Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01449

 

 Ч.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00672 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар магадлалтай,

 

Ч.Батмөнхийн нэхэмжлэлтэй

Мобиком корпораци ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,209,997 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ч.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1.   Ч.Батмөнх нь Мобиком корпораци ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,209,997 гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ...талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ажил олгогчийн зүгээс гэрээний хугацааг сунгах хүсэл сонирхолгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргажээ.

 

2.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00672 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Мобиком корпораци ХХК-аас 18,209,997 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батмөнхөд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,643 төгрөгөөс 249,000 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 6,643 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 249,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх заалтыг үндэслэж, хариуцагч нь ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй атлаа ...гэрээний хугацаа дууссан, ажил олгогч гэрээний хугацааг сунгах сонирхолгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж дүгнэжээ.

 

3.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Мобиком корпораци ХХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,209,997 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ч.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,643 төгрөгөөс илүү төлсөн 6,643 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн /100200600941/ тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 249,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ... Ч.Батмөнхийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан эсэхийг шийдвэрлээгүй буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7.-д заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг шүүх хүчингүй болгосон. ...Зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019.10.01-ний өдөр дууссан байх бөгөөд гэрээг дахин сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул ...шүүх талуудын харилцан тохиролцож байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эрхгүй, ...иймд гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны цалин олговрыг төлөх үүрэг ажил олгогчид үүсэхгүй... гэх үндэслэл заажээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасан журмын дагуу мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд 172.2, 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дугаартай шийдвэрээр намайг Мобиком корпорац ХХК-ийн хүний нөөц, байгууллагын соёлын газрын байгууллагын хөгжлийн албаны захиргааны хэлтсийн Диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч байгууллага нь огт биелүүлэхгүйгээр өдрийг хүрсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан зохицуулалт зөрчигдөж байгаа болох нь анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байгаа дээрх хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч миний бие өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилогдоогүй төдийгүй цалин хөлс авах эрхээ эдэлж чадахгүй хохирч байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү миний зөрчигдсөн эрхийг огт анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг буюу Мобиком корпорац ХХК-ийн талд хуулийг тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор олгоно гэж заасан дээрх хуулийн зохицуулалт нь ажил олгогчид ажилтанд цалин хөлс олгох үүргийг бий болгосон хуулийн зохицуулалт юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж ажил олгогч болох Мобиком корпорац ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бусаар ажлаас халагдсан ажилгүй байгаа ажилтан миний цалин хөлс нэхэмжлэх эрхийг зөрчсөн шийдвэр боллоо. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан. Талууд хөдөлмөрийн гэрээг 2018.10.01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2019.10.01-ний өдөр дууссан байх бөгөөд тус гэрээг дахин сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж хууль зүйн дүгнэлт өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж гэрээний хугацааг сунгасан талаарх баримт заавал үйлдэгдсэн байж хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагддаг мэтээр хуулийг зөрүүтэй хэрэглэж иргэн намайг хохироож байна. Мөн нөгөө талаас ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалд давж заалдах шатны шүүх оролцож байгаа нь үндэслэлгүй юм.

Магадлалын 6 дахь талд шүүх талуудын харилцан тохиролцож байгуулсан хугацаатай гэрээний хугацааг сунгах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дууссан байх тул гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны цалин олговрыг төлөх үүрэг ажил олгогчид үүсэхгүй юм гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг хэрэглэхгүй орхигдуулсан төдийгүй, нэхэмжлэгч миний цалин хөлсөө шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байгаа талаарх хууль зүйн үндэслэлийг гуйвуулан тайлбарлаж гэрээ, хэлцэлд тулгуурлан шаардах эрх үүссэн мэтээр хариуцагч талд ашигтай хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн өмнө эрх тэгш байх, 5 дугаар зүйл шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх, 10 дугаар зүйл хууль хэрэглэх зэрэг зарчмыг алдагдуулж аж ахуйн нэгж байгууллагын талд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж жирийн ажилтан миний эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсонд маш их гомдолтой байна. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт болон үндэслэх хэсэгт гэрээний хугацааг шүүхээс сунгаж байгаа талаар огт тусгаагүй төдийгүй нэхэмжлэгч би шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй байтал шүүхэд хандах нэхэмжлэл гаргаагүй анхан шатны шүүхээс огт шийдвэрлэгдээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх хөндлөнгийн, хараат бус байх зарчмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй болохыг харуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь давж заалдах шатны шүүхийн магадлалд нөлөөлсөн тухайд: Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ ажилд эгүүлэн тогтоосон 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн үйл баримтад өөр байдлаар дүгнэлт өгч нэхэмжлэгч намайг буцаад ажилдаа орох эрхгүй болсон мэт ойлголтыг бий болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг зөрчиж байна. Мөн магадлалд Хөдөлмөрийн гэрээг дахин сунгах талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэх байдлаар нэхэмжлэгч намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдахгүй болсон талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй буюу татгалзлаа огт нотлоогүй. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй нь нэхэмжлэгч намайг буруутгах үндэслэл биш юм. Мобиком корпораци ХХК-иас миний хөдөлмөрийн гэрээг дууссан үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болгосон шийдвэр огт гараагүй бөгөөд энэ талаарх баримтыг хариуцагч талаас шүүхэд огт гаргаж өгөөгүй байгаа нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь магадлал гаргахад шууд нөлөөлсөн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн 706 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.24-ний өдрийн 672 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ч.Батмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.09.30-ны өдрийн 001/ШХТ2021/00538 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Ч.Батмөнхийг Мобиком корпорацийн Эрдэнэт салбарт жолоочоор ажиллаж байхад нь тус компанийн Ерөнхий захирлын 2019.07.03-ны өдрийн 1117 дугаартай тушаалаар сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлийг хангаж, Мобиком корпораци ХХК-ийн Хүний нөөц, Байгууллагын соёлын газрын Байгууллагын хөгжлийн албаны Захиргааны хэлтсийн диспетчерийн хэсгийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч компани нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Ч.Батмөнх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч ажил олгогч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.11.14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.01.15-ны өдрийг хүртэлх ажлын 299 хоногийн олговрыг нэг өдрийн цалин хөлсийг 60,903 төгрөгөөр тооцож, нийт 18,209,997 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч: ...зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019.10.01-ний өдөр дууссан тул түүнийг ажилд эгүүлэн томилох, эсхүл гэрээ сунгах үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэлгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. дэх зохицуулалтад нийцжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан эсэхийг шийдвэрлээгүй, ...хариуцагч Мобиком корпораци ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д зааснаар ажилтан Ч.Батмөнхтэй 2018.10.01-ний өдрөөс 2019.10.01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2019.10.01-ний өдөр дууссан, гэрээг дахин сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй... гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр үйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн, магадлалыг хүчингүй болгоно.

 

9. Ч.Батмөнхийг ажилд нь эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 181/ШШ2019/02314 дүгээр шийдвэрээр түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 1,309,433 төгрөг, нэг өдрийн хөлсийг 60,903 төгрөгөөр тус тус тогтоосон байх тул нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2019.11.14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.01.14-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ажлын 299 хоногт ногдох олговорт /299 хоног х 60,903 төгрөг/ нийт 18,209,997 төгрөгийг нэхэмжилсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна, зохигчийн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 906 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч.Батмөнхийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Батмөнхөөс 2021.07.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД