Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/00317

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2021/00317

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Чингисийн талбай, Төрийн ордон 196 тоот хаягт оршин байрлах Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар УТҮГ /рд:9087699/--ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 5-11 тоот хаягт оршин байрлах, Нью-Борнь ХХК /РД:5092957/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, өөрийн 68 дугаар байранд байрлах Бүүх ХХК /РД:2088424/ нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 623,360,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан, О.Буянхишиг, Н.Оюунтэгш, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газар нь Нью Борнь ХХК болон БҮҮХ ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн музейн засвар 2013/XIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн.

Гэрээний тусгай нөхцөлд заасан ажил Багц-1: Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн дээврийн засвар, хүндэтгэлийн гол шатны засвар, үүнд: Техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу дараах ажлуудыг чанаргүй болон огт хийж гүйцэтгээгүй болно. Үүнд:

Шилэн галерейн тавцангаас /шал/ доош хучилтаар борооны ус нэвтэрч Төрийн түүхийн музейн тааз руу ордог тул энэхүү ус нэвтрэлтийг зогсоож бүрэн засварлаж гүйцэтгэх байсан ч Төрийн түүхийн музейн дээврийн ус нэвтрэлт зогсоогүй удаа дараа ус алдаж музейн тааз нурсан тул Төрийн түүхийн музейн хэвийн ажиллагаа алдагдаж, хосгүй үнэт үзмэрүүд гэмтэх эрсдэл үүссэн. Төрийн далбаа бүхий гол шилэн куполтай хэсгийн хүрээний 2 давхар эмжээрийн шаргал өнгийн хиймэл чулуун хавтан /135м2/ хагарч эмтэрч /дээрээс унаж эхлэн аюултай орчин үүсгэж / байгаа тул тэр хэсгийг тусгай /бат бөх, аюулгүй, өнгө зохицолыг хангасан/ материалаар шинэчлэн солих ажлыг огт хийгээгүйгээс хиймэл чулуун хавтан хагарч эмтэрч дээрээс унаж, аюултай нөхцөл байдал үүсгэж байгаагаас Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг хэвийн явуулахад хүндрэлтэй байдал үүсээд байна.

Гол шатны 45 гишгүүрийн нүүрний босоо нарийн чулууг /чулууны зузаан 2.5-3 см-ээс доошгүй/ одоогийн өнгө загварын дагуу шинээр бэлтгэн угсрах байсан. Уг өнгөлгөөний засварыг чанаргүй гүйцэтгэснээс уг чулуу ховхрон унаж, хагаран барилгын өнгө үзэмжийг алдагдуулж байна. Тус компанийг гэрээний дагуу дээрх чанаргүй гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу хийсэн ажлаа гүйцээхийг сүүлийн 3 жилийн турш шаардаж удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж, протокол үйлдэх, албан бичиг өгсөөр өдий хүрч байна. Гэвч гүйцэтгэгч Ньюборнь ХХК, Бүүх ХХК нь чанаргүй хийсэн ажлаа засварлахдаа ор нэр төдий, аргацаасан байдалтай гүйцэтгэж, хийгээгүй ажлаа материалын сонголт хийж байна, орлуулах материал олдохгүй байна, санхүүжилт мөнгө орж ирэхээр гэх мэтчилэн шалтаг заасаар барилгын чанарын баталгаат хугацаанд тодорхой үр дүн гаргаагүй болно.

Ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан ажлыг дахин гүйцэтгэхэд гэрээг байгуулсан үнийн дүнгээр дахин засварлах шаардлагатай байна. Иймд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлсэн тул гэрээнд заагдсаны дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 618,510,631 төгрөгийг Ньюборнь ХХК, Бүүх ХХК-наас нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Тус газар нь Ньюборнь ХХК болон Бүүх ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол Төрийн түүхийн |зейн засвар 2013/XIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол шндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний тусгай нөхцөлд заасан ажил Багц-1: Төрийн ёслол хундэтгэлийн өрөө цогцолбор, Монгол төрийн туүхийн музейн дээврийн засвар, хундэтгэлийн гол шатны засвар, үүнд: Техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу дараах ажлуудыг чанаргүй болон огт хийж гүйцэтгээгүй болно.

Тус компанийг гэрээний дагуу дээрх чанаргүй гүйцэтгэсэн ажлаа засах, дутуу хийсэн ажлаа гүйцээхийг сүүлийн 6 жилийн турш шаардаж удаа дараа уулзалт, хурал зохион байгуулж, протокол үйлдэх, албан бичиг өгсөөр өдий хүрч байна. Гэвч гүйцэтгэгч "Нью Борнь ХХК, "Бүүх ХХК нь чанаргүй хийсэн ажлаа засварлахдаа ор нэр төдий, аргацаасан байдалтай гүйцэтгэж, хийгээгүй ажлаа материалын сонголт хийж байна, орлуулах материал олдохгүй байна, санхүүжилт мөнгө орж ирэхээр гэх мэтчилэн шалтаг заасаар барилгын чанарын баталгаат хугацаанд тодорхой үр дүн гаргаагүй болно. 2014 оны 4 дүгээр сард орсон их цас хайлж Төрийн түүхийн музейн тааз руу анх нэвтэрснээс хойш бороо орох бүрт нэвчсээр музейн үзмэр үйлчилгээний заалууд, ариун цэврийн өрөө болон оффисийн өрөөнүүд нь чийг үнэр ихтэй, хананы доод хэсгээр мөөгөнцөр тогтсон, музейн дотор гэрэлтүүлэг зарим галын болон дохиоллын мэдээлэгчүүд, тэдгээрийн кабель шугамд гэмтэл гарч ашиглалт аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахгүй болсон ажиллагаа нь алдагдсан бөгөөд дахин засварлуулах шаардлагатай болсон.

Тус музейн үзүүллэгт Засгийн газрын 2010 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт 279 ширхэг дурсгалт зүйл хадгалагдаж байдаг бөгөөд ус нэвтэрснээс үзүүллэгийн танхимын чийгшлийн хэмжээ эрс нэмэгдэж улмаар 2014 оноос 2016 оны 5 дугаар сараас 9 дүгээр саруудад тааз нурсан тул Төрийн түүхийн музейн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон. 2016 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Бүүх ХХК, Ньюборнь ХХК чанаргүй хийсэн ажлаа дахин засварлах, огт хийгээгүй ажлаа хийж гүйцэтгэх санал тавьсаны дагуу нэхэмжлэлийг буцаасан боловч засварын ажлыг огт хийгээгүй тул 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг дахин Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан болно.

Нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулан 2018 оны хөрөнгө оруулалтаар төсөвт 27,860,740 төгрөгийг суулган засварын ажлыг Сүлдэт майнинг ХХК-иар гүйцэтгүүлсэн болно. Иймд тус засварын ажлыг хийлгэсэн 27,860,740 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Бүүх ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Нью борнь ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор Монгол төрийн түүхийн музейн засвар 2013 оны багц-1 төрийн түүхийн музейн дээвэр, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинчлэлийн ажил гүйцэтгэх гэрээг түншлэлээр манай компани оролцсон ба барилгын ажлын гүйцэтгэлд нэг ч төгрөг манай компани аваагүй ба удаа дараа хавтаст хэрэгт тайлбар өгч байсан. Нью борнь ХХК нь түншлэгч Бүүх ХХК нь холбогдолгүй гэсэн албан бичиг хавтаст хэрэгт байдаг.

Иймээс Нью борнь ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлэхээс үүссэн хохирол 27,860,740 төгрөгийн хохирлыг манай компани төлөх үндэслэлгүй болохыг тайлбарлаж байна гэжээ.

Хариуцагч Ньюборнь ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ньюборнь ХХК болон Бүүх ХХК нар 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/XIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан холбогдох ажлыг гүйцэтгэсэн болно.

Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд зураг төсөл огт байгаагүй бөгөөд зөвхөн ус нэвтэрч буй хэдэн цэгийг заасан байсан ба ус яг хаанаас, юунаас болж нэвтэрч байгааг тогтоогоогүй байсан. Бид тухайн үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж ус нэвтрэх боломжтой гэсэн газар хэсэг бүрийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Засварын ажлыг хийж гүйцэтгэхэд баталагдсан зураг төсөл байгаагүйн улмаас өөрсдийн ажлын туршилгад тулгуурлан хийж гүйцэтгэсэн болно. Тус ажлын баталгаат хугацаанд бид боломжит бүх арга хэмжээг авч ажилласан бөгөөд ус нэвтрэлт манай компаний хийсэн ажлаас болоогүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Бидний үзэж байгаагаар шар чулуун пандусан дээр буусан борооны ус шууд дээврийн хучилтанд хүрч тэндээс ус нэвтэрч байсан болно. Уг пандусны ажил шинээр солих ажил манай ажилд тусгагдаагүй бөгөөд ажил гүйцэтгэлийн явцад ус тавьж шалгахад нэвтрээгүй ба бороо ороход ус нэвтэрсэн тохиолдол гарсан ба тухайн асуудлын талаар хурал дээр цогцолборын автор Баяр гэдэг хүн пандусыг солихгүй бол ус нэвтрэлт зогсохгүй гэж хэлж байсан. Гэвч тухайн ажлын хөрөнгө, мөнгө байхгүйн улмаас солих ажлыг хийлгүй орхисон. Мөн гол шилэн куполтоо хэсгийн чулууг солих ажлыг хийж гүйцэтгэхэд зураг байхгүйн улмаас хийж гүйцэтгээгүй орхигдсон болно. Дээрхи ажлын материалын сонголт танилцуулсан ба зураг байхгүйн улмаас одоог болтол хийгдээгүй болно.

Тус ажлыг Ньюборнь ХХК, Бүүх ХХК түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд Бүүх ХХК нь Ньюборнь ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

Манай компани нь 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2013/XIV.2.1 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтанд шалгарч Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан холбогдох ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.

"Ньюборнь" ХХК, "Бүүх" ХХК түншлэлийн гэрээ байгуулж хамтран гүйцэтгэсэн бөгөөд "Бүүх" ХХК нь "Ньюборнь" ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээний үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд Бүүх ХХК нь хариуцлага хүлээхгүй бөгөөд "Ньюборнь" ХХК нь 100 хувь бие даан хариуцлага хүлээх болохоо үүгээр мэдэгдэж байна.

Шилэн галерейн таазнаас доош хучилт нэвтлэн борооны ус нэвтрээгүй гэдэг нь бидний хэд хэдэн удаагийн шалгалт, засвар үйлчилгээний явцад тогтоогдсон болно. Харин пандусаар ус нэвтэрч, бидний шинээр хийсэн хучилтын доогуур нэвчин орж байгааг тогтоосон. Борооны ус нь баганууд болон пандусны араар нэвтрэн орж байгаа бөгөөд ус нэвчиж байгаа талбай нь бидний гүйцэтгэсэн ажилд хамааралгүй болно. Гэрээнд зааснаар засвар шинэчлэлтийн явцад пандусыг солих, солихгүй тухай яригдсан ч захиалагч тал шинэчлэхгүй байх шийдвэр гаргасан юм. 201З/ХIV.2.1 дугаартай тендерт пандусыг шинэчлэх төсөв тусгагдаагүй, гүйцэтгэх ажлын жагсаалтанд ороогүй болно. Манай компанийн зүгээс пандусыг шинэчилснээр ус алдалт зогсоно гэж үзэж байна.

Төрийн далбаа бүхий гол шилэн куполтой хэсгийн хүрээний хоёр давхар эмжээрийн шаргал чулуун хиймэл хавтанг солих ажил нь гэрээнд тусгагдсан ажлын нэг хэсэг юм. Уг ажлыг гүйцэтгэхэд Төрийн ордны оройн хэсэг гарч шилэн куполын хүрээний хэсгийг солих учир шат болон дүүжин шатны бэхэлгээг маш сайн хийхгүй бол хөдөлмөр аюулгүй ажиллагааны хувьд эрсдэлтэй учир зураг гаргаж өгөхийг хүссэн боловч шийдэл хайж цаг хугацаа алдсан. Гол шатны 45 гишгүүрийн нүүрний цөөн хэдэн чулууны унаж хагарсан хэсгийг цаг тухайд нь засч засварласан бөгөөд гэрээнд заасан баталгаат хугацаанд засвар үйлчилгээг гүйцэтгэсэн болно.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 10-р сарын 4-ны өдрийн 07/100/405 дугаартай дүгнэлт, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүд, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ нь хариуцагч Ньюборнь ХХК, Бүүх ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 618,510,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шардлагын хэмжээг гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол 27,860,740 төгрөг гаргуулахаар ихэсгэжээ.

1. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 618,510,631 төгрөг гаргуулах тухайд:

Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ нь Ньюборнь ХХК болон Бүүх ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейн засвар 2013/ХIV.2.1 Багц-1: Төрийн түүхийн музейн дээвэр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний үнийн дүн 618,510,631 төгрөг байхаар заасан байна./2-р хх-151-161 дэх талд/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул Ньюборнь ХХК, Бүүх ХХК нар нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.

Захиалагч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр засварын ажлын төсвийг гаргуулан батлуулсан бөгөөд уг төсөвт Төрийн түүхийн музейн дээврийн засварын ажилд нийт 17 нэр төрлийн ажил буюу зассан чулуун өнгөлөгөөг буулгах, дээвэр дээрх багсармалыг зөөж гараар тэгшлэх, дээврийн талбайн хогийг зөөж цэвэрлэх, дээврийн цементэн тэгшилгээг засварлах, дээврийн гадаргууг 1 үе тусгаарлагч түрхлэг хийх, дээврийн хэсэгт 1 үе халаадаг хар цаас нийтэд нь наах, тэгшилсэн гадаргууд ус тусгаарлагчийг тепсан түрхэлгээр 3 үе хийх, хэвтээ ус тусгаарлагч шингэн шилтэй зуурмагаар хийх, дээврийн нэг үе тепсан түрхлэг хийх, хайргаар дээврийн дулаалга хийх, хүндэтгэлийн давцан галлерейн хэсгийн боржин чулуу хавтан хучилт хийх, галлерейн хэсэг дэх шатны гишгүүрийг өнгөлсөн гантиг хавтангаар өнгөлөх, 150 мм хүртэлх яндангийн дулаалга задлах, 100 мм хүртэл яндан хоолойг буулгах, борооны усны хоолойг иж бүрнээр нь солих, трап угсрах, цементен зуурмаг бэлтгэх зэрэг ажлыг,

Төрийн еслол хүндэтгэлийн өргөө цогцолборын ёслолын шатны засвар шинэчлэлтийн ажилд нийт 9 нэр төрлийн буюу зассан чулуун өнгөлгөөг буулгах, дээвэр дээрх багсармалыг зөөж гараар тэгшлэх, чулууны доорх талбайн хогийг зөөж цэвэрлэх, хэвтээ ус тусгаарлагч шингэн шилтэй цементэн зуурмагаар хийх, голын хэсгийн пандусны хавтанцарыг багсармалаар наах, гол шатны гишгүүрийн нүүрний хэсгийн чулуун хавтангаар өнгөлөх, гол хэсгийн пандусны боржин чулуун хавтангаар өнгөлгө өхийх, гол шилэн куполтой хэсгийн хзрээг чулуун хавтангаар өнгөлгөө хийх, цементэн зуурмаг бэлтгэх ажлуудыг нийтдээ 618,510,631 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэхээр төсөвлөсөн байна./1-р хх-ийн 191-198 дахь талд/

Хариуцагч компаниуд нь дээрх төсөвт тусгагдсан 618,510,631 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч талтай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэсэн талаар маргаагүй бөгөөд Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №02, 03 баримтыг 2013 оны 9 дүгээр сарын 02, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус үйлдэн, нийт 618,510,631 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг 100 хувь гүйцэтгэсэн талаар ажлын гүйцэтгэлийг гаргаж захиалагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд ажлын хөлсөнд 618,510,631 төгрөгийг хүлээн авсан, мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэж, Төрийн түүхийн музейн дээврийн засварын ажлыг дуудсан гэж комиссын бүрэлдэхүүнтэй ашиглалтад оруулахаар хүлээн авсан үйл баримт нотлогдож байна./1-р хх-109, 26, 2-р хх-163-164 дэх талд/

Дээрх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар тухайн үед гүйцэтгэсэн ажлын үр дүнг гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч талыг ...2013 оны 11 сард өвлийн улиралд ажлыг хүлээлгэн өгсөн, тухайн үед нь ажлын чанарыг муу байсныг мэдэх боломжгүй, 2014 оны 4 сараас эхлээд дээврийн ганц, хоёр цэгээс ус гоожиж эхэлсэн, энэ үеэс нь хариуцагч нарт шаардлага тавьсан боловч доголдлыг арилгаж, үр дүнд хүрээгүй одоог хүртэл 10-20 цэгээс ус гоожиж байгаа тул музейн үйл ажиллагаа үндсэндээ зогссон, шинээр дахин дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай болсон... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо арилгуулах гэж тайлбарлан тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал хариуцагч нарт холбогдуулан тухайн нэхэмжлэлээ 2017 онд шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүх ажиллагааг явуулж, тус шүүхийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2017/01500 дугаартай шүүгчийн захирамжаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжилгээ хийх шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоог томилсон ба тус холбоо нь 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 03/2 тоот тушаалаар Тэргүүлэх төсөвчин П.Чимэддорж, мэргэшсэн төсөвчин А.Энхчимэг нарыг томилсон учир Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч нарт эрх, үүрэг тайлбарласан, улмаар шинжээч нар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна. /1-р хх-ийн 242-247, 2-р хх-ийн 180-188 дахь талд/

Шинжээчийн дүгнэлтэд: 1. Ашиглалттай дээврийн технологийн дагуу ажил хийгдээгүй,

2. Ус гоожсон шалтгаан нь ус тусгаарлагч тепсан түрхэлгийг дутуу хийсэн.

3. Усны налуулгын хэмжээ алдагдсан. Технологийн хувьд хамгийн дээд талын өнгөлгөөний чулуун хавтангийн доод хэсгийн бетонон тэгшилгээг 0.03м-ийн налуулгатай хийгээгүй.

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн 2016 оны 10-р сарын 04-ний 07/100/405 тоот дүгнэлтийн хяналтын шалтгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан талаар мэдээлэл бичиг баримт алга байна.

5. Талбайд барилгын ажлын журналыг гүйцэтгэгч бүрэн хөтлөөгүй...

6. Гүйцэтгэлийн зураг байхгүй./Ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 17.1-д гүйцэтгэлийн зургийг гаргуулах тухай тодорхой дурдсан байна/

7. Чанарын баталгаат хугацаа 5 жил бөгөөд 2018 оны 09-р сарын 01 хүртэл /гэрээний тусгай нөхцөлийн 9.1-д/ байна.

8. Цаашид засварын ажлын зургийг мэргэжлийн зураг төслийн байгууллагаар хийлгэж ажлыг дахин гүйцэтгэх шаардлагатай. Ажлын зураг гарсны дараа дахин засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно гэжээ./1-р хх-ийн 242-247 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7-д Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байтал Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн түүхийн музейн дээврийн засварт хийгдсэн ажлын үр дүн доголдолтойн улмаас захиалагч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар ...уг ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр ажлын хөлсөнд төлсөн 618,510,631 төгрөгөө хохиролд тооцож мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нөхөн төлүүлэхээр шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүдэд заасны дагуу үүрг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байдал ньшүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ-аас Ньюборнь ХХК-д хүргүүлсэн албан бичиг, хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна./1-р хх-ийн 184-189 дэх талд/

Хариуцагч нар ...пандусаар ус нэвтэрч, бидний шинээр хийсэн хучилтын доогуур орж байгааг тогтоосон. Борооны ус нь баганууд болон пандусны араар нэвтрэн орж байгаа бөгөөд ус нэвчиж байгаа талбай нь бидний гүйцэтгэсэн ажилд хамааралгүй гэж тайлбарласан боловч энэхүү өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажилд хамааралгүй болохыг нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ талаар бичгийн баримт шүүхэд гаргаж нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Ньюборнь ХХК, Бүүх ХХК нараас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан 618,510,631 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлагын гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүссэн хохирол 27,860,740 төгрөг гаргуулах тухайд:

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Санхүү бүртгэлийн хэлтсийг төлөөлж, Барилга инженер техникийн хэлтсийн дарга нь Сүлдэт майнинг ХХК-тай Төрийн ордны төрийн түүхийн музейн засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд гэрээний нийт дүн 28,362,735 төгрөг байхаар зааж, гэрээг байгуулсан байна./2-р хх-ийн 11-15 дахь талд/

Тус гэрээний 1.4-т Хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Гэрээ нь дараах хавсралттай байна Үүнд: Хавсралт №1: Ажлын төсөв, Хавсралт №2: аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Хавсралт №3: Тусгай зөвшөөрөл гэж бичигдсэн боловч эдгээр хавсралтуудыг шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгөөгүй байна. Тус гэрээнд тухайн ажлыг хэдийнээс хэдийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх нь тодорхойгүй бөгөөд ...харилцан тохиролцсон өдрөөс эхлэн хуанлийн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ гэжээ.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын төрийн түүхийн музейн засварын ажлыг хүлээж авсан комиссын 45 дугаар актаар ...гүйцэтгэгч Сүлдэт майнинг ХХК нь Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын төрийн түүхийн музейн засварын ажлын даалгавар, төлөвлөгөө 18/25 тоот гэрээнд заасан материал өнгө, загвараар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хийж дууссан, ...хангалттай үнэлгээтэйгээр ашиглалтад хүлээн авсан, уг засвар, тохижилтийг хянаж санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Ажлын гүйцэтгэл 27 860 740 төгрөг болно гэж үйлдсэн бөгөөд гэрэл зургийн үзүүлэлтүүд хавсаргасан байна./2-р хх-ийн 18-69 дэх талд/

Нэхэмжлэгч тал хариуцагч нараас ажлын доголдлын улмаас ус нэвтэрснийг засвар хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн зардал 27,860,740 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэхээр байна.

Дээрх бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгүүлсэн гэх боловч гүйцэтгэгч гэх Сүлдэт майнинг ХХК-д Ажлын гүйцэтгэл гэх 27,860,740 төгрөгийг хэдийд, хэрхэн төлсөн талаар бичгийн баримт хэргийн материалд авагдаагүй, тус гэрээний хавсралтуудыг баримтаар гаргаж өгөөгүй байх тул шүүх тухайн хохирол гэх 27,860,740 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд, энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ньюборнь ХХК, Бүүх ХХК нараас 618,510,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 27,860,740 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ньюборнь ХХК, Бүүх ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж 3,250,503 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ