Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00954

 

М.И ХХК, Ц.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00521 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.И ХХК, Ц.Г нарын хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 150 917 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч М.И ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани Онцгой байдлын ерөнхий газраас 2008 онд зарласан улсын нөөцөд малын тэжээл худалдан авах тендерт шалгаран, К.Бнаас зээл авч, тендерийн ажлаа гүйцэтгэсэн. Гэтэл ХХБ тус компаний 453047793 харилцах данснаас зориулалтын дагуу ашиглаж байсан К.Бны зээл 34 915 682 төгрөгийг огт мэдэгдэлгүй 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банканд шилжүүлж иргэн, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, хэлцлүүдийг биелэгдэх боломжгүй болгож нэр төр, бизнесийн харилцаанд ноцтой хор хохирол учруулсан. Үүний улмаас Говь-Алтай аймаг руу нийлүүлэх 101.3 тн тэжээл тасарч, тус компаний Хаан банк дахь 5033173796 тоот харилцах данснаас ОБЕГ 167 034 418.26 төгрөгийн санхүүжилтээ 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдөр татан авч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 912 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 104 дүгээр тогтоолоор М.И ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд их хэмжээний зээл, зээлийн хүү, алданги төлөх болж, К.Бтай 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 466 тоот 120 000 000 төгрөгийн зээлийн гэрээ Монголбанкны мэдээллийн санд бүртгэгдэн М.И ХХК, захирал Ц.Г нар банк санхүүгийн байгууллагуудаас бүтэн 10 жил зээл, санхүүжилт авч чадахгүй хохирч байна. ХХБийг эрүүгийн 21040691 хэрэгт иргэний хариуцагчаар татсан ч прокурор хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2010 оны 82 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1704 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2013 оны 184 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 241 тогтоолоор Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6, мөн төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөн ХХБны хууль бус үйлдлийг тогтоосон. Иймд ХХБны буруугаас учирсан гэм хорын хохирол К.Бны зээл 34 915 682 төгрөг, 466 дугаар зээлийн гэрээнд заасан хүү, алданги 40 222 848 төгрөг (2009 оны 01 сараас 2012 оны 04 cap), өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан 12 300 000 төгрөг, архив, нотариатын үйлчилгээ 134 200 төгрөг, нийт 87 572 730 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ХХБнаас гаргуулж, мөн зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргаж байна. М.И ХХК, Ц.Г нарын нэхэмжлэлтэй, ХХБанд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр нийт 158 779 580 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд, зориулалтын дагуу ашиглаж байсан К.Бны зээл 34 915 682.43 төгрөгийг хууль бусаар Капитрон банкинд шилжүүлж, гүйцэтгэлээр санхүүжих ОБЕГ-т малын тэжээл нийлүүлэх тендерийн ажил саатуулсан ХХБны буруугаас ОБЕГ, М.И ХХК-ийн Хаан банк дахь 5033173796 харилцах дансанд байршуулсан 167 034 418.26 төгрөгийн санхүүжилтээ татан авч, М.И ХХК, К.Бны зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсноос захирал Ц.Г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зуйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, тус компани бүтэн 10 жилийн орлогоо алдаж, хохирсон. Аудит баталсан 2008 оны жилийн санхүүгийн тайлангаар М.И ХХК жилд 8 605 958.24 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. ААН-ийн 10 жил тасарсан орлого 86 059 580 төгрөг, К.Бны зээл 34 915 682.43 төгрөг хууль бусаар бусдад шилжүүлсэн ХХБны буруугаас хамтран зээлдэгч иргэн Х.О, П.И нар залилуулсан гэх гомдол гаргаж, уг зээлээ ХХБнаас буцаан авч чадаагүйгээс М.И ХХК их хэмжээний зээлийн хүү, алданги хүлээн захирал Ц.Г олон жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, нийт 274 хоног цагдан хоригдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 425 тоот шийтгэх тогтоолоор иргэн П.Игийн 20 000 000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт яллагдаж хохирсон. Мөн олон жил сэтгэл санааны шаналал, зовиурт баригдсанаас эдгэрэхгүй өвчин тусч, СХД-ийн эрүүл мэндийн төвийн эмч нарын комиссын 2014 оны 41/145 шийдвэрээр амбулаторын байнгын хяналтанд орж эрүүл мэндээр хохирсон. Баталгаажуулах ажлын тайланд 466 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээл 34 915 682.43 төгрөгт оногдуулсан хүү, алдангийг 43 842 924.11 төгрөг гэж хараат бус аудитор тодорхойлсон. Нэхэмжлэлийн 34 915 682.43 төгрөгт оногдох хүү, алдангийн баталгаажуулах ажлын тайланд тодорхойлсон зөрүү 3 620 000 төгрөг гэж, М.И ХХК иргэн П.Итой хамтран К.Б ХХК-тай 2008 оны 9 сарын 03-ны өдөр 466 тоот зээлийн болон барцааны гэрээ байгуулж, сарын 2,4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 120 000 000 төгрөгийн, мөн иргэн Х.Отэй хамтран мөн тус банктай 2008 оны 9 сарын 18-ны өдөр 495 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 2,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 87 000 ам.долларын /100 000 000 төгрөг/ зээлүүд авч ОБЕГ-ын 2008 оны малын тэжээл нийлүүлэх тендерт 120 000 000 төгрөг зарцуулсан М.И ХХК-ийн 453047793 харилцах данснаас 2008 оны 12 сарын 25-ны өдөр зориулалтын дагуу ашиглаж байсан зээл 34 915 682 төгрөгийг дур мэдэн Капитрон банк ХХК-д шилжүүлж, тус компанийг үндэслэлгүй их хэмжээний зээл, зээлийн хүү, алдангийн өр төлбөрт оруулсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 82 тоот тогтоолоор Иргэний хуулийн 445 дүгээр зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6, төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг хийгээд харилцагчийн эрхийг зөрчсөн ХХБ ХХК-ийн буруугаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 тогтоол гарч, тус компани 466 тоот зээлийн гэрээний төлбөрт зээл, зээлийн хүү, алданги нийт 89 178 431 төгрөг төлөх болсон. ХХБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нар хууль зөрчсөнөөс тус компани Монголбанкны мэдээллийн сангийн бүртгэлд орж, хамтран зээл авсан П.И гомдол гарган Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурорын газар 2015 оны 5 сарын 25-ны өдөр надад эрүүгийн 201525030554 дугаартай хэрэг үүсгэн, 2010 оны эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж, өнөөг хүртэл зээлийн барьцааг чөлөөлөх боломжгүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/610 тогтоол П.Иг хуурч, 20 00 000 төгрөг залилсан гэж намайг яллан, М.И ХХК болон надад онц их хэмжээний хохирол учруулсан. Үүнд М.И ХХК-д зээлийн гэрээний 34 915 682 төгрөг 2009-2012 оны 48 сарын 2.4 хувийн хүү 40 222 866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 044 573 төгрөг, нийт 83 183 121 төгрөг, (466 зээлийн гэрээ, шүүхийн магадлал, шийтгэх тогтоол,) 2015-2019 оны олох байсан орлого 43 029 790 төгрөг, (2008 оны жилийн санхүүгийн тайлан), аудитын дүгнэлт гаргуулсан 300 000 төгрөг, (Гэрээ, төлбөрийн баримт), өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 12 300 000 төгрөг, (Гэрээ, төлбөрийн. баримт) нийт 138 812 911 төгрөг, Ц.Год 2015-2019 оны 56 сарын тасарсан цалин, нийгмийн даатгал 84 000 000 төгрөг, (НДЕГ-ын цахим тодорхойлолт, 2014 оны тушаал), П.Иг хуурч, 20 000 000 төгрөг залилсан гэх гэмт хэрэгт яллагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, ажил, амьдралд учирсан хохирол 50 000 000 төгрөг (2019 оны шийтгэх тогтоол), өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан 5 000 000 төгрөг, (гэрээ.төлбөр баримт), архив, нотариатын үйлчилгээ авсан 134 200 төгрөг, (төлбөрийн баримт) нийт 139 134 200 төгрөг. Иймд ХХБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол 277 947 111 төгрөгийг гаргуулж, зээлийн эрх сэргээлгэх гэж, тус компаний санхүүд аудит, шинжээчийн дүгнэлт гаргасан хөлс, Ц.Гын тасарсан цалин, нийгмийн даатгал, нийт 9 900 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Бэст фортуна-аудит ХХК-ний үйлчилгээний хөлс 500 000 төгрөг, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2011 онд гаргасан дүгнэлтийн ажлын хөлс 400 000 төгрөг, Ц.Гын 2020 оны 01 сарын 01-нээс 6 сарын 30-ны өдөр хүртэл тасарсан цалин, нийгмийн даатгал 9 000 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөг болно. Иймд ХХБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол 277 947 111 төгрөгийг гаргуулж зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлүүд гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Гыг Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай Жин и жао ХХК-ийн эрх бүхий этгээдийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2011 онд 21032899 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоол, мөн иргэн Х.Оийн гомдлоор 2010 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21040691 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 201525030554 дугаартай эрүүгийн хэрэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан бусад хэд хэдэн иргэдийн гомдлуудын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 184.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан тус тус эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Эдгээр эрүүгийн хэргийг нэгтгэн, 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 тоот шийтгэх тогтоолоор эцэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаарх дүгнэлтэд шүүгдэгч Ц.Г нь бусдыг залилсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнээд тогтоох хэсэгт 20 000 000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчийн тус банктай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь ойлгомжгүй, хоорондоо ямар ч уялдаа холбоогүйн дээр тус банкны ямар гэм буруутай үйлдэлтэй ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь тодорхойгүй буюу нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч М.И ХХК болон иргэн Ц.Г нар нь К.Бинд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл бүхий иргэний хэрэг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1764 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02102 дугаартай магадлал гарсан байна. Уг нэхэмжлэлд К.Б ХХК-ийн буруугаас тус компани болон захирал Ц.Г эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт залилсан гэж 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай агийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт олон жил шалгуулж хохирсон. Ц.Г бүтэн 10 жил онц хүнд гэмт хэрэгт шалгуулж, 2 удаа 11 жилийн хорих ял сонсож, 274 хоног цагдан хоригдож, нийгмийн халамж үйлчилгээ олон жил тасарснаас иргэн Ц.Г би хүнд өвчтэй болж, иргэн П.Иг хуурч, 20 сая төгрөг залилсан гэмт хэрэгт яллагдан, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Иймд иргэн Ц.Гын хувьд эрүүл мэндэд учирсан хохиролд 100 000 000 төгрөг, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан хохирол 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1764 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан. Энэхүү шүүхийн шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч нь К.Бны буруугаас нэхэмжлэгч Ц.Год холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж үзэн, нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл дээрх нэхэмжлэл нь тус банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй яг ижил буюу ХХБны буруугаас захирал Ц.Год олон жил онц хүнд гэмт хэрэгт 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт шалгуулж, нийт 274 хоног цагдан хоригдож, мөн олон жил сэтгэл санааны шаналал, зовиурт баригдснаас эдгэрэхгүй өвчин тусч, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тодруулбал, К.Бны буруугаас эрүүгийн хэрэгт шалгуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон гэж нэхэмжилсэн атал тус банкны буруугаас мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрд учирсан гэм хорын хохирол гаргуулах гэх үндэслэлээр хохирлыг тус бүр 2 этгээдээс нэгэн зэрэг давхардуулан гаргуулахаар шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 65.1.6-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Ц.Гын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй буюу 21040691 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдах болсон нь тус банкны гэм буруугийн ямар үйлдэл болон шалтгаант холбоотой нь тодорхойгүй буюу ямарч уялдаа холбоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч М.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно. М.И ХХК нь 446 тоот зээлийн гэрээний 83 183 121 төгрөг, аудитын гэрээний төлбөр 300 000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө 12 300 000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. М.И ХХК-ийн К.Бтай байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 466 тоот зээлийн гэрээний өр төлбөр, компанийн олох ёстой байсан орлого зэргийг ХХБнаас нэхэмжилж буй үйлдэл нь тус банкны 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэсэн төлбөрийн гүйлгээтэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч М.И ХХК нь төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний болон түүнтэй холбоотой гэх үйл баримттай холбогдуулан удаа дараа нэхэмжлэл гаргаж ирсэн байдаг. Үүнд: Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай адил А/33 дугаартай нэхэмжлэлийг 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тус нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл ХХБ нь М.И ХХК-ийн данснаас 34 915 682.43 төгрөгийг дур мэдэн бусдад шилжүүлж өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, уг байдлаас тус компани ОБЕГ-тай байгуулсан гэрээний ажил, өглөг тэдгээртэй холбоотой хохирол буюу гэм хорын хохирол 22 537 144 төгрөг, компанийн зайлшгүй олох байсан орлого 12 000 000 төгрөг, ХХБ-ийн хууль бусаар авсан 34 915 682.43 төгрөг, гэрээний үүргийг зөрчсөний хариуцлага алданги 6 248 408 төгрөг, нийт 75 701 237.43 төгрөгийг ХХБнаас гаргуулж, тус компанийг хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжисэн байдаг. А/33 дугаар нэхэмжлэлтэй иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянаад 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн болно. Тодруулбал, хяналтын шатны шүүх 82 дугаар тогтоолын 4 дүгээр хуудас хянавал хэсэгт М.И ХХК, ХХБны буруутай үйл ажиллагаанаас өөрийн компанид хохирол учирсан гэх энэ байдлаа нотолж чадаагүй, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ төлсөн хэрэгт авагдсан баримтууд компанид учирсан хохирлыг нотлохгүй байна. Энэ байдлаас шалтгаалан М.И ХХК өөрт учирсан хохирол гэх боловч хохирлынхоо төрөл болон хэмжээг баримтаар нотолж чадаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв гэж тус тус дүгнээд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гийгиймаагийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн байдаг. Мөн М.И ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ХХБанд холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус үндэслэл, шаардлага нь 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага адил байсан. Тодруулбал, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин гаргасан 12/Н-14 дугаартай нэхэмжлэлдээ М.И ХХК-ийн данснаас ХХБ нь 34 915 682.43 төгрөгийг огт мэдэгдэлгүйгээр Капитрон банкны албан бичгийг үндэслэн шилжүүлж, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирснаас үүдэж, компанийн захиралд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулаад байна. Иймд банкны үйлдэл үйл ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоож өгөн үү гэж тодорхойлж, шаардлага гаргасан. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг хянаад 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1704 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч М.И ХХК-ийн нэхэмжилж буй хохирлыг тус банкны 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийсэн төлбөр тооцооноос болж учирсан гэж үзэн удаа дараа шүүхэд уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Шүүх энэ бүх нэхэмжлэлийг удаа дараа дүгнэн үзэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид нь М.И ХХК болон ХХБны хооронд байгуулагдсан 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гүйлгээ хийсэн гэх үндэслэлээр тус банкийг буруутгаж, нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19/96 тоот нэхэмжлэлд ХХБ нь төлбөр тооцоо, үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж агуулгыг дурджээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан байгаагаас үзвэл М.И ХХК болон ХХБ хооронд байгуулагдсан 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн гэрээний үүрэг зөрчигдөж, шаардах эрх үүссэнээс хойш 3 жил байна. Өөрөөр хэлбэл, харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж харилцагчийн мөнгөн хөрөнгийн дур мэдэн шилжүүлсэн гэх өдөр 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч болох М.И ХХК нь тус банктай байгуулсан харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар дээр дурдсан. Уг он цагийн дарааллаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2009 оны 4 дүгээр сарын 29, 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрүүдэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус тасалдаж байсан байна. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо дахин шинээр эхэлдэг. Эдгээрээс дүгнэж үзвэл, харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, уг хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон буюу Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 тоот тогтоол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох зарчмын дагуу тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсноор дахин шинээр тоолбол 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ. Иймд М.И ХХК болон иргэн Ц.Г нар нь харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгч М.И ХХК болон Ц.Г нарын нэхэмжлэлтэй ХХБ ХХК-д холбогдох гэм хор учруулсан хохирлыг хариуцагч ХХБ ХХК-иас гаргуулж барагдуулах нь зөв гэж дүгнэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч ХХБ ХХК-д холбогдох Банкны хууль зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол нийт 150 917 321 төгрөг гаргуулах, зээлийн эрхээ сэргээлгэх тухай нхэмжлэгч М.И ХХК, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 389 712 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Үүрэг гүйцэтгэгч М.И ХХК нь Иргэний хуулийн 216 зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Мөн М.И ХХК нь 2009 оны 4 сараас К.Бтай 2008 онд байгуулсан 466 зээлийн гэрээний зээл 34 915 682 төгрөг бусдад шилжүүлж, Иргэний хуулийн 445, 446 зүйл, заалтууд зөрчсөн ХХБны асуудлаар холбогдох шүүх, прокурорт 2009-2018 онд хандаж, Улсын Дээд шүүхийн 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоол, мөн Улсын Дээд шүүхийн 2013 оны 4 сарын 25-ны өдрийн 241 тогтоол хүчин төгөлдөр болсон, Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөр 2012 оны 6 сар ын 14-ны өдөр 290 тоот, Нийслэлийн Прокурорын газрын 2012 оны 7 сарын 04-ний өдөр 5/1401 тоот, эрүүгийн 21040691 хэрэгт ХХБыг иргэний хариуцагчаар татсан 2013 оны 6 сарын 18-ны өдөр 5/401 тоот, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн 2013 оны 9 сарын 06-ны өдрийн тогтоол, Прокурорын газрын 2014 оны 8 сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 5/309 тоот тодорхойлт, 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 5/76 хариу, УЕПГ-ын 2017 оны 02 сарын 23-ны өдөр 1/334 тоот хариу, Монголбанкны 2017 оны 10 сарын 09-ний өдрийн А-6/1036 хариу, СБДИХАШШ-ийн 2018 оны 3 сарын 22-ны өдрийн 181/Ш32018/03555 тоот захирамж, 2018 оны 4 сарын 05-ны өдрийн 181/Ш32018/04175 тоот захирамж, 2018 оны 5 сарын 04-ний өдрийн 181/Ш32018/ 05482 тоот захирамж, 2018 оны 6 сарын 28-ны өдрийн 181/ШТ2018/00245 дугаар тогтоол, 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 181/ШТ2018/ 00403 тоот тогтоол, ЧДЭХАШШ-ийн 2013-2019 оны тогтоол, магадлал, хяналтын шатны тогтоол зэрэг хугацааг тооцох шүүх, прокурорын хариу мэдэгдэл, шийдвэр, магадлал, тогтоолууд хэрэгт авагдсан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч 2018 оны 3 сарын 15-ны өдөр хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 82 зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх заалтад нийцсэн гэж ХХБанд илт үйлчлэн М.И ХХК-ийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль нийцээгүй байна. Мөн 466 дугаар зээлийн гэрээний зээл 34 915 682 төгрөг харилцах данснаас огт мэдэгдэлгүй бусдад шилжүүлж, Иргэний хуулийн 445, 446 зүйл, заалтуудыг зөрчсөн ХХБ М.И ХХК-ийг их хэмжээний үндэслэлгүй зээл, зээлийн хүү, алдангийн өр төлбөрт оруулсан хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, энэ хууль зөрчсөн үйлдлийн улмаас захирал Ц.Г 2010 оноос Эрүүгийн 21040691 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт арван жил шалгуулж, энэ хугацаанд 2 удаа 11 жилийн хорих ял сонсон 274 хоног хоригдож, тус компанитай хамтран зээл авсан П.Иг залилсан гэж яллагдан эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил амьдрал, эд хөрөнгөөр бүрэн хохирсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 тогтоол хүчин төгөлдөр болсон тул Ц.Гын гэм буруутай үйлдэлд ХХБ ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй, Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан заалттай нийцэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг тогтоон хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.И ХХК, Ц.Г нар хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 150,917,321 төгрөг болгон багасгаж, зээлийн эрх сэргээлгэх шаардлагаа дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Нэхэмжлэгч М.И ХХК-ийн хувьд ... ХХБ ХХК нь К.Бны зээлийн үүрэгт эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр тус компанийн 453047793 тоот данснаас 34 915 682 төгрөгийг шилжүүлсний улмаас их хэмжээний зээл, зээлийн хүү, алданги төлсөн, зээлийн асуудлаар Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдсний улмаас банк, санхүүгийн байгууллагаас зээл, санхүүжилт авч чадахгүй хохирсон гэх үндэслэл зааж, 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн К.Б ХХК-тай байгуулсан 466 тоот зээлийн гэрээтэй холбоотой хохиролд буюу үндсэн зээлд төлсөн 34,915,682 төгрөг, 2009-2012 оны 48 сарын 2.4 хувийн хүү 40,222,866 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,044,573 төгрөг, нийт 83,183,121 төгрөг, Аудитын дүгнэлт гаргуулсан 300,000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсан 12,300,000 төгрөг, нийт 95.783.121 төгрөгийг гаргуулж, зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, уг асуудлыг өмнө шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, маргажээ.

Хэрэгт хүчин төгөлдөр болсон Чингэлтэй дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 881 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоол авагдсан байна. /1хх-128-134/

Уг бичгийн нотлох баримтуудаар М.И ХХК, ХХБ ХХК-д холбогдуулан Капитрон банк руу шилжүүлсэн 34 915 682 төгрөг, учирсан хохирол 22 537 144 төгрөг, зайлшгүй олох байсан орлого 12 000 000 төгрөг, алданги 6 248 408 төгрөг, нийт 75 701 234 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, Улсын Дээд шүүхийн 2010 оны 82 дугаар тогтоолоор нэхэмжлэгч М.И ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр тус компанийн данснаас 34 915 682,43 төгрөгийг Капитрон банк ХХК-ийн зээлийн өр төлбөрт 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн хариуцагч ХХБ ХХК-ийн үйлдэл Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал хариуцагч компаниас хохирол шаардаж буй үндэслэлээ тухайн үед шүүх хохирлоо нотлоогүй гэж дүгнэсэн гэж тайлбарлан К.Бны зээлд төлсөн 34 915 682 төгрөг, 2009 оны 01 дүгээр сараас 2012 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд 466 тоот зээлийн гэрээнд заасан хүү, алданги 40 222 848 төгрөгийг хариуцагч ХХБ ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэгт К.Бны нэхэмжлэлтэй, М.И ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 100 473 035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоол, Хараат бус аудиторын дүгнэлт, зэрэг баримтууд авагджээ. /1хх-44-51, 155-158, 24-26, 36-40/

Дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр хариуцагч ХХБ ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.И ХХК нь төслөө хэрэгжүүлэх боломжгүй болсон, Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийн хэмжээгээр хохирч, илүү хүү, алданги төлсөн, цаашид санхүүжилт авч чадахгүй болж хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч компани, өмгөөлөгч Г.Тунгалаг Б.Гийгиймаа нарт өмгөөллийн хөлс төлсөн гэх үйл баримтыг хэргийн 24-26 дах талд буй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө төлсөн баримт зэрэг баримтууд эргэлзээгүй нотлохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Зөв зохицол партнерс ХХК-аас эрх зүйн туслалцаа авч хөлс төлж байсанд хариуцагч гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч ХХБ ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарласан нь хуулийн үндэслэлтэй байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Харилцах данс нээж, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ-тэй холбоотой маргааныг Улсын Дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн үйл баримт дээр тогтоогдсон.

Нэхэмжлэгч компанийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч уг шийдвэрээр шийдвэрлээгүй хохирол шаардаж буй тохиолдолд дээрх шийдвэр гарсан үеэс эхлэн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасан байна. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч М.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.И ХХК-ийн захирал Ц.Гын давж заалдах гомдолдоо дурдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул нотлох баримтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч ХХБ ХХК-ийн дээрх буруутай үйл ажиллагааны улмаас иргэн П.Иг хуурч, 20 сая төгрөг залилсан гэмт хэрэгт яллагдаж хохирсон учирсан гэх үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө авсан 5 000 000 төгрөг, архив, нотариатын үйлчилгээ авсан 134 200 төгрөг, нийт 55 134 200 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан прокурорын тогтоол, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг бичгийн баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулиар тогтоосон журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.

Тодруулбал, дээрх хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Ц.Г нь иргэн П.Иг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн энэ үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа түүнийг 274 хоног цагдан хорьсон үйл баримт тогтоогджээ. /хх-___/

Нэхэмжлэгч Ц.Г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд хариуцагч ХХБ ХХК-ийн гэрээний үүрэг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой, үүний улмаас нэхэмжлэгч нь цагдан хоригдож, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн заасантай нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч М.И ХХК, Ц.Г нар хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан нийт 277 947 111 төгрөг гаргуулж, зээлийн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан учир түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1 647 886 төгрөг төлөхөөс 80 200 төгрөг төлжээ. /1хх-4, 162/ Тэрээр улсын тэмдэгтийн хураамжаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг шүүх хүлээн аваад шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/04175, мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2018/09784 дугаартай захирамжаар тус тус хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр хойшлуулжээ. /1хх-103, 198, 2хх-6/ Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь улсын тэмдэгтийн хураамжийг багасгах үндэслэл болохгүй учир тэдгээрийг шүүгчийн захирамжид заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой 1 567 686 төгрөгөө төлөөгүй байна.

Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 389 712 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа хэдий ч хариуцагч тал энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хүсэлтээр давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж буюу 912 536 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар хойшлуулж шүүгчийн захирамж гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс уг хураамжийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийн заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.И ХХК, Ц.Г нараас давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 912 536 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД