,518 төгрөгийн алдангийг хугацаандаа ажил гүйцэтгээгүй гэж нэхэмжлэх эрхтэй.

Гэрээ болон Иргэний хуульд заасан хугацаандаа ажлыг гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 30 хувиар торгууль шаардах эрхтэй. Торгуулийн дүн нь 6,561,310 төгрөг болж байна. Дээрээс нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Д.Мягмараас Хувь хүний орлогийн албан татвар суутгагдаагүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-т гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж авсан орлого суутган төлөгч буюу орлого олгогч Экструд констракшн ХХК нь энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу 10 хувиар татварт суутгаж, төсөвт төлнө. Үүний дагуу НӨАТ-гүй дүн гэж яриад байгаа, 334,492,600 төгрөгөөс 10 хувиар тооцсон Хувь хүний орлогын албан татвар 33,449,260 төгрөг болж байна. Ингээд алданги, торгууль, Хувь хүний орлогын албан татвар нийт 50,946,089 төгрөг, олговол зохих 59,942,600 төгрөгөөс саяны дүнг хасаад 8,996,514 төгрөгийг олгох боломжтой.

Миний тайлбарлаад байгаа 371,000,000 төгрөг, 334,492,600 төгрөг гэдгийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, дутуу хийсэн ажил нь хасагдсан дүнгээр яриад байна. Түүнээс биш 392,000,000 төгрөгөөс дутуу хийсэн ажлыг оруулж, хасаж тайлбарлаж болно. Д.Мягмар ажлаа чанартай, хугацаандаа хийгээгүй, дутуу ажил хийсэн, Иргэний хуульд заасан үүргээ зөрчсөн. НӨАТ төлөгч биш мөртлөө НӨАТ-тай дүнгээр мөнгө авах гэж нэхэмжилж байна. Иймд Д.Мягмарт хийсэн ажилд нь тохирсон хөлсийг холбогдох хуульд заасан шимтгэл суутгаж төлсөн дүнгээр өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч Экструд констракшн ХХК нь гүйцэтгэгч иргэн Д.Мягмартай 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №18/001 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Д.Мягмар нь БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ВИП загварын 2 ширхэг барилгын газар шорооны ажил, суурь болон карказ угсралтын ажлыг НӨАТ-тай дүнгээр 392,000,000 төгрөгөөр 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь санхүүжилтийг үе шатуудын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохирсон.

Анхны санхүүжилт 30% болох 117,600,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн бөгөөд гэрээний 2.1-д зааснаар энэ өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа 100% гүйцэтгэж дуусаж, хүлээлгэж өгсөн байх ёстой. Гэтэл Д.Мягмар нь ажлаа дуусгаагүй, зохих ёсоор гүйцэтгээгүй.

Маргаантай холбоотойгоор томилогдсон шинжээчийн дүгнэлтэнд Д.Мягмарыг НӨАТ-гүй 334,492,600 төгрөгийн, НӨАТ-тай дүнгээр 371,669,000 төгрөгийн ажил хийсэн, гүйцэтгэлийг НӨАТ-гүй дүнгээр тооцох нь зүйтэй, гэрээт ажлыг 2019 оны 11-р сарын 12-ний өдөр хийж дуусгасан байна гэж дүгнэжээ. Д.Мягмар нь ажлыг 100 хувь гүйцэтгээгүй, хийж дуусгавал зохих хугацаанд хийж гүйцэтгээгүй гэдэг нь ойлгомжтой юм. Үүнээс Д.Мягмар нь 2018 оны 10 дугаар сарын 11-нд хийж дуусгах ёстой байсан ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-нд хийж дуусгасан буюу хоногоор тооцвол 1 жил 1 cap буюу 397 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. 392,000,000 төгрөг нь НӨАТ-тэй дүн ба үүний НӨАТ-гүй дүн нь 356,363,636 төгрөг юм. Шинжээчийн дүгнэлтээр Д.Мягмарын хийж гүйцэтгэсэн ажил нь 334,492,600 төгрөг тул, дутуу хийсэн ажил нь 21,871,036 төгрөг болж байна. Гэрээнд дараах байдлаар зохицуулалтыг хийж өгсөн байна.

Гэрээний 4.1-т Захиалагчийн эрх үүрэг хариуцлага, 4.1.10-д Гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30%-иар торгууль шаардах эрхтэй , мөн 4.1.6-д Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хулээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг тооцож гүйцэтгэгч талаас авна",

Гэрээний 4.2-т Гүйцэтгэгчийн эрх үүрэг хариуцлага 4.2.15-д Гэрээт ажлыг хугацаанд нь өгөөгүй, график хугацааг хэтрүүлсэн хоног тутам гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг Захиалагч талд төлнө.

Гэрээний 4.1.10-ийн дагуу Д.Мягмарын хийж гүйцэтгээгүй ажил болох 21,871,036 төгрөгийн 30%-иар тооцсон торгуулийн дүн нь 6,561,311 төгрөг болж байна.

Гэрээний 4.1.6, 4.2.15-д заасны дагуу Д.Мягмарын хийж гүйцэтгээгүй ажил болох 21,871,036 төгрөгт ногдох алдангийн хэмжээ нь өдрийн 109,355 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 397 хоногт ногдох /2018.10.11-нээс - 2019.11.12-ны хоорондох хоног/ алданги нь 43,414,007 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 21,871,036 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой тул алдангийн нийт дүн 10,935,518 төгрөг болж байна. Иймд Д.Мягмараас ажлыг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгээгүй, хугацаандаа хийж гүйцэтгээгүйн алданги 10,935,518 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэгч Д.Мягмарын хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч захиалагч хүлээж аваагүй, анх гэрээгээр тохирсон 45 хоногийн хугацааг ажлын гүйцэтгэлийн явц байдлаас болоод 2019 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгасан. Тухайн байгууллага нийт төлбөрийн 70 хувийг 2018 оны 11 сард бүрэн шилжүүлж өгсөн. Тухайн үед 77 хувийн ажлыг хийгээд дууссан. 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөгийг аваад, дуусаагүй бол мөнгө өгөхгүй. Бүх ажил дууссаны дараа гэрээ дүгнэж, дараа нь 30 хувиа авна гэж гэрээнд заасан. Хэрвээ жаахан ажил үлдсэн байна гэж бодье. Өөрөө 100 гаруй сая төгрөг авах гэж байгаа хүн ажлаа хаяад явах уу, 2019 оны 11-р сарын 12-ныг хүртэл надад хийгээд байх ажил байхгүй. Миний хувьд 2019 оны 1 сараас эхлээд ажлаа хүлээж ав гэж шаардаж байсан. Барьцаагаа чөлөөллөө, мөнгөө авъя гэдгийг удаа дараа хэлсэн. Ерөнхий захиалагч байгууллага маань ингэж байна тэгж байна гэсэн байдлаар яваад байсан. Ерөнхий захиалагч байгууллагаас мөнгө нь орж ирэх ёстой жаахан удаж байна гээд яваад байсан.

Хувь хүний орлогын албан татвар төлдөггүй, НӨАТ төлөгч биш гэж байна. Би бол НӨАТ төлөгч болчихсон энэ байгууллагатай хэрвээ шүүхээс манай дээр НӨАТ төл гэвэл төлнө. Энэ байгууллага хуулийн дагуу надаас авч таарна. Хувь хүний орлогын албан татвар бол миний хувийн асуудал, машин техник гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бүртгэлтэй. Үүгээр бүх төлбөр явдаг. Татвар төлдөг байгаа. Хувь хүний орлогын албан татварын 10 хувь бол миний асуудал, би өөрөө төлнө. Төлөхгүй бол дараагийн хуулийн хариуцлага хүлээж таарна.

Экстроуд констракшн компанитай гэрээгээр заагдаагүй, энэ бол шүүхэд хамааралгүй зүйл. Би мөнгө авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн байгууллагатай хэл амаа ололцохгүй, хууль бус алданги тооцох ч юм уу, гэрээнд заагдаагүй юмыг гаргаж ирээд байна. Иймээс мөнгө авахаар шүүхээр шийдвэрлүүлж байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Барьцааны гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгээд ажил гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дүгнэж дуусгасан байдаг. Хариуцагч талаас үүнд маргахгүй байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлж өгсөнтэй маргадаггүй. Барьцаа хөрөнгийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээгээ нотлох баримт шинжлэн судлахад ажил гүйцэтгэх гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэх хугацаанд хүчин төгөлдөр байна. Барьцаалуулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барьцааг чөлөөлж өгсөн дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас энэхүү барьцааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ дууссан байна гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гарсан гэж үзэж байна. Тооцоололтой холбоотой хэсгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж харж байна. Дүгнэлтэд гэрээг дуусгавар болсон талаар дурдсан байдаг. Ажлыг хэзээ дуусгавар болгосон талаар мөн дурдсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тодорхой нөхцөлөөр гэрээг дууссан гэж үзсэн.

Гэтэл нэхэмжлэгч талаас 2019 оны 08-р сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд тухайн барилга дээр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Шинжээч дүгнэлтдээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээт ажлыг дуусгасан байна гэдэг нь үндэслэлгүй, байж боломжгүй дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд НӨАТ-ын асуудлыг Д.Мягмар НӨАТ төлөгч биш учраас НӨАТ-гүй дүнгээр тооцно гэж шинжээчид тавигдаагүй зүйлд хариулсан. Гэтэл асуултаас халиад өөрт хамааралгүй, татварын байгууллага ч юм уу, холбогдох өөр байгууллагын хийх ёстой ажлыг тухайн шинжээч маань хийгээд, татвартай холбоотой дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хамааралгүй зүйлээр дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Нэгэнт гэрээгээр НӨАТ-тай дүнгээр тооцож олгоно гэсэн болохоос биш, НӨАТ-ыг суутгаж тооцно эсвэл мөнгийг буцаан өгнө гэдэг байдлаар гэрээгээр тохирсон зүйл байхгүй.

Шинжээч үүнд дүгнэлт өгсөн нь буруу гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол эх хувиар хавтаст хэргийн материалд өгсөн. Д.Мягмар гэдэг үйлчлүүлэгчтэй утсаар ярьж байгаад 2019 оны 12-р сард одоогийн байдлаар Сити таур 14 давхарт байрлах оффис дээрээс нь миний бие өөрөө очиж нягтлангаас авч байсан. Танайх гэрээ дүгнэсэн протоколоо ав, танайд өгөх ёстой дүн ийм байна гээд хариуцагч талын менежер утсаар яриад, тэгээд менежер нь нягтлангаараа дамжуулаад, миний бие очиж авч байсан. Үүнийг аваад би гарын үсэг зурахгүй, яагаад гэвэл манайх 117,450,000 төгрөг авах ёстой байхад, яаж 9,000,000 төгрөгийн авлага дээр гарын үсэг зурах юм гэж хэлээд гарын үсэг зураагүй. Энэ нь хариуцагч талын өөрийнх нь гаргаж өгөөд байгаа баримтанд олгох ёстой санхүүжилт 117,450,000 төгрөг байна гээд өөрсдөө хэлээд байна. Манайх танайд ийм мөнгө өгөх ёстой. Харин үүнээсээ ийм ийм зүйлийг жишээ нь гэрээг судлуулахад гарч ирсэн 5 хувь жилийн дараа олгоно гэсэн заалт байгаа, гэтэл өнөөдөр жил нь өнгөрөөд 2 жил болсон. Дээр нь НӨАТ-ын 10 хувийг бид нар суутгаж мөнгөө хариуцагч тал өгнө гэж гэрээгээр тохироогүй.

ХАБЭА сургалт 50,000 төгрөг, энэ нь хэзээ хаана хэн сургалт явуулсныг мэдэхгүй, ямар ч баримтгүй, үндэслэлгүй. Цахилгааны 154,000 төгрөг мөн хэзээ хэрэглэсэн цахилгааны мөнгө гэдгийг мэдэхгүй, ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаад өөрсдөө гэрээ дүгнэсэн протоколын 8-д бичсэн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа сунгав. Өөрсдөө хугацаа сунгаснаа хүлээн зөвшөөрч ийм байгаа ингэсэн гэдгээ баталгаажуулж гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр хугацаандаа гүйцэтгээгүй ажил гэдэг байдлаар алданги шаардаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Гэрээ сунгасан гэдгээ протоколд бичсэн. 124 хоног хугацаа хэтэрсэн гэж яриад байгаа нь өөрсдийнх нь хугацаа сунгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөнтэй зөрчилдөж байна.

Манайх 2019 оны 08-р сард ажил хийгээгүй байхад ямар хугацааны алданги яриад байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн хугацааны алданги өөрөө үндэслэлгүй. Манайхыг 117,450,000 төгрөгийн авлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг зөвшөөрөөд бусдын зөвшөөрөхгүй учраас гарын үсэг зураагүйг ойлгоосой гэж хүсэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх гэсэн заалт байдаг. Хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө тал нь хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, энэ гэрээг дүгнэсэн протоколоор хариуцагч тал манайд хүсэл зоригоо илэрхийлээд байгаа. Манайх танай хугацааг ингэж сунгасан. Танай авах ёстой санхүүжилт 117,450,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас хариуцагч талын гаргаж байгаа хүсэл зориг хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тийм учраас 117,450,000 төгрөг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Бид нар өнөөдөр Экструд констракшн ХХК, Д.Мягмар гэсэн ажилтан буюу ажил олгогч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээд биш. Хувь хүний орлогын албан татварыг суутгах байсан бол анхнаасаа гэрээгээр тохирох ёстой байсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзалтай холбоотой нэг ч баримт гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл гаргаж өгөх баримт байхгүй. Зөвхөн гомдол шийдвэрлэхтэй холбоотой, данс битүүмжилсэнтэй холбоотой баримт гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсантай холбоотой баримт гаргаж өгөөгүй. Манай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нь нотлогдохгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн амаараа тайлбарлаж байгаа болохоос бодит байдал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мягмар нь хариуцагч Экструд констракшн ХХК-д холбогдуулан анх 115,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дутуу нэхэмжилсэн гэх 1,850,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт 117,450,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч тал ажлыг зохих ёсоор хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн алдангид 10,935,518 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, зохигч талууд тус тус мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагч Экструд констракшн ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ВИП загварын 2 ширхэг барилгын газар шорооны ажил, суурь болон карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч иргэн Д.Мягмартай 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 18/001 дүгээртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төсөвт өртгийг тооцсон бөгөөд мөн өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Д.Мягмар нь гэрээний дагуух ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна. /хх-ийн 4-6, 8-20 дахь талд/

Хариуцагч компани нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Мягмарыг гүйцэтгэвэл зохих ажлаа хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас эрхийнхээ дагуу санхүүжилтийг хойшлуулсан гэж,

Нэхэмжлэгч нь гэрээ, түүний хавсралтад заасан ажлуудыг гэрээнд заасан хугацаанд чанартай сайн гүйцэтгэсэн, гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсний илрэл болгож Экструд констракшн ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн атлаа шалтгаангүйгээр төлбөрийн үлдэгдэл 117,450,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж тус тус маргасан.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд гэрээний талаар маргаагүй учир хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан маргасан бөгөөд хариуцагч тал шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, тухайн шинжээч дараах дүгнэлтийг гаргажээ.

...Ажлыг гүйцэтгэх гэрээний тохирсон хугацаа 45 хоног ба 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусах байжээ. Гэрээт ажил хугацаандаа дуусаагүй гэдэгт маргалдагч хоёр тал санал нэгдэв. Барилгын ажлыг хийж дуусгасан хугацааг хоёр талын гэрээ дүгнэж, протокол үйлдсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тооцож авах нь зүйтэй.

Барилгын ажлыг зургийн дагуу хийсэн тул төсөвт байгаа ажлын тоо хэмжээнд маргаагүй. Уг ажлын жагсаалтад хөрсөөр булах ажил багтсан. Гүйцэтгэх ажлыг нэг барилгад тооцож гаргав. Газрын ажил- газар ухах ажил 3 дугаар зэргийн хөрс ухахаар байна. Газар ухах үед хадтай хөрс гарсан тул хадтай хөрс ухсан хэмжээг гаргаж нэмж оруулахаар болов. Шуудуу хүнхээл булах, бульдозероор хөрс түрж булах, хөрсийг нягтруулах ажлыг дутуу хийсэн. Суурийн ажил- Гадна довжоог цутгах, бетон хананы гадаргууд ус тусгаарлагч түрхэх, хөөсөнцөр наах ажлыг дутуу хийсэн. Карказ цутгах ажил-Чанаргүй хийсэн ажлын талаар: Довжоог чанаргүй хийсэн тул захиалагч талаас мөнгөн торгууль тавьж гүйцэтгэлээс мөнгө хасуулсан, мөн пандусыг чанаргүй хийсэн тул нөхөөс бетон зуурмаг өнгөлгөө хийсэн, Ажлын гүйцэтгэлийг төсөв гаргаж нэмэгдэл зардлыг хасаж тохирсон тул гүйцэтгэлийг мөн тэгж гаргах нь зохимжтой. Гэрээнд ажлыг тохирсон төсөвт өртгийг зохицуулалт хийж нэг барилгыг 196,0 сая төгрөгөөр барихаар тохирчээ.

Дутуу хийсэн ажлын төсөвт өртгийг 13,013,527 төгрөг гаргаж, гэрээнд тохирсон аргачлалаар үнийг гаргавал 10,211,715 төгрөг буюу бүхэлчилбэл 10,211,7 төгрөг гэж, Чанаргүй ажлын төсөвт өртгийн дүнг 2,556.6 төгрөг, гэрээнд тохирсон үнээр 2,128.8 төгрөг гэж, Барилгын ажлын дүн гэрээгээр тохирсон дүнг 196,000.0 төгрөг, хөрсний зэрэглэлийн үнийн зөрүү нэмэгдэл 1,875.0 төгрөг, дутуу хийсэн ажлын хасагдах дүн 10,211.7 төгрөг, засаж хийсэн ажлын дүн 2,128.8 төгрөг, нийтдээ 185,534.5 төгрөгний ажил хийсэн. НӨАТ-ийн дүнг хасвал 185,534.5 18,288.2 = 167,246.3 төгрөгний ажил хийжээ. 2 барилга тул нийт хийсэн ажлын дүн 334,492.6 мянган төгрөг гэжээ./хх-ийн 220-235 дахь талд/

Зохигч талууд шинжээчийн дүгнэлтийг харилцан зөвшөөрсөн учир шүүх талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн хэргийн үйл баримтыг тус тус харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн болно.

Талуудын байгуулсан гэрээний үнийн дүн 392,000,000 төгрөг ба тухайн үнийн дүнд НӨАТ багтсан боловч гүйцэтгэгч Д.Мягмар нь Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр болон Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэлгүй болох нь Татварын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/3526 тоот албан бичиг /хх-ийн 185 дахь талд/-ээр нотлогдож байна.

Ажил гүйцэтгэх гэрээг талууд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан, тухайн үед 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хууль батлагдсан, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан боловч эдгээр хуулинд заасны дагуу нэхэмжлэгч Д.Мягмар татвар төлөгчөөр бүртгэгдээгүй байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг талуудын хоорондох гэрээнд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх тул шинжээчийн дүгнэлтэд НӨАТ-ын дүнг хасаж тооцсныг хуульд нийцнэ гэж үзлээ.

Талууд нь Барьцааны гэрээний 1.1-д ...18/001 тоот Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хаггуулахаар барьцаалуулагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг хуульд заасны дагуу худалдан борлуулж Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг тус тус зохицуулна, 1.4-т Энэ гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, Барьцаалуулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно, 2.2-т ...ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Чалхаасүрэн овогтой Дагиймаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, 31-р байрны 36 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан бөгөөд уг барьцааны зүйлийг нэхэмжлэгч тал нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуух ажлыг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусган, хүлээлгэн өгсөн учир тухайн өдөр байрыг чөлөөлсөн гэж тайлбарласан боловч үүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Зохигчид дээрх байдлаар гэрээндээ зааж тохиролцсон, барьцааны зүйлийг чөлөөлсөн гэх боловч хэдийд тухайн гэрээний ажлыг хийж дуусгаж хүлээлгэн өгсөн болон барьцаалсан орон сууцыг чөлөөлсөн үйл баримтын талаархи бичгийн баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.

Нэг: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан байтал хариуцагч талаас баримтаар өгсөн Гэрээг дүгнэсэн протокол-г 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотойгоор дүгнэсэн ба уг протоколын дүгнэлтэд: ...Экстроудконстракшн ХХК болон иргэн Д.Мягмар нарын хооронд байгуулсан 18-2083 тоот гэрээний үнийн дүн 392,000,000 төгрөг бөгөөд захиалагч талаас гүйцэтгэгч талд 274,550,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гүйцэтгэгч талын гэрээт ажлын хугацаа санхүүжилт орсон өдрөөс эхлэн 45 хоног бөгөөд 2018 оны 12.06-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор гэрээт ажлын хугацааг 2019.05.01 хүртэл сунгасан болно. Гүйцэтгэгч тал гэрээт ажлын хугацаа хэтэрсэн хоног 2019.05.01-2019.08.01 хүртэл 124 хоногт алданги тооцохоор байна. Гүйцэтгэгч талын гэрээт ажлын явц хугацаа дуусах өдөр буюу 2019.05.01-ний өдөр 89,5%-ийн гүйцэтгэлтэй байсан тул гүйцэтгээгүй үүрэг болох 10.5% буюу 15 680 000 төгрөгөөс хоногийн 0.5%-ийн алданги 78 400 төгрөг 124 хоногийн алданги 9 821 600 төгрөг тооцохоор байна. Иймд гүйцэтгэгч талд үлдэгдэл санхүүжилт 117 450 000 төгрөгнөөс баталгаат хугацааны 5% болон 19 600 000 төгрөг, НӨАТ-ын 10% 39 200 000 төгрөг, ХАБЭА сургалт 50 000 төгрөг, цахилгаан 154 836 төгрөг, алданги 9 721 600 төгрөг, бартерийн 10% 39 200 000 төгрөг тус тус хасаж үлдэгдэл 9 523 563 төгрөгийг гүйцэтгэгч талд олгон гэрээний барьцааг 2020 онд гэрээ дүгнэсэн протокол үйлдэн олгохоор дүгнэсэн болно. гэж бичигдэж, Гэрээг дүгнэсэн захиалагч тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан боловч гүйцэтгэгч тал гарын үсэг зураагүй байна. /хх-ийн 101 дэх талд/

ВИП загварын 2ш барилгын карказ угсралтын ажлын тооцоо-ны баримтыг Экстроудконстракшн ХХК-ийн нябо Б.Байгалмаа 2019.11.12-ны өдөр үйлдсэн ба уг тооцоогоор нэхэмжлэгч Д.Мягмарт гэрээт ажлын хөлс 274,550,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл нь 117,450,000 төгрөгийн тооцоотой талаархи үйл баримт нотлогдож байх бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх-ийн 102 дахь талд/

Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хуульчилсан ба гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь нэхэмжлэгчийн үүрэг байхаар зохицуулсан ба мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор тус тус заажээ.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Гэрээг дүгнэсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн протоколд бичигдсэнээр гэрээт ажлын хугацааг анх 45 хоногоор тохирсон байх боловч уг хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, энэхүү баримтаар нотлогдон тогтоогдсон тул нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Д.Мягмарыг гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон дүн 392,000,000 төгрөгөөр шүүх тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн ажил, НӨАТ зэргийг тус тус хассан дүн 334,492,600 төгрөгөөр тухайн гэрээт ажлын дүнг тооцож, үүнээс хариуцагчийн төлсөн 274,550,000 төгрөгийг хасаад, үлдэх 59,942,600 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч тал Ажил гүйцэтгэх гэрээний 4.1.6-д Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд БУА-ыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг тооцож гүйцэтгэгч талаас авна, 4.1.10-т Гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30%-иар торгууль шаардах эрхтэй гэсэн заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 10,935,518 төгрөгийг тодорхойлж байна.

Талууд анх байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасан ...45 хоногийн хугацааг Гэрээг дүгнэсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн протоколд бичигдсэнээр ...гэрээт ажлын хугацааг анх 45 хоногоор тохирсон боловч уг хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан... гэж тэмдэглэгдсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, уг баримтаар нотлогдсон учир гэрээний 4.1.6-д Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд БУА-ыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг тооцож гүйцэтгэгч талаас авна гэсэн заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнээд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн болон дутуу гүйцэтгэсэн ажил нь шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбараар нотлогдон тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг зохицуулж, гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор хуульд заасан журмыг хариуцагч зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 59,942,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 57,507,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн шаардсан 10,935,518 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүхэд хүсэлт гаргаж, шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, дүгнэлт гаргуулсан ба тухайн дүгнэлтийг нь хэргийг хянан шийдвэрлэхэд бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж үнэлсэн тул тус компанийн 2020.09.16-ны өдрийн огноотой нэхэмжлэхэд бичигдсэн шинжээчийн ажлын хөлс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000122787 дансанд олгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. /хх-ийн 220 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т заасныг баримтлан хариуцагч Экструдконстракшн ХХК-иас 59,942,600 /тавин есөн сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мягмарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 57,507,400 /тавин долоон сая таван зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Мягмараас 10,935,518 /арван сая есөн зуун гучин таван мянга таван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Экструд констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /735,950+44,550/ нийт 780,00 /долоон зуун наян мянга/ төгрөг, хариуцагчаас төлсөн 190,000 /нэг зуун ерин мянга/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,663 /дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мягмарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Экструдконстракшн ХХК-иас гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000122787 дансанд олгосугай.

4. Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/11626 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ