Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

Улсын яллагч                                                          А.Энхтуяа    

Шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн  өмгөөлөгч          А.Отгонбаяр                                      

Хохирогч                                                                  Ш.Энхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч                                        Ц.Гэнэндулам

Иргэний нэхэмжлэгч                                            Н.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                                          Б.Урангоо нар  оролцов.

 

     Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоод холбогдох 201618000332 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, 017-р хэсэг 3-48 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн “Хишиг Ундрам” талх, нарийн боовны цехэд дотоод үйл ажиллагааг хариуцсан ажилтан гэх ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоо, /РД:ЕЮ-87021708/,

 

     Шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” гэх газар “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд орсны улмаас “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

Тодорхойлох нь ;

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Сэжигтэн Ж.Алтанзолбоогийн 2016 оны 11-р сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн.  ...Би тэр өдөр Дархан-Уул аймгаас өөрийн “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод өөрийн ажилладаг “Хишиг-Ундрам” ХХК-наас талх, нарийн боов ачаад Сэлэнгэ рүү цехэд хамт ажилладаг Баасанжаргалыг хажуудаа суулгаад 09 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Дулаанхааны 4 зам дээр цагдаад шалгуулсан ба тэндээс хөдлөөд Аргангатын даваа өгсөөд явж байтал машин гэнэт хальтраад баруун гар тал руугаа дараад эргээд гулсаж байх үед дээрээс уруудаж ирсэн ногоон өнгийн жижиг тэрэг тулаад миний эсрэг талын 2 хаалга руу мөргөсөн ба би замаас гараад бүтэн эргээд зогссон. Тэгээд намайг машинаас буухад ногоон өнгийн машинаас нэг хүн бууж ирээд жолоочийг татаж буулгаж байсан. Би даваа өгсөж явсан болохоор 60 орчим км цагийн хурдтай явсан. Гадаа гэрэлтэй хөдөлгөөнд саад болохоор зүйл байгаагүй. Зорчих хэсэг гулгаатай байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р ху/,

2. Шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн 2016 оны 12-р сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим “Хишиг-Ундрам” хоршооны нарийн боовны түгээлтэнд явсан. Өөрийн “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хамт ажилладаг Баасанжаргалыг хажуудаа суулгаад явсан. Тэгээд Дулаанхааны 4 зам дээр цагдаад шалгуулсан ба тэндээс хөдлөөд Аргангатын даваа өгсөөд явж байтал машин баруун тал руу гэнэт шарвахаар нь буцаагаад зүүн гар тал руу дартал өөдөөс ирж явсан ногоон өнгийн машин миний машины жолоочийн эсрэг талын хаалгыг мөргөсөн. Тэгээд цагдаа нар ирсэн. Тэр мөргөсөн машин дотор 2 эрэгтэй хүн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 61-р ху/,

3.Шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед Дарханаас гараад Сэлэнгэ аймаг руу түгээлт хийх гэж гарсан. Тухайн үед зам хальтиргаатай байсан тул машин баруун гар тал руу хальтирсан тул аюулгүй байдлаа хангаад зүүн гар тал руугаа жолоогоо дарсан. Хохирогчийн машин 200 метрийн цаана харагдсан тул зайг нь тооцоолж зүүн тал руугаа дарсан. Хэрвээ зүүн тал руугаа жолоогоо эргүүлээгүй бол баруун талд байх замын өндөр эрэг рүү орж амь насаа алдах аюултай байсан. 2016 оны 7 сард жолооч болсон. Тухайн үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Зам битүү хальтиргаатай байсан. Тэгээд би Аюул багатай тал руугаа жолоогоо эргүүлсэн юм. Баруун тал руу жалга байсан. Би гэм буруугаагаа ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа даатгалаа хөөцөлдөөд хохирогчийн хохирлыг барагдуулна гэж бодож байна. Би өөрийн боломжоороо хохирол төлнө гэж хэлсэн. Одоо өвөл болсон тул ажил хийж чадахгүй байна. Манай нөхрийн нэр дээр байдаг хашааг зарагдчихвал мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Би хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзсан. Бас утсаар байнга ярьдаг байсан. Мөнгө төгрөг хөөцөлдөөд бүтээгүй гэдгийг хэлж байсан. Өөрийнхөө нөхцөл байдлыг хэлж байсан. Оюунцэцэг гуайтай ярьж дулаан орохоор ажил хийж байгаад төлнө гэж хэлсэн. Торгох ял оноож өгөөч гэж хүсч байна.   ...гэх мэдүүлэг,

4. Хохирогч Ш.Энхбаярын 2016 оны 11-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгээс өглөө 09 цаг 30 минутын орчим өөрийнхөө “Хонда CRY” 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод холын хамаатан Ганбаатарыг хажуудаа суулгаад Улаанбаатар хот руу явсан. Шаамар сумын Аргангатын даваа уруудаад хальтиргаатай цастай замаар явж байтал огцом эргэлтэн дээр гэнэт цагаан өнгийн машин хурдтай гарч ирээд баруун тал руугаа шарваад буцааж миний урдуур орж ирээд жолоочийн эсрэг талын 2 хаалга руу нь мөргөсөн. Цагаан өнгийн машин замын хажуу руу ороод ертөнцийн зүгээр зүүн тийш харж зогссон. Цагаан машин ертөнцийн зүгээр тийшээ шарваад буцаад баруун зүг шарваад хөндлөн миний машины өөдөөс гулгаж ирж мөргөлдсөн. Зам гулгаатай би тормоз гишгээд орж ирсэн. Цагаан өнгийн машин эсрэг урсгалд орж ирсэн. Намайг машинд цуг явж байсан Ганбаатар буулгасан. Цагаан машин дотор 2 эмэгтэй хүн байсан. Хохирлоо төлүүлмээр байна. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

5. Хохирогч Ш.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн төвөөс гараад 10 цаг өнгөрч байхад Аргангатын даваа уруудаад явж байсан чинь доороос “Санота 5” маркийн машин ирж байсан. Би ачаатай явж байсан учраас маш удаан явж байсан чинь тухайн машин гэнэт маш хурдтай гарч ирээд эсрэг урсгал руу орж ирж осол гарсан. Эхлээд суудлынхаа дундаас гарч чадахгүй байсан. Тэгээд эмч, цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэг анхны тусламж ирээд өвчин намдаах тариа хийж өгөөд “яаралтай эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд өвчин намдаах тариа л хийж өгөөд “Улаанбаатар хот руу яв” гэж хэлсэн. Тэгээд би гол тасрах гээд өвдөөд байхаар нь вагоноор Улаанбаатар хот руу явсан. Тэгээд гэмтэл дээр ирэхэд амралтын өдөр таарч нилээн хэд хоногийн дараа хагалгаанд орсон. Гэмтэлд 20-иод хоног сахиуртай хэвтсэн. Тэгээд “сэргээн засах эмнэлэгээр яв” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ 15 удаа бариа засал хийлгэсэн. Тэгээд сая цагаан сарын өмнө мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Одоогоор удаан зогсоо байх юм уу, удаан суувал нурууны хадаастай хэсгээр өвддөг. Шүүгдэгч нь эмнэлэгт байхад ирж уулзсан. Хүн чанар гаргаад бие хаа асуугаад эм тарианд тусалсан бол баярлах л байсан. Одоо хагалгаанд ороход 4.000.000-5.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Эрүүл мэндийн даатгалтай учраас 1.000.000 төгрөг надаас гарч 80 хувь хөнгөлөгдсөн. Миний хувьд гомдолтой, эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. ...гэх мэдүүлэг,

6. Иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэгийн 2016 оны 12-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Хонда CRY” 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Ш.Энхбаяр бид хоёр  2010 онд Улаанбаатар хотын Да хүрээ захаас 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо миний нэр дээр байдаг машин байгаа юм. Үнэлгээтэй танилцсан, хохирлын үнэлгээ бага гарсан байна лээ. Хохирлоо гаргуулж авмаар байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

7.Иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Машины үнэлгээг 3 газраар гаргасан байгаа. Хамгийн сүүлд машины хохирол 2460000 төгрөг гарсан байгаа. Үнэлгээ хийлгэсний мөнгө гэж  120000 төгрөг гарсан. Мөн уг машиныг хот оруулсны хөлсөнд 500.000 төгрөг өгсөн. Эдгээрийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг,

8. Иргэний нэхэмжлэгч Ж.Сайнжаргалын 2016 оны 12-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Манай төрсөн эгч Ж.Алтанзолбоо өөрийн нөхрийн хамаатан Наранхүү гэдэг хүнээс 2015 оны 07 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машин одоо миний нэр дээр байдаг. Гэхдээ манай эгчийн өөрийнх нь машин байгаа юм. Машины 2 хаалга эвдэрсэн байсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулахгүй. Эгчийн өөрийнх нь машин тул надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

          9. Гэрч Б.Ганбаатарын 2016 оны 11-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Би 2016 оны 10 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот орох гээд хүргэн ах Ш.Энхбаярын хамт  “Хонда CRY” 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. Ш.Энхбаяр ах машин жолоодоод би хажууд нь суугаад 09 цаг 30 минутын орчим явсан. Тэгээд Аргангатын даваа уруудаад явж байтал зам хальтиргаатай байсан  ба гэнэт өөдөөс цагаан өнгийн машин гарч ирээд баруун тал руугаа шарваад буцаад манай машины урдуур шарваад жолоочийн эсрэг талын хаалгаараа манай машинтай мөргөлдсөн. Би машинаас гараад Энхбаяр ахыг гаргаад газар суулгаад нөгөө машин дээр очиход 2 эмэгтэй хүн байсан. Жолооч эмэгтэйг “чи хүн аллаа” гэж хэлсэн, тэгээд цагдаа нар ирсэн. Манай машин 10 орчим км цагийн хурдтай явсан. Уруу болохоор их хурдтай яваагүй. Зам гулгаатай байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 25-р ху/,

         10.Гэрч Д.Баасанжаргалын 2016 оны 11-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  ...Намайг тэр өдөр ажил дээрээ байхад “хамт Сэлэнгэ явах уу” гэж Алтанзолбоо хэлэхээр нь би цуг явсан. Бид 2 Дархан-Уул аймгаас 09 цагийн орчим хоршооны боов, талх “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Алтанзолбоо машин жолоодоод би хажууд нь суугаад явсан. Дулаанхааны 4 зам дэр цагдаа зогсоогоод манай машиныг шалгаад явуулсан. Тэгээд Аргангатын даваа өгсөөд явж байтал эргэлтэн дээр машин гулгаад уул тал руу гулгахад өөдөөс ирж явсан ногоон өнгийн машин миний сууж явсан талаар ирээд мөргөсөн. Тэгээд манай машин замын хажуу руу ороод зогссон байсан. Тэр ногоон өнгийн машин миний сууж байсан талаар мөргөсөн. Намайг машинаас буухад ногоон машинаас нэг эрэгтэй хүн буусан. Жолооч нь жолооныхоо ард сууж байсан. Тойрдог зам болохоор хурдтай яваагүй. Машин хальтиргаан дээр гулгаад эсрэг урсгал руу орж мөргөлдсөн. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 27-р ху/,

     11.Шинжээч Л.Наранбаатарын 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн дүгнэлт:

1. “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн жолооч Ж.Алтанзолбоо нь 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж ява ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөн. 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зөрчдөг замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн жолооч Ш.Энхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.   3. Осол гарахад өөр хүчин зүйл нөлөөлөөгүй.

4. “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн жолооч Ж.Алтанзолбоо нь замын хөдөлгөөний дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд: 9.1, 9.2 мөн дүрмийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2 гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав. ...гэх дүгнэлт, /хх-ийн 29-р ху/,

      12.Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлан:

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

             Гэрэл /зүүн урд/

Их

50,000

  Солих

2

 Гэрэл /баруун урд/

Их

50,000

  Солих

3

 Усны сав

Их

30,000

  Солих

44

 Крыло /баруун урд/

Их

60,000

  Солих

5

 Буфер /урд/

Их

150,000

  Солих

6

 Гар /баруун урд/

Их

70,000

  Солих

7

 Радиотар /ком/

Их

150,000

  Солих

8

 Салхины шил /урд/

Их

140,000

  Солих

9

 Агаар шүүгч

Их

30,000

  Солих

10

 Манангийн гэрэл /3ш/

Их

60,000

  Солих

11

 Капут

Их

150,000

  Солих

12

 Гидрийн хундага

Их

5,000

  Солих

13

 Урд краказ

Дунд

75,000

  Засах

14

 Шанаа /зүүн урд/

Дунд

48,000

  Засах

15

 Крыло /баруун урд/

Дунд

30,000

  Засах

16

 Шанаа /баруун урд/

Дунд

62,000

  Засах

17

 Лонжром /баруун урд/

Дунд

78,000

  Засах

18

 Лонжром /зүүн урд/

Дунд

105,000

  Засах

 

Шууд зардлын дүн:

 

 

            1.343.00

 

 

 

 

 

 

 

400гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

70,000

Материалын үнэ

 

 Будах зардал

 

170,000

Ажлын хөлс

 

 Эд анги солих

 

90,000

 Ажлын хөлс

 

  Тэнхлэг шалгуулах

 

20,000

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

350,000

Шууд бус зардлын дүн:

 

Нийт дүн:

 

1,693,000

Нийт дүн:

Үнэлгээгээр тогтоосон дүн:       1,693,000

                                                                         гэх тайлан /хх-ийн 33-р ху/,

 

           13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг          хийсэн 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн  № 1178 тоот актын дүгнэлт хэсэгт:

           1.Д.Баасанжаргалын биед нурууны зөөлөн эдийн гэмтэл хүзүү, хэвлий бүсэлхийд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид эрүү мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөгүй. гэх дүгнэлт,/хх-ийн 37-р ху/,

 

          14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг          хийсэн 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн  № 15130 тоот актын дүгнэлт хэсэгт:

 1.Ш.Энхбаярын биед бүсэлхийн 3,4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Цаашид эрүү мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх дүгнэлт,/хх-ийн 40-р ху/,

 

15. Шижээчийн 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн  № 123 тоот актын дүгнэлт хэсэгт: 

 1.  Шинжээчийн №118 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

     2.  Соната-5 маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Алтанзолбоо нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрминй 8.2 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

     3. “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн жолооч Ш.Энхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

     4.  Хариулах боломжгүй.

     5. “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн жолооч Ж.Алтанзолбоо нь замын хөдөлгөөний дүрмийн 8.2 гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлт гаргав. ...гэх дүгнэлт, /хх-ийн 47–р ху/,

 

Шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 71-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх 55-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 56-57-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 58-59-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 60-61-р ху, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, /хх 05-06-р ху/,  хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 07-р ху/, ослын талаархи гэрэл зургийн үзүүлэлт, /хх 04-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 42-44-р ху/, жолоочийн согтуурлыг багажаар шлгасан тэмдэглэл, /хх 13-14-р ху/, хохирогчоос ирүүлсэн хохирлын тухай баримт, /хх 72-83-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 64-р ху/, шүүгдэгчийн ажлын газрын  тодорхойлолт, /хх 63 –р ху/, шүүгдэгч, хохирогч нарын жолоочийн үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх 65-68-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судлавал:

 

         Шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Шаамар сумын Дулаанхаан тосгоны Аргангатын даваа гэх газар “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд орсны улмаас “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийг хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч, хохирогч нарын  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, шинжээчийн гаргасан дүгнэлт, зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэн зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Ж.Алтанзолбоод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа боловч учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй зэрэг байдлуудыг харгалзан  шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч,  хуульд заасан  ял оногдуулах нь зүйтэй  байна.

Энэ хэрэгт шүүгдэгч  Ж.Алтанзолбоо нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 Хохирогчийн гэр бүлийн хүн нь хохирогчийг эмнэлэгт сахиж байхдаа  өөртөө оношлогоо хийлгэсний 160.000 төгрөг, эмнэлэгт эмчлүүлсэний 195.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг хавсаргасан боловч энэ нь шүүгдэгчийн гэм буруутай шууд холбоогүй тул энэ төлбөрийг шүүгдэгчээс шууд гаргуулах боломжгүй. Мөн хохирогчийн хохирлын талаархи баримтын зарим нь гаргагдахгүй байгаа, мөн хүнсний зүйл авсан баримт, зарим нь кассын талон НӨАТ-ын баримтыг давхардуулан хавсаргасан, зарим баримт нь өөр хүний нэртэй байгаа зэрэг баритуудыг хасч тооцсон болно.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291-р зүйлийн 291.1, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага   болгон   ТОГТООХ  нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоог мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 215-р зүйлийн 215.1-т зааснаар шүүгдэгч  Ж.Алтанзолбоогийн тээврийн  хэрэгсэл   жолоодох  эрхийг  1 /жилийн/ хугацаагаар   хасч, 2 /хоёр/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоод оногдуулсан 2 /хоёр/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн цагдан хоригдсон хоног 7 /долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогоос эмчилгээний зардал болох 2.496.310 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 4-р хороолол 31-р байрны 7 тоотод оршин суух хохирогч  Уулын овогт Шийтэрийн Энхбаярт олгосугай.

7.Хохирогч Ш.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

8.Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогоос машины хохиролын үнэ болох 3.080.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 4-р хороолол 31-р байрны 7 тоотод оршин суух хохирогч  Уулын овогт Нямшинээгийн Оюунцэцэгт олгосугай.

9.Шүүгдэгч Ж.Алтанзолбоод урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                           

10. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад  даалгасугай.

12. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгчиргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН