Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/00327

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/00327

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамж, 126 тоот хаягт оршин суух, Мөнхөд овогт Мөнхөөгийн Сарантуяа /рд:ИА66032300/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжинд байрлах, Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль /рд:9117202/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Сарантуяа миний бие 2018 оны 09 сард тус сургуульд нягтлан бодогчоор ажилд ороод 2020 оны 05 дугаар сарын 08-ныг хүртэл ажилласан. Сургуулийн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын сөрөг дүгнэлт авсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

1. Аудитын дүгнэлт сөрөг гаргах болсон үндэслэл нь сургалтын менежер Э.Нүрзэд нь багш нарын цагийг үнэн зөв тооцоолж чаддаггүйгээс цагийн бүртгэлийг олон дахин, байнга сольдог, цалин бодсоны дараа өөрчилж сольж өгдөг. Үүнийг захирал Д.Чинбаатар хянахгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан нь агш ажилчдын цалин хөлсийг будлиантуулахад хүргэдэг байсан. Нягтлан бодогч миний зүгээс төсвийн мөнгийг зөв зарцуулах үүрэг хүлээж ажиллаж байсан.

2. Нярав Д.Батбаатар жилийн эцсийн тооллогын бүртгэл болон бараа материалуудын тайланг 2019 оны 06 дугаар сараас хойш нэг ч удаа нягтлан бодогчид гаргаж өгч байгаагүй гэх мэт үйлдлүүдээс болсон.

Түүнчлэн 2018 оны хязгаарлалттай дүгнэлт нь миний ажиллаж байсан цаг хугацааг бүрэн хамрахгүй өмнө ажиллаж байсан нягтлан бодогч нарын ажилтай холбоотой байхад 2018 оны аудитын дүгнэлтийн бурууг зөвхөн надад тулган 2019 оны 03 дугаар сард цалинг буруулж хасах, улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй зэрэг сахилгын арга хэмжээг давхардуулан оногдуулж байсан тул тушаал хууль бус болсон.

Ажлаас халах тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.5.3 гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлд бичиг бримт хуурамчаар үйлдэх гэж тусгасан нь хууль бус, мөн өмнөх сахилгын арга хэмжээний хугацаа нэг жил өнгөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэлгүйд тооцогдож байна.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 тоот хууль бус тушаалаар намайг ажлаас хууль бусаар халсан тул эжилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Сарантуяа нь сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Чинбаатарын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар ажлаас халагдсан. Энэхүү тушаалыг хууль бус, ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааг гаргуулах, мөн энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

М.Сарантуяа нь нягтлан бодогчийн ажил албан тушаалаа хэвийн гүйцэтгэж байхад, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа юм.

Үүнд тус сургуулийн сургалтын менежер Э.Нүрзэд нь багш, ажилтан хамт олны дотоод уур амьсгалыг муутгах, ямар нэгэн байдлаар сургуулийн удирдлагыг өөрийн гартаа авах үүднээс багш ажилчдыг түрхэрч янз бүрийн байдлаар өргөх бичиг өргөдөл гаргуулдаг.

Мөн сургуулийн санхүүгийн ажилд саад учруулах зорилгоор, эсвэл өөрийнхөө ажлыг хийж чадахгүй, ямар нэгэн байдлаар сургуулийн багш, ажилчдын ажилласан цагийн тооцоог өөрчилж, удаа дараа сольж өгдөг. Цалин бодсон байхад нэмэгдсэн хасагдсан байдлаар цалингийн тооцооны хүснэгтийг өөрчилж гаргаж өгдөг. Мөн ажлаас халагдсан багш, ажилчдад бүтэн 1 сарын цалинг бодож, цагийн тооцооны хүснэгт гаргаж өгдөг. Үүнийгээ эгүүлээд энэ чинь буруу байна гэдэг шалтгаанаар яг Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Ерөнхий боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгддэг стандартын дагуу цалинг бодохоор багш ажилчинтайгаа нийлж байгаад, сургуулийн нягтлан бодогч М.Сарантуяагийн эсрэг ямар нэгэн байдлаар хэл ам үүсгэдэг.

Үүнийгээ сургуулийн удирдлагад итгүүлэх замаар ажлаас үндэслэлгүй халуулсан гэж үзэж байна. Захирлын үүрэг гүйцэтгэгч н.Чинбаатарын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан үндэслэл байдаг. Удаа дараа гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулиар ойлгохдоо 1 удаа сахилгын арга хэмжээ авагдаад, түүнээс хойш сахилгын арга хэмжээ тооцогдох хугацаа дуусаагүй байхад дараагийн арга хэмжээ авагдсан тохиолдолд 2 ба түүнээс дээш удааг удаа дараа гэж ойлгохоор байна.

Тухайн байгууллага М.Сарантуяад сахилгын арга хэмжээ тооцоогүй, сахилгын хариуцлага хүлээгээгүйд тооцох хугацаа өнгөрсний дараа дахин сахилгын хариуцлага тооцож байгаа бол удаа дараа гэж үзэж болохгүй. М.Сарантуяагийн хувьд 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийн хүрээнд сахилгын арга хэмжээ авахдаа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цалингийн 20 хувиар суутгах сахилгын шийтгэл, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг 131.1.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авсан байдаг. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 08-нд тушаал гарч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн байсан учраас удаа дараа гэж хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.

Хөндлөнгийн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил илэрсэн гэж тайлбарласан. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн хувьд санхүүгийн аудит хяналт шалгалт хийх эрх нь хөндлөнгийн аудит биш, дотоод аудит буюу Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын дэргэдэх, Боловсрол, шинжлэх ухааны яамны дотоод аудит хяналт шалгалт хийх ёстой байсан.

Энэ хяналт шалгалтын ажиллагаа Төсвийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хууль бус хяналт шалгалтын ажиллагаа буюу хүчин төгөлдөр бус хяналт шалгалтын ажиллагаа байх тул энэхүү аудитын дүгнэлтийг үндэслэж 116 дугаар сургууль ахлах нягтлан бодогч М.Сарантуяаг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 4.5.8 дахь хэсэгт сахилгын зөрчил удаа дараа, давтан гаргасан гэж заасан. Гэтэл түрүүний хэлсэн тайлбар мөн энд давтагдах гэж байна. Сахилгын зөрчилгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн байсан. 2019 оны сахилгын зөрчил авагдсан тушаалд тухайн үед санал нийлээгүй. 2018 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Гэтэл М.Сарантуяа 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон. Бүхэл бүтэн 2018 оны санхүүгийн тайланд М.Сарантуяаг буруутгаж сахилгын хариуцлага хүлээлгэсэн шийтгэл бол хууль бус байсан. Гэвч М.Сарантуяа тухайн үед хүлээцтэй энэрэнгүй хандаж, ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй.

2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд гаргасан дүгнэлт нь 2018 оны санхүүгийн үйл ажиллагааны дүгнэлтийг үндэслэсэн буюу удаа дараа давтан гэсэн ийм санал дүгнэлт хэлээд байгаа учраас энэ 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг М.Сарантуяа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Өмнөх жилд санхүүгийн үйл ажиллагаа бараг явагдаагүй. Зөвхөн 1 л улирлын санхүүгийн үйл ажиллагааг хийсэн. Бүтэн жилийн санхүүгийн үйл ажиллагааны бурууг М.Сарантуяаг буруутгаж байгаа бол үндэслэлгүй, шударга бус, ийм дүгнэлт байсан учраас М.Сарантуяа энэ санхүүгийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэсний аудитын газар, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг бүр зөрчсөн. Тусгай зөвшөөрөл бүхий хувийн хуулийн этгээд Ихнаяд аудит ХХК-иар санхүүгийн дүгнэлт гаргуулсан. Ихнаяд аудит ХХК, Боловсролын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ боловсролын санхүүгийн эрх зүйн бичиг баримттай эдгээр бичиг баримтад дурдсан Боловсролын байгууллагын нягтлан бодох бүртгэл санхүү, бэлэн мөнгөний орлого зарлага, боловсролын байгууллагын багш, ажилчдын цалинг бодох, арга аргачлалыг мэдээгүйгээсээ ийм сөрөг дүгнэлт гаргасан гэж М.Сарантуяа үзэж байгаа юм.

2007 оны Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын хамтарсан тушаалаар багш, ажилчдын цалинг бодох аргачлал гаргасан байдаг. Үүнд 7 хоногийн 40 цагаас багш нарын ажилласан цагийг ямар тохиолдолд бүтэн ажилласан гэж үзэх, ямар тохиолдолд илүү цагаар ажилласан гэж үзэх зэргээр нарийвчлан тогтоож өгсөн ийм журмуудыг санхүүгийн дүгнэлт гаргахдаа хэрэглээгүй. Ийм дүгнэлт байгаа учраас хууль бус байна. Мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 тоот тушаал нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн аль заалтыг хэрэглэх ёстой байсан тэрийг хэрэглээгүй учраас энэ тушаалыг хууль ёсны тушаал гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 04 сараас, 2020 оны 10 сар хүртэлх цалингийн дундажаас үзвэл сарын дундаж цалин 1,249,439 төгрөг болж байна.

Эдгээр үндэслэлээр М.Сарантуяаг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 05 сараас 2021 оны 01 сарыг дуустал, 9 сар ажилгүй байсан хугацааны цалин 11,244,952 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааМ.сарантуяа нь тус сургуульд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярсайханы Б/81 дүгээр тушаалаар нягтлан бодогчоор томилогдсон байна. Тэрээр тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэг Д.Чинбаатарын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч М.Сарантуяа нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан аштны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гйүцэтгэлд хийсэн аудитаар сөрөг дүгнэлт авч эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан, гаргасан санхүүгийн зөрчил дутагдлаа засаж залруулдаггүй ажлын хариуцлага удаа дараа алдаж, хөндлөнгийн дүгнэлтээр нотлогдон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, М.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзжээ.

Тус сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Сарантуяа нь хөндлөнгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, аудитын дүгнэлт сөрөг гаргах болсон үндэслэлээ бусад албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болсон гэж дүгнэсэн байна.

2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гйүцэтгэлд хийсэн аудитын явцад 6 алдаа зөрчил илэрсэн байсан байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг бүрэн эхээр нь хүргүүлж байна. Илэрсэн алдаа, зөрчлийг тайлангийн 21 дүгээр хуудаснаас харж болно. 2018 онд аудитын хязгаарлалттай санал дүгнэлт нь өөрийнх нь ажилласан цаг хугацааг бүрэн хамрахгүй, өмнө ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйлдэл гэж дүгнэснийг няцааж байна. Учир нь тухайн үед албан тушаалын тодорхойлолтод тусгагдсаны дагуу мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж чадна гэж өргөдөл хүсэлтээ өгч ажилд томилогдсон. Мэргэжлийн үүднээс алдаа, зөрчил байсан гэж үзсэн бол санхүүгийн тайлан гаргах хугацаанд засаж залруулах, дахин давтан алдаа гаргахгүй ажиллах учиртай. Төрийн ажлын залгамж чанарыг баримтлан ажиллах үүрэгтэй.

Нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Сарантуяа нь 2019 онд тус сургуулийн санхүүгийн ажлыг бүрэн хариуцан ажиллаж байсан. Гэтэл 2019 оны санхүүгийн Мэргэжлийн үүднээс алдаа, зөрчил байсан гэж үзсэн бол санхүүгийн тайлан гаргах хугацаанд засаж залруулах, дахин давтан алдаа гаргахгүй ажиллах учиртай. Төрийн ажлын залгамж чанарыг баримтлан ажиллах учиртай. Нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Сарантуяа нь 2019 онд тус сургуулийн санхүүгийн ажлыг бүрэн хариуцан ажиллаж байсан. Гэтэл 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар сөрөг дүгнэлт авч, нийтдээ 38 /гучин найм/ алдаа, зөрчил илэрсэн. Аудитын байгууллагаас 2 төлбөрийн акт, 22 албан шаардлага, 14 зөвлөмжийг ирүүлсэн. Үүнээс үзэхэд өмнө 2018 онд илэрсэн 6 зөрчлийг арилгаж ажиллах үүрэгтэй байтал 2019 онд 38 алдаа, зөрчил гаргаж, өмнөх оныхоос улам хариуцлагагүй ажилласан.

2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг бүрэн эхээр нь хүргүүллээ. Аудитын шалгалтаар жил бүр хангалтгүй дүгнэлт авч байгаа нь тухайн нягтлан бодогч ажилдаа хариуцлагагүй ханддаг, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, мэргэжлийн болон ёс зүй, ур чадварын алдаа гаргасан учраас тухайн албан үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

2018, 2019 онуудад аудитын шалгалт хийж байх явцад тайлан мэдээг тогтоосон хугацаанд өгдөггүй, тодруулах зүйл гарахад утсаа авч холбогдохгүй зэргээс шалтгаалан аудитын газраас албан бичиг, мэдэгдэх хуудас удаа дараа ирж байсан. Аудитын газрын холбогдох албан бичгүүдийг хавсралтаар хүргүүлж байна.

М.Сарантуяаг үүрэгт ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн ур чадваргүй, алдаа зөрчил гаргаж, ажилтнуудыг хохироодог талаар хамт олноос сургуулийн захиргаа болон БСШУСЯ-нд удаа дараа өргөдөл, гомдол ирж байсан. Тухайн холбогдох баримтыг хавсарган хүргүүлэв. Байгууллагын соёл, үнэт зүйлийг эрхэмлэдэггүй, өш хонзон авах, бусдыг чадах гэсэн хандлага гаргаж, ёс зүйгүй үйлдэл хийж, багш, ажилчдын 2019 оны ээлжийн амралтын мөнгийг бодохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн оны 6, 7-р сард хувааж тайлагнаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, ажилтнуудын ажилласан жил тасрах эрсдэлийг үүсгэсэн. Тухайн зөрчлийг арилгуулж, хамт олныг хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх талаар СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, хариуцсан ажилтан нягтлан бодогч М.Сарантуяаг буруутай болохыг тогтоосон.

Дээрх асуудлыг СБД-ийн НД-ын хэлтэс дээр хэлэлцэж, хурал хийж байх үед захирлын албан үүргийг гүйцэтгэгч Д.Чинбаатарт гар утсаар мессеж бичиж холбогдсон. Нягтлан бодогч М.Сарантуяа нь "дургүй хүргэсэн хэдэн хүнийг чадах гэж" ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мессеж бичсэн. Энэ нь тухайн хүн ажилдаа хэрхэн ханддаг, хамт олныг үгүйсгэн доромжилж байгаагийн илрэл гэж үзэж байна. Бичсэн мессежийг баримт болгон хүргүүллээ.

Мөн 2018, 2019 онуудад шүүхийн шийдвэрийн дагуу С.Гэрэлмаа, Э.Нүрзэд, С.Балсан, Л.Даариймаа, Э.Мөнхжаргал, О.Оюунжаргал, Д.Лхамсүрэн, Х.Түгдорж нарт ажилгүй байсан хугацааны цалинг олгосон хэдий ч НД, ЭМД-ийг нөхөн тооцож, дэвтэрт бичилтийг огт хийгээгүй, нөхөн тайлан гаргаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Холбогдох мэдээллийг нэгтгэн хүргүүллээ. Нярай хүүхдээ асарч байгаа нярав ажилтай Ч.Мөнхжаргалын байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг нягтлан бодогч М.Сарантуяа ДУР мэдэн 2020 оны 02 дугаар сараас эхлэн зогсоож, тухайн иргэнийг хохироож байна. Байгууллага нийгмийн даатгалыг нөхөн төлж, нөхөн тайлан гаргах асуудал үүсэж байна. Энэ үйлдэл нь байгууллагын удирдлагын шийдвэр огт хамаагүй, дур мэдэн аливаа ажлаа гүйцэтгэдэг, тогтоосон хууль дүрмийг зөрчдөг нь тодорхой байна. Тус сургуулийн физик мэдээлэл зүйн багш О.Энхмандахын жирэмсний амралтын мөнгийг дутуу бодож, 1.105.424 төгрөгөөр хохироосныг 2020 оны 06 дугаар сард дахин бодож, олгосон. Тухайн багшийн өргөдөл, холбогдох материалыг хавсралтаар хүргүүллээ.

Иймээс нягтлан бодогч М.Сарантуяа нь хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, санхүүгийн алдаа дугагдал тогтмол гаргадаг нь жил бүрийн хөндлөнгийн дүгнэлт болон өөрийн ажлынх нь үйл ажиллагаагаар тогтоогдсон. Нягтлан бодогч М.Сарантуяад хариуцлага тооцож, үүрэгт ажлаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг 2020 оны 2 дугаар сараас эхлэн удаа дараа хэлж, мэдэгдэж байсан. Мөн БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулаптын газар, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газруудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлж байсан. Нягтлан бодогч М.Сарантуяагийн гаргасан нэхэмжлэлд дурдсан ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ЭМ-ийн болон НД-ын шимтгэл нөхөн төлөх, бичилт хийлгэх нэхэмжлэхийн шаардлагыг хангах боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМ.Сарантуяа нь тус сургуульд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Батсайханы тушаалаар нягтлан бодогчоор томилогдон ажилласан байдаг. Тус сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Д.Чинбаатарын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч М.Сарантуяа нь 2019 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар сөрөг дүгнэлт гаргаж, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан. Гаргасан санхүүгийн зөрчил дутагдлаа засаж залруулаагүй, ажлын хариуцлага удаа дараа алдсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр нотлогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4 болон М.Сарантуяатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь хэсгийн заалтуудыг үндэслэж үүрэгт ажлаас нь чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна.

2018 оны санхүүгийн тайлангийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд 6 алдаа гаргаж байсан бол 2019 оны аудитын шалгалтаар удаа дараа буюу дахиад алдаагаа давтан 38 алдаа, зөрчил гаргасан байдаг. Энэ хүн ажилчид, багш нартайгаа таардаггүй, өс хонзонгийн сэдэлтэй гэхээсээ илүү, мэргэжлийн ур чадвартаа хайхрамжгүй хандаж, удаа дараа алдаа гаргасан учраас ажлаас халах үндэслэл болсон. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн захиргаанд удаа дараа хүсэлт ирүүлсэн байдаг. М.Сарантуяагийн мэргэжлийн үйл ажиллагаанд сахилгын хариуцлага тооц гэсэн хүсэлт ирүүлсэн. Манай байгууллага 2019 онд М.Сарантуяад сахилгын шийтгэл буюу цалингийн 20 хувиар хасах шийтгэл ногдуулж байсан.

Мэргэжлийн үйл ажиллагааны хувьд алдаа дутагдлаа засаж ажиллах байх гэж бодсон боловч 2018 он, 2019 оны аудитын шалгалтаар удаа дараа зөрчил гаргасан. Гаргасан зөрчлөө арилгадаггүй, бусадтай өс хонзонгийн сэдэлтэй байдаг юм шиг сургуулийн захирал руу хүртэл, би чадах гэж нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгээгүй, цалинг нь бодохгүй хохироож байсан гэсэн байдаг.

Тус сургуулийн физик, мэдээлэл зүйн багш н.Энхмандахын жирэмсний амралтын мөнгийн дутуу бодсон. 1,905,420 төгрөгийг буруу бодож олгосон байдаг. Үүнээс болж гарсан үр дагавар, бусад багш нарын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг буруу бодож байсан учраас гомдол гаргасан гэж үзэж байна. М.Сарантуяа нь хувийн өс хонзонгийн сэдэлтэй юм шиг захирлын үүрэг гүйцэтгэгч байсан н.Чинбаатар гэдэг хүн рүү мессэжээр бичснийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Багш нарын гомдлын дагуу сургуулийн захиргаанаас Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүсэлт гаргаж хүргүүлсэн байдаг. Тийм учраас удаа дараа алдаагаа засахгүй байсан тул түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Сарантуяа нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилж хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлтэй халсан гэсэн тайлбар гаргаж, маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-ыг шүүх хянан шийдвэрлэхээр тус тус заасан. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан бөгөөд М.Сарантуяа нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардаж авсан болох нь хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан тушаалын ар талд тэмдэглэснээр батлагдаж байна. Энэ талаар хариуцагч маргаагүй болно.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б/24 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Сарантуяаг ажлаас нь чөлөөлсөн байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь нэхэмжлэгч М.Сарантуяаг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/81 дүгээртэй ажилд авах тухай тушаалаар, нягтлан бодогчоор томилж ажиллуулсан бөгөөд тухайн өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. /хх- 5-6, 10 дахь талд/

Улмаар 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дугаартай Мөнхөө овогтой Сарантуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, нягтлан бодогч М.Сарантуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь заалтыг тус тус үндэслэн Ажлын хариуцлага, сахилга удаа дараа алдан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар хязгаарлалттай санал дүгнэлт авч байсан бөгөөд 2019 онд сөрөг санал дүгнэлт гарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ./хх-ийн 4 дэх талд/

Нэхэмжлэгч тал гомдлын үндэслэлээ ...сургалтын менежер Э.Нүрзэдийг багш ажилтан хамт олны уур амьсгалыг муутгах, сургуулийн удирдлагыг өөрийн гартаа авах үүднээс багш, ажилчдыг турхирч өргөх бичиг гаргуулдаг, санхүүгийн ажилд саад учруулах зорилгоор, эсвэл өөрийн ажлаа хийж чадахгүй, сургуулийн багш, ажилчдын ажилласан цагийн тооцоог өөрчилж сольдог, ажлаас халагдсан багш, ажилчдад бүтэн сарын цалинг бодож, цагийн тооцооны хүснэгт гаргаж өгдөг гэж,

Мөн Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар дотоод аудит хяналт шалгалт хийх байсныг хөндлөнгийн аудит хийсэн нь хяналт шалгалт хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасан учир зөвшөөрөхгүй гэж маргасан.

Дээрх гомдолд дурдсанаас ажлаас халагдсан багш, ажилчдад бүтэн сарын цалинг бодож, цагийн тооцооны хүснэгт гаргаж өгдөг гэсэн хэсэг нь тус сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан Х.Энхманлайг ...захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/115 дугаартай Хүрэлбаатарын Энхманлайг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх боловч Нийслэлийн ерөнхий боловсролын 116-р сургуулийн багш нарын 2019 оны 10-р сарын цагийн бүртгэлийн хүснэгт /10/21/2019/-ийн 32 дугаарт Х.Энхманлай биеийн тамирын багш, ажиллах хоног 23, ажилласан хоног 23 гэж бичигдэж, цагийн тооцоо гаргасан сургалтын менежер Э.Нүрзэд гарын үсэг зурж, сургалтын менежерийн тэмдэг дарж баталгаажигдсан баримтууд авагдсанаар нотлогдож байна./хх-ийн 118, 147-р талын ар талд/

Нэхэмжлэгчийн энэхүү гомдлын талаархи бичгийн баримтууд нь 2019 оны үйл баримт ба уг баримттай холбогдох санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар санхүүгийн тайлангийн аудит хийж баталгаажуулсан тул шүүх тухайн гомдлыг хянан шийдвэрлэж, хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэлгүй болно.

Иймээс, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө бүрдүүлэх, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь ажилтан М.Сарантуяаг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дүгээртэй тушаалаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/24 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8 дахь заалтыг үндэслэн М.Сарантуяаг Ажлын хариуцлага, сахилга удаа дараа алдан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар хязгаарлалттай санал дүгнэлт авч байсан бөгөөд 2019 онд сөрөг санал дүгнэлт гарсныг нь ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд: 1. Нийслэлийн 116 дугаар сургуулийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалтад нийтдээ 6 зөрчил илэрсэн ба 1/.Цалингийн тооцооны хүснэгт дээрх тооцооллын дүн нь ерөнхий журналд цалингийн зардал 1,003.7 мянган төгрөгөөр, НДШ-1,220.2 мянган төгрөг, ҮЭ-ийн суутгал 5.3 мянган төгрөг, гарт олгох цалин 1,031.2 мянган төгрөгөөр зөрүүтэй, 2/.Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 688.6 мянган төгрөгний С.Гэрэлмаагийн нөхөн олговрыг тооцож олгоогүй байна. 3/.2018 оны цалингийн задлаас 4-р улирлыг сонгон шалгахад ХХОАТ-ын хөнгөлөлтийг 10 сард бүх ажилчдад 16.666,66 төгрөгөөр, 11, 12 сард хөнгөлөлтийг зарим ажилчдад илүү, дутуу тооцож нийт 533,3 мянган төгрөг, ХХОАТ-ын чөлөөлөгдөх ажилчдаас 347,1 мянган төгрөг, нийт 880,4 мянган төгрөгөөр илүү тооцсон. 4/.2018 оны төсөвт батлагдсан 4 дүгээр улирлын олгогдоогүй үр дүнгийн урамшууллыг санхүү байдлын тайланд өр үүсгэж тусгаагүй. 5/.Цалингийн сүлжээний шатлалын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ ажилчдад 2,121.6 мянган төгрөгийг илүү тооцоолсон. 6/.Санхүү тайланг Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацаанд нь гаргаагүй, 2019 оны 02 дугаар сарын 11-нд Төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн гэж, Үндэсний аудитын газар нь 2019 оны 03 сарын 21-ний өдөр 01/119 дугаартай Хариуцлага тооцох тухай албан шаардлагыг тус сургуульд хүргүүлжээ./хх-ийн 23-34 дэх талд/

2. Нийслэлийн 116 дугаар сургуулийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалтад нийтдээ 38 зөрчил илэрсэн байх бөгөөд Үндэсний аудитын газар нь 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 02/52, 02/53 дугаартай хоёр төлбөр барагдуулах тухай акт, 02/102 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, 02/103 дугаартай Хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг тус тус сургуульд ирүүлсэн байна./хх-ийн 35-51 дэх талд/

Мөн хэрэгт М.Сарантуяад өгсөн мэдэгдэх хуудас, Нийслэлийн 116 дугаар сургуулийн 2020.04.02-ны өдрийн 30, 31 тоот, 2019.05.13-ны өдрийн 64 тоот албан бичгүүд, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны 2019.05.23-ны өдрийн 2/4577 тоот, 2020.04.06-ны өдрийн 14/2064 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, тус сургуулиас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2019.08.30-ны өдөр хүргүүлсэн 96 тоот Хүсэлт, тус хэлтсээс сургуульд хүргүүлсэн 2019.09.04-ний өдрийн 1/814 тоот албан бичиг, Үндэсний аудитын газрын 2019.07.03-ны өдрийн 03/1309 тоот албан бичгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдад Мэдээлэл шилжүүлсэн тухай, Их наяд аудитаас Ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2020.02.05-ны өдрийн Б-05 тоот албан бичгээр Мэдэгдэл хүргүүлсэн тухай болон Хавсралт тэмдэглэл, Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын 2020 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 тоот О.Энхмандахт жирэмсний амралт олгох тухай тушаал, Мэдээлэл зүйн багш О.Энхмандахын амралтын мөнгөний зөрүү тооцоо, 2018-2019 оны шүүхийн шийдвэрээр олгогдсон нөхөн олговрын тооцоо, тус сургуулийн захиргаанд сургуулийн хамт олноос 2019.08.28, 2019.09.07-ны өдөр гаргасан гомдол, Сургуулийн 51 багш, ажилтнаас ирүүлсэн шаардлагад 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Захирлын үүрэг гүйцэтгэгчээс өгсөн хариу тайлбар, Нийслэлийн 116 дугаар сургуулийн хамт олноос 2019.10.12-ны өдөр Боловсрол, Соёл шинжлэх ухаан спортын яамны хяналт шинжилгээ үнэлгээ аудитын газарт хүргүүлсэн гомдол, мөн тус сургуулийн хамт олноос сургуулийн захиргаанд 2019.10.22, 2019.11.28, 2020.02.13, 2020.01.27-ны өдрүүдэд нягтлан бодогч М.Сарантуяагийн талаар гаргасан гомдол, арга хэмжээ авахыг шаардсан шаардлагыг тус тус хүргүүлсэн талаар бичгийн баримтууд авагджээ./хх-ийн 52-77 дахь талд/

Хэргийн 11, 65, 67-68, 70, 75, 77, 82-102, 127-134 дэх хуудсанд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувиар байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч М.Сарантуяа нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд Үндэсний аудитын газрын аудитор нь түүний ажиллаж эхэлснээс хойшхи хугацаа буюу 2018 оны 4 дүгээр улирлыг сонгон шалгасан, мөн 2019 онд түүний бүтэн ажилласан хугацааны санхүүгийн тайланд тус тус аудит хийсэн, уг тайлангаар нягтлан бодогч М.Сарантуяа нь жилийн эцсийн санхүүгийн тайланг хоцроосон, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулиудад заасныг тус тус зөрчсөн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Сахилгын зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Хэргийн 5-6 дахь талд Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирал нь ажилтан М.Сарантуяатай 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 1 дүгээртэй хөдөлмөрийн гэрээ авагдсан ба уг гэрээнд ажилтан М.Сарантуяа болон ажил олгогчийн төлөөлөгч захирал нар гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн байна. Тухайн гэрээний дөрөвт гэрээний хариуцлага, 4.5-д Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсооно, Ноцтой зөрчил гэдэгт: ...4.5.3-т Санхүүгийн тайлан мэдээ, бүртгэл, багш, ажиллагсадын цалин хөлсийг будлиантуулсан нь дотоодын болон хөндлөнгийн шалтгалтаар илэрч бичиг баримт хуурамчаар үйлдэх, ...4.5.8-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, 131.1.2-д заагдсан сахилгын арга хэмжээ авагдсан боловч дутагдал давтагдах нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно гэж зааж, ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцсон байна.

Ажилтан М.Сарантуяа нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5-д Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсооно, Ноцтой зөрчил гэдэгт: ...4.5.3-т Санхүүгийн тайлан мэдээ, бүртгэл, багш, ажиллагсадын цалин хөлсийг будлиантуулсан нь дотоодын болон хөндлөнгийн шалтгалтаар илэрч бичиг баримт хуурамчаар үйлдэх, ...4.5.8-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, 131.1.2-д заагдсан сахилгын арга хэмжээ авагдсан боловч дутагдал давтагдах ноцтой зөрчлийг гаргасан болохыг дээрх баримтаар тогтоож, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтныг ажлаас халсан Б/24 дүгээр тушаалд нэхэмжлэгч М.Сарантуяаг Ажлын хариуцлага, сахилга, удаа дараа алдан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар хязгаарлалтай санал дүгнэлт авч байсан бөгөөд 2019 онд сөрөг санал дүгнэлт гарсан үндэслэлүүдийг зааж, нотолсон бичгийн баримтууд хэрэгт авагдсаныг дээр дурьдсан болно.

Иймээс, Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь ажилтан М.Сарантуяаг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан байх тул нэхэмжлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.269 дүгээр зүйлийн 69.1  дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Сарантуяагийн гаргасан, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ