Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00026

 

 

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00026

 

 

 

 

Арвин алтан бумба ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2019/02374 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Арвин алтан бумба ХХК-ийн хариуцагч Ви Эйч энд Би ХХК-д холбогдуулан материалын үнэ болон гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 166 252 919 төгрөг гаргуулах  хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Билгүүнжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн төлөөлөгч Г.Ванчинхүү, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Арвин алтан бумба ХХК нь 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ви Эйч энд Би ХХК-тай ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, нисэх буудлын засвар үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх БУА18/03 тоот, ачаа шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар үйлчилгээний барилгын дотор халаалт цэвэр бохир усан хангамж энгийн галын систем агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх БУА18/04 тоот гэрээг тус тус байгуулсан. БУА18/04 тоот гэрээгээр гүйцэтгэгч нь Төв аймгийн Хөшигтийн хөндийд байрлах Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын 2 давхар карго, Аеродром барилгуудын дотор халаалт, цэвэр бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид хөлс төлөх үүрэг хүлээсэн. БУА18/03 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 97 604 300 төгрөг, БУА18/04 тоот гэрээний НӨАТ орсон нийт үнэ 433 055 600 төгрөг нийт 530 659 900 төгрөг болно. 2 гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хөлс нийт 100 000 000 төгрөг бөгөөд үлдсэн нь нийлүүлэх материалын зардал юм. Уг ажил дээр Барилгын хөгжлийн төв тусгай хяналт тавьсан бөгөөд үүнээс гадна зураг төсөл гүйцэтгэгч болон захиалагч компанийн хяналтын дор бид ажлаа хийж, актаар 95 хувийн гүйцэтгэлтэй болох нь тогтоогдоно. Сантехникийн ажил учраас шахаж шалгасан болон сорил тавьсан актаар ажлын үр дүн бүрийг тухай тухайд нь хүлээн авч байсан. БУА18/03 тоот гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 20-оос 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, БУА18/04 тоот гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 08-аас 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл байсан боловч санхүүжилт хугацаандаа хийгдээгүйгээс болж хугацаа хойшилсон. Ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч тал гэрээт ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж доголдолгүй хийж ирсэн. Гэтэл 2019 оны 3 сарын дундаас хариуцагч байгууллага барилгын талбай руу оруулахгүй, биднээр ажил гүйцэтгүүлэхгүй гэсэн. 2 тал 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн. Энэ актад хариуцагч компанийн ня-бо гарын үсэг зурж тамга дарсан. Өглөг, авлагын тооцоогоор үлдэгдэл 168 906 218 төгрөг гарсан тул нийт гэрээт ажлын гүйцэтгээгүй 5 хувьд ногдох 2 653 299 төгрөгийг хасаж, үлдэх 166 252 919 төгрөгийг авах ёстой. Иймд Ви Эйч энд Би ХХК-тай байгуулсан БУА18/03, БУА18/04 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын үнийн үлдэгдэл 166 252 919 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Манай компани нь Арвин алтан бумба ХХК-тай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч компани юм. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БУА18/03 тоот УБХНОШБ-ын Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ, болон 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БУА18/04 тоот УБХНОШБ-ын Ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, Нисэх буудлын засвар, үйлчилгээний барилгуудын дотор халаалт, цэвэр, бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан ажилласан боловч ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Арвин алтан бумба ХХК гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхгүй, хийсэн ч чанарын доголдолтой ажил гүйцэтгэж байсан. Манай компанийн зүгээс олон ажилд хамтарч ажиллаж байснаа бодоод гэрээнд заасан ажлаа хугацаанд нь гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч ажлаа орхиж явсан бөгөөд нэхэмжлэлд дурдсанчлан ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрсэн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй худал. Мөн хийж гүйцэтгэсэн ажлууд нь чанарын хувьд шаардлага хангахгүйгээс болж өөр ажил гүйцэтгэгчээр солиулах, засварлуулах зэргээр манай компани харин ч хохирч байна. Нэхэмжлэгч 166 252 919 төгрөгийн тооцоолол хийсэн байх боловч энэ нь үндэслэлгүй, тооцооллын алдаатай байна. Манай компанийн хувьд гэрээнд заасан үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан Ви Эйч энд Би ХХК-аас 132 664 877 төгрөг гаргуулан Арвин алтан бумба ХХК-д олгож, Арвин алтан бумба ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 588 042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 821 274 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ванчинхүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч гэрээт ажлуудыг 90-100 хувийн гүйцэтгэлтэй хийж, актуудаар шалгаж хүлээлгэж өгсөн, хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 364 230 000 төгрөгийг төлсөн үйл баримт тооцоо нийлсэн акт, сорилтоор шалгасан актууд, дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан актууд, 2 барилгын сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна гэжээ. Мөн ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үйлдэж, баталгаажуулсан актуудаар гүйцэтгэлийг сайн гэж дүгнэн хүлээн авсан талаар дурджээ. Гэвч эдгээр баримтууд нь бодит байдалд огт хийгдээгүй. Тухайлбал гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан 4 тоот актуудаар суурилуулан шалгасан гэсэн боловч хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Аэродромын барилга болон Каргоны барилгуудад хийсэн сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга гэх баримтад дурдсанаар галын систем 90 хувь хийгдсэн ба нөөцийн сав суухаар насос угсрагдана гэж зааснаас үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 90 хувь гүйцэтгэгдсэн байх ямар ч боломжгүй, зөрүүтэй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгааг харж болно. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн аэродромын барилга болон каргоны барилгуудад хийсэн сантехникийн ажлын гүйцэтгэлийн танилцуулга гэх баримтад гэрээнүүдэд заасан ажлуудыг 90-100 хувь хийгдсэн гэх боловч тайлбар хэсэгт нь дулаалга дутуу, тоноглол суух дутуу, нөөцийн сав суухаар насос угсрагдана гэхдээ материал нь татагдсан гэж дурдсан байгаа ажлууд нь энэ өдрөөс хойш огт хийгдээгүй, санхүүжилтээс хамаараад нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч компанийн эзэмшилд одоо байгаа. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан БУА18/03 болон БУА18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 1.1-д зааснаар гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, мөн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах материалыг нийлүүлэх үүргийг нэхэмжлэгч тал хүлээх ба энэ нь шүүхийн шийдвэрт дурдсанаар болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ юм. Гэрээний дагуу захиалагч нь манай компанид нийлүүлж, ажил гүйцэтгэх ёстой байтал ойролцоогоор 100 000 000 төгрөгийн үнэ бүхий дулаалгын болон галын системийн цэвэр усны насос, тоноглол зэргийг барилгын талбайгаас авч явж одоог хүртэл буцааж өгөөгүй. Гэрээний дагуу манай компанид нийлүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа хангуулах зорилгоор хуульд заасан арга хэмжээгээ авч, хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургаас харагдахын зэрэгцээ ажлын гүйцэтгэл 95 хувьд хүрээгүй болохыг харуулж байна. Түүнчлэн бусад гүйцэтгэсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй байсан болох нь хожим мэдэгдэж түүнийг хариуцагч манай компанийн зүгээс бусдаар засварлуулан шинэчлэх, дутуу хийсэн ажлуудыг гүйцэтгүүлэхээр хөлс төлсөн байдлаа нотлохоор хариуцагчийн зүгээс бодит байдал дээр ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай болох хийгдсэн ажлууд нь чанарын шаардлага хангах эсэхийг тогтоолгохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт, доголдлын улмаас учирсан хохирлоо гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зөвхөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсанаар манай зүгээс гэрээний хэдэн хувь нь доголдолтой болох мөн хэдэн хувь нь гүйцэтгэл дутуу болох түүнийгээ ямар зардал гаргаж бусдаар гүйцэтгүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүхийн шийдвэрээр дүгнэлгүй орхигдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар сөрөг нэхэмжпэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч хэдэн хувийн гүйцэтгэл дутуу, доголдолтой гэж үзэж байгаа тоог бичээгүйн төлөө нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзсэн нь манай компанийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээр дурдсан баримтууд нь гэрээнд заасан ажлын үр дүнг гэрээний талууд хүлээлцсэн баримтууд биш ба захиалагч Ви Эйч энд Би" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурж баталгаажуулаагүй, зөвшөөрөөгүй баримтууд байхын зэрэгцээ бодит байдалтай огт нийцэхгүй, хуурамч баримтууд. Энэ үндэслэлээ нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу тусгай мэдлэг шаардлагдсан асуудлаар эрх бүхий байгууллагыг шинжээчээр томилуулж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасаар байтал анхан шатны шүүхээс хүлээж аваагүй нь шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс татгалзалын үндэслэлийг нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, сөрөг нэхэмжлэл нь энэхүү нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байсан. Сөрөг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн авалгүй буцааснаар хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох боломжийг олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 166 252 919 төгрөгөөс 132 664 877 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 33 588 042 төгрөгийг хангалгүй орхиж, 33 588 042 төгрөгийн 20 476 318 төгрөг нь маргаж байгаа гэрээнүүдэд хамаарахгүй, өөр гэрээний үүрэгт хамаарах тооцоо гэж үзсэн нь үндэслэлтэй боловч үлдэх 13 111 724 төгрөгийг ямар үндэслэлээр, ямар баримтаар, хэрхэн хасаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, огт дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй. Хариуцагчийн зүгээс ямар төрлийн ажлын хөлсийг шүүхийн шийдвэрээр хасагдаж байгааг мэдэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, тодорхойгүй орхиж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1-д заасны дагуу хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Арвин алтан бумба ХХК нь хариуцагч Ви Эйч энд Би ХХК-д холбогдуулан материалын үнэ болон гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 166 252 919 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр УБХНОШБ-ын ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, нисэх буудлын засвар, үйлчилгээний барилгуудын дулааны узелийн материал нийлүүлэх, УБХНОШБ-ын ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, нисэх буудлын засвар, үйлчилгээний барилгын дотор халаалт цэвэр, бохир усан хангамж, энгийн галын систем, агаар халаагчийн системүүдийн материал нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байна.

Зохигчид ажлын хөлс, ажлын гүйцэтгэл чанарын доголдолын талаар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан БУА18/03, БУА18/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын чанарын болон биет байдлын доголдлын улмаас учирсан хохиролд 146 826 133 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлийн шаардаж, шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах, нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шинжээч томилох хүсэлтийг хангахгүй орхисон нь хуулийн үндэслэлгүй байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хохирлын тооцооллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах боломжтой. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ маргаан бүхий асуудлаар эхний ээлжинд бичгийн баримт ирүүлж мэтгэлцэсний дараа шинжээч томилох ажиллагааг явуулна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Хариуцагчийн шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2019/02374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ