Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01166

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/01166

 

 

Д.Б.Э.Л ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комиссын нэхэмжлэлтэй, хариуцагч Л ХХК, Х ХХК-иудад холбогдуулан гаргасан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт Л ХХК-аас алданги 1 102 404 232.35 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Х ХХК-аас түрээсийн төлбөр 1 037 731 333 төгрөг, хүү 232 992 007 төгрөг, алданги 518 865 667 төгрөг, нийт 1 789 589 007 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комиссын дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр СТГ-18/11 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, Арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээ, Х ХХК-тай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч байгууллагын захиалгын дагуу арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2 950 000 юанийн үнээр худалдан авч нийлүүлсэн. Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын төлөлтөөс эхлэн нийт 24 удаагийн төлөлтийг гүйцэтгээгүй зөрчил үүсгэж эхэлсэн. Бидний зүгээс хариуцагчид удаа дараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэмэлт хугацаа олгосон боловч тус хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 1 037 731 333 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хүүгийн төлбөрт 232 992 007 төгрөг, алданги 1 621 269 899 төгрөг, нийт 2 891 993 239 төгрөгөөс 1 102 404 232 төгрөгийг түрээслэгч Л ХХК-иас гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулсан Ү-2203024212 улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-1411000521 улсын бүртгэлийн дугаартай 3 600 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000322657 гэрчилгээний дугаартай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулж, 1 789 589 007 төгрөгийг батлан даагч Х ХХК-иас нөхөх хариуцлагаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын зүгээс гэрээний хугацаанд үндсэн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус 37 061 833 төгрөгийг, хүүгийн төлбөрт 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 92 450 658 төгрөгийн төлбөр буюу нийт 129 512 492 төгрөгийг төлсөн. Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 037 731 333 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 108 804 593 төгрөг, алданги хуульд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үндсэн үүрэг буюу 1 037 731 333 төгрөгийн 50 хүртэл хувиар буюу бидний тооцооллоор 518 865 667 төгрөг болж байгаа бөгөөд нийлээд 1 665 401 593 төгрөг төлөхөөр байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэлийг шүүхэд гаргахын өмнө гэрээг цуцлах болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг битүүмжлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа ирүүлж байсан. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг битүүмжилж удаа дараа Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах, мөн гэрээний хугацаанд урьдчилан таамаглах, даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийг хэвийн ажиллах боломжгүй болгож, гэрээний үүргээ зөрчихөд хүргэсэн.

Манай компани нэхэмжлэлийн шаардлага болох 2 891 993 239 төгрөгөөс санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 037 731 333 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 108 804 593 төгрөг, алданги 518 865 667 төгрөгийн 50 хувь буюу 259 432 833 төгрөг, нийт 1 405 968 760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв дээрх төлбөрийг төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйл байхгүй. Түүнчлэн батлан даалтын гэрээний дагуу Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б.Э.Л ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр Л ХХК нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс төлбөрийг төлнө гэж үүрэг хүлээсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Л ХХК нь хариу тайлбартаа үндсэн төлбөр, хүү, алданги бүх асуудлаа өөрсдөө хариуцаж төлнө. Төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн. Бидний байгуулсан батлан даалтын гэрээнд Л ХХК санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт заасан төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд Х ХХК төлнө гэсэн үүрэг хүлээсэн байтал 1 789 589 007 төгрөгийг шууд Х ХХК-иар төлүүлнэ гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Батлан даалтын гэрээний 4.2-т зааснаар Д.Б.Э.Л ХХК нь батлан даагчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнийн дүн, хугацааг заасан мэдэгдлийг хүргүүлж байсан тохиолдолд бид нар үүнд хариу тайлбар гаргах боломжтой байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн үнийн дүнтэй хугацаа заасан мэдэгдлийг Х ХХК-ийн нэр дээр гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 462 дугаар зүйлд заасны дагуу үндсэн гэрээний тухай үнэн зөв мэдээлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Иймд Х ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК-иас 1 665 401 593 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 1 226 127 573 төгрөгийг болон хариуцагч Х ХХК-иас нөхөх хариуцлагаар 1 789 589 007 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Лелминерал ХХК сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох

а/. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, сөүлийн гудамж 47 дугаар байрны нэгдүгээр давхрын 2 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 324.0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

б/. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багт байршилтай, үйлдвэрийн зориулалттай 3600.0 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө,

в/. Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг, зуслан 51-ийн урд, хуучнаар 62 дугаар зусланд байрлах 1.0 га талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /14,617,916.20+70,200/ нийт 14,688,116.20 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л ХХК-аас /8 484 958+70 200/ нийт 8 555 158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комиссын дарга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээний хүүгийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр буюу нэхэмжлэл гаргасан огноогоор тооцон 232 992 007 төгрөгөөр нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Б.Э.Л ХХК 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг маргаантай холбоотой нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэг, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн тул Санхүүгийн түрээсийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр цуцлагдсан гэж дүгнэн хүүгийн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 124 187 413 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн этгээд гэрээг цуцлах тухай агуулга бүхий мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлснээр гэрээ цуцлагдсанд тооцогдох зохицуулалт ба анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 04/236/20, 04/235/20 дугаартай албан бичгүүд, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 151/Ш32020/04135 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамжийг гэрээ цуцлах тухай мэдэгдлийн шинжтэй гэж үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн.

Батлан даагч Х ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нөхөх хариуцлагын хүрээнд 1 789 589 007 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс үүрэг гүйцэтгэгч Л ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул батлан даагч Х ХХК-иас шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн батлан даагч Х ХХК-д .холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК болон батлан даагч Х ХХК-ийн хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2.1-д батлан даагч Х ХХК нь дангаар хариуцлага хүлээхээр заасан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсгийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад тус заалтыг анхан шатны шүүх хэрэглэсэн. Иймд хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн дүн болох 1 226 127 573 төгрөгоөс 124 187 413 төгрөгийг хүчингүй болгож хариуцагч Л ХХК-иас гаргуулж Д.Б.Э.Л ХХК-д олгож, хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож Л ХХК нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлагын хүрээнд хариуцагч Х ХХК-ийн батлан даасан эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч "Л ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 1 405 968 760 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч холбогдох тайлбарыг гарган мэтгэлцсэн. Манай компанийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл болон хүүгийн тооцооллын асуудалд маргаагүй, харин цаг үеийн болон хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хариуцагч "Л ХХК-ийн итгэмжлэгдсзн төлөөлөгч 518 865 666 төгрөгийн алдангийг 50 хувиар багасган төлүүлэхийг шүүхээс хүссэн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэсэнд хариуцагч тал гомдолтой байгаа бөгөөд шүүх цаг үеийн болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан алдангийн хэмжээг багасгах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комисс нь хариуцагч Л ХХК, Х ХХК-уудад холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 891 993 239.94 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л ХХК-аас алданги 1 102 404 232.35 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Х ХХК-аас түрээсийн төлбөр 1 037 731 333 төгрөг, хүү 232 992 007 төгрөг, алданги 518 865 667 төгрөг, нийт 1 789 589 007 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 1 037 731 333 төгрөг, хүүгийн төлбөрөөс 108 804 594 төгрөг, алдангиас 259 432 833 төгрөг, нийт 1 405 968 760.52 төгрөгт холбогдох хэсгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Х ХХК-ийн хувьд батлан даалтын гэрээгээр Л ХХК гэрээний үүрэгт заасан төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд төлөх үүрэг хүлээсэн, ... нэхэмжлэгчээс төлбөрийг төлөх талаар хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлж байгаагүй, Л ХХК нь төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байгаа нөхцөлд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна

Д.Б.Э.Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр компанийг татан буулгаж, татан буулгах комисс томилсон үйл баримт хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, компанийг татан буулгаж өр төлбөрийг барагдуулах, үлдэх эд хөрөнгийг хуваарилах журам зэрэг баримтаар нотлогдож байх ба тэрээр татан буулгах комисс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /хх13-19/

Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн тухайд:

Д.Б.Э.Л ХХК болон Л ХХК нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр СТГ-18/11 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч буюу Д.Б.Э.Л ХХК нь арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сарын 2 950 000 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, жилийн 11,0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч Л ХХК түрээсийн төлбөрийг, хүүгийн хамт Монголбанкны албан ханшаар тооцож төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх20-24/ Талууд уг гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, санхүүгийн түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж, юанийн ханшийг гүйлгээ хийх өдрийн Төрийн банкны зарах ханшаар тооцохоор, мөн санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, Ажнайцэгц ХХК-ийг үндсэн гэрээнд хамтран түрээслэгчээр оруулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна. /хх25-29/

Дээрх үйл баримтын талаар, мөн гэрээний дагуу Д.Б.Э.Л ХХК нь тоног төхөөрөмжийг Л ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, Лилменерал ХХК түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд биелүүлсэн гэдэгт талуудын хэн аль нь маргаангүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК, хариуцагч Л ХХК-ийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. /хх20-29, 203-205/ Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Л ХХК нь түрээсийн төлбөрийг 2019 оны 02 дугаар сараас төлөөгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж, харин санхүүгийн түрээсийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэгч Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсан тул уг өдрийг хүртэлх хугацааны хүү төлнө гэж маргажээ.

Шүүх хүүгийн төлбөр болон хугацааг тооцохдоо дээрх өдрөөр тооцсон нь буруу байна. Учир нь Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШЗ2020/04135 дугаар захирамжаар Д.Б.Э.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л ХХК болон Х ХХК-уудад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй тул энэ өдрөөр гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй. /хх115-117/

Иймээс нэхэмжлэгчийн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хүү тооцон шаардсан нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагч Лелминерал ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ болох түрээсийн төлбөр, хүүг түрээслэгчээс бус, батлан даалтын гэрээний тал болох батлан даагчаас шаардаж байгаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5-д заасантай нийцэхгүй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд хариуцагч Лелминерал ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үнэ болох түрээсийн төлбөр, хүүг, алдангийн хамт төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн.

Санхүүгийн түрээсийн гэрээний талууд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1 037 731 333 төгрөг гэдэгт маргаагүй учир хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 23 сар 13 хоногийн хүүг тооцвол 223 721 012 төгрөг /1 037 731 333 х 0,92% /сарын хүүгийн хувь/ 9 547 128 төгрөг х 23 сар 13 хоног/ болж байна.

Талууд гэрээний 2.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Лелминерал ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн дүн болох 1 261 452 345 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул уг зүйлд заасантай нийцүүлэн 630 726 172 төгрөгийн анз төлөх үүрэгтэй боловч хариуцагч Л ХХК-ийн тайлбар, Ковид19 цар тахлын нөхцөл байдал, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Л ХХК-д олгосон 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/522 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force major/-ийн гэрчилгээ зэрэг баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагч Лелминерал ХХК-ийн төлөх алдангийн хэмжээг хуульд заасан дээд хэмжээнээс 50 хувиар багасгаж 315 363 086 төгрөгөөр тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ. /хх153-155, 205/

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Лелминерал ХХК-аас санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 576 815 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-ийн татан буулгах комисс нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх хэрэгт буй Д.Б.Э.Л ХХК нь Л ХХК-иудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр БГ-ҮХХ-ЛМ2018/04, БГ-ҮХХ-ЛМ2018/05 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГ-ГЭЭ-ЛМ2018/06 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ-нүүд, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагч компанийг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Зохигчид шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно. /хх38-44, 208/

Батлан даалтын гэрээний үүргийг хангуулах тухайд:

Нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан нөхөх хариуцлагаар 1 789 589 007.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Талууд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БДГ-ЛМ/2019-04 дугаартай батлан даалтын гэрээгээр Х ХХК нь Д.Б.Э.Л ХХК, Л ХХК-ийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг 2 950 000 юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, шимтгэлийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гүйцэтгэхгүй бол батлан даагч уг гэрээний хавсралтад заасан хөрөнгөөр хариуцах үүргийг хүлээсэн байна. /хх-118-119/ Энэ гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул тэдгээрийн хооронд батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх, хариуцагч Х ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээний 3.2.1-т түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид тус гэрээний үүргийн биелэлтийг хангаж өгөх үүрэг хүлээжээ. Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийг батлан даалтын гэрээгээр хариуцагч Лелминерал ХХК-ийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээсэн гэж үзнэ.

Хариуцагч Л ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар дээр дүгнэсэн учир нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК нь хариуцагч Х ХХК-аас батлан даалтын гэрээний үүргийг шаардаж буй нь хууль зөрчөөгүй байна.

Гэхдээ хариуцагч Л ХХК нь шүүхээс тогтоосон санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг болох 1 576 815 431 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүний дараа үлдэх үүргийг батлан даагч буюу хариуцагч Х ХХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК, хариуцагч Л ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01069 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л ХХК-аас 1 576 815 000 /нэг тэрбум таван зуун далан зургаан сая найман зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б.Э.Л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 315 178 240 /нэг тэрбум гурван зуун арван таван сая нэг зуун далан найман мянга хоёр зуун дөчин төгрөг/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3, 4, 5 гэсэн дугаарлалтыг 4, 5, 6 гэж дугаарлаж, 3 дахь заалтад Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Л ХХК нь 1 576 815 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийг хариуцагч Х ХХК-аас гаргуулсугай гэсэн нэмэлт өөрчлөлт, 4 дэх заалтын 8 555 158 гэснийг 8 042 027 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн нийт 849 087 төгрөгийг, хариуцагч Л ХХК-аас төлсөн 1 455 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД