Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01069

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01069

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж Даун Таун оффис 901 тоотод оршин байрлах, Ди Би Эм Лизинг ХХК /РД:6196233/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, Хамелтон төв 301 тоотод оршин байрлах, Лэлминерал ХХК /РД:5900972/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруу Монжинбар ХК-ийн байранд байрлах, Хосмөнгөн зам ХХК /РД:5926955/ нарт холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 2,891,993,239.94 төгрөгийн 1,102,404,232.35 төгрөгийг Лэлминерал ХХК-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэх 1,789,589,007.58 төгрөгийг Хосмөнгөн зам ХХК-аас нөхөх хариуцлагаар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, хариуцагч Лэлминерал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, хариуцагч Хосмөнгөн зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сонгосон үйлдвэрлэгчээс, түүний захиалгын дагуу хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт зориулсан арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тангшин Фингрүн Дистрикг Рунхао Роллинг Машинери ХХК-иас 2,950,000.00 юанийн үнээр худалдан авч санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, Хариуцагч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлж дууссанаар өөрийн өмчлөлд шилжүүлж авах нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч хариуцагчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр СТГ-18/11 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ болон тус гэрээний салшгүй хэсэг болох нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүд, барьцааны гэрээ, Арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ болон Хосмөнгөн зам ХХК-тай батлан даалтын гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан юм.

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 01 дүгээр cap хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан ба 2019 оны 02 дугаар сарын төлөлтөөс эхлэн нийт 24 удаагийн төлөлтийг гүйцэтгээгүй зөрчил үүсгэж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,037,731,333.33 төгрөг, хүүний төлбөрийн зөрчил 232,992,007.58 төгрөг, алданги 1,621,269,899.02 төгрөг, нийт 2,891,993,239.94 төгрөгийн төлбөрийг хуваарьт хугацаанд гүйцэтгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хууль болон гэрээний дагуу хариуцагчаас Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж, удаа дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт хугацаа олгосон боловч тус хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй.

Мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт болон санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс түр буцаан авах буюу битүүмжлэх ажиллагаа хийсэн ба хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр түр буцаан авсан түрээсийн зүйлийг төлбөр төлүүлэх зорилгын хүрээнд хариуцагчид битүүмжийг авч буцаан өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж байгаа хэдий ч төлбөр төлөөгүй үйлдэл, эс үйлдэл гаргасаар байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс дээрх Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул одоо гэрээ цуцлуулах шаардлага байхгүй. Харин тус гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн төлбөр 1,037,731,333.33 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгосон хүүгийн төлбөр 232,992,007.58 төгрөг, алданги 1,621,269,899.02 төгрөг, нийт 2,891,993,239.94 төгрөгнөөс 1,102,404,232.35 төгрөгийг түрээслэгч Лэлминерал ХХК-иас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулсан Ү-2203024212 улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1411000521 улсын бүртгэлийн дугаартай 3600 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000322657 гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулах, 1,789,589,007.58 төгрөгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Лэлминерал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч "Ди Би Эм лизинг ХХК-ийн татан буулгах комисс нь хариуцагч "Лэлминерал ХХК болон Хосмөнгөн зам ХХК нарт холболдуулан анх Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүний төлбөр, алданги, хохиролд нийт 2.891.993.239.94 төгрөгийг түрээслэгч Лэлминерал ХХК-ийн барьцаалуулсан эд хөрөнгөөр хангуулж, үлдэх хэсгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үүнийгээ шүүх хуралдаанд 1,102,404,232.35 төгрөгийг түрээслэгч Лэлминерал ХХК-иас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулсан Ү-2203024212 улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1411000521 улсын бүртгэлийн дугаартай 3600 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000322657 гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулах, 1,789,589,007.58 төгрөгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Манайх алдангийн асуудлыг тайлбартаа тодорхой дурдсан. Бидний зүгээс гэрээний хугацаанд үндсэн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 15, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус 37,061,833.33 төгрөгийг, хүүгийн төлбөрт 2019 оны 06 дугаар сарын 15-наас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 92,450,658.80 төгрөгийн төлбөр буюу нийт 129,512,492.13 төгрөгийг төлсөн.

Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,037,731,333.34 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 108,804,593.85 төгрөг, алданги хуульд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үндсэн үүрэг буюу 1,037,731,333.34 төгрөгийн 50 хүртэл хувиар буюу бидний тооцооллоор 518,865,667 төгрөг болж байгаа бөгөөд нийлээд 1,665,401,593.86 төгрөг төлөхөөр байна.

Нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шарадлагыг анх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00934 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн үндсэн төлбөр, хүү, алданги, хохиролд нийт 1,594,499,904.8 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байсан юм. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудаас манай компани санхүүгийн түрээсийн гэрээ цуцлахыг болон түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин бусад шаардлагыг эс зөвшөөрсөн болно. Уг нэхэмжлэлийг шүүхэд гаргахын өмнө ч бидэнд санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг битүүмжлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлж байсан.

Нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг битүүмжилж удаа дараа Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах, мөн гэрээний хугацаанд урьдчилан таамаглах, даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийг хэвийн ажиллах боломжгүй болгож, гэрээний үүргээ зөрчихөд хүргэсэн.

Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлага болох 2,891,993,239.94 төгрөгнөөс санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,037,731,333.33 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 108,804,593.85 төгрөг, алданги 518,865,667 төгрөгийн 50 хувь буюу 259,432,833.33 төгрөг, нийт 1,405,968,760.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ үүнийг төлөхгүй бол нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйл байхгүй. Энэ шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх хүү болон алдангийг зөвшөөрөхгүй байна.

Энэхүү гэрээний үүргийг биелүүлээгүй нь дан ганц хариуцагч компаний буруутай үйлдлүүд гэхээс илүүтэйгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлууд, нэхэмжлэгч компани гэрээнд зааснаар манайхыг үүргээ гүйцэтгэхгүй байгаа тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй тодорхой буруутай нөхцөл байдлууд, эрчим хүчний хязгаарлалтай холбоотой байдлуудаас үйлдвэрлэл хэвийн ажиллах боломжгүй болсон. Тиймээс алдангиа 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй гэхээс илүүтэйгээр хуульд зааснаар 50 хувийг төлье гэдэг тайлбарыг гаргаж байна.

Манай компанийг төлбөрийн чадваргүй гэж Батлан даалтын гэрээний дагуу Хосмөнгөн зам ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гараад санхүүжилт ороод ирэх юм бол манай компани шүүхийн шийдвэрийг албадан ажиллагааг хийлгэхгүйгээр өр төлбөрийг барагдуулаад явах бүрэн боломжтой. Одоо компани үйлдвэрээ явуулах боломж байхгүй. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх эрх хязгаарлагдсан нөхцөл байдалтай байна гэв.

Хариуцагч Хосмөнгөн зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хосмөнгөн зам ХХК нь Ди Би Эм Лизинг ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслэгч буюу Лэлминерал ХХК түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс нь төлбөрийг төлнө гэж үүрэг хүлээсэн. Өмнө нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн зүгээс үлдэх хариуцлагыг нөхөх хэлбэрээр Хосмөнгөн зам ХХК-иар төлүүлье гээд ямар нэгэн мөнгөн дүн нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байдаг боловч өнөөдрийн шүүх хуралдаанд 1,789,589,007 төгрөгийг төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Хосмөнгөн зам ХХК-ийн зүгээс 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Лэлминерал ХХК хариу тайлбартаа үндсэн төлбөр, хүү, алданги бүх асуудлаа өөрсдөө хариуцаж төлнө. Төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлж байна. Бидний байгуулсан батлан даалтын гэрээнд Лэлминерал ХХК санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт заасан төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд Хосмөнгөн зам ХХК төлнө гэсэн үүрэг хүлээсэн байтал 1,789,589,007 төгрөгийг шууд Хосмөнгөн зам ХХК-иар төлүүлнэ гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Батлан даалтын гэрээний 4.2-т зааснаар Ди Би Эм Лизинг ХХК нь батлан даагчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнийн дүн, хугацааг заасан мэдэгдлийг хүргүүлж байсан тохиолдолд бид нар үүнд хариу тайлбар гаргах боломжтой байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн үнийн дүнтэй хугацаа заасан мэдэгдлийг Хосмөнгөн зам ХХК-ийн нэр дээр гаргаж байгаагүй. Шүүх хуралдаан дээр орж ирээд 1,789,589,007 төгрөгийг Хосмөнгөн зам ХХК-иас гаргуулъя гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 462 дугаар зүйлд заасны дагуу үндсэн гэрээний тухай үнэн зөв мэдээлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Ийм учраас Хосмөнгөн зам ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК-ийн татан буулгах комиссын дарга нь анх Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох нийт 2,891,993,239.94 төгрөгийг хариуцагч Лэлминерал ХХК-ийн барьцаалуулсан эд хөрөнгөөр хангуулж, үлдэх хэсгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,037,731,333.33 төгрөг буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгосон хүүгийн төлбөр 232,992,007.58 төгрөг, алданги 1,621,269,899.02 төгрөг, нийт 2,891,993,239.94 төгрөгнөөс 1,102,404,232.35 төгрөгийг түрээслэгч Лэлминерал ХХК-иас гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулсан Ү-2203024212 улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1411000521 улсын бүртгэлийн дугаартай 3600 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000322657 гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулах, 1,789,589,007.58 төгрөгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулах,

Харин санхүүгийн түрээсийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Ди Би Эм Лизинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар Компанийг татан буулгах талаар авах зарим арга хэмжээний тухай шийдвэрээр тус компанийг татан буулгахаар тогтоож, компанийг татан буулгах Комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Компанийг татан буулгаж өр төлбөрийг барагдуулах, үлдэх эд хөрөнгийг хуваарилах журам-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, Хууль журмын дагуу татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлж, дүнг толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тайлангахыг Комисс /Я.Сод-Эрдэнэ/-т даалгасан байна./хх-ийн 6-19 дэх талд/

Дээрх шийдвэрийн дагуу томилогдсон татан буулгах комиссын дарга Я.Содбаатар нь тус нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасантай нийцсэн гэж үзэх бөгөөд хариуцагч тал энэ талаар маргаагүй.

Хариуцагч Лэлминерал ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 1,405,968,760.52 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь төлөх үндэсгүй гэж, хариуцагч Хосмөнгөн зам ХХК-ийн төлөөлөгч Лэлминерал ХХК гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийн чадваргүй байдал бий болоогүй тохиолдолд манайхаас шаардах үндэсгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан үндсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 1,037,731,333.33 төгрөг, хүүгийн төлбөрт 108,804,593.85 төгрөг, алданги 518,865,666.67 төгрөг, нийт 1,665,401,593.86 төгрөгийг хариуцагч Лэлминерал ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох бөгөөд үлдэх 1,102,404,232.35 төгрөг гаргуулах болон хариуцагч Хосмөнгөн зам ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Лэлминерал ХХК нь Санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй Ди Би Эм Лизинг ХХК-нд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Арматур үйлдвэрлэх шинэ төслийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ашиглах санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах зээл хүссэн 17/08 дугаартай албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгч уг хүсэлтийг зөвшөөрсөн тухай 01/151/18 дугаартай албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид хүргүүлснээр Нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК, хариуцагч Лэлминерал ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр СТГ-18/11 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр санхүүгийн түрээсийн хэмжээг 2,950,000 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, ханшийг олгох өдрийн Монгол банкны албан ханшаар, жилийн 11.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан ба уг гэрээнд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/11-1, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр СТГ-18/11-02, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр СТГ-18/11-03 дугаартай ...нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан байна./хх-ийн 6, 20-29 дэх талд/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, сөүлийн гудамж 47 дугаар байрны нэгдүгээр давхрын 2 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 324.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багт байршилтай, үйлдвэрийн зориулалттай 3600.0 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

3. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг, зуслан 51-ийн урд, хуучнаар 62 дугаар зусланд байрлах 1.0 га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, БГ-ҮХХ-ЛМ2018/04, БГ-ҮХХ-ЛМ2018/05, БГ-ГЭЭ-ЛМ2018/06 дугаартай барьцааны гэрээнүүд, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ, бусад нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн 133-136 дахь талд/

Мөн гэрээний талууд нь БНХАУ-ын Тангшин Фингрүн Дистрикг Рунхао Роллинг Машинери ХХК-иас 2,950,000.00 юанийн үнээр төмөр дахин боловсруулж арматурын төмөр үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн 320 прокатын суурь машин төхөөрөмжийн бүрдлийг худалдан авч санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч Лэлминерал ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, хариуцагч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлж дууссанаар өөрийн өмчлөлд шилжүүлж авах нөхцөлтэйгөөр ТТ-ХХАГ-ЛМ2018/01 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба эдгээр гэрээ болон дээрх үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй байна./хх-ийн 30-37 дахь талд/

Дээрх гэрээнүүдийг зохигчид бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 312 дугаар зүйлийн 312.1, 313 дугаар зүйлийн 313.1-т заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ.

Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг. Уг гэрээний гол шинж нь түрээслэгч талд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг олж түрээслүүлэх, түрээслэгч ашигласны төлөө төлбөр төлөх харилцаа байдаг. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөртөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэж заасантай талуудын хооронд байгуулсан гэрээ нийцсэн байна.

Ди Би Эм Лизинг ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Төмөр дахин боловсруулж, арматурын төмөр үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн 320 прокатын суурь машин төхөөрөмжийн бүрдэл түрээсийн зүйлийг Лэлминерал ХХК-д шилжүүлсэн байх тул СТГ-18/11 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна.

Санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ хариуцагч Лэлминерал ХХК нь 2018 оны 6 сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд хуваарьт заасны дагуу хэвийн төлж байсан ба 2019 оны 02 дугаар сарын төлөлтөөс эхлэн үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч тал тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,037,731,333.33 төгрөг, хүүгийн төлбөр 232,992,007.58 төгрөг, алданги 1,621,269,899.02 төгрөг, нийт 2,891,993,239.94 төгрөгнөөс гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,037,731,333.33 төгрөг, хүүгийн төлбөр 232,992,007.58 төгрөг, алданги 1,621,269,899.02 төгрөгнөөс 518,865,666.67 төгрөгийг буюу нийт 1,789,589,00.58 төгрөгийг батлан даагч Хосмөнгөн зам ХХК-аас, үлдэх алдангийн 1,102,404,232.35 төгрөгийг хариуцагч Лелминерал ХХК-аас тус тус гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК болон хариуцагч Лэлминерал ХХК нарын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр хоёр тал харилцан үүрэг хүлээсэн байх бөгөөд 8 дугаар зүйлийн 8.3-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа төлөөгүй бөгөөд Түрээслүүлэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийн зөрчлийг шаардлагын дагуу буюу зохих ёсоор бүрэн арилгаагүй тохиолдолд Түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлана гэж заажээ.

Хариуцагч Лэлминерал ХХК нь түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийж байгаад 2019 оны 02 дүгээр сараас хойш хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Лэлминерал ХХК-аас Санхүүгийн түрээсийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхийг 2019 оны 02 дугаар сарын 18, 22-ны өдрийн 03/51/19, 03/68/19 дугаартай албан бичгээр хугацаа хэтэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн байна.

Улмаар Санхүүгийн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 21-нээс 2019 оны 08 дугаар сарын 26-ны хооронд арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 03/257/19, 03/343/19, 03/365/19 дугаар албан бичгүүдээр түрээсийн зүйлийг буцаан авах буюу битүүмлэхээ мэдэгдэж битүүмжилсэн ба хариуцагч Лэлминерал ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19/92, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/95 дугаар албан бичгээр битүүмжлэлийг арилгуулах, тоног төхөөрөмжийн битүүмжийг чөлөөлж, хуримтлагдсан алдангийг багасгахыг хүссэн хүсэлт хүргүүлж байжээ.

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилсэн хөрөнгөнд Ди Би Эм Лизинг ХХК-ийн зүгээс хийсэн хяналт шалгалтаар лац битүүмжлэл хөндөж, үйлдвэрлэл явуулсан байдалтай байсан тул битүүмжийг сэргээн дахин лацдаж, дээрх хууль бус үйлдэлд харъяаллын Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаа мэдэгдсэн ба гаргасан гомдлыг нь шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан талаархи баримтууд авагджээ.

Ди Би Эм Лизинг ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Лизингийн хорооны хурлын шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжинд тавьсан битүүмжийг авсан ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/525/19 дугаартай албан бичгээр Лэлминерал ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/95 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид ирүүлсэн төлбөрийн зөрчил арилгаж, төлбөр төлөх хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлөгдөх байсан 140,000,000.00 төгрөг төлөгдөөгүй учир үүнийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна./хх-ийн 78 дахь талд/

Хариуцагч Лэлминерал ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 19/68 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн тайлбартаа: нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тухай үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг дурьдаж, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө танай байгууллагын хүү болон алдангийн төлбөрийг барагдуулна, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19/64 албан бичгээр түрээсийн гэрээний барьцаалагдсан хөрөнгийг дахин үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнээс давсан хөрөнгөд нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлт гаргасан байна./хх-ийн 90-93 дахь талд/

Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сараас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс хууль, гэрээний дагуу хариуцагчаас Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт хугацаа олгосон боловч тус хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хариуцагч батлан даагч Хосмөнгөн зам ХХК, хамтран түрээслэгч Ажнайцэгц ХХК нарт төлбөрийн зөрчлийг арилгах шаардлагатай талаархи мэдэгдлийг хүргүүлж байсан нь зохигчдын тайлбар, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04/236/20, 04/235/20 дугаартай албан бичгүүд хэрэгт авагджээ./хх-ийн 76-77 дахь талд/

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүний төлбөр, алданги, хохирол болох нийт 1,594,499,409.80 төгрөгийг түрээслэгч Лэлминерал ХХК-аас гаруулах тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 151/Ш32020/04135 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 115-117 дахь талд/

Хариуцагч Лелминерал ХХК-ийн төлөөлөгч гэрээг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр цуцлагдсан, энэ хүртэлх хугацааны төлөгдөөгүй хүү, алдангийг хуульд зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлнө гэсэн тайлбарыг шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хүлээн авах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгчийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлуулахаар нэхэмжлэл гаргаснаар энэхүү хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзнэ.

Иймээс дээрх үйл баримт, зохигч талуудын тайлбараар Ди Би Эм лизиг ХХК, Лелминерал ХХК нарын хоорондох гэрээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэх тул энэ хүртэлх хугацааны хүү болон алдангийг хариуцагч Лэлминерал ХХК нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч Лелминерал ХХК нь гэрээний үндсэн төлбөр /лизинг/ 1,111,855,000 төгрөгнөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 37,061,833.33 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 37,061,833.33 төгрөг буюу 74,123,666.66 төгрөгийг, хүүнд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийтдээ төлбөл зохих 201,255,252.65 төгрөгнөөс 92,450,658.80 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигчдын хэн аль маргаангүй нотлогдож байна./хх-ийн 140 дэх талд/

Хариуцагч талын гаргасан төлбөрийн тооцоололоор 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл 108,804,593.85 төгрөгийн талаар нэхэмжлэгч тал маргаагүй учир үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалттай тул хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авч түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,037,731,333.34 төгрөгийн 50 хувь 518,865,666.67 төгрөгийн алдангийг төлүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Лэлминерал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 518,865,666.67 төгрөгийн алдангийг 50 хувиар багасган төлүүлэхийг шүүхээс хүссэн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Санхүүгийн түрээсийн гэрээний түрээслэгч тал Лэлминерал ХХК нь төлбөрийн чадваргүй, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоосон энэ нөхцөлд батлан даагч Хосмөнгөн зам ХХК-аар нөхөх хариуцлагаар уг гэрээний биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх учиртай байтал батлан даагчаас энэхүү нэхэмжлэлээр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэсэн хариуцагч Хосмөнгөн зам ХХК болон Лэлминирал ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын татгалзал хууль зүйн үндэстэй байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК нь хариуцагч Хосмөнгөн зам ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын БДГ-ЛМ/2019-04 дугаартай гэрээг байгуулсан байна./хх-ийн 118-119 дахь талд/

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Лэлминерал ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон тохиолдолд нөхөх хариуцлагаар Хосмөнгөн зам ХХК-иас тухайн гэрээний үүргийн төлбөрийг шаардах эрх үүсэх талаар Иргэний хуулийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. гэж заажээ.

Гэтэл хариуцагч Лэлминерал ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул энэхүү нэхэмжлэлээр хариуцагч Хосмөнгөн зам ХХК-аас шаардаж буй нэхэмжлэгчийн тодорхойлсон 1,789,589,007.58 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх үндэсгүй байна гэж дүгнэв.

Иймд, хариуцагч Лэлминерал ХХК-иас үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр 1,037,731,333.33 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны хүү 108,804,593.85 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасны дагуу 518,865,666.67 төгрөг, нийт 1,665,401,593.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох бөгөөд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаалсан Ү-2203024212 улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1411000521 улсын бүртгэлийн дугаартай 3600 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу 000322657 гэрчилгээний дугаартай, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1,226,127,573.27 төгрөгт холбогдох хэсгийг болон 1,789,589,007.58 төгрөгийг хариуцагч Хосмөнгөн зам ХХК-аас нөхөх хариуцлагаар гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК-иас 1,665,401,593.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ди Би Эм лизинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1,226,127,573.27 төгрөгийг болон хариуцагч Хосмөнгөн зам ХХК-иас нөхөх хариуцлагаар 1,789,589,007.58 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох

а/. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, сөүлийн гудамж 47 дугаар байрны нэгдүгээр давхрын 2 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 324.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

б/. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багт байршилтай, үйлдвэрийн зориулалттай 3600.0 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

в/. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг, зуслан 51-ийн урд, хуучнаар 62 дугаар зусланд байрлах 1.0 га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /14,617,916.20+70,200/ нийт 14,688,116.20 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Лэлминерал ХХК-аас /8,484,958+70,200/ нийт 8,555,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ