Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00809

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00809

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00169 дугаар шийдвэртэй

Д.Мын нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 117 450 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 10 935 518 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-тай 18/001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Банд баригдах Вип /VIP/, загварын 2 ширхэг барилгын газар шорооны ажил, суурь болон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 392 000 000 төгрөгийг 5 үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцсон. Захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгэгч тал нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж иргэн Ч.Дгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 31 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах 50мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Гүйцэтгэгч талын зүгээс ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралтад заасан ажлуудыг гэрээний хугацаанд чанартай сайн гүйцэтгэсэн, гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсний илрэл болгож Э ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн. Захиалагч тал гэрээний дагуу төлөх 392 000 000 төгрөгийн төлбөрөөс 276 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 115 600 000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 115 600 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг анх гаргасан. Шүүхийн шатанд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 115 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа доорх үндэслэлээр нэмэгдүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 117 450 000 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч болох Д.М нь гүйцэтгэвэл зохих ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул захиалагч Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 3.7, 4.1.8.8-т заасан эрхийнхээ дагуу гүйцэтгээгүй ажлын санхүүжилтийг хойшлуулсан болно. Улмаар гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэхийн тулд захиалагч нь нэмэгдэл зардал гаргаж, цаг хугацаа алдсан. Иргэн Д.М нь өөрийн хөрөнгөөр гэрээний 30%-ийг гүйцэтгэх боломжгүй байсан тул барьцаа хөрөнгө байршуулан гэрээний 30%-ийн урьдчилгаа санхүүжилт авсан юм. Тэгэхдээ ажил дуусаагүй үед Д.Мын ээжийнх нь байр байсан учраас чөлөөлж өгнө үү энэ байр хэрэгцээтэй байна гэдэг үндэслэлээр чөлөөлүүлсэн байдаг. Гүйцэтгэсэн гэрээт ажлын урьдчилгаа санхүүжилт орсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Мөн дээрээс нь хугацаандаа гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Гүйцэтгэгч нь хугацаандаа дуусгаагүй бол захиалагч нь үнийн дүнгийн 30 хувийг шаардах эрхтэй. Нөгөө талаас гүйцэтгэгч нь хугацаандаа дуусгаагүй бол 0,5 хувийг захиалагчид төлнө. Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Энэ хүрээнд талууд маргаад ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаандаа гүйцэтгээгүй учраас холбогдох эрх бүхий шинжээчийг томилуулсан. Шинжээч нь гэрээт ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй байна. Гэрээт ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэгч нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгээгүй байна. Д.Мын хувьд илүү хийсэн ажил байна. Чанаргүй хийсэн ч ажил байна. Энэ бүгдийг тооцож үзэхээр Д.Мын хийж гүйцэтгэсэн ажлын НӨАТ орсон дүнгээр 371 669 000 төгрөг, НӨАТ ороогүй дүнгээр 334 492 600 төгрөг байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т НӨАТ багтана гэж заасан учраас энэ 334 492 600 төгрөгийг НӨАТ-тай дүн гэж үзнэ. Д.М нь НӨАТ төлөгч биш тул, гүйцэтгэлийг НӨАТ-гүй дүнгээр тооцох нь зүйтэй байна. Татварын Ерөнхий газраас лавлагаа авсан. Лавлагаанд Д.М нь НӨАТ төлөгч биш байна. Эсвэл татвар төлөгч биш, ерөөсөө Д.М гэдэг хүний зүгээс ямар нэгэн и-баримт системд мэдээлэл ороогүй байна гэсэн байгаа учраас Д.Мын нэхэмжилж байгаа 117 450 000 төгрөгийг төлөх боломжгүй. Д.Мын хийсэн ажлыг бид нар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, 334 492 600 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэж байна. Тийм учраас үүнээс олгосон санхүүжилт 274 550 000 төгрөгийг хасаад 59 942 600 төгрөг үлдэж байгаа. Д.Мт төлбөл зохих мөнгө, хийсэн ажлыг тооцож гаргаж ирсэн баримт ойролцоогоор 21 871 036 төгрөгийн ажил дутуу хийсэн. Гэрээнд заасан ёсоор хугацаандаа гүйцэтгээгүй, Д.М дээрээс нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн санхүүжилт ороод, ингээд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны хооронд 4 удаагийн гүйлгээ хийгээд, 117 600 000 төгрөг 30 хувийг шилжүүлсэн. Ингээд алданги, торгууль, хувь хүний орлогын албан татвар нийт 50 946 089 төгрөг, олговол зохих 59 942 600 төгрөгөөс саяны дүнг хасаад 8 996 514 төгрөгийг олгох боломжтой. Миний тайлбарлаад байгаа 371 000 000 төгрөг, 334 492 600 төгрөг гэдгийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, дутуу хийсэн ажил нь хасагдсан дүнгээр яриад байна. Түүнээс биш 392 000 000 төгрөгөөс дутуу хийсэн ажлыг оруулж, хасаж тайлбарлаж болно. Д.М ажлаа чанартай, хугацаандаа хийгээгүй, дутуу ажил хийсэн, Иргэний хуульд заасан үүргээ зөрчсөн. НӨАТ төлөгч биш мөртлөө НӨАТ-тай дүнгээр мөнгө авах гэж нэхэмжилж байна. Иймд Д.Мт хийсэн ажилд нь тохирсон хөлсийг холбогдох хуульд заасан шимтгэл суутгаж төлсөн дүнгээр өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч Э ХХК нь гүйцэтгэгч иргэн Д.Мтай 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр №18/001 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Анхны санхүүжилт 30% болох 117 600 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн бөгөөд гэрээний 2.1-д зааснаар энэ өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа 100% гүйцэтгэж дуусаж, хүлээлгэж өгсөн байх ёстой. Гэтэл Д.М нь ажлаа дуусгаагүй, зохих ёсоор гүйцэтгээгүй.Маргаантай холбоотойгоор томилогдсон шинжээчийн дүгнэлтэнд Д.Мыг НӨАТ-гүй 334 492 600 төгрөгийн, НӨАТ-тай дүнгээр 371 669 000 төгрөгийн ажил хийсэн, гүйцэтгэлийг НӨАТ-гүй дүнгээр тооцох нь зүйтэй, гэрээт ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж дуусгасан байна гэж дүгнэжээ. Үүнээс Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийж дуусгах ёстой байсан ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-нд хийж дуусгасан буюу хоногоор тооцвол 1 жил 1 cap буюу 397 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. 392 000 000 төгрөг нь НӨАТ-тэй дүн ба үүний НӨАТ-гүй дүн нь 356 363 636 төгрөг юм. Шинжээчийн дүгнэлтээр Д.Мын хийж гүйцэтгэсэн ажил нь 334 492 600 төгрөг тул, дутуу хийсэн ажил нь 21 871 036 төгрөг болж байна. Гэрээний 4.1-т Захиалагчийн эрх үүрэг хариуцлага, 4.1.10-д Гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан тохиолдолд энэхүү гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30%-иар торгууль шаардах эрхтэй , мөн 4.1.6-д Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд барилга угсралтын ажлыг хулээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг тооцож гүйцэтгэгч талаас авна", Гэрээний 4.2-т Гүйцэтгэгчийн эрх үүрэг хариуцлага 4.2.15-д Гэрээт ажлыг хугацаанд нь өгөөгүй, график хугацааг хэтрүүлсэн хоног тутам гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг Захиалагч талд төлнө. Гэрээний 4.1.10-ийн дагуу Д.Мын хийж гүйцэтгээгүй ажил болох 21 871 036 төгрөгийн 30%-иар тооцсон торгуулийн дүн нь 6 561 311 төгрөг болж байна. Гэрээний 4.1.6, 4.2.15-д заасны дагуу Д.Мын хийж гүйцэтгээгүй ажил болох 21 871 036 төгрөгт ногдох алдангийн хэмжээ нь өдрийн 109 355 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 397 хоногт ногдох /2018.10.11-нээс - 2019.11.12-ны хоорондох хоног/ алданги нь 43 414 007 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 21 871 036 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой тул алдангийн нийт дүн 10 935 518 төгрөг болж байна. Иймд Д.Маас ажлыг зохих ёсоор бүрэн хийж гүйцэтгээгүй, хугацаандаа хийж гүйцэтгээгүйн алданги 10,935,518 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэгч Д.Мын хувьд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч захиалагч хүлээж аваагүй, анх гэрээгээр тохирсон 45 хоногийн хугацааг ажлын гүйцэтгэлийн явц байдлаас болоод 2019 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар сунгасан. Тухайн байгууллага нийт төлбөрийн 70 хувийг 2018 оны 11 сард бүрэн шилжүүлж өгсөн. Тухайн үед 77 хувийн ажлыг хийгээд дууссан. 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50 000 000 төгрөгийг аваад, дуусаагүй бол мөнгө өгөхгүй. Бүх ажил дууссаны дараа гэрээ дүгнэж, дараа нь 30 хувиа авна гэж гэрээнд заасан. Миний хувьд 2019 оны 1 сараас эхлээд ажлаа хүлээж ав гэж шаардаж байсан. Барьцаагаа чөлөөллөө, мөнгөө авъя гэдгийг удаа дараа хэлсэн. Ерөнхий захиалагч байгууллагаас мөнгө нь орж ирэх ёстой жаахан удаж байна гээд яваад байсан. Хувь хүний орлогын албан татвар төлдөггүй, НӨАТ төлөгч биш гэж байна. Би бол НӨАТ төлөгч болчихсон энэ байгууллагатай хэрвээ шүүхээс манай дээр НӨАТ төл гэвэл төлнө. Хувь хүний орлогын албан татвар бол миний хувийн асуудал, машин техник гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бүртгэлтэй. Э ХХК-тай гэрээгээр заагдаагүй, энэ бол шүүхэд хамааралгүй зүйл. Би мөнгө авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс мөнгө авахаар шүүхээр шийдвэрлүүлж байгаа юм гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 59 942 600 /тавин есөн сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 57 507 400 /тавин долоон сая таван зуун долоон мянга дөрвөн зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Маас 10 935 518 /арван сая есөн зуун гучин таван мянга таван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /735 950+44 550/ нийт 780 00 /долоон зуун наян мянга/ төгрөг, хариуцагчаас төлсөн 190 000 /нэг зуун ерин мянга/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 663 /дөрвөн зуун тавин долоон мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 3 000 000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Экструдконстракшн ХХК-иас гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000122787 дансанд олгож, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/11626 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00169 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Д.М нь Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 117 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 57 507 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч талууд шинжээчийн дүгнэлтийг харилцан зөвшөөрсөн учир шүүх талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн хэргийн үйл баримтыг тус тус харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн болно гэжээ. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрөөгүй талаар шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарласан атал шүүхээс нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрөөгүй, хэлээгүй зүйлийг шүүхийн шийдвэрт тусгажээ. Нэхэмжлэгч талаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой гэрээ дүгнэсэн протокол-г шүүхэд нотлох баримтаар гаргасан өгсөн бөгөөд шүүхээс уг баримт болон Э ХХК нь 117 450 000 төгрөгийн тооцоотой талаарх үйл баримт нотлогдож байх бөгөөд зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй гэж дүгнэсэн атал уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хуульд заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч тал 117 450 000 төгрөгийг Д.Мт өгөх тооцоотойгоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч тал уг тооцоог мөн адил хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00169 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч У.Батмөнх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00169 тоот шүүхийн шийдвэрээр 59 942 600 төгрөгийг Э ХХК-аас Д.Мт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээс хариуцагчийн зүгээс 17 496 829 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт болон бодит байдлаар Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийж дуусгах ёстой байсан ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хийж дуусгасан буюу хоногоор тооцвол 1 жил 1 сар буюу 397 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь нотлогдсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр дутуу хийсэн ажил нь 21 871 036 төг гэж тодорхойлогдсон. Иймд гэрээний 4.1.6, 4.2.15 дугаар заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцсон алданги 10 935 518 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл илт хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, дутуу ажил хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхад түүнийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Өмнө дурдсаны адил ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, дутуу ажил хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул гэрээний 4.1.10-ийн дагуу Д.Мийн хийж гүйцэтгээгүй ажил болох 21 871 036 төгрөгийн 30%-иар тооцсон торгуулийн дүн нь 6 561 311 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн тоогоор хувилж өгсөн. Хэрэгт 1 л хариуцагч байгаа билээ. Гэтэл үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэг алдаатай бичигдсэн. Шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/11626 тоот захирамжаар хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т баримтлан хариуцагчийн банкны харилцах дансны хөдөлгөөний зогсоох арга хэмжээ авсан. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2019/00396 тоот тогтоолоор шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/11626 тоот захирамжийн 1.2 дах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т гэснийг өөрчилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт анхны захирамжийн хэсгийг дурдсан байна. Энэ нь шүүхийн шийдвэр алдаа мадаггүй байх зарчмыг зөрчжээ. Иймд, хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл 10 935 518 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 6 561 311 төгрөг нийт 17 496 829 төгрөгийг хангуулж, шийдвэрийг тогтоох хэсгийн алдааг залруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 117 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 10 935 518 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 18/001 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Э ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ВИП /VIP/ загварын 2 ширхэг барилгын газар шорооны ажил, суурь болон карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Д.Мтай харилцан тохиролцсон байна. Мөн өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 18/001 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалжээ. /1хх.4-6, 16-19/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийн гарын үсэг зурж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу захиалагч Э ХХК нь ажил гүйцэтгэгч Д.Мт ажлын хөлсөнд 274 550 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн талаар маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/04542 тоот захирамжаар ...хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, өртөг гүйцэтгэлийн зардлыг тооцож тодорхойлуулах-аар шинжээч томилжээ. /хх.196-199/ Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 475 дугаар тайлангаар ...гүйцэтгэгч иргэн Д.Мын хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн НӨАТ орсон дүнгээр 371 669 000 төгрөг, НӨАТ ороогүй дүнгээр 334 492 600 төгрөг болно гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна. /1хх.224-237/

Гэрээний 3.1-т Гэрээт ажлын нийт үнийн дүн 392 000 000 төгрөг байна. Санхүүжилт нь 30%, 20%, 20%, 25%, 5% гэсэн 5 үе шаттайгаар хийгдэнэ гэж, мөн 3.3-т гэрээний 3.1-т заасан үнэнд НӨАТ багтсан болно гэж тус тус заажээ.

Мөн хэрэгт Татварын Ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06/3526 тоот албан бичгээр Татварын нэгдсэн мэдээллийн санд иргэн Д.М нь Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр болон Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэлгүй байгаа талаар нотлох бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /2хх.40/

Анхан шатны шүүх талууд шинжээчийн дүгнэлтийг харилцан зөвшөөрсөн гэсэн дүгнэлт хийж зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үнийн дүнг 334 492 600 төгрөгөөр /НӨАТ ороогүй/ тооцон хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 274 550 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 59 742 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа ...нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэл зааж гэрээний 4.1.6, 4.1.10 дахь заалтуудыг үндэслэн алданги, торгуульд 10 935 518 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т Гэрээт ажлын урьдчилгаа санхүүжилт орсон өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцов, 3.4-т захиалагч санхүүжилтийн урьдчилгаа төлбөр 30% болох 117 600 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд шилжүүлнэ гэж заажээ.

Хэрэгт Э ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн протокол гэсэн бичгийн баримтыг гаргасан, уг протоколд Гүйцэтгэгч талын гэрээт ажлын хугацааг санхүүжилт орсон өдрөөс эхлэн 45 хоног бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколоор гэрээт ажлын хугацааг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл сунгасан болно. Гүйцэтгэгч тал гэрээг ажлын хугацаа хэтэрсэн хоног 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 124 хоногт алданги тооцохооор байна. Гүйцэтгэгч талын гэрээт ажлын явц хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 89,5%-ийн гүйцэтгэлтэй байсан тул гүйцэтгээгүй үүрэг болох 10,5% буюу 15 680 000 төгрөгөөс хоногийн 0,5%-ийн алданги 78 400 төгрөг 124 хоногийн алданги 9 721 000 төгрөг тооцохоор байна гэж бичигдсэн байна. /1хх.101/

Хариуцагч тал дээрх бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, дээрх протоколд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалт алдаатай бичигдсэн талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2019/11626 тоот захирамжаар ...хариуцагчийн банкны харилцах дансны хөдөлгөөний зогсоох арга хэмжээ авсан-ыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2019/00396 тоот тогтоолоор ...дээрх захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч Э ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 115 600 000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан өөрчлөлтийг оруулсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг залруулна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээндээ ажлын хөлсийг НӨАТ багтсан үнээр тохирсон, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын НӨАТ ороогүй үнийн дүн нь 334 492 600 төгрөг гэж тогтоосон, нэхэмжлэгч НӨАТ төлөгч биш байх тул анхан шатны шүүх дээрх үнийн дүнгээс хариуцагч байгууллагын төлсөн мөнгийг хасч тооцон Э ХХК-аас 59 942 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00169 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2019/00396 дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурдсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 445 487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 245 434 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО