Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00521

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00521

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Нарны зам-324-00 тоотод байрлах, Монпасс интернэйшнл ХХК /РД:2766698/,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 байрны 53 тоотод оршин суух, Аргалан овогт Цэдэндоржийн Ганболд /РД:ТЕ65071671/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-19-д байрлах, Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:2641194/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 150,917,321 төгрөг гаргуулж, зээлийн эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Отгонцэцэг, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Ц.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг /zoom-ээр холбогдсон/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК, Ц.Ганболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Тус компани Онцгой байдлын Ерөнхий газраас 2008 онд зарласан Улсын нөөцөд малын тэжээл худалдан авах НБ-08-03 /БАГЦ-1/ тендерт шалгарч, Капитал банкнаас зээл авч, тендерийн ажлаа гүйцэтгэсэн.

Гэтэл Худалдаа хөгжлийн банк тус компаний 453047793 харилцах данснаас зориулалтын дагуу ашиглаж байсан Капитал банкны зээл 34,915,682 төгрөгийг огт мэдэгдэлгүй 2008 оны 12 сарын 25-ны өдөр Капитрон банканд шилжүүлж иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, хэлцлүүдийг биелэгдэх боломжгүй болгож нэр төр, бизнесын харилцаанд ноцтой хор хохирол учруулсан.

Үүний улмаас Говь-Алтай аймгийн УНСалбарт нийлүүлэх 101.3 тн тэжээл тасарч, тус компаний ХААН банк дахь 5033173796 харилцах данснаас ОБЕГазар 167,034,418.26 төгрөгийн санхүүжилтээ 2009 оны 03 сарын 09-ны өдөр татан авч, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 104 тогтоолоор Монпасс интернэшнл ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд их хэмжээний зээл, зээлийн хүү, алданги төлөх болж, Капитал банктай 2008 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан 466 тоот 120.000.000 төгрөгийн зээлийн гэрээ Монгол банкны мэдээлэлийн санд бүртгэгдэн Монпасс интернэшнл ХХК, захирал Ц.Ганболд нар банк санхүүгийн байгууллагуудаас бүтэн 10 жил зээл, санхүүжилт авч чадахгүй хохирч байна.

Худалдаа хөгжлийн банкийг Эрүүгийн 21040691 хэрэгт иргэний хариуцагчаар татсан ч прокурор хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2010 оны 82 тогтоол, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1704 шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 184 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 241 тогтоолоор Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6, мөн Төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх" гэрээний үүргээ зөрчсөн Худалдаа хөгжлийн банкны хууль бус үйлдлийг тогтоосон.

Иймд Иргэний хууль болон гэрээний үүргээ зөрчсөн Худалдаа хөгжлийн банкны буруугаас учирсан гэм хорын хохирол Капитал банкны зээл 34,915,682 төгрөг, 466 тоот зээлийн гэрээнд заасан хүү, алданги 40,222,848 төгрөг (2009 оны 01 сараас 2012 оны 04 cap), өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан 12,300,000 төгрөг, архив, нотариатын үйлчилгээ 134,200 төгрөг, нийт 87,572,730 (Наян долоон сая таван зуун далан хоёр мянга долоон зуун гучин) төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, мөн 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг тус тус үндэслэн Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж, мөн зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна гэж,

2. Монпасс интернэшнл ХХК, Ц.Ганболд нарын нэхэмжлэлтэй, Худалдаа хөгжлийн банканд холбогдох Иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр нийт 158,779,580 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд:

Зориулалтын дагуу ашиглаж байсан Капитал банкны зээл 34,915,682.43 төгрөгийг хууль бусаар Капитрон банкинд шилжүүлж, гүйцэтгэлээр санхүүжих ОБЕГ-т малын тэжээл нийлүүлэх тендерийн ажил саатуулсан Худалдаа хөгжлийн банкны буруугаас ОБЕГазар Монпасс интернэшнл ХХК-ний ХААН банк дахь 5033173796 харилцах дансанд байршуулсан 167,034,418.26 төгрөгийн санхүүжилтээ татан авч, Монпасс интернэшнл ХХК Капитал банкны зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсноос захирал Ц.Ганболд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зуйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, тус компани бүтэн 10 жилийн орлогоо алдаж, хохирсон.

Аудит баталсан 2008 оны жилийн санхүүгийн тайлангаар Монпасс интернэшнл ХХК жилд 8,605,958,24 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. ААН-ийн 10 жил тасарсан орлого 86,059,580 төгрөг, Капитал банкны зээл 34,915,682.43 төгрөг хууль бусаар бусдад шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны буруугаас хамтран зээлдэгч иргэн Х.Оюунчимэг, П.Ичинхорлоо нар залилуулсан гэх гомдол гаргаж, уг зээлээ Худалдаа хөгжлийн банкнаас буцаан авч чадаагүйгээс Монпасс интернэшнл ХХК их хэмжээний зээлийн хүү, алданги хүлээн захирал Ц.Ганболд олон жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, нийт 274 хоног цагдан хоригдож Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 425 тоот шийтгэх тогтоолоор иргэн П.Ичинхорлоогийн 20.000.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт яллагдаж хохирсон. Мөн олон жил сэтгэл санааны шанлал, зовиурт баригдсанаас эдгэрэхгүй өвчин тусч, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссын 2014 оны 41/145 шийдвэрээр амбулаторын байнгын хяналтанд орж эрүүл мэндээр хохирсон.

Баталгаажуулах ажлын тайлан-д 466 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээл 34,915,682.43 төгрөгт оногдуулсан хүү, алдангийг 43,842,924.11 төгрөг гэж хараат бус аудитор тодорхойлсон. Нэхэмжлэлийн 34,915,682.43 төгрөгт оногдох хүү, алдангийн баталгаажуулах ажлын тайланд тодорхойлсон зөрүү 3,620,000 төгрөг гэж,

3. Монпасс интернэшнл ХХК иргэн П.Ичинхорлоотой хамтран Капитал банк ХХК-тай 2008 оны 9 сарын 03-ны өдөр 466 тоот Зээлийн болон Барцааны гэрээ байгуулж, сарын 2,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 120,000,000 төгрөгийн, мөн иргэн Х.Оюунчимэгтэй хамтран мөн тус банктай 2008 оны 09 сарын 18-ны өдөр 495 тоот Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж, сарын 2,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 87,000 ам долларын /100,000,000 төгрөг/ зээлүүд авч Онцгой байдлын Ерөнхий газрын 2008 оны Малын тэжээл нийлүүлэх НБ-08-03 тендерт 120,000,000 төгрөг зарцуулсан Монпасс интернэшнл ХХК-ийн 453047793 харилцах данснаас 2008 оны 12 сарын 25-ны өдөр зориулалтын дагуу ашиглаж байсан зээл 34,915,682 төгрөгийг дур мэдэн Капитрон банк ХХК-д шилжүүлж, тус компанийг үндэслэлгүй их хэмжээний зээл, зээлийн хүү, алдангийн өр төлбөрт оруулсан.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 82 тоот тогтоолоор Иргэний хуулийн 445 дүгээр зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6, "Төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг хийгээд харилцагчийн эрхийг зөрчсөн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн буруугаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 сарын 17-ны өдрийн 912 магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 104 тогтоол гарч, тус компани 466 тоот зээлийн гэрээний төлбөрт зээл, зээлийн хүү, алданги нийт 89,178,431 төгрөг төлөх болсон.

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нар хууль зөрчсөнөөс тус компани Монголбанкны мэдээллийн сангийн бүртгэлд орж, хамтран зээл авсан П.Ичинхорлоо гомдол гарган Чингэлтэй дүүргийн Цагдаа, Прокурорын газар 2015 оны 05 сарын 25-ны өдөр надад Эрүүгийн 201525030554 дугаартай хэрэг үүсгэн 2010 оны Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж, өнөөг хүртэл зээлийн барьцааг чөлөөлөх боломжгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/610 тогтоол П.Ичинхорлоог хуурч, 20 сая төгрөг залилсан" гэж намайг яллан, Мон-пасс интернэшнл ХХК болон надад онц их хэмжээний хохирол учруулсан. Үүнд:

1. Монпасс интернэшнл ХХК-д:

а. 466 зээлийн гэрээний 34,915,682 төгрөг 2009-2012 оны 48 сарын 2.4 хувийн хүү 40,222,866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,044,573 төгрөг, нийт 83,183,121 төгрөг, (466 зээлийн гэрээ, шүүхийн магадлал, шийтгэх тогтоол,)

б. 2015-2019 оны олох байсан орлого 43,029,790 төгрөг, (2008 оны жилийн санхүүгийн тайлан)

в. Аудитын дүгнэлт гаргуулсан 300,000 төгрөг, (Гэрээ, төлбөрийн баримт)

г. Өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 12,300,000 төгрөг, (Гэрээ, төлбөрийн. баримт) нийт 138.812.911 төгрөг,

2. Ц.Ганболдод:

а. 2015-2019 оны 56 сарын тасарсан цалин, нийгмийн даатгал 84,000,000 төгрөг, (НДЕГ-ын цахим тодорхойлт, 2014 оны тушаал)

б. П.Ичинхорлоог хуурч, 20 сая төгрөг залилсан" гэх гэмт хэрэгт яллагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил, амьдралд учирсан хохирол 50,000,000 төгрөг (2019 оны шийтгэх тогтоол)

в. Өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 5,000,000 төгрөг, (Гэрээ.төлбөр баримт)

г. Архив, нотариатын үйлчилгээ авсан 134,200 төгрөг, (Төлбөрийн баримт) нийт 139,134,200 төгрөг. Иймд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол 277,947,111 төгрөгийг гаргуулж, зээлийн эрх сэргээлгэх гэж,

4. Тус компаний санхүүд аудит, шинжээчийн дүгнэлт гаргасан хөлс, Ц.Ганболдын тасарсан цалин, нийгмийн даатгал, нийт 9,900,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

1. Бэст фортуна-Аудит ХХК-ний үйлчилгээн хөлс 500,000 төгрөг,

2. ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2011 онд гаргасан дүгнэлтын ажлын хөлс 400,000 төгрөг,

3. Ц.Ганболдын 2020 оны 01 сарын 01-нээс 06 сарын 30-ныг хүртэл тасарсан цалин, нийгмийн даатгал 9,000,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөг,

Иймд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол 277,947,111 төгрөгийг гаргуулж зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлүүд гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК болон Ц.Ганболд нар нь анх буюу ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол нийт 277,947,111 төгрөг гаргуулж, зээлийн эрхээ сэргээлгэх шаардлагаасаа 2021 оны 02 сарын 08-ны өдрийн байдлаар Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжилсэн 2015 оны 05 сараас 2020 оны 06 сард олох байсан орлого 43,029,790 төгрөг, мөн Ц.Ганболдын нэхэмжилсэн 2015 оны 05 сараас 2020 оны 06 сард тасарсан цалин, нийгмийн даатгал 93,000,000 төгрөг, нийт 136,029,790 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан татгалзлаа дэмжиж, бусад хэсгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүхээр шийдвэрлүүлнэ. Үүнд:

1.            Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага:

а/. 466 зээлийн гэрээний 34,915,682 төгрөг, 2009-2012 оны 48 сарын 2.4 хувийн хүү 40,222,866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,044,573 төгрөг, нийт 83,183,121 төгрөг,

б/. Аудитын дүгнэлт гаргуулсан 300,000 төгрөг,

в/. Өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 12,300,000 төгрөг, нийт 95.783.121 төгрөг,

2. Ц.Ганболдын нэхэмжлэлийн шаардлага:

а/. П.Ичинхорлоог хуурч, 20 сая төгрөг залилсан гэх гэмт хэрэгт яллагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил, амьдралд учирсан хохирол 50,000,000 төгрөг

б/. Өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 5,000,000 төгрөг

в/. Архив, нотариатын үйлчилгээ авсан 134,200 төгрөг, нийт 55,134,200 төгрөг.

Иймд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохиролд нийлээд 150,917,321 төгрөгийг гаргуулж, зээлийн эрх сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Одоо ч уг зээлийн төлбөрөөс 14,923,296 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Худалдаа хөгжлийн банк ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК, иргэн Ганболд нар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө аль ч тал нь тэгш эрхтэй байх зарчмыг баримталж, нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой заасан байгаа. Энэ хохирлоо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хохирсон хохирлоо шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо гаргуулах хуулийн заалтын дагуур нэхэмжлэлээ гаргасан. Энэ асуудлыг маш олон хуульд тодорхой заасан. Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хууль, харилцагч банкны байгууллага нь харилцагчийн зөвшөөрлөөр эсвэл түүний даалгавраар гүйлгээг хийх ёстой, өөрөөр гүйлгээ хийх ёсгүй. Энэ зүйлийг ноцтой зөрчсөн нь энэ хуулиудад маш тодорхой байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 82 дугаар тогтоолд маш тодорхой заасныг сая уншиж сонсгосон. Ийм хууль зөрчсөн илт үйлдэл байж байгаа. Үүнээс болоод Монпасс интернэшнл ХХК, түүний захирал Ганболд нар ноцтой хохирсон. 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 34 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК дур мэдэж Капитрон банк ХХК-д шилжүүлсэн. Ингэж явсаар байгаад хамгийн сүүлд 466 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолд тодорхой заасан байдаг.

Нэмэгдүүлсэн хүү тооцохоор хуулийн заалттай. Үүний үндсэн дээр энэ хохирлоо тооцож, 89 сая төгрөгийн 14 сая төгрөгөөс бусдыг нь төлөөд дууссан байгаа. Худалдаа хөгжлийн банк ХХК мөнгө шилжүүлсэн өдрөөс эхлээд энэ шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү алданги, нэмэгдүүлсэн хүүг Монпасс интернэшнл ХХК хариуцаж төлсөн. Монпасс интернэшнл ХХК илүү зүйл нэхэмжлээгүй, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцож шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцоход, алданги тооцож байгаа. Хүү торгууль, алданги Монпасс интернэшнл ХХК төлөх ёсгүй байсан. Хариуцагч нь үнэхээр хариуцлагагүй тайлбар гаргаж байна. Иймд шүүхийг шударга шийднэ гэж үзэж байна.

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446 дугаар зүйлийн 446.1.6 дахь заалт байна. Худалдаа хөгжлийн банк ХХК нь Монпасс интернэшнл ХХК-д учруулсан хохирол байгаа үүнийг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж ойлгож байна.

Гэм хорын 50 сая төгрөг утга учиртай. Энэ хүнний цалин хөлсийг бодоод үзэхээр 33,150,000 төгрөг болдог. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1.1-т заалтад маш тодорхой байна. Иргэн болон байгууллагыг хохироосон сэтгэл санаа, нэр төр алдар хүндийн хувьд ийм тохиолдолд хохирлыг төлүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Үүнээс болоод н.Ичинхорлоод 20,000,000 төгрөг төлөх ёстой байсан. Үүнийг төлж чадахгүй явсаар байгаад эцсийн шатанд шүүхээр ороод 2019 оны 08 дугаар сарын 01-нд шүүх хурал болж Ц.Ганболдын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж, 20 сая төгрөгийг төлж барагдуул гэсэн шийдвэр гарсан байдаг. Худалдаа хөгжлийн банк ХХК хохирол учрулаагүй тохиолдолд ийм хохирол гаргахгүй байсан. Миний үйлчлүүлэгч хууль зүйн үндэслэлтэй гаргасан нэхэмжлэлийн шаардлага учраас бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 18/Н-01 дугаартай нэхэмжлэлдээ Монпасс интернэшнл ХХК нь Капитал банкнаас авсан зориулалтын дагуу ашиглаж байсан зээлийг Худалдаа хөгжлийн банк 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр огт мэдэгдэлгүй Капитрон банкинд шилжүүлсний улмаас Капитал банкны зээлийг /2008.09.04-ний 120 сая төгрөг Ичинхорлоогийн хөрөнгө барьцаалсан/ төлж чадахгүй нөхцөл бий болсон. Уг асуудлаас болж захирал Ц.Ганболдод холбогдуулан 2020 оны Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Ц.Ганболд нь 10 жилийн орлогоо алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэж гэм хорын хохирлыг нэхэмжилсэн,

мөн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 19/96 тоот албан бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарын хууль зөрчсөнөөс тус компани Монгол банкны мэдээллийн сангийн бүртгэлд орж, хамтран зээл авсан П.Ичинхорлоо гомдол гарган Чингэлтэй дүүргийн цагдаа, Прокурорын газар 2015 оны 05 сарын 25-ны өдөр надад Эрүүгийн 201525030554 дугаартай хэрэг үүсгэн 2010 оны Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж... намайг яллан, надад болон компанид онц их хэмжээний хохирол учирсан гэсэн байдаг.

Нэхэмжлэгч Ц.Ганболдыг Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Жин И Жао ХХК-ийн эрх бүхий этгээдийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2011 онд 21032899 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.16-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоол, мөн иргэн Х.Оюунчимэгийн гомдлоор 2010.01.16-ны өдөр 21040691 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2015.05.22-ны өдрийн 201525030554 дугаартай эрүүгийн хэрэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан бусад хэд хэдэн иргэдийн гомдлуудын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 184.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан тус тус эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Эдгээр эрүүгийн хэргийг нэгтгэн, 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 тоот шийтгэх тогтоолоор эцэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Уг шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаарх дүгнэлтэд Шүүгдэгч Ц.Ганболд нь бусдыг залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнээд Тогтоох хэсэгт 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгчийн тус банктай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй, хоорондоо ямар ч уялдаа холбоогүйн дээр тус банкны ямар гэм буруутай үйлдэлтэй ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК болон иргэн Ц.Ганболд нар нь Капитал банкинд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл бүхий иргэний хэрэг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1764 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02102 дугаартай магадлал гарсан байна. Уг нэхэмжлэлд Капитал банк ХХК-ийн буруугаас тус компани болон захирал Ц.Ганболд Эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт... нарыг залилсан гэж 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай агийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан онц хүнд гэмт хэрэгт олон жил шалгуулж хохирсон. Ц.Ганболд бүтэн 10 жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, 2 удаа 11 жилийн хорих ял сонсож, 274 хоног цагдан хоригдож, нийгмийн халамж үйлчилгээ олон жил тасарснаас иргэн Ц.Ганболд би хүнд өвчтэй болж, иргэн П.Ичинхорлоог хуурч, 20 сая төгрөг залилсан гэмт хэрэгт яллагдан, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд иргэн Ц.Ганболдын хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1764 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан.

Энэхүү шүүхийн шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч нь Капитал банкны буруугаас нэхэмжлэгч Ц.Ганболдод холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэн, нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл дээрх нэхэмжлэл нь тус банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй яг ижил буюу Худалдаа хөгжлийн банкны буруугаас ...захирал Ц.Ганболдод олон жил онц хүнд гэмт хэрэгт 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт шалгуулж, нийт 274 хоног цагдан хоригдож, мөн олон жил сэтгэл санааны шаналал, зовиурт баригдснаас эдгэрэхгүй өвчин тусч, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан хохирол 50,000,000 төгрөг нэхэмжилсэн. Тодруулбал, Капитал банкны буруугаас эрүүгийн хэрэгт шалгуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон гэж нэхэмжилсэн атал тус банкны буруугаас мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан гэм хорын хохирол гаргуулах гэх үндэслэлээр хохирлыг тус бүр 2 этгээдээс нэгэн зэрэг давхардуулан гаргуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65.1.6 дахь заалтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Ганболдын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй буюу 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдах болсон нь тус банкны гэм буруугийн ямар үйлдэл болон шалтгаант холбоотой нь тодорхойгүй буюу ямарч уялдаа холбоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2. Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно. Монпасс интернэшнл ХХК нь 446 тот зээлийн гэрээний 83,183,121 төгрөг, аудитын гэрээний төлбөр 300,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө 12,300,000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Монпасс интернэшнл ХХК-ийн Капитал банктай байгуулсан 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 466 тоот зээлийн гэрээний өр төлбөр, компанийн олох ёстой байсан орлого зэргийг Худалдаа хөгжлийн банкнаас нэхэмжилж буй үйлдэл нь тус банкны 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэсэн төлбөрийн гүйлгээтэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК нь төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний болон түүнтэй холбоотой гэх үйл баримттай холбогдуулан удаа дараа нэхэмжлэл гаргаж ирсэн байдаг. Үүнд: 1. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай адил А/33 дугаартай нэхэмжлэлийг 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл Худалдаа хөгжлийн банк нь Монпасс интернэшнл ХХК-ийн данснаас 34,915,682.43 төгрөгийг дур мэдэн бусдад шилжүүлж өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, уг байдлаас тус компани Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан НБ-08-03 /Багц-1/ дугаартай гэрээний ажил, өглөг тэдгээртэй холбоотой хохирол буюу гэм хорын хохирол 22,537,144 төгрөг, компанийн зайлшгүй олох байсан орлого 12,000,000 төгрөг, ХХБ-ны хууль бусаар авсан 34,915,682.43 төгрөг, гэрээний үүргийг зөрчсөний хариуцлага алданги 6,248,408 төгрөг, нийт 75,701,237.43 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж, тус компанийг хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжисэн байдаг.

А/33 дугаар нэхэмжлэлтэй иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянаад 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1001сдүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн болно. Тодруулбал, Хяналтын шатны шүүх 82 дугаар тогтоолын 4 дүгээр хуудас хянавал хэсэгт:Монпасс интернэшнл ХХК, Худалдаа хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаанаас өөрийн компанид хохирол учирсан гэх энэ байдлаа нотлож чадаагүй, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ төлсөн хэрэгт авагдсан баримтууд компанид учирсан хохирлыг нотлохгүй байна. Энэ байдлаас шалтгаалан Монпасс интернэшнл ХХК өөрт учирсан хохирол гэх боловч хохирлынхоо төрөл болон хэмжээг баримтаар нотолж чадаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв гэж тус тус дүгнээд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гийгиймаагийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн байдаг.

Мөн Монпасс интернэшнл ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банканд холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус үндэслэл, шаардлага нь 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага адил байсан. Тодруулбал, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин гаргасан 12/Н-14 дугаартай нэхэмжлэлдээ Монпасс интернэшнл ХХК-ийн данснаас Худалдаа хөгжлийн банк нь 34,915,682.43 төгрөгийг огт мэдэгдэлгүйгээр Капитрон банкны албан бичгийг үндэслэн шилжүүлж, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирснаас үүдэж, компанийн захиралд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулаад байна. Иймд банкны үйлдэл үйл ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоож өгөн үү гэж тодорхойлж, шаардлага гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг хянаад 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1704 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 184 дүгээр магадлал, Хяналтын шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн.

Дээрх нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжилж буй хохирлыг тус банкны 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн төлбөр тооцооноос болж учирсан гэж үзэн удаа дараа шүүхэд уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Шүүх энэ бүх нэхэмжлэлийг удаа дараа дүгнэн үзэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаарзүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчид нь Монпасс интернэшнл ХХК болон Худалдаа хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйлгээ хийсэн гэх үндэслэлээр тус банкийг буруутгаж, нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/96 тоот нэхэмжлэлд Худалдаа хөгжлийн банк нь төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж агуулгыг дурджээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан байгаагаас үзвэл Монпасс интернэшнл ХХК болон Худалдаа хөгжлийн банк хооронд байгуулагдсан 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн гэрээний үүрэг зөрчигдөж, шаардах эрх үүссэнээс хойш 3 жил байна. Өөрөөр хэлбэл, Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ зөрчиж харилцагчийн мөнгөн хөрөнгийн дур мэдэн шилжүүлсэн гэх өдөр 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

Энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч болох Монпасс интернэшнл ХХК нь тус банктай байгуулсан Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар дээр дурдсан. Уг он цагийн дарааллаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2009.04.29-ний өдөр, 2012.08.29-ний өдрүүдэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус тасалдаж байсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо дахин шинээр эхэлдэг.

Эдгээрээс дүгнэж үзвэл, Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, уг хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон буюу Монгол Улсын Дээд шүүхийн 2013.04.25-ны өдрийн 241 тоот тогтоол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох зарчмын дагуу тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсноор дахин шинээр тоолбол 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

Иймд Монпасс интернэшнл ХХК болон иргэн Ц.Ганболд нар нь Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийн талаар хариу тайлбар, холбогдох баримт гаргаж өгөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...товлон зарлагдсан шүүх хуралдааныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөрийг оролцуулахгүйгээр явуулах, нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн тайлбарыг бүрэн дэмжиж байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК болон Ц.Ганболд нарын нэхэмжлэлтэй Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох гэм хор учруулсан хохирлыг хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас гаргуулж барагдуулах нь зөв гэж дүгнэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК нь хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний дагуу хууль бусаар шилжүүлсэн мөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, аудитын дүгнэлт гаргуулсны зардал болон өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан нийт 95.783.121 төгрөг гаргуулах,

нэхэмжлэгч Ц.Ганболд нь гэмт хэрэгт яллагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол, өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө, нотариатын үйлчилгээний зардалд нийт 55,134,200 төгрөг буюу нийлээд 150,917,321 төгрөг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэхээр тус тус нэхэмжилж, өмнө гаргасан шаардлагаа 136,029,790 төгрөгөөр багасгасан бөгөөд багасгасан шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хариуцагчийн татгалзлыг дэмжсэн тайлбар гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэг. Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Монпасс интернэшнл ХХК нь Онцгой байдлын Ерөнхий газраас зарласан малын тэжээл нийлүүлэх тендерт оролцон шалгарч, Капитал банкнаас зээл авсан бөгөөд Худалдаа хөгжлийн банк ХХК тус компанийн 453047793 харилцах данснаас зориулалтын дагуу ашиглаж байсан зээлийг мэдэгдэлгүй Капитрон банканд шилжүүлж, Капитал банкны зээлийг төлөх боломжгүй болгож ноцтой хор хохирол учруулсан. Капитал банкны зээлийн гэрээний үүргийг Капитрон банкны зээлийн гэрээний үүргээс түрүүлж гүйцэтгэх ёстой байсан, Капитрон банкны зээл нь хамтран зээлдэгчид төлөх ёстой, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байтал бидэнд мэдэгдэхгүйгээр харилцах дансны гүйлгээ хийсэн Худалдаа хөгжлийн банк ХХК гэм буруутай тул учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөөгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй бөгөөд шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийдвэрээр хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн 453047793 тоот харилцах данснаас 34,915,682.43 төгрөгийг шилжүүлснийг үндэслэлгүй гэж үзэж 34,915,682.43 төгрөг, гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохирол 22,537,144 төгрөг, зайлшгүй олох байсан орлого 12,000,000 төгрөг, гүйлгээг саатуулсны алданги, алдагдал 6,248,408 төгрөг, нийт 75,701,243,43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна.

 

Улсын Дээд шүүх 82 дугаар тогтоолдоо ...Монпасс интернэшнл ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь 34,915,682.43 төгрөгийг Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний өр төлбөрт 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн үйлдлийг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Ийнхүү хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-тай төлбөр тооцоо үзүүлэх тухай 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний 3.1.6 дахь заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь тогтоосон боловч Монпасс интернэшнл ХХК-ийн Капитал банктай 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 466 тоот зээлийн гэрээний дагуу авсан 120,000,000 төгрөгийг төлөх харилцаатай холбогдуулан, хариуцагчаас 34,915,682.43 төгрөгийг, тус гэрээний дагуу 2009-2012 оны 48 сарын хугацааны 2,4 хувийн хүү 40,222,866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,044,573 төгрөг буюу нийт 83,183,121 төгрөг гаргуулахаар шаардсан нь дараах дүгнэлтээр хууль зүйн үндэслэлгүй байна.

 

1.Монпасс интернэшнл ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Капитрон банк ХХК-тай 193 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг, жилийн 25,1 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд нэг удаа 6 сарын хугацаагаар сунгуулж, зээл, зээлийн зарим хэсгийг тооцогдсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

 

2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 3,769,678.53 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр төлөөгүйн улмаас уг компанийн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэлзээтэй зээлийн ангилалд шилжсэн байсан бөгөөд тухайн өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-аас Монпасс интернэшнл ХХК-ийн 453047793 тоот данснаас тус банкны 3004001607 тоот дансанд 34,915,682.43 төгрөгийн шилжүүлгийг Монпасс интернэшнл ХХК-аас зээл төлөв гэсэн утгатай шилжүүлсэн нь мөн өдрөө Капитрон банк ХХК дахь Монпасс интернэшнл ХХК-ийн зээлийн дансанд орж ирсэн дээрх мөнгөнөөс зээлдэгчийн зээлийн хүүний үлдэгдэл 4,990,284.05 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 29,921,398.38 төгрөг тус тус суутгагдаж, зөрүү 78,800 төгрөгийн үлдэгдэл гарсныг 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс төлснөөр зээл бүрэн төлөгдөж, дуусгавар болсон болох нь Капитрон банкнаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2179 тоот албан бичиг, дансны хуулгаар нотлогдож байна./2-р хх-16-39 дэх талд/

 

Ийнхүү Капитрон банк ХХК-аас авсан зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөнөөр Монпасс интернэшнл ХХК-ийн үүрэг дуусгавар болсон байна.

 

2.Монпасс интернэшнл ХХК нь 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Капитал банк ХХК-тай 466 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 120,000,000 төгрөгийг, сарын 2,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд 2008.10.03, 11.03, 12.03-ны өдрүүдэд хүү 12,880,000 төгрөг, 2009.01.03, 02.03, 03.03-ны өдрүүдэд зээлийн зарим хэсгийг тооцогдсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. /1-р хх-15-19, 2-р хх-1-5 дахь талд/

 

Тухайн зээлийн гэрээний үүргээ Монпасс интернэшнл ХХК биелүүлээгүйн улмаас Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1299 дүгээр шийдвэрээр Монпасс интернэшнл ХХК-иас 100,473,035 төгрөгийг гаргуулан Капитал банканд олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 912 дугаар магадлалаар ...шийдвэрийн 1 дэх заалтыг ...89.178.431 төгрөг гаргуулан Капитал банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.294.604 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүх 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ./1-р хх-243-250, 44-50 дахь талд/

 

Дээрх үйл баримтаас үзвэл Монпасс интернэшнл ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 453047793 тоот дансанд байсан 34,915,682.43 төгрөгөөр үүрэг гүйцэтгэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байсан Капитрон банкны зээлийг бус харин төлөх хугацаа болоогүй байсан Капитал банкны зээлийн төлбөрийг төлөх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 216 дугаар зүйлийн 216.1-д тус тус нийцэхгүй байна.

 

Хэдийгээр Худалдаа хөгжлийн банк нь 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь 34,915,682.43 төгрөгийн гүйлгээг хийсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх боловч хариуцагчийн энэ үйлдлийн улмаас Капитрон банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 9 сарын хугацаантай авсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэл бүрдэж, Монпасс интернэшнл ХХК-ийн үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 263.1.1-д зааснаар дуусгавар болсон, Худалдаа хөгжлийн банк ХХК нь уг хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.4-т Бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно гэж зааснаар шүүх хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр одоо буруутгах хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

 

Түүнээс гадна нэхэмжлэгчийн энэхүү шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК нь Худалдаа хөгжлийн банкны буруутай болохыг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоол гарснаас хойш дээр дурдсан хугацааны дотор гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой юм.

 

Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн заалттай нийцсэн гэж үзэх үндэслэл мөн тогтоогдож байна.

 

Иймд Худалдаа хөгжлийн банкнаас 83,183,121 төгрөг гаргуулах тухай Монпасс интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн Аудитийн дүгнэлт гаргуулсан 300,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан төлсөн зардал 12,300,000 төгрөг тус тус гаргуулах шаардлагын тухайд:

 

Монпасс интернэшнл ХХК нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр 18/21 тоот албан бичгээр Бэстгранд аудит ХХК-д хүсэлтээ гаргаж, Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2007 оны 04 сарын 02-ны өдөр байгуулсан Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.1.6 заалтыг зөрчиж, 2008 оны 12 сарын 25-ны өдөр Капитрон банк руу шилжүүлсэн 34,915,682.43 төгрөгийн Капитал банкинд төлөгдөх зээл болон ногдох үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцож баталгаажуулан, дүгнэлт гаргуулж, үйлчилгээний хөлсөнд 300,000 төгрөг төлсөн гэж уг зардлыг нэхэмжилсэн баримтууд, /1-р хх-154-159, 242 дахь талд/

 

Мөн нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн захирал Ц.Ганболд нь 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Г.Тунгалагтай байгуулсан ба Монголын өмгөөлөгчийн холбооны тасалбарыг 2009 оны 06 сарын 04-ний өдөр үйлдэж, нэг сая төгрөг Ц.Ганболдоос өмгөөлөгч Б.Тунгалаг хүлээн авсан талаар, Монпасс интернешнл ХХК-ийн кассын зарлагын ордер №0051 тоот 2009.06.04-ний огноотой Гантөмөр Тунгалагт өмгөөллийн урьдчилгаа төлбөр 1.000.000 төгрөгийг, мөн компанийн кассын зарлагын ордер №0052 тоот 2009.06.02-ны өдрийн Гэгээ гүн ХХК Б.Гийгиймаад эрх зүйн туслалцаа үзүүлэх урьдчилгаа төлбөр 1000.000 төгрөг өгсөн, авсан, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зөв зохицол партнерс хуулийн компанитай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Монпасс интернэшнл ХХК-ийг төлөөлж захирал Ц.Ганболд байгуулсан бөгөөд 31/12 тоот гэрээний урьдчилгаа төлбөр 800 000 төгрөгийн нэхэмжлэх, Худалдаа хөгжлийн банкны орлогын маягт 2012.12.10-ны өдөр Ганболдоос Зөв зохицол партнерс ХХК-ийн 499118606 дансанд 200,000 төгрөг, мөн 2012.10.09-ний өдөр 600,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,/1-р хх-24-26, 36-40 дэх талд/

 

Ц.Ганболд нь өмгөөлөгч Ц.Рашзэвэгтэй 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба өмгөөллийн төлбөр 5000000 төгрөг байхаар тохиролцсон, Төрийн банкны 11/19/2015 огноотой орлогын мэдүүлэгт данс эзэмшигчийн нэр хэсэгт Намжилмаа Лодон, мөнгөн дүн 1,000,000.00, гүйлгээний утга өмгөөллийн хөлс Рашжав-д Жин и жао ХХК Ц.Ганболд гэсэн, Хаан банкны 2015.10.22 огноотой, 5007719851 данс, Хатагтай Магсар Алтанцэцэг, 500,000 төгрөг, гүйлгээний утга Монпасс интернэшнл ХХК өмгөөллийн хөлс, Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбар өмгөөлөгч М.Алтанцэцэг би Ц.Ганболдод хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 800000 төгрөг хүлээн авав /огноогүй/, Монпасс интернэшнл ХХК-ийн 2012.12.30-ны кассын зарлагын ордер №104, Магсар Алтанцэцэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 9000.000 төгрөг бүхий баримтууд тус тус авагджээ./1-р хх-59, 61, 62 дахь талд/

 

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлбөр төлж, зардал гаргах, мөн өөрийн хүсэл зоригийн дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Бэстгранд аудит ХХК-аар дүгнэлт гаргуулах зорилгоор 300,000 төгрөг төлөх зэргээр нэхэмжлэгчээс гарсан зардлуудыг нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол гэж үзэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтаар гэм хор учруулсны улмаас нөхөн төлбөр төлөх үүрэг нь хариуцагчийн үйлдэл хууль бус буюу хуулиар хориглосон байхаас гадна, уг үйлдэл /эс үйлдэл/ нэхэмжлэгчид учирсан гэх хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг, манай тохиолдолд нэхэмжлэгчээс гарсан зардал нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК-ийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч Ц.Ганболдын нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Худалдаа хөгжлийн банкны буруутай үйлдлийн улмаас Капитал банкны зээлийг төлж чадаагүй, үүнээс болж хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч П.Ичинхорлоогийн гомдлоор олон жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, нийт 274 хоног цагдан хоригдож, 33,150,000 төгрөгийн орлого олох боломжоо алдсан, эрүүл мэндэд 6,781,500 төгрөгийн хохирол учирсан, нэр төр, алдар хүнд гутаагдаж, 10,068,500 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөөгүй бөгөөд П.Ичинхорлоо залилсан гэх гомдол гаргаж, залилан мэхэлсэн гэмт хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, П.Ичинхорлоог залилсан үйлдэлдээ гэм буруутай, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, энэ эрүүгийн хэрэгт 274 хоног цагдан хоригдсон явдалд Худалдаа хөгжлийн банкны зүгээс гэм буруу байхгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, хохирол нэхэмжилсэн асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21040691 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот шүүхийн тогтоол, мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1174 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1124 тоот магадлал, Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76 тоот тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 201525030554 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 755 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 607 тоот магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 516 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 177 тоот магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 425 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 786 тоот магадлал, Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 524 тоот тогтоол зэрэг баримтууд авагдсан. /1-р хх-11-29, 70-89, 90-96, 209-232, 2-р хх-86, 3-р хх-147-150, 151-165, 166-200, 201-214, 215-225, 226-249, 4-р хх-1-10, 11-18 дахь талд/

 

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК буюу Ц.Ганболд нь Онцгой байдлын ерөнхий газраас зарласан улсын нөөцөд малын тэжээл нийлэх тендерт шалгарч, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Х.Отгончимэгийг ятган, итгэл үнэмшил төрүүлснээр түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, түүний гэр бүлийн өмчлөлийн 1 өрөө байр, 2 өрөө орон сууцыг Капитал банкны барьцаанд тавиулж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, залилан мэхэлсэн гэх үйлдэлд,

Мөн П.Ичинхорлоог Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй бол манай компанийн нэрээр зээл авахад чинь тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалчих гэж итгүүлэн түүний 9, 74 тоот орон сууцнуудыг 2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 466 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Капитал банкинд 120,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, залилан мэхэлсэн гэх үйлдлүүдэд 2010 оноос эхлэн эрүүгийн журмаар шалгагдаж, цагдан хоригдож, хэрэг нь анхан шатын шүүхээр хянан шийдвэрлэгдэж, хүчингүй болж дахин шийдвэрлэгдэж байжээ.

 

Ийнхүү дээр дурдсан эрүүгийн хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж дууссан байна.

 

Дээрх 610 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Ганболд нь П.Ичинхорлоог хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Ц.Ганболд нь 274 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1095 тоот албан бичгээр П.Ичинхорлоог залилсан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон талаар тодруулж нэхэмжлэгч Ц.Ганболдод хариу өгчээ./3-р хх-79-106, 2-р хх-88-89 дэх талд/

 

П.Ичинхорлоогийн болон бусад хохирогч нарын гомдлоор Ц.Ганболдыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад тэрээр 2014.10.23-ны өдрөөс 2015.08.20-ны хооронд цагдан хоригдсон үйл баримт тогтоогдсон боловч шүүхээс түүний гэм буруутай үйлдлийг шалгаж тогтоосон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул Ц.Ганболдын гэм буруутай үйлдэлд Худалдаа хөгжлийн банк ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ганболдын эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд учирсан гэх нийт 50,000,000 төгрөгийг хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-аас гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан 5,000,000 төгрөг, архив, нотариатын зардал 134,200 төгрөг тус тус гаргуулах тухайд:

Монпасс интернэшнл ХХК түүнийг төлөөлж Ц.Ганболд өмгөөлөгч Ц.Раашзэвэгтэй 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн төлбөрийг жич тохиролцсон ба Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбар №10-т 5,000,00 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын банкны шилжүүлгийн баримтаар Нийслэлийн архивын газрын Төрийн сангийн 20051059 дансанд хуулбарын үнэ 12,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Төрийн сангийн 900005402 дансанд архив лавлагааны 5,500 төгрөг төлсөн талаар бичгийн баримтууд авагджээ./1-р хх-60, 63, 112, 241 дэх талд/

 

Гэхдээ энэ зардлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх нхэмжлэгчийн шаардаж буй зардлыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зээлийн эрхээ сэргээлгэх шаардлагын тухайд:

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах тул шүүх үүний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Иргэдийн төлөөлөгч Монпасс интернэшнл ХХК болон Ц.Ганболд нарын нэхэмжлэлтэй Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох гэм хор учруулсан хохирлыг хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-иас гаргуулж барагдуулах нь зөв гэж дүгнэсэн, дүгнэлтэд дурдагдсан хариуцагчийн гэм буруугийн талаар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй боловч гэм буруутай үйлдэл болон нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нараар нэхэмжлэлийн шаардлагад ногдох урьдчилан төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх, нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай талаар гаргасан хүсэлтийн тухайд:

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 41.1.9-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд 87,572,730 төгрөг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэх шаардлагадаа тэмдэгтийн хураамжид 666,014 төгрөг төлөх байснаас 70,200 төгрөгийг төлсөн, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04175 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар үлдэх 595,814 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулсан,

 

Нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тэмдэгтийн хураамжид 10,000 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн шаардлага 158,779,980 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид төлбөр зохих 951,848 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 09784 дүгээртай хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан, 2 дахь заалтаар нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нийт шаардлага 246,352,310 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 1,389,712 төгрөгийг хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлөхийг үүрэг болгосон боловч нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул 1,389,712 төгрөгийг нэхэмжлэгч нараас нөхөн гаргуулж, улсын төсөвт оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдох Банкны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол /95,783,121+55,134,200/ нийт 150,917,321 төгрөг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэх тухай нхэмжлэгч Монпасс интернэшнл ХХК, Ц.Ганболд нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 1,389,712 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ИЧИНХОРЛОО

 

Ө.УЯНГА