Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00618

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00618

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 07 дугаар хороо, Жаргалантын 13, 13-313 тоотод байрлах, Арвин алтан бумба ХХК /рд:5533147/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14230 Нарны зам гудамж 62 байр А блок 1608 тоотод байрлах, Ви Эйч энд Би ХХК /рд:5148618/-д холбогдох,

БУА18/03, БУА18/04 тоот гэрээний гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 115,263,657 төгрөг, 2017 оны гэрээний үлдэгдэл 20,476,318 төгрөг, нийлээд 135,739,975 төгрөг гаргуулах үндсэн,

Гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдлын улмаас учирсан хохирол 24,205,000 төгрөг, илүү төлсөн 67,768,555 төгрөг, нийлээд 91,975,555 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Билгүүнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одончимэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шинжээч Э.Ганбаатар, Г.Ширнэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Арвин алтан бумба ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ви Эйч энд Би ХХК-тай Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх БУА18/03 тоот, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгын дотор халаалт цэвэр бохир усан хангамж энгийн галын систем агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх БУА18/04 тоот гэрээг тус тус байгуулсан.

БУА18/03 тоот гэрээгээр гүйцэтгэгч буюу Арвин алтан бумба ХХК нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын 2 давхар Ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, Узель угсралтын ажлыг гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг хүлээхээр; БУА18/04 тоот гэрээгээр гүйцэтгэгч нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын 2 давхар карго, Аеродром барилгуудын дотор халаалт, цэвэр бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг хүлээхээр тус тус тохиролцсон. 03 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 97,604,300 төгрөг, 04 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 433,055,600 төгрөг, нийлээд 530,659,900 төгрөг болно.

Гүйцэтгэгч буюу Арвин алтан бумба ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж нийт ажлын 95 хувийг хийсэн боловч захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж хууль бус үндэслэлгүй тайлбар гарган, барилгын талбайгаас хөөж, өөр компаниар ажил гүйцэтгүүлж, цаашид гэрээнд заасан ажил явагдах боломжгүй болсон тул 03, 04 тоот гэрээг цуцлаж, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан.

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авлага өглөгийн тооцоог 2 тал харилцан нийлээд, Арвин алтан бумба ХХК 03, 04 тоот гэрээний хувьд 166,429,900 төгрөгийн авлагатай гарсан. Үүнээс хойш хариуцагчаас 18,000,000 төгрөгт бодож 1 авто машин авсан. Хэрэгт баримт нь байхгүй, гэхдээ бид нар авснаа зөвшөөрнө маргахгүй. 166,429,900 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг хасахаар 148,429,900 төгрөг болж байгаа. Талууд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлын гүйцэтгэлийг шалгаж, Арвин алтан бумба ХХК хэдий хэмжээний ажил хийсэн гэдгийг талууд харилцан тохиролцож хүлээж авсан акт үйлдсэн. Үүнээс дундажлаж үзэхэд 93,75 хувийн ажлыг гүйцэтгэсэн байна гэж гарсан. Нийт ажлын 6,25 хувийг дутуу гүйцэтгэсэн байна. Энэ цагаас эхлээд хариуцагч тал төлбөрийг төлөхгүй удааширсан. Мөн элдэв янзын тайлбар хийгээд, Арвин алтан бумба ХХК-ийн ажилчдыг барилгын талбай руу оруулахаа больсон. Тэр тусгай хамгаалалттай бүс учраас зөвхөн хариуцагчийн зөвшөөрлөөр хүмүүсийг нэвтрүүлдэг. Нэвтрэх үнэмлэх олгохгүй, олгосон нэвтрэх үнэмлэхээ хүчингүй болгож, орох ямар ч боломжгүй болгосон. Тиймээс гэрээнд заасан 6.25 хувийн ажил хийж чадаагүй орхисон.

Нийт гэрээний үнийн дүн 530,659,900 төгрөг, үүнээс дутуу гүйцэтгэсэн 6.25 хувийг бодохоор 33,166,243 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 148,429,900 төгрөг үлдсэн. Үүнээс дутуу гүйцэтгэсэн 6.25 хувьд ногдох 33,166,243 төгрөгийг хасахаар 115,263,657 төгрөг гарч байгаа учир 03, 04 тоот гэрээний үлдэгдлийг шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 03, 04 тоот гэрээний өмнө 2 тал 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөн шинэ нисэх онгоцны буудлын 4 давхар захиргааны барилгын дотор халаалт, цэвэр бохир усны системийн усралтын ажил гүйцэтгэх тухай БУА170705/01 тоот гэрээ байгуулаад ажлаа хүлээлгэж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөг авлагын тооцоо хийхдээ энэхүү гэрээний үйлдэл 20,476,318 төгрөгийг өгөх ёстой гэсэн тооцоо хийгээд 2 тал гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулсан учраас энэ мөнгийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 2018 оны 2 гэрээний үлдэгдэл 115,263,657 төгрөг, 2017 оны 01 тоот гэрээний үлдэгдэл 20,476,318 төгрөг, нийт 135,739,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь Арвин алтан бумба ХХК-тай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компани юм. Тус компанитай 2018 оны 01 сарын 04-ний өдрийн БУА18/03 тоот УБХНОШБ-ын Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилга-уудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ, болон 2018 оны 01 сарын 04-ний өдрийн БУА18/04 тоот УБХНОШБ-ын Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилга-уудын дотор халаалт, цэвэр, бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулан ажилласан боловч ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Арвин алтан бумба" ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхгүй, хийсэн ч чанарын хувьд доголдолтой хийсэн байсан.

Гэвч манай компанийн зүгээс олон ажилд хамтарч ажиллаж байснаа бодоод гэрээнд заасан ажлаа хугацаанд нь гүйцэтгүүлэхээр удаа дараа шаардсан боловч ажлыг тэр чигээр нь орхиж, явсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрсэн гэдэг нь үнэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хийж гүйцэтгэсэн ажлууд нь чанарын хувьд шаардлага хангахгүйгээс болж өөр ажил гүйцэтгэгчээр солиулах, засварлуулах зэргээр манай компани харин ч хохирсон. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 166.252.919 төгрөгийг нэхэмжлэсэн нь үндэслэлгүй байна. Манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ зөрчиж, нэхэмжлэгч "Арвин алтан бумба ХХК-ийг хохироосон зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэxэмжлэлээс 2017 оны гэрээний үлдэгдэл 20,476,318 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 03, 04 тоот гэрээний үлдэгдэл санхүүжилт гэх 115,263,657 төгрөгийг xүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Арвин алтан бумба ХХК болон Ви Эйч энд Би ХХК-иудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан БУА18/03, болон БУА18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил чанарын болон биет байдлын доголдлын улмаас учирсан хохиролд 146,826,133 төгрөгийг нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

Уг иргэний хэргийн нэхэмжлэгч Арвин алтан бумба ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БУА18/03, болон БУА18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгон тайлбарлаж, гэрээнд заасан ажлыг 95 хувь гүйцэтгэсэн гэж маргаж байна. Гэтэл бодит байдал дээр хийгдсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй, эхнээсээ эвдрэл, гологдол гарсан, холбогдох норм стандартад нийцэхгүй, дутуу хийсэн зэрэг доголдолууд гарч манай компанид маш их хохирол учруулаад байна.