Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, Г.Гын нэхэмжлэлтэй Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сарын үндсэн цалинг 778.763 төгрөг гэж тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, сарын цалинг 999.497 төгрөг гэж тооцуулах, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 1, 2-т заасны дагуу бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, цалингийн зөрүү болон бусад нэмэгдлийг нөхөн олгуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, М.З, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний бие 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын даргын 80 дугаар тушаалын дагуу Хилийн 0218 дугаар ангийн захирагчаар томилогдон ажилласан. Энэхүү албан үүргийг гүйцэтгэж байх хугацаанд Улсын Их Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хилийн боомтын тухай хуулийг баталж, уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын эрхлэх асуудалд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг шилжүүлж, улмаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон өөрчлөгдсөн.

Уг өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, энэхүү тогтоолын хүрээнд салбарын үйл ажиллагааны хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэх, шилжин ирэх алба хаагчдын цалин, бусад нэмэгдлийг шийдвэрлэх, шаардагдах нэмэлтийг Засгийн газрын тогтоолд оруулах, мөн байгууллагын хөрөнгө, барилга байгууламж, техник хэрэгсэл зэргийг шилжүүлэхтэй холбогдсон тодорхой арга хэмжээг тус тус авахаар тогтоосон болохыг би хожим олж мэдсэн.

Дээрх Засгийн газрын тогтоол гарсан өдөр буюу 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 1/554 дугаартай албан бичгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргад хандан явуулж, энэхүү албан бичигтээ Хилийн боомтын тухай хуулиар зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Г ... нарыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллагад 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шилжүүлж өгнө үү хэмээн холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон хүсэлт тавьсан байдаг.

 

Үүний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хил хамгаалан ерөнхий газрын даргын 329 дүгээр Г.Гыг шилжүүлэх тухай тушаалаар намайг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад шилжүүлсэн юм.

 

Шилжүүлэх тухай тушаал гарсны дараагаар 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын Б/83 дугаартай Ажилд томилох тухай тушаал гарсан ба уг тушаалын эхийг үзвэл Г.Г миний үндсэн цалин, холбогдох нэмэгдлийг дараах байдлаар тогтоосон байдаг. Энэ тушаалын дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас надад 2014 оны 05 дугаар сараас эхлэн олгосон цалин, холбогдох нэмэгдлийн нийт дүн нь 955.160 /есөн зуун тавин таван мянга нэг зуун жаран/ төгрөг болж тооцогдсон ба энэхүү дүнг 2014 оны 04 дүгээр сард Хилийн 0218 дугаар ангийн захирагчаар ажиллах хугацаандаа авч байсан цалин, холбогдох нэмэгдлийн нийт дүн болох 1,909,039 төгрөг /нэг сая есөн зуун есөн мянга гучин есөн/-тэй харьцуулахад даруй 953.879 төгрөг /есөн зуун тавин гурван мянга найман зуун далан есөн/-өөр буурсан байна.

Ийнхүү хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбогдуулан намайг байгууллага хооронд шилжүүлэхдээ үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан миний цалин болон нэмэгдлийг дээр тооцсончлон хоёр дахин бууруулсан нь Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дугаартай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1.2 дахь хэсэгт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Хил хамгаалах байгууллагын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас шилжин ирэх алба хаагчдын албан тушаалын цалин болон бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр Хууль зүйн сайдын багцын хүрээнд шийдвэрлэх-ийг даалгасантай нийцэхгүй, төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг зөрчсөн, илт хууль бус үйл ажиллагаа болсон.

Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

 

Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга /хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар/-ын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар Ажилд томилох тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд хамаарч байгаа тул, энэхүү захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Тус шүүхэд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байсныг тодруулж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ... сарын үндсэн цалинг 778,763 төгрөгөөр гэж тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, захиргааны байгууллагын илт хууль бус актын улмаас учирсан хохирол болох цалин олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах гэж тодорхойлж байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 101 дүгээр тогтоолоор Хууль зүйн сайдад үүрэг болгож холбогдох арга хэмжээг авахыг даалгасны дагуу төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх үүрэг өгөгдсөн

байтал миний цалин нэмэгдлээ бүрэн авах эрхийг хөндсөн байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Өмнө нь гаргасан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх хэсгийн сарын үндсэн цалин 778.763 төгрөг гэж тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа бөгөөд сарын цалинг 999.497 төгрөг гэж тооцуулах, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 тоот тогтоолын 1.2-т заасны дагуу бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоож, бусад нэмэгдлийг нөхөн олгуулах гэж тодруулж байгаа.

 

Хилийн 0218 дугаар анги нь шалган нэвтрүүлэх отряд гэж явдаг. Би Хилийн шалган нэвтрүүлэх отрядын даргаар ажиллаж байсан. Би бусад шилжиж ирсэн хүмүүстэй адил бусад гэсэн нэмэгдлийг авах ёстой гэж маргаж байгаа. Засгийн газрын 101 дүгээр тогтоолоор жагсаалтаар шилжиж ирсэн албан хаагчдад хамаарна. 2 агентлагийн хооронд албан бичгээр авсан хүмүүст хамаарахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж ойлгож байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэл буюу хэрэгжүүлэхдээ алдаатай буруу тогтоож гэхээс илүү албан тушаалынхаа байдлын үүрэг даалгаврыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, албан тушаалын байдлаа хэтрүүлж нэхэмжлэгчийн үндсэн цалинг 748.763 төгрөг гэж тогтоосон үйлдлийн тухай илт хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Үүний улмаас нэхэмжлэгчийн цалингийн зөрүү болон бусад нэмэгдлийг нөхөн олгуулах, холбогдох нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэх гэсэн шаардлагыг шүүх хэлэлцүүлэхийг дэмжиж байна.

 

Нэхэмжлэгч нь өөрөө төрийн тусгай албан хаагч бөгөөд Монгол Улсын Их Хурлаас хууль гарч өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2 байгууллагын хооронд шилжин ажилласан. Ийнхүү шилжин ажиллахдаа мэдэгдэж, байгууллагаас танилцуулсан нөхцөл байдлын улмаас буюу хариуцагч байгууллагаас энэ албан тушаалтныг манайд шилжин ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан учраас ажил үүргийн зайлшгүй шаардлагын хүрээнд шилжин ажилласан байгаа. Энэхүү ажил үүргийн зайлшгүй шаардлагын хүрээнд болон шинэчлэгдсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр, ажлын байрны чиг үүрэг шилжсэнтэй холбогдон нэхэмжлэгчийн авч байсан цалин

болон бусад нэмэгдэл буурах ёсгүй байсан. Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын холбогдох хэсэгт бууруулж тогтоосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 тоот тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагуудад Хууль зүйн дотоод хэргийн яамны төсвийн хүрээнд шилжин ажиллаж байгаа ажилчдын цалин болон бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр олгохыг даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү даалгаж байгаа заалтын хувьд нэхэмжлэгчийн болон шилжин ажиллаж байгаа албан тушаалтны эрхийг зөрчиж болохгүй гэдэг үүрэг даалгавар өгөгдсөн гэж тайлбарлана. Гэвч тухайн үедээ энэ шийдвэрийг гаргаж байгаа албан тушаалтны хувьд Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоолыг биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн албан тушаал, ажил үүргийн хувьд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй субьект. Гэтэл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь илт хууль бус гэж тайлбарлаж байна. Эс үйлдлийн тухайд 101 дүгээр тогтоолын дагуу бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр олгох гэсэн байтал олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч байна. Энэхүү үйлдэл эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирч байна. Энэ хохирлоо тайлбарлахдаа цалингийн зөрүү болон бусад нэмэгдлийг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагатай гэж тайлбарлаж байна. Энэ бусад нэмэгдлүүдийг хавтаст хэргийн 8-р хуудсанд хүснэгтээр тодохойлон бичсэн байгаагаар шүүхэд тайлбарлаж байна. Үүнд цолны тухай яригдана.

 

Нэхэмжлэгч нь хурандаа цолтой бөгөөд тус цолыг нь хурааж авсан зүйл байдаггүй. Цолны нэмэгдэл гэж 36%, төрийн албанд ажилласан жил 25%, онцгой албаны буюу хилийн нэмэгдэл 15%, онцгой нэмэгдэл 10%-ийн нэмэгдэл авах нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэсэн байдаг. Эдгээрийг бууруулахгүй гэж Засгийн газрын 101 дүгээр тогтоолд заасан ба энэ тухай Б/83 дугаар тушаалд тусгагдах ёстой байсан ч тусгаагүй, олгоогүй нь эс үйлдэл гэж тайлбарлаж байгаа. 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн цалингийн хэмжээ байдаг. Цалин 800.000 болж орж ирсэнтэй бид маргаагүй. Харин өмнөх хугацаа буюу 2014 оны 04 дүгээр сарын 29-ий өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацааны цалингийн асуудал дээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа. Эхний шаардлага болох Б/83 дугаар тушаалын холбогдох хэсгийн сарын үндсэн цалин гэдэг хэсэгт байгаа ТЗ/10-5 гэдэг нь тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалттай холбогдон гарсан зэрэглэл, ангилал учир сарын үндсэн 778.773 гэдэг хэсэг. Тушаалаар

зөвхөн үндсэн цалинг тогтоож өгсөн. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эрхийг хөндөж болохгүй, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдах ёстой. Энэ баталгаагаар Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасны дагуу албан хаагчдын эрхийг хөндөх, зөрчих ёсгүй байсан. Хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг нь үндэслэлгүйгээр буюу өөрийнхөө албан тушаалын байдлаа хэтрүүлэн хэрэглэж зөрчсөн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл эс үйлдлийн улмаас хөндөж байгаа учраас нэхэмжлэгчийн эрхийг хөндөгдсөн гэж харж байна. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зөвхөн хуульд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой бусдын эрхийг хүндэтгэх ёстой байсан.

 

Энэ нь 2014 онд болсон үйл явдал байгаа. Тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус гэж тухайн нөхцөл байдлыг тайлбарлаж байна. Одоо хэрэглэж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг үндэслэл болгож байгаа. Нэхэмжлэгчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй. Хууль зүйн яамнаас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар ажиллагаа хийгдсэн бэ гэдгийг тодруулах тухай хүсэлтийг тавьсан. Шүүхэд ирсэн баримт дээр эсрэг утга агуулга бүхий баримт ирээгүй. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой, албан хаагч шилжиж байгаатай холбоотой нь л Засгийн газрын 101 дүгээр тогтоол байсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгосон эрх, баталгааг хамгаалж ажиллах ёстой байсан гэж үзэж байна. Засгийн газрын 101 дүгээр тогтоолоор шилжиж ажиллаж байгаа албан хаагчдын эрх зүйн байдлыг зохицуулсан.

 

Шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан албаны дарга буюу хавтаст хэрэгт авагдсан Хууль зүйн сайдын А43, хариуцагч байгууллагын гаргасан Б82, А17, Б81 гэсэн тушаалуудад заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан гэдэг нь тодорхойлогдож байна. Хариуцагчийн татгалзал нь албан бичгээр нэмэгдэж ирсэн албан хаагчид Засгийн газрын 101 дүгээр тогтоол үйлчлэхгүй гэж байна. Албан бичгээр салж ирсэн учир бусад нэмэгдлийг авахгүй, 101 дүгээр тогтоолоор эрх нь хамгаалагдах ёсгүй гэж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хууль, шүүхийн өмнө адил тэгш оролцох эрхтэй. Хариуцагчийн зүгээс цалин, төсөв хязгаартай байсан гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт байгаа баримтаар энэ тогтоогдсонгүй. Ажлын байр шилжсэнтэй холбоотойгоор төсөв ч гэсэн хамт шилжиж байгаа.

Засгийн газрын тогтоол дээр ч гэсэн байгаа. 08 дугаар тушаалд нэрс нь байгаа хүмүүсийн цалин нь ирээд албан бичгээр ирсэн албан хаагчийн цалин төсөв ирээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Шилжиж ирсэн гэдэгтэйгээ маргаагүй. Эрсдлээ тооцож, нэмэгдэл авахгүй гэдгээ мэдэж ирсэн гэдэг нь дээр хэлсэн тайлбараар үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлтэй маргаагүй. Хариуцагчийн зүгээс зарим тохиолдолд Засгийн газрын 101 дүгээр тогтоолд хамааруулаад, зарим тохиолдолд хамааруулахгүй байгаа нь зөрүүтэй байна. Хил хамгаалах ерөнхий газарт очиж ажиллахаар хил дээр ажиллаагүй гэсэн нөхцөлөөр хилийн нэмэгдэл байдаггүй. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус гэж тайлбарлаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.7 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан иргэн Г.Гаас гаргасан нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Цалин хөлстэй холбоотой маргаан буюу хөдөлмөрийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш гурван сарын дотор нэхэмжлэгч гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

2. Нэхэмжлэгч гомдлоо Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлд гаргах байсан боловч Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандан гаргажээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн дээд шатны байгууллага биш бөгөөд хоёул Төрийн албаны зөвлөлөөс байгуулсан ижил эрх хэмжээтэй байгууллага юм.

 

3. Нэхэмжлэгч буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Шалган нэвтрүүлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Г өөрийг нь томилж байсан 2014 онд мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасны дагуу гомдлоо гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоолын дагуу нууц 8 дугаар тушаалаар шилжин ирсэн. Тэр бүрэлдэхүүний хүрээнд л цол, төрийн алба, онцгой байдлын нэмэгдэл яригдана. Засгийн газрын тогтоол дээр бусад нэмэгдэл гэдэг ухагдахуунаар томъёологдож төрийн тусгай албан хаагчдад хамаарч байгаа. Манайх бол төрийн захиргааны байгууллага. Тухайн хүний төрд ажиллаж байсан хугацааг харгалзаад ТЗ-10-5 буюу хамгийн өндөр хэмжээгээр тогтоож өгсөн. Мөн нэхэмжлэгч нь төрийн алба хааж байсан хугацааны нэмэгдлийг тухайн үед авч байсан. Монгол Улсын Засгийн газрын 101 дүгээр тогтоолд хамаарах байсан цол, онцгой, хилийн нэмэгдлүүд л бодогдоогүй. Үүнийг үндэслэлтэй байсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолд дурдсан байгаа. Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчдын цалингийн санд байсан мөнгийг шинээр байгуулагдсан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжүүлэхдээ эдгээр албан тушаалтнуудын цалинг зөвхөн Засгийн газрын 101 дүгээр тогтоолоор шилжиж ирж байгаа албан тушаалтанд хамаарахаас биш өөрийн хүсэлтээр шилжиж ирж байгаа албан тушаалтанд хамаарахгүй. Нэгэнт батлагдсан төсвийг л шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн саналыг харгалзаж үзэж байгаа. Түүнээс биш тухайн хүнийг хүсээгүй байхад нь ийм өндөр цалингаар хангахгүй. Нэхэмжлэгч Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүсэлтээ гаргаагүй боловч Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу шилжиж ирсэн. Ийнхүү шилжиж ирж байгаа хүн Засгийн газрын 101 дүгээр тогтоолд хамаарахгүй, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг авч ажиллана гэсэн эрсдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Манай байгууллага Засгийн газрын 101 дүгээр тогтоол болон Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хүчин төгөлдөр гэж мөрдсөн хуулийн дагуу шийдвэр гаргасан. Төрийн алба хаасан хугацааны 25%-ийн нэмэгдлийг үндсэн цалин дээр нь дурдаагүй боловч олгож байсан. Цалингийн карт дээр дурдсан байгаа. Цол, хилийн нэмэгдлийг 08 дугаар тушаалд үндэслэж бусад гэсэн нэмэгдлийг аваагүй гэсэн үг.

Нийт 4 хүн ирсэн бөгөөд түүнээс нэг хүн нь ТЗ-р цалинжиж, үлдсэн 3 хүн нь Хил хамгаалах газраас ирсэн гэдэг утгаараа илүү нэмэгдэл авдаг. Ээлжийн даргаар ажиллаж байсан 4 хүний цалинг илт ялгавартайгаар тогтоосон. Тухайн үедээ гомдол гаргах боломжтой байсан ч гомдол гаргаагүй. Илт хууль бус гэдэгт ... ноцтой хор уршиг үүсгэсэн гэсэн байна. Ямар ч ноцтой хор уршиг үүсгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дор ажиллаж байсан хүмүүс хэдэн төгрөгийн цалин авдаг байсан тухай мэдээгүй гэвэл худлаа. Тийм ойлголт хэзээ ч байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу ...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тайлбар хэлж байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол халдсан зүйл байхгүй. Захиргааны шүүхээс энэ актыг илт хууль бус гэж тогтоох юм бол илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэсэн заалт байдаг. 2014 оны 04 дүгээр сараас хойш хийсэн бүх ажил хүчингүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт ...Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан байдаг. Үүнээс харахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл буюу гэм хорын хохирол яригдана. Нэхэмжлэгч нь гэм хорын нэхэмжлэл гаргаад ердийн шүүхэд хандах ёстой байсан харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар ердийн шүүхэд хандах ёстой байтал Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Энэ бүхнийг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү.

 

Эс үйлдэхүйг акт гэж үзэж байна. Акт гаргахгүй байгаа нь илт хууль бус байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Шүүх Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан гаргасан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сарын үндсэн цалинг 778.763 төгрөг гэж тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, сарын цалинг 999.497 төгрөг гэж тооцуулах, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 1.2-т заасны дагуу бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, бусад нэмэгдлийг нөхөн олгуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий Г.Гын нэхэмжлэлийг хянан хэлэлцэж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сарын үндсэн цалинг 778.763 төгрөг гэж тогтоосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, сарын цалинг 999.497 төгрөг гэж тооцуулах, цалингийн зөрүүг нөхөн олгуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцон нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 8.3.1-д Энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих8.3.4-д Батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж тус тус заажээ.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Гыг Хилийн 0218 дугаар ангийн захирагчаар томилж, түүний цалинг ТТ-15-5 зэрэглэл, шатлалаар 999.497 төгрөгөөр тогтоож, зохих нэмэгдлийг олгожээ.

Түүнийг үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хилийн боомтын тухай хууль батлагдаж, уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын эрхлэх асуудалд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг шилжүүлж, улмаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулжээ. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/554 дүгээр албан бичгээр гаргасан ...Г.Гыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллагад шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/329 дүгээр тушаалаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад шилжүүлж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Шалган нэвтрүүлэх газрын даргын үүрэгт ажилд томилж, түүний цалинг ТЗ-10-5 зэрэглэл, шатлалаар 778.763 төгрөгөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс ...хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбогдуулан намайг байгууллага хооронд шилжүүлэхдээ үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан миний цалин болон нэмэгдлийг хоёр дахин бууруулсан нь төрийн жинхэнэ албан хаагч

миний эрх, баталгааг зөрчсөн, илт хууль бус үйл ажиллагаа болсон... гэж

маргасан.

Хууль зүйн сайдын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/43 дугаар тушаалаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд уг тушаалын хоёрдугаар хавсралтад Шалган нэвтрүүлэх газрын даргын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-10 гэж тогтоосон, уг албан тушаалын цалингийн зэрэглэлийг тогтоосон байдал нь нэхэмжлэгчийн маргаж буй тушаал хүчинтэй байх үед огт өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/14, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/17 дугаар тушаалууд, түүний хавсралтаар нотлогдоно.

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолоор Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын эрхлэх асуудалд Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг шилжүүлж, улмаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохиолн байгуулж буйтай холбогдуулан зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр заасан ба уг тогтоолын 1.2-т Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Хил хамгаалах байгууллагын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас шилжин ирэх алба хаагчдын а лбан тушаалын цалин болон бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр Хууль зүйн сайдын багцын хүрээнд шийдвэрлэх гэж заасан.

Дээрх тогтоолын дагуу хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь Хууль зүйн сайдын тогтоосон цалингийн зэрэглэлд нийцүүлэн тус байгууллагад шилжин ирэх алба хаагчдын албан тушаалын цалинг тогтоохоор шийдвэрлэсэн, үүний дагуу нэхэмжлэгчид цалин хөлсийг олгож байсан нь түүнийг ажилд томилсон Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Түүнчлэн Илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн маргаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сарын үндсэн цалинг 778.763 төгрөг гэж тогтоосон нь илт хууль бус захиргааны актын шинжгүй, илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй болно.

Нэгэнт нэхэмжлэгчийн үндсэн цалинг тогтоосон нь илт хууль бус захиргааны

актын шинжгүй, түүний сарын үндсэн цалинг 778.763 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байх тул холбогдох нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 1.2-т заасны дагуу бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, бусад нэмэгдлийг нөхөн олгуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцон нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно22.3-т Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн хувьд төрийн тусгай албан тушаал хашиж байгаад ажлын шаардлагаар төрийн захиргааны албан тушаалд шилжин ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаал, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/554 тоот албан бичиг зэргээр нотлогдоно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана27.1.1-д Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах, 28 дугаар зүйлийн 28.2-т Төрийн албан хаагчийн цалин хөлс нь28.2.2-т Төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс28.2.3-д Тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс гэж, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зарим арга хэмжээний тухай 101 дүгээр тогтоолын 1.2-т Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Хил хамгаалах байгууллагын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас

шилжин ирэх алба хаагчдын албан тушаалын цалин болон бусад нэмэгдлийг бууруулахгүйгээр Хууль зүйн сайдын багцын хүрээнд шийдвэрлэх гэж тус тус.

Дээрх хуулийн заалтын дагуу төрийн тусгай албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан

хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг авдаг

бол төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлийг тус тус авдаг ба Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагад Хил хамгаалах байгууллагын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас шилжин ирэх алба хаагчдын бусад нэмэгдлийг бууруулахгүй байхаар тухайлан арга хэмжээ авахаар заажээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 0218 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл 36 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хувь, онцгой аажиллагааны нэмэгдэл 10 хувь, зэргийн нэмэгдэл 10 хувь, хилийн нэмэгдэл 10 хувиар тус тус авдаг байсан ба Шалган нэвтрүүлэх газрын даргаар ажиллахдаа удаан жилийн болон нууцын нэмэгдэл авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2014 оноос 2016 оны цалингийн картуудаар тус тус тогтоогдож байна, өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, нэхэмжлэгчид олгож байсан нэмэгдлүүдийг зохих ёсоор олгоогүй байх тул нэхэмжлэгчид бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоолгох, бусад нэмэгдлийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг бөгөөд шүүхээс нэгэнт нэхэмжлэгч Г.Гын цалингийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн, уг нэмэгдэл хөлс нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх орлого тул нийгмийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор тооцон нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.3.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,

27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Гадаадын

иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан гаргасан Г.Гын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101 дүгээр тогтоолын 1.2-т заасны дагуу бусад нэмэгдлийг олгоогүй нь илт хууль бус болохыг тогтоон, бусад нэмэгдлийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг даалгаж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/83 дугаар тушаалын 1 дэх заалтын ...сарын үндсэн цалинг 778.763 төгрөг гэж тогтоосон

нь илт хууль бус болохыг тогтоолгох, сарын цалинг 999.497 төгрөг гэж тооцуулах,

цалингийн зөрүүг гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын даргаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ