Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00572

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00327 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.С-гийн хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын ххх дугаар сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 244 952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.С- нь тус сургуульд 2018 оны 09 сараас 2020 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8-д заасныг баримтлан сургуулийн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт сөрөг гарсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. М.С- нягтлан бодогчийн хувьд төсвийн мөнгийг зөв зарцуулах үүрэг хүлээж ажилласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.5.8-д тус тус зааснаар сахилгын зөрчил удаа дараа, давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь өмнө авагдсан сахилгын арга хэмжээ тооцогдох хугацаа дуусаагүй байхад дараагийн арга хэмжээ авагдсан тохиолдолд 2 ба түүнээс дээш удаа гэж ойлгоно. М.С-гийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг 131.1.2-т заасан сахилгын арга хэмжээг 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийн хүрээнд 2019 оны 01 сарын 18-ны өдөр цалингийн 20 хувиар суутгагдаж авсан байдаг. Гэтэл 2020 оны 05 сарын 08-ны өдөр тушаал гарч байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа өнгөрсөн учраас удаа дараа гэж үзэх үндэслэлгүй байна. М.С- 2018 оны 09 сарын 04-ний өдөр ажилд орсон. 2018 оны санхүүгийн тайланд нэхэмжлэгчийг буруутгаж сахилгын хариуцлага хүлээлгэсэн шийтгэл бол хууль бус байсан. Гэвч М.С- тухайн үед хүлээцтэй, энэрэнгүй хандаж, ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй.

Түүнчлэн, аудитын дүгнэлт сөрөг гаргах болсон үндэслэл нь сургалтын менежер Э.Нүрзэд, захирал Д.Чинбаатар, нярав Д.Батбаатар нар ажлаа зохих ёсоор хийгээгүйтэй холбоотой. Тухайлбал, нярав нь жилийн эцсийн тооллогын бүртгэл болон бараа материалуудын тайланг 2019 оны 06 сараас хойш нягтлан бодогчид өгөөгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Ерөнхий боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгддэг стандартын дагуу цалинг бодохоор сургалтын менежер Э.Нүрзэд багш, ажилчидтайгаа нийлээд нягтлан бодогч М.С-гийн эсрэг ямар нэгэн байдлаар хэл ам үүсгэдэг. Үүнийгээ сургуулийн удирдлагад итгүүлэх замаар ажлаас үндэслэлгүй халуулсан гэж үзэж байна. Мөн тусгай зөвшөөрөл бүхий хувийн хуулийн этгээд Их наяд аудит ХХК-аар санхүүгийн дүгнэлт гаргуулсан. Их наяд аудит ХХК нь боловсролын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ боловсролын санхүүгийн эрх зүйн бичиг баримтад дурдсан Боловсролын байгууллагын нягтлан бодох бүртгэл санхүү, бэлэн мөнгөний орлого зарлага, боловсролын байгууллагын багш, ажилчдын цалинг бодох, арга аргачлалыг мэдээгүйгээс сөрөг дүгнэлт гаргасан. 2007 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын болон Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын хамтарсан тушаалаар багш, ажилчдын цалинг бодох аргачлал гаргасан байдаг. Үүнд 7 хоногийн 40 цагаас багш нарын ажилласан цагийг ямар тохиолдолд бүтэн ажилласан гэж үзэх, ямар тохиолдолд илүү цагаар ажилласан гэж үзэх зэргээр нарийвчлан тогтоож өгсөн журмуудыг санхүүгийн дүгнэлт гаргахдаа хэрэглээгүй. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын ххх дугаар сургуулийн хувьд санхүүгийн аудит хяналт шалгалтыг хөндлөнгийн аудитын байгууллагаар биш, дотоод аудит буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын дэргэдэх, тус яамны дотоод аудит хяналт шалгалт хийх ёстой байсан. Иймд тухайн шалгалтын ажиллагаа Төсвийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул дүгнэлт нь хүчин төгөлдөр бус. Үүнийг үндэслэж нягтлан бодогч М.С-г ажлаас чөлөөлөх үндэслэлгүй. Мөн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Б/24 тоот тушаалдаа хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн аль нэг заалтыг хэрэглээгүй учраас хууль ёсны тушаал гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 04 сараас, 2020 оны 10 сар хүртэлх цалингийн дунджаас үзвэл сарын дундаж цалин 1 249 439 төгрөг болж байна.

Иймд М.С-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэх тул түүнийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2020 оны 05 сараас 2021 оны 01 сарыг дуустал, 9 сар ажилгүй байсан хугацааны цалин 11 244 952 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: М.С- нь тус сургуульд 2018 оны 09 сарын 04-ний өдөр захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярсайханы Б/81 дугаар тушаалаар нягтлан бодогчоор томилогдсон. Улмаар захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чинбаатарын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар 2020 оны 05 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь хөндлөнгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, аудитын дүгнэлт сөрөг гаргах болсон үндэслэлээ бусад албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болсон гэжээ. 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын явцад 6 алдаа зөрчил илэрсэн. 2018 онд аудитын хязгаарлалттай санал дүгнэлт нь өөрийнх нь ажилласан цаг хугацааг бүрэн хамрахгүй, өмнө ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйлдэл гэж дүгнэснийг няцааж байна. Учир нь тухайн үед албан тушаалын тодорхойлолтод тусгагдсаны дагуу мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж чадна гэж өргөдөл хүсэлтээ өгч ажилд томилогдсон. Мэргэжлийн үүднээс алдаа, зөрчил байсан гэж үзсэн бол санхүүгийн тайлан гаргах хугацаанд засаж залруулах, дахин давтан алдаа гаргахгүй ажиллах учиртай.

М.С- нь 2019 онд тус сургуулийн санхүүгийн ажлыг бүрэн хариуцан ажилласан. Гэтэл 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар сөрөг дүгнэлт авч, нийтдээ 38 алдаа, зөрчил илэрсэн. Аудитын байгууллагаас 2 төлбөрийн акт, 22 албан шаардлага, 14 зөвлөмжийг ирүүлсэн. Үүнээс үзэхэд өмнө 2018 онд илэрсэн 6 зөрчлийг арилгаж ажиллах үүрэгтэй байтал 2019 онд 38 алдаа, зөрчил гаргаж, өмнөх оныхоос улам хариуцлагагүй ажилласан. Аудитын шалгалтаар жил бүр хангалтгүй дүгнэлт авч байгаа нь тухайн нягтлан бодогч ажилдаа хариуцлагагүй ханддаг, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, мэргэжлийн болон ёс зүй, ур чадварын алдаа гаргасан учраас тухайн албан үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 2018, 2019 онуудад аудитын шалгалт хийж байх явцад тайлан мэдээг тогтоосон хугацаанд өгдөггүй, тодруулах зүйл гарахад утсаа авч холбогдохгүй зэргээс шалтгаалан аудитын газраас албан бичиг, мэдэгдэх хуудас удаа дараа ирж байсан.

М.С-г үүрэгт ажилдаа тэнцэхгүй, мэргэжлийн ур чадваргүй, алдаа зөрчил гаргаж, ажилтнуудыг хохироодог талаар хамт олны зүгээс сургуулийн захиргаа болон БСШУСЯ-нд удаа дараа өргөдөл, гомдол ирж байсан. Байгууллагын соёл, үнэт зүйлийг эрхэмлэдэггүй, ёс зүйгүй үйлдэл хийж, багш, ажилчдын 2019 оны ээлжийн амралтын мөнгийг бодохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн оны 6, 7 сард хувааж тайлагнаагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй, ажилтнуудын ажилласан жил тасрах эрсдэлийг үүсгэсэн. Тухайн зөрчлийг арилгуулж, хамт олныг хохиролгүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хариуцсан ажилтан нягтлан бодогч М.С- буруутай болохыг тогтоосон. М.С- нь дургүй хүргэсэн хэдэн хүнийг чадах гэж ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мессеж бичсэн. Энэ нь тухайн хүн ажилдаа хэрхэн ханддаг, хамт олныг үгүйсгэн доромжилж байгаагийн илрэл гэж үзэж байна.

Мөн 2018, 2019 онуудад шүүхийн шийдвэрийн дагуу С.Гэрэлмаа, Э.Нүрзэд, С.Балсан, Л.Даариймаа, Э.Мөнхжаргал, О.Оюунжаргал, Д.Лхамсүрэн, Х.Түгдорж нарт ажилгүй байсан хугацааны цалинг олгосон хэдий ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцож, дэвтэрт бичилт огт хийгээгүй, нөхөн тайлан гаргаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Нярай хүүхдээ асарч байгаа нярав ажилтай Ч.Мөнхжаргалын байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг дур мэдэн 2020 оны 02 сараас эхлэн зогсоож, тухайн иргэнийг хохироож байна. Байгууллага нийгмийн даатгалыг нөхөн төлж, нөхөн тайлан гаргах асуудал үүсэж байна. Энэ үйлдэл нь байгууллагын удирдлагын шийдвэр огт хамаагүй, дур мэдэн аливаа ажлаа гүйцэтгэдэг, тогтоосон хууль дүрмийг зөрчдөг нь тодорхой байна. Тус сургуулийн физик, мэдээлэл зүйн багш О.Энхмандахын жирэмсний амралтын мөнгийг дутуу бодож, 1 105 424 төгрөгөөр хохироосныг 2020 оны 06 сард дахин бодож, олгосон.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-гийн хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын ххх дугаар сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл тус бүрийг дэмжих эсхүл няцаах эсэхийг үнэлж, дүгнэсэн байх ёстой. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Б/24 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус хэмээн дараах үндэслэлээр маргасан. 2018 оны санхүүгийн аудитын дүгнэлтийн дагуу сануулах сахилгын арга хэмжээ ногдуулснаас хойш 1 жил өнгөрсөн байхад Хөдөлмөрийн гэрээний 4.5.8-д заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэл байхгүй. М.С- нь 2018 оны 09 сарын 04-ний өдрийн тушаалаар ажилд орсон байхад 2018 оны санхүүгийн аудитын дүгнэлтийн гарсан зөрчлийг бүхэлд нь нэхэмжлэгчид хамааруулан сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн нь шударга бус. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчиж санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллага дүгнэлт гаргасан тул тухайн аудитын дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус хэмээн маргасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх маргасан үндэслэлүүдэд бүрэн няцаалт өгч дүгнэлт хийгээгүй, ажлаас халсан тушаалын хуульд нийцсэн байдлыг хангалттай тогтоож чадаагүй байж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ххх дугаар зүйлийн ххх.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг хангаж чадахгүй байна. Анхан шатны шүүх санхүүгийн аудитын дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан, тухайн хэрэг маргаанд хамааралтай хуулийг зөв сонгон хэрэглээгүй. Мөн ажлаас халах тушаал хуульд нийцсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ххх дугаар зүйлийн ххх.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.С- нь хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын ххх дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх1, 2/ ба хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа 2020 оны 05 сараас 2021 оны 01 сар хүртэлх хугацааны цалин 11 244 952 төгрөг гаргуулна гэж тодруулсан байна. /хх 151/

 

Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэл заан маргажээ. /хх 19-21, 149-157/

 

Хэрэгт авагдсан нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 8-9/, 2018 оны 09 сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ /хх 5-6/, хариуцагч байгууллагын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Б/24 дугаар Мөнхөө овогтой Сарантуяаг ажлаас чөлөөлөх тухай тушаал болон зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч М.С- нь хариуцагч байгууллагад 2018 оны 09 сарын 04-ний өдөр ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон 2020 оны 05 сарын 11-ний өдөр хүртэл ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч нь 2020 оны 05 сарын 08-ны өдрийн Б/24 дугаар тушаалаар М.С-г ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулахдаа, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.3, 4.5.8-д заасныг тус тус баримтлан ажлын хариуцлага, сахилга удаа дараа алдан, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар хязгаарлалттай санал дүгнэлт авч байсан бөгөөд 2019 онд сөрөг санал дүгнэлт гарсан гэх үндэслэл зааж хөдөлмөрийн гэрээг цуцлан, үүрэгт ажлаас нь 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлжээ. /хх 4/

 

Ажилтан М.С- нь ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ 2018 оны 09 сарын 04-ний өдөр ажилд орсон байхад тус оны санхүүгийн аудитын дүгнэлтийн дагуу сахилгын арга хэмжээ ногдуулсан нь шударга бус мөн тухайн сахилгын арга хэмжээнээс хойш 1 жил өнгөрсөн тул хөдөлмөрийн гэрээний 4.5.8-д заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж үзэхгүй, санхүүгийн аудитын дүгнэлт нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул уг дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна. /хх172-173/

 

Анхан шатны шүүх ...Үндэсний аудитын газрын аудитор нь нэхэмжлэгчийн ажиллаж эхэлснээс хойш хугацаа буюу 2018 оны 4 дүгээр улирлын цалингийн зардлыг түүвэрлэн авч, 2019 онд түүний бүтэн ажилласан хугацааны санхүүгийн тайланд тус тус аудит хийсэн, уг тайлангаар нягтлан бодогч М.С- нь жилийн эцсийн санхүүгийн тайланг хоцроосон, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулиудад заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон... талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин нэхэмжлэгчид урьд буюу 2019 оны 03 сарын 18-ны өдөр ажил олгогчийн зүгээс ногдуулсан цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан агуулгаар зохигчид маргаагүй бөгөөд энэхүү сахилгын шийтгэл ногдуулснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул давтан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнийг буруутгахгүй.

 

Учир нь, хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын тайлан, тус газраас ажил олгогч байгууллагад хаягласан төлбөр барагдуулах, зөрчил арилгуулах, хариуцлага тооцуулах тухай албан бичгүүдийг /хх 29-51/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлбэл, хариуцагч байгууллагын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхэд алдаа, зөрчил илэрч, уг асуудал гаргасан албан тушаалтан нягтлан бодогч М.С-д холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага тооцож, зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг 2020 оны 03 сарын 09-ний өдрийн тайлангаар дүгнэсэн байна. /хх 34, 47-48/

 

Талуудын 2018 оны 09 сарын 04-ний өдөр байгуулсан 1 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 4.5.1-4.5.8-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд /хх 5-6/ дээрх аудитын дүгнэлтээр илэрсэн нийт 38 алдаа, зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан ...санхүүгийн тайлан, мэдээ, бүртгэл, багш, ажиллагсдын цалин хөлсийг будлиантуулсан нь ... хөндлөнгийн шалгалтаар илэрч... гэх нөхцөлд хамаарч байна. Иймд ажил олгогч болон ажилтан нарын хооронд харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажилтан М.С- гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, дээрх аудитын дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь, нягтлан бодогч М.С-гийн ажил үүргийн дутагдал гаргаж байгаа талаарх бусад ажилтнуудын гомдолд үндэслэн ажил олгогчийн зүгээс холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсанаар Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу санхүүгийн аудит хийсэн байна. Уг аудитыг Их наяд аудит ХХК гэрээгээр гүйцэтгэснийг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар төрийн аудитын байгууллага тус хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болохоор зохицуулжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР