Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00672

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00672

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2021 03 24 181/ШШ2021/00672

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг зураа 4-28 тоот хаягт оршин суух, Шарагчин овогт Чулуунбатын Батмөнх /РД:ФВ90111014/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 28, МПМ цогцолбор, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК /РД:2072572/-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 18,209,997 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Ч.Батмөнх нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1117 тоот тушаалаар Мобиком корпораци ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Уг тушаал нь үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дугаар шийдвэрээр Ч.Батмөнхийг Мобиком корпораци ХХК-ийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Хариуцагч Мобиком корпораци ХХК-ийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, уг гомдлыг 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн.

Одоо анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байгаа.

Ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нэг өдрийн цалинг 60,903 төгрөг гэж тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан.

Ажил олгогчийн төлөөлөгчтэй 2020 оны 11 дүгээр сард уулзсан боловч ажлын байр чинь байхгүй гэж мэдэгдсэн бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг ч тооцож олгоогүй, Ч.Батмөнх нь ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа бөгөөд, хэзээ ажилдаа орох нь тодорхойгүй байна. Иймд шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаас өөр аргагүйд хүрээд байна.

Ажил олгогчоос ажилд эгүүлэн томилсон шийдвэрийг гаргаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг ажлын хоногоор тооцвол: 2019 он 11 дугаар сард ажлын 12 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, 2020 он 01 дүгээр сард ажлын 22 хоног, 02 дугаар сард ажлын 18 хоног, 03 дугаар сард ажлын 21 хоног, 04 дүгээр сард ажлын 22 хоног, 05 дугаар сард ажлын 21 хоног, 06 дугаар сард ажлын 21 хоног, 07 дугаар сард ажлын 20 хоног, 08 дугаар сард ажлын 20 хоног, 09 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 22 хоног, 11 дүгээр сард ажлын 19 хоног, 12 дугаар сард ажлын 23 хоног, 2021 он 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын 14 хоног, нийт 299 хоног болж байна.

Энэхүү 299 хоногийг анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэг өдрийн цалин 60,903 төгрөгөөр тооцвол, нийт 18,209,997 төгрөг болж байх тул Мобиком корпораци ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин 18,209,997 төгрөгийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ч.Батмөнх нь ажилгүй байсан хугацааны цалин 18,209,997 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

Ч.Батмөнх болон Мобиком корпораци ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцож ХГ-18-30289 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулан салбарын жолоочоор ажиллуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд 23.1-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. гэж заасан бөгөөд талууд харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, байгуулна гэж заасны дагуу харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Иймд гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул Ч.Батмөнхийг ажилд эргүүлэн томилох эсвэл гэрээ сунгах үүргийг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуульд мөн үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байдаг.

Өөрөө хэлбэл Мобиком корпораци ХХК, Ч.Батмөнх нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан бөгөөд ажил олгогч нь гэрээний хугацаанд ажлын байраар хангах, ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогчийн хоороонд харилцан үүрэг үүсэж буй гэрээний зохицуулалтаар хязгаарлагддаг.

Харин ажил олгогчийн зүгээс гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээг цуцалсан шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хууль бусаар гэрээ цуцласан гэх гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд тухайн маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байх явцад гэрээний хугацаа дууссан. Ажил олгогчийн зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэл сонирхол байхгүй тул Ч.Батмөнхийг ажилд эргүүлэн томилох, гэрээ сунгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Ч.Батмөнх нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацааны цалин олговор шаардах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Мобиком корпораци ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Батмөнхөд олгох ажилгүй байсан хугацааны олговор болох 3,300,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан шилжүүлэн түүнд олгосон.

Мобиком корпораци ХХК-ийн орон нутгийн салбаруудад байнгын жолооч шаардлагагүй байдаг бөгөөд ажлын шаардлага хэрэгцээ хэр байхаас хамаарч жолооч ажиллуулдаг. Ч.Батмөнхтэй гэрээ байгуулан ажиллах үед Эрдэнэт салбар дээр автомашии ашиглах ажил их байснаас хугацаатай гэрээгээр жолооч ажиллуулах шийдвэр гарч Ч.Батмөнхтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч тухайн үед жолооч Ч.Батмөнх болон дараагийн жолооч зөрчил дутагдал их гаргаж, ажил хэвийн явагдахад хүндрэлтэй байсан тул хөдөлмөрийн гэрээ цуцалж түрээсийн гэрээгээр автомашин жолоочтой нь түрээсээр ажиллуулах болсон.

Иймд Ч.Батмөнхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Батмөнх нь хариуцагч Мобиком корпораци ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 18,209,997 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...бүх хугацааны олговор олгохоор заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэрээр Ч.Батмөнхийг Мобиком корпораци ХХК-ийн Хүний нөөц Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус компаниас ажилгүй байсан хугацааны цалин 3,300,000 төгрөгийг гаргуулж, түүнд олгож, түүний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг Мобиком корпораци ХХК-д даалгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, 001/ХТ2020/00532 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хариуцагч биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Ч.Батмөнх албан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгч 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 181/ГХ2020/00996 дугаартай гүйцэтгэх хуудас бичсэн ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21280046 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 4-185/1251 дугаар албан бичгээр Мобиком корпораци ХХК-д шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Батмөнхөд шүүхийн шийдвэрээр олговол зохих цалин олговорт 3,306,860 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны 106000059575 тоот дансанд шилжүүлснийг нь Шийдвэр гүйцэтгэх газар нь Ч.Батмөнхийн эзэмшлийн Хаан банкны 5099455550 тоот дансанд шилжүүлж, шүүхийн шийдвэрээр олгохоор заасан цалин олговор олгогдсон талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлсэн 2021.02.08-ны өдрийн баримт хэрэг авагдсан бөгөөд нэхэмжлэгчийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2-т зааснаар Ч.Батмөнхтэй харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул түүнийг ажилд эгүүлэн томилох эсхүл гэрээ сунгах үүрэг хүлээхгүй. Мобиком корпораци ХХК, Ч.Батмөнх нарын хооронд 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан, ажил олгогч гэрээний хугацаанд ажлын байраар хангах, ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогчийн хооронд харилцан үүрэг үүсэж буй гэрээний зохицуулалтаар хязгаарлагддаг. Ажил олгогчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээг цуцалсан шийдвэрийг Ч.Батмөнх эс зөвшөөрч гомдлыг шүүхэд гаргасан, уг маргааныг шүүх хянан хэлэлцэж байхад гэрээний хугацаа дууссан ба ажил олгогч гэрээний хугацааг сунгах хүсэл сонирхолгүй учир Ч.Батмөнхийг ажилд эгүүлэн томилох, гэрээ сунгах хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан нь дараах хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байтал хариуцагч Мобиком корпораци ХХК нь анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/00532 дугаар тогтоолоор тус тус Ч.Батмөнхийг Мобиком корпораци ХХК-ийн Хүний нөөц Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй атлаа ...гэрээний хугацаа дууссан ба ажил олгогч гэрээний хугацааг сунгах хүсэл сонирхолгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд одоог хүртэл дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтан Ч.Батмөнхийг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй байх тул хариуцагчаас ажилгүй байсан хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх цалин олговрыг анхан шатны шүүхийн шийдвэрт тооцоолсон нэг өдрийн цалин 60,903 төгрөгөөр нийт ажиллавал зохих 299 хоногоор үржүүлэн 18,209,997 төгрөгийг нэхэмжлэгч тооцож, нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж, түүнд олгож, түүний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг Мобиком корпораци ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлага 18,209,997 төгрөгт ногдох хэмжээ 249,000 төгрөг төлөх ёстой байтал 255,643 төгрөг төлсөн байх тул түүний илүү төлсөн 6,643 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 249,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Мобиком корпораци ХХК-аас 18,209,997 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батмөнхөд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,643 төгрөгөөс 249,000 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 6,643 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 249,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Батмөнхөд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд ирж шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ