Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00774

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00774

 

 

Д- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.А-од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 228 887 166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч А.А-, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д- ББСБ ХХК нь А.А-той 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 32 090 ам.долларыг 12 сарын хугацаатайгаар сарын 2,5 хувийн, жилийн 30 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2203002253 тоот дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 55 тоот байршилтай орон сууцны зориулалттай 39 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд үндсэн зээлийг огт төлөөгүй, зээлийн үндсэн хүүг 2016 оны 10 сараас хойш төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. А.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлдөө үндсэн зээл болон үлдэгдэл хүүг 2017 оны 05 дугаар сард төлж дуусгана хэмээн албан ёсоор мэдэгдсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. А.А- нь Зээлийн гэрээний дагуу төлөх 8 334 ам.долларыг үндсэн хүүгийн төлбөрт төлсөн ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 32 090 ам.долларын үндсэн зээл, 52 012,49 ам.долларын үндсэн хүү, 8 471,64 ам.долларын нэмэгдүүлсэн хүү, нийт 92 574,13 ам.долларын зээл, түүнээс төлсөн 8 334 ам.доллар төлж, 84 240,13 ам.долларыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Банкны ханш 2 717,08 төгрөгөөр тооцож 228 887 166 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 55 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 39 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдан борлуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д- ББСБ ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А-оос 84 112,44 ам.доллар буюу 228 540 233 /хоёр зуун хорин найман сая таван зуун дөчин мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 128 ам.доллар буюу 346 933 /гурван зуун дөчин зургаан мянга есөн зуун гучин гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203002253 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000284850 дугаар гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол 2а байрны 55 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,302,386 /нэг сая гурван зуун хоёр мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч А.А-оос 1,300,651 /нэг сая гурван зуун мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 434,250 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг хариуцагч А.А-оос гаргуулж, Б.Булгамаагийн Худалдаа хөгжлийн банкны 499168058 тоот дансанд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч А.А- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Хариуцагч нь нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан оловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Зээлдүүлэгч Д- ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон 32 090 ам.долларыг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч А.А- ам.долларыг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Учир нь Д- ББСБ ХХК-тай миний бие зээлийн гэрээг байгуулсан боловч 32 090 амолларыг шилжүүлж аваагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн Д- ББСБ ХХК нь гэрээгээр тохирсон 32 090 ам.долларыг шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, миний бие 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-т заасан зээлийг авч, 2.5-д заасан зориулалтаар огт ашиглаагүй. Анхан шатны шүүх ... А.А- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн тул шүүн таслах ажиллагаанд саад учруулсан... гэж дүгнэж хариуцагчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие эрүүл мэндийн шалтгаантай талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтэйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, тэгш мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй.

Мөн Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ" гэж зааснаар ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2019 дны 12 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 2 717,08 төгрөгөөр нэхэмжлэгч тооцсныг шүүх хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны зарласан ханш ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1 868 төгрөг байсан. Нэхэмжлэгчийн шаардаж буй үүрэг нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу ам.долларын ханш 1 868 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусах хугацаа буюу 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ам.долларын төгрөгтэй харьцах Монгол банкны ханш 1 985 төгрөг байхад төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн байхад үүрэг үүсэх үеийн ханшаар тооцоогүйд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын үүссэн маргаанд хамаарах холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д- ББСБ ХХК нь хариуцагч А.А-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84 240,13 ам.доллар буюу 228 837 166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д- ББСБ ХХК нь 32 090 ам.долларыг зээлдэгч А.А-од зээлэх, зээлдэгч нь 32 090 ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангажээ.

 

Д- ББСБ ХХК болон А.А- нар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцааны гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр, 55 тоот хаягт байрлах А.А-ын өмчлөлийн 39 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцныг барьцаалжээ. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. /хх-16-18/

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол уг хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Зээлдүүлэгч Д- ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 32 090 ам.долларыг зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь зээл болон хүүгийн эргэн төлөлтийн хяналтын карт болон А.А-ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан өргөдлөөр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч А.А- нь зээлийн төлбөрөөс 8 333,5 ам.долларыг төлсөн, мөн зээлийн төлөх хугацааг хойшлуулах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан тул 32 090 ам.долларыг шилжүүлэн өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй. /хх-20, 22/

 

Зээлийн гэрээний 2.6-т Зээлдэгч зээлийн хүүг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүүгийн төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байх тул хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 43 282,4 ам.доллар төлөхөөс 37 234,3 ам.долларыг төлөөгүй байна.

 

Иймд хариуцагч А.А-оос 37 234,3 ам.доллар буюу 101 195 380 төгрөгийг нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46 996,73 ам.доллар буюу 127 691 786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно заасан. Нэхэмжлэгч 1 ам.долларын төгрөгт харьцах ханшийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ханш 2 717,8 төгрөгөөр тооцож 101 195 380 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимд нийцнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан ба энэ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг гүйцэтгэх эцсийн хугацаа гэж үзнэ. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан.

 

Талууд гэрээний 4.2-т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд тусгагдаагүй болон тусгагдсан боловч өөрчлөх шаардлагатай гэж үзсэн асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлтийг хавсралт болгон баталгаажуулна заасан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр хийхийг шаардах бөгөөд хэрэв талууд тохиролцож гэрээний хугацааг сунгаж байгаа тохиолдолд хугацааг сунгасан гэрээг бичгээр хийх нь дээрх хуулийн шаардлагад нийцнэ.

 

Хариуцагч талаас зээлийн гэрээг сунгахыг хүсч нэхэмжлэгчид хандсан хүсэлт хэрэгт авагдаагүйгээс байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай тул нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацааны хүүг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Мөн талууд гэрээний 3.1б-т зээлдэгч зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тохиролцсон нөхцөлийн дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэж хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж зааснаар дүгнэвэл зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөх хэтэрсэн хугацааны хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тодорхой заах үүрэгтэй талаар зохицуулсан. Гэтэл талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тодорхой хэмжээг заан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг гаргуулсан нь буруу байна. Харин гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан байх бөгөөд үүнийг хэтэрсэн хугацааны хүүтэй хамруулан тайлбарлах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох гадаад валютыг төгрөгт шилжүүлэхэд шилжүүлэх үеийн ханшийн дагуу тодорхойлохыг зохицуулсан. Иймд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг зээл олгох үеийн бус одоогийн ханшаар тооцсон нь буруу гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн хариуцагч А.А-од шүүхээс шүүх хуралдаанын товыг мэдэгдсэн тэрээр хүндэтгэх үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх мэдэгдэж холбогдох баримтаа ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч нь төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрх нээлттэй байсан болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.А-оос 101 195 380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127 691 786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...1 300 651 төгрөг гэснийг ...663 927 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 300 651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА