Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0121

 

“НХО” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу НХО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “НХО” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших ХV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нар давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч “НХО” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох хэргийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Манай компани Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичиг хүргүүлсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, байгаль орчныг хамгаалах байцаагчид 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

Мөн хуулийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан.

Харин 38.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан байгаа нь төлөвлөгөөг Сум дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн гэж үзнэ.

Гэтэл хариуцагч нь хууль /38.2/-д заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан гол үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талбай байрлах газар нутгийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарган тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байгаа, энэ шийдвэр хүчин төгөлдөр байх тул хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн хариуг 30 хоногийн дараа өгсөн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төлөвлөгөөг батлах эс батлах, хариу өгөх хуулийн хугацааг 10 хоног гэж заасныг зөрчсөн байна.

2. Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэсэн гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүх дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 38.2, 40.1 заалтыг 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгтэй адилтган тайлбарлаж нэхэмжлэлийн үндэслэлийг няцаан хариуцагчийн тайлбарыг дэмжин дүгнэжээ. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан заалт нь бидний маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд хамааралтай байхад анх тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр авсан этгээдийн хийх ёстой байсан үйл ажиллагааг 2018 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан манай компанийн хийх ёстой ажил байсан гэх үндэслэлээр татгалзах боломжгүй. Нөгөө талаар одоо мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын хууль 2006 онд батлагдсан буюу тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн дараа дагаж мөрдөж эхэлсэн байна. Үүнээс үзэхэд дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг хэрэглэн төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.

1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Хайгуулын лиценз эзэмшигч нь Байгаль орчны хяналтын алба болон тухайн нутгийн захиргаатай зөвшилцөн хайгуулын лиценз авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бэлтгэж боловсруулна” гэж заасан байдаг. Эндээс дүгнэж үзвэл тусгай зөвшөөрлийг анх авсан этгээд нь 30 хоногийн дотор бэлтгэж боловсруулсан байхыг шаардсан, анх тусгай зөвшөөрлийг авахад хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа байсан гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай ямар ч холбоогүй байна.  

Хариуцагч төлөвлөгөө батлагдсанаар олборлолтын үйл ажиллагаа шууд явагдана гэж ойлгосон учраас хайгуулын үйл ажиллагаа явуулахаас эрс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь манай компанийн Засаг даргад хандсан гол зорилго нь хайгуулийн тусгай зөвшөөрлөө хуульд заасан журмын дагуу сунгуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх байсан. Засаг дарга хуульд заасан хугацаанд батлан өгсөн тохиолдолд бид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой болох байсан. Гэвч анхан шатны шүүх хэрэг маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх, үүрэгт үндэслэлгүйгээр халдаж, хохирол учруулсан гэж үзэж байна. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5.-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дахь талын 3 гэсэн хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын огт маргаагүй, нэхэмжлэл болон хариуцагчийн өгсөн хариу бичигт дурьдаагүй, хариуцагчийн зүгээс огт гаргаагүй тайлбар, татгалзлыг гаргасан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн нэг үндэслэл болгосон нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүх 2008 оны Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоолыг үндэслэн хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрсөн, хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “АM” ХХК-ийн зүгээс хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргааныг хянан шийдвэрлэжээ.

Энэхүү тогтоолоор 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолуудтай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнээс үзвэл дээрх захиргааны актыг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилж хүчин төгөлдөр болсон байна.

Тусгай хэрэгцээнд авсан дээрх 2 тогтоол ийнхүү хууль ёсны болох нь тогтоогдсон гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаанд нөхөх олговор төлөх үр дагаварыг бий болгосон гэж үзнэ. Ийнхүү Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нөхөх олговрыг заасан хугацаанд олгоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна.

2006 болон 2007 онд гаргасан дээрх тогтоолтой хобоотой шүүхийн маргаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс оролцсон. давж заалдах гомдол гаргасан байгаа зэргээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэнийг мэдэж байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “НХО” ХХК-ийн хувьд 2018 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан бөгөөд тухайн цаг үе 2006, 2007, 2008 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг биелүүлэхийг шаардсан байх боломжгүй юм.

5. Анх XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын 1645 дугаартай шийдвэрээр олгосон.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2006 онд тусгай хэрэгцээнд авсан, мөн 2007, 2008, 2014 онуудад тус тус тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүд гарч байжээ.

Энэ хугацаанд ХV-******* дугаартай тусгай зөвшөөрөл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан талаар шүүхийн шийдвэр, Кадастрын хэлтсийн даргын шийдвэр зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Тэгэхээр 2014 онд гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Кадастрын хэлтэст хүргэх, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж байж бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Ийнхүү 42, 03, 07, 06 дугаартай тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гаргаж байгаа эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт буюу XV-****** дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг 2018 онд шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нотлох баримтаар шинжлэн судалж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Тэгвэл тухайн шийдвэр, магадлалд “тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговор олгоогүй болохыг, нэхэмжлэгч буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах эрхтэй” болохыг тогтоосон үйл баримтыг яагаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар дүгнэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дахь талд XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын дурсгалт газар байгаа нь тогтоогдоогүй, төлөвлөгөөг баталсны улмаас тухайн нутагт амьдарч буй иргэдийн эрх хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж үзэж байна.

8. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолд XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэр багтаагүй байгааг огт үнэлээгүй гэж үзэхээр байна. Хэрэв тусгай зөвшөөрөл олгосон “Халзан давааны ам” гэх нэртэй газрыг тусгай хэрэгцээнд авсан гэж үзсэн тохиолдолд анхан шатны шүүх дээрх дүгнэлт шийдвэрийг гаргах учиртай. Гэвч шийдвэрт энэ талаар нэг ч үг өгүүлбэр алга байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “НХО” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Халзан давааны ам” нэртэй газарт орших ХV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Халзан давааны ам” нэртэй газарт орших ХV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “НХО” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичгүүдээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Халзан давааны ам” нэртэй газарт орших ХV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаар батлуулахаар хандсанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу хүргүүлсэн байна.

Тодруулбал маргаан бүхий газрыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолуудаар тус тус сумын тусгай хэрэгцээнд авсан тул төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн хариу мэдэгджээ.

Уг “Тусгай хэрэгцээнд авах тухай” 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоол, 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоолуудын хавсралтад заасан “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын нэрс”-ийн “Бч” гэх газрын байршил нь Хөхийн сүмийн Эх Халзангийн давааны бүрзгэр хүртэл хэмээн маргаан бүхий газрын нэрийг дурдсан байх ба 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралт “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудын нэр, байршил, хэмжээ солбилцол”-д “Бч”, “Уч”, “Э” газрын солбилцлын цэгийг заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр албан бичигт “... 8953X дугаартай талбай нь Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан Хөх сум багийн Уч, Бч, Эгэх нэртэй газруудтай 100% бүрэн давхцалтай байна”, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаартай албан бичигт “... “НХО” ХХК-ийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн “Халзан давааны ам” нэртэй XV-008953 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ойн сан бүхий газартай 659 га, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 109 га давхцалтай ... байна” гэжээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 8/4237 дугаар албан бичигт “... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол бүртгэлтэй байна ... “НХО” ХХК-ийн эзэмшиж байсан ХВ-008953, ХВ-******* ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбай нь 06 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Уx, Бx, Энэртэй газартай хэсэгчлэн, Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай байна ...” гэсэн лавлагааг ирүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.1, 14.3-д зааснаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байх ба нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан ХВ-****** дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд тус сум 2014 оноос эхлэн 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүрэн давхцалтай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолд XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн нэр багтаагүй...” хамаарахгүй тухай тайлбарласан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд “...дээрх үндэслэлээр батлахаас татгалзсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын татгалзлыг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж зааснаар нэгэнт маргаан бүхий газрыг 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад нэхэмжлэгчийн зүгээс эзэмших эрхтэй байсан “Халзан давааны ам” нэртэй XV-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшиж, ашиглах боломжгүй.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хайгуулийн ажил хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах зорилгоор шаардлагатай баримт болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар гаргасан хүсэлтийг татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд энэхүү утгаар нэхэмжлэгчийн төлөвлөгөө батлуулахыг даалгах шаардлагыг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн хэмээн маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж зааснаас үзвэл тухайн төлөвлөгөөг “НХО” ХХК-ийн зүгээс болон Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр тус төлөвлөгөөг батлах тохиодлолд 10 хоногийн дотор хүргүүлэх хуулийн заалт гэж ойлгохоор байх байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын з/газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах; н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж зааснаас үзвэл энэ тохиолдолд хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд орчныг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх шийдвэр гаргасан гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд өмнө дурдсан нотлох баримтуудаар маргаан бүхий газар нь ойн болон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай байх тул хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудын үүднээс хариуцагчид төлөвлөгөө батлуулахыг даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42, 03, 07, 06 дугаартай тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс гаргаж байгаа эс үйлдэхүй хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч уг хэргийн хариуцагч нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус тогтоол, эс үйлдэхүйтэй хамааралтай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчээс гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хугацаанд тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “НХО” ХХК нь “АM” ХХК-иас шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагчийн тухайд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 1/111 албан бичгээр хүргүүлсэн лавлагаанд “2007 оноос хойш сумын Засаг дарга нар “Халзан давааны ам” нэртэй газар орших XY-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө баталж байгаагүй болно” гэж мэдүүлснээс үзвэл аливаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42, 03, 07, 06 дугаартай тогтоолууд гарсантай холбогдуулан нэхэмжлэгчид нөхөн олговор олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар харилцан тохиролцоогүй, эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгчээс төрийн захиргааны байгууллагад хандаагүй байна.

Тийм боловч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүйд ямарваа хариу үйлдэл гаргаагүй нөхцлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр боломжгүй талаар мэдэгдсэн нь тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөөг дээрх үндэслэлээр батлахаас татгалзсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын шийдвэр нь хууль зөрчсөн, хууль бусаар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “НХО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА