Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/00257

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/00257

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж Дипломат оффис 505 тоот хаягт байрлах Доштдаймонд ББСБ ХХК /РД:5035473/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2А байрны 55 тоот хаягт оршин суух, Бодонгууд овогт Алгаагийн Ариунболд /РД:ХА72090219/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 228,887,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дошт Даймонд ББСБ ХХК нь иргэн Алгаагийн Ариунболд (РД:ХА72090219)-той 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №3(714/04 тоот "Зээлийн гэрээ байгуулан 32,090 америк долларыг 12 сарын хугацаатайгаар сарын 2.5% (жилийн 30%) -ийн үндсэн хүүтэйгээр олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 сарын 01-ний өдөр №БГ/14/04 тоот Зээлийн барьцааны гэрээ-гээр Улсын бүртгэлийн Ү- 2203002253 тоот дугаартай, Гэрчилгээний №000284850 тоот дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 2а байрны 55 тоот байршилтай орон сууцны зориулалттай 39 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд үндсэн зээлийг огт төлөөгүй, зээлийн үндсэн хүүг 2016 оны 10 сараас хойш төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Хариуцагч А.Ариунболд нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манайд гаргасан өргөдөлдөө үндсэн зээл болон үлдэгдэл хүүгээ 2017 оны 05 дугаар сард төлж дуусгана хэмээн албан ёсоор мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч А.Ариунболд нь Зээлийн гэрээ-ний дагуу төлөх 8,334 америк долларыг үндсэн хүүгийн төлбөрт нийт 8,334 америк долларыг төлсөн ба 2019 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар 32,090 америк долларын үндсэн зээл, 52,012.49 америк долларын үндсэн хүү, 8,471.64 америк долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 92,574.13 америк долларын зээл, түүнээс төлсөн 8,334 америк доллар төлж, 84,240.13 америк долларын буюу 2019 оны 12 сарын 02-ны өдрийн Монгол Банкны албан ёсны америк доллартай харьцах төгрөгийн ханш 2,717.08 төгрөгөөр тооцоод 228,887,166.00 төгрөгийн өр төлбөртэй байна.

Нэхэмжлэгч Дошт Даймонд ББСБ ХХК болон хариуцагч А.Ариунболд нарын хооронд 2014 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан №31714/04 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн дагуу төлөх өр төлбөр болох 228,887,166.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч А.Ариунболд нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих өсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1-т "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийн худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 159 дүгээр зүйлийн 159.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасны дагуу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Улсын бүртгэлийн Ү-2203002253 тоот дугаартай, Гэрчилгээний №000284850 тоот дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 55 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 39 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Дошт даймонд ББСБ ХХК-ийн 2020 оны 12 сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Доштдаймонд ББСБ ХХК нь хариуцагч А.Ариунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228,887,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Доштдаймонд ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Доштдаймонд ББСБ ХХК болон А.Ариунболд нарын хооронд ЗГ/14/04 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр Доштдаймонд ББСБ ХХК нь А.Ариунболдод 32,090 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 2,5%-ийн хүүтэй өрхийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлэх, зээлийн төлбөр, хүүг эргэн төлөх хуваарийг гэрээний Хавсралт №1-д тодорхойлж, зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүүгийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-ийн 15 дахь хэсэгт/

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх бөгөөд зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хэгцаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 32,090 ам.долларыг зээлсэн гэдэгт маргаагүй, харин анх авсан мөнгийг 2-3 дахин нэмэгдүүлсэн, одоо үеийн ам.доллараар тооцсоныг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн а/. Зээл, зээлийн хүүний төлбөрийг энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх, б/. Зээлдэгч зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тохиролцсон нөхцлийн дагуу нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан ба уг заалтад заасан зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөх тухай талуудын тохиролцоог Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэсэн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хэтэрсэн хугацааны хүүгийн талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.

Зээлдүүлэгч Доштдаймонд ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон 32,090 ам.долларыг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч А.Ариунболд ам.долларыг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Талуудын тохирсон гэрээний хугацаа 12 сар буюу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байх боловч зээлдэгч А.Ариунболд нь 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд 5,633.50 ам.долларыг хүүнд, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,700 ам.долларыг хүүнд, нийтдээ 8,333.50 ам.долларыг тус тус төлсөн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Доштдаймонд ББСБ-д өргөдөл гаргаж, ...зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрсэн. Иймд надад боломж олгож 2017 оны 5-р сар хүртэл хугацааг сунгаж өгнө үү. 2017 оны 3-р сард бүх нэмэгдүүлсэн болон үндсэн хүүг барагдуулна. 2017 оны 5-р сард үндсэн зээл, үлдэгдэл хүүгээ төлж дуусгана гэжээ./хх-ийн 20-22 дахь талд/

Зээлдэгч А.Ариунболдын гаргасан дээрх өргөдлийг зээлдүүлэгч Доштдаймонд ББСБ ХХК нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ...өөрчлөх шаардлагатай гэж үзсэн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг хавсралт болгон баталгаажуулна гэж заасны дагуу хүлээн авч, зээлийн гэрээнд хавсаргаж, гэрээний хугацааг түүний хүсэлтэд заасан хугацаагаар сунгасан гэж тайлбарласан учир зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарыг дуустал сунгагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан.

Тус нэхэмжлэлийг шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч А.Ариунболдод гардуулан өгч, хуульд заасан 14 хоногийн хугацааг олгож, хариу тайлбар, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх эрх, үүргийг тайлбарласан атал, шүүхэд хариу тайлбараа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд мөн 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн төлөлт, нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг зөвшөөрөхгүй гэж, Зээлийн гэрээний тооцооллыг бодитоор тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчээр дүгнэлт гаргуулсан, мөн өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргасныг нь хангасан, өмгөөлөгч сонгон аваагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн тул шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж дүгнээд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч А.Ариунболд татгалзаж буй үндэслэлээ нотолсон холбогдох баримтыг бүрдүүлж, шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарыг дуустал хугацаагаар сунгагдсан гэж үзэх ба гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш уг гэрээний хугацааны талаар талууд тохиролцох нь хуульд харшлахгүй бөгөөд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар хугацаа сунгагдсан тохиолдолд өмнө тогтоосон хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар талууд баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж бичгээр хэлцэл хийх бөгөөд талууд зээлийн хүүг ямар хугацаагаар тооцох талаар хариуцагч А.Ариунболд өргөдөлдөө тодорхой тусгасан, уг хугацааг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээний сунгасан хугацаагаар тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ/14/04 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д Зээлдэгч зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүүгийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. гэж зааснаар ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2,717.08 төгрөгөөр нэхэмжлэгч тооцсныг шүүх хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ./хх-ийн 21 дэх талд/

Шинжээч нь ЗГ/14/04 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоолол-г нэхэмжлэгчийн тодорхойлсон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан ханш 2717.08 төгрөгөөр тооцоолж, ...үндсэн зээл 32,090 ам.доллар, төлөгдөх ёстой хүүг 52,012.54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүг 8,343.40 ам.доллар, төлбөл зохих 60,355.94 ам.доллар, үүнээс зээлдэгч буюу хариуцагч А.Ариунболдын төлсөн 8,333.50 ам.долларыг хасаад, 84,112.44 ам.доллар буюу 228,540,233.00 төгрөг гэж тооцон дүгнэлт гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан 84,240.13 ам.доллар буюу 228,887,166.00 төгрөгөөс 84,112.44 ам.доллар буюу 228,540,233.00 төгрөгийг хариуцагчаар төлүүлж, үлдэх 128 ам.доллар буюу 346,933 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв./хх-ийн 74-76 дахь талд/

Доштдаймонд ББСБ ХХК болон А.Ариунболд нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр БГ/14/04 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Доштдаймонд ББСБ ХХК болон А.Ариунболд нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЗГ/14/04 дугаартай зээлийн гэрээний үүргийн гйүцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002253 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000284850 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол 2а байрны 55 тоот хаягт байршилтай, 39 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна./хх-ийн 16-18 дэх талд/

Дээрх барьцааны гэрээ нь Иргнэий хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хээлийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002253 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000284850 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол 2а байрны 55 тоот хаягт байршилтай, 39 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж, шинжээчээр Монгол банк ХХК-ийг томилж, дүгнэлт гаргуулсан ба тухайн дүгнэлтийг нь хэргийг шийдвэрлэхэд бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж үнэлсэн тул тус компанийн шинжээчээр ажилласан цагийн хөлсний тооцоонд бичигдсэн шинжээчийн ажлын хөлс 434,250 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан Б.Булгамаагийн Худалдаа хөгжлийн банкны 499168058 тоот дансанд олгуулах нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 77 дахь талд/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч А.Ариунболдоос 84,112.44 ам.доллар буюу 228,540,233 /хоёр зуун хорин найман сая таван зуун дөчин мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Доштдаймонд ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 128 ам.доллар буюу 346,933 /гурван зуун дөчин зургаан мянга есөн зуун гучин гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002253 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000284850 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол 2а байрны 55 тоот хаягт байршилтай, 39 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,302,386 /нэг сая гурван зуун хоёр мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч А.Ариунболдоос 1,300,651 /нэг сая гурван зуун мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Доштдаймонд ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 434,250 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагч А.Ариунболдоос гаргуулж, Б.Булгамаагийн Худалдаа хөгжлийн банкны 499168058 тоот дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ