Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 43

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид                           Я.Туул

                                                                        Д.Буянжаргал

Оролцогчид:

                                Прокурор                   А.Энхтуяа

                                Ялтны өмгөөлөгч    А.Отгонбаяр

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоод холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000332  дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, 017-р хэсэг, 3-48 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн “Хишиг Ундрам” талх, нарийн боовны цехэд дотоод үйл ажиллагааг хариуцсан ажилтан гэх ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоо                  /РД: ЕЮ-87021708/.

 

Шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” гэх газар “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ эсрэг урсгалд орсны улмаас “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Анхан шатны шүүх Ж.Алтанзолбоод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 23 дугаартай шийтгэх тогтоолоор:

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хонгор овогт Жамъянсүрэнгийн Алтанзолбоог мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
  • Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Алтанзолбоогийн тээврийн  хэрэгсэл   жолоодох  эрхийг  01 жилийн хугацаагаар   хасч, 02 сарын баривчлах ялаар шийтгэж,
  • рүүгийн хуулийн  ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоод оногдуулсан 02 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлж,
  • Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөөгүй болохыг тус тус дурьдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн цагдан хоригдсон хоног 07 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

-Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогоос эмчилгээний зардал болох 2.496.310 төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 4-р хороолол 31-р байрны 7 тоотод оршин суух хохирогч  Уулын овогт Шийтэрийн Энхбаярт олгуулж,

-Хохирогч Ш.Энхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

  • Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтанзолбоогоос машины хохиролын үнэ болох 3.080.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8-р хороо 4-р хороолол 31-р байрны 7 тоотод оршин суух хохирогч  Уулын овогт Нямшинээгийн Оюунцэцэгт олгуулж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Ж.Алтанзолбоод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын      07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх уг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй, тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрчээр асуугдсан Б.Ганбаатарын мэдүүлэгт “2016 оны 10 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар орох гээд хүргэн ах Ж.Энхбаярын хамт “Хьюндай CRV” 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. Манай машин 10 орчим км.цагийн хурдтай явсан” гэсэн мөн хохирогч Ш.Энхбаярын мэдүүлэгт “Би ачаатай явж байсан тул маш удаан явж байсан чинь тухайн машин гэнэт маш хурдтай гарч ирээд эсрэг урсгал руу орж осол гарсан”, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Замын хавьд хальтаргаатай, гулгаатай байсан. Үзэгдэх орчин ямар нэгэн хаалт, нөлөөгүй үзэгдэх орчин ердийн нөхцөлтэй саадгүй байсан. Машин 200 орчим метрийн цаана мурилзаад, даялаад ирж байсныг би харсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Эдгээр нотлох баримт болох гэрч, хохирогч нарын мэдүүлгээс хохирогч Ш.Энхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад учирсан тохиолдолд...зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүхээс энэ байдалд огт дүгнэлт хийсэнгүй байгаад гомдолтой байна. Тухайн үед миний жолоодож явсан замын хөдөлгөөнд оролцож байсан “Соната 5” маркийн 27-70 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний дүү Ж.Сайнжаргалын эзэмшлийн эд хөрөнгө бөгөөд одоо болтол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгон цагдаагийн тээврийн хэрэгсэл саатуулах байранд байлгаж байгаа юм. Гэтэл уг машиныг битүүмжилсэн эсэх талаар ямар нэгэн баримт үйлдээгүй, 5 сар гаруй ямар журмаар, ямар зхохицуулалт баримталж эзээмшигчийн эрхийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байгаа юм.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг нэмэлт хэрэг бүртгэлд буцааж өгнө үү...” гэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан ялтны өмгөөлөгчийн гомдлын хариу тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа би ялтны өмгөөлөгч  А.Отгонбаяраас гаргасан гомдолтой танилцлаа.

1.Өмгөөлөгч А.Отгонбаяр нь ....гэрч Б.Ганбаатар, хохирогч Ш.Энхбаяр нараас маш бага хурдтай явж байсан гэж мэдүүлсэн байхад  Замын хөдөлгөөний дүрмийн  9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар “...Жолооч хөдөлгөөнд аюул саад учирсан тохиолдолд ...зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байхад шүүхээс энэ байдалд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна гэжээ.

Гэтэл хэрэгт цугларсан баримтаар хохирогч Ш.Энхбаяр нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд яллагдагч Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Соната 5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ...хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул саад учирсан тохиолдолд...зогсоох арга хэмжээ авна”, 8.2 “...эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Хонда СRV” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Ш.Энхбаярын бүсэлхийн 3,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл зэрэг олон тооны гэмтлүүд учирч эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” гэмтэл учруулсан болох нь хэрэг бүртгэлтийн шатанд бүрэн тогтоогдсон байдаг.

Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ш.Энхбаяр нь мөн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ өөрийн боломжит хэмжээнд авч байсан талаар мэдүүлсэн, шүүгдэгч Ж.Алтанзолбоо нь тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар дутмаг, 2016 оны 07 дугаар сард жолооны курс төгсөөд 03 сарын дараа осол гаргасан байдаг, халтиргаа гулгаатай зам дээр анх удаа жолоо барьж байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэний үндсэн дээр хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн шүүх шийтгэх тогтоол гаргасан тул Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан.

2.27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж.Сайнжаргалын нэр дээр байдаг түүний эзэмшлийн эд хөрөнгө болох нь хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдсон бөгөөд Ж.Сайнжаргал нь Ж.Алтанзолбоогоос нэхэмжлэх зүйл байхгүй талаар хэрэгт авагдсан байна.

Уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх шаардлага байхгүй, битүүмжилсэн тогтоол шийдвэр хэрэгт авагдаагүй байхад ялтны өмгөөлөгчөөс Шаамар сумын цагдаагийн хэсгийн хашаанд удсан гэх үндэслэлгүй /хэрэг бүртгэгч нь уг тээврийн хэрэгслийг хашаанаас авахыг удаа дараа шаардсан талаар хэлсэн боловч өөрөө очиж аваагүй/ шаардлага тавьж байх тул ялтны өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Тухайн осол гарах үед Замын хөдөлгөөний дүрмийг хохирогчийн зүгээс зөрчсөн. Учир нь жолооч хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюул саад учрах тохиолдолд жолооч хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг хохирогч Ш.Энхбаяр нь биелүүлээгүй. 200 гаруй метрийн цаанаас Ж.Алтанзолбоогийн машин мурилзаад эсрэг урсгалруу орж ирэхийг хохирогч харсан. Энэ байдлыг хараад Замын хөдөлгөөний дүрэмд заасныг биелүүлэн зогссон бол тухайн осол аваар гарахгүй байсан. Нөгөө талаар Монгол Улсын хууль иргэдэд тэгш үйлчлэх ёстой бол Ш.Энхбаяр хохирогчийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг сааруулах зогсоох арга хэмжээ аваагүйн бурууг тогтоолгүйгээр бүх бурууг Ж.Алтанзолбоод хүлээлгэсэн нь нэг талыг барьж тогтоол шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргасан юм. Гомдол гаргах хугацаанд хохирогчид даатгалын байгууллагаас тээврийн хэрэгслийн хохирол болон эмчилгээний зардал нийтдээ 5.600.000 төгрөгийг төлсөн. Энэ талаар хохирогч удаа дараа гомдол саналгүй боллоо гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байгаа. Ж.Алтанзолбоо нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим Дулаанхаан тосгоны Аргангатын тосгонд хэрэгт холбогдсон тэрнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Ж.Алтанзолбоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Замын хөдөлгөөний дүрэм зөрчснийг шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гарчихсан. Хохирогч Ш.Энхбаяр нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд яллагдагч Ж.Алтанзолбоо нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас 25-90 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг. Зам тээврийн ослын гол шалтгаан бол шүүгдэгч Ж.Алтанзолбоогийн жолооч болоод 3 сарын хугацаа болж байсан, тухайн осол нь 10 сард болсон гэж үзэхэд жолооч болоод анх удаагаа халтиргаа, гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийг жолоодож байсан дутмаг байдал хэргийг гарахад нөлөөлсөн байдаг. Ялтны өмгөөлөгч нь тээврийн хэрэгсэл битүүмжилсэн байгаа талаар бичсэн байдаг. Тээврийн хэрэгслийг битүүмжлэх шаардлага байхгүй, хэрэгт битүүмжилсэн гэсэн баримт байхгүй гэв.                                  

                                                 Тодорхойлох нь:

 

Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” гэх газар “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ эсрэг урсгалд орсны улмаас “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Алтанзолбоод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Хонгор овогт Жамъянсүрэнгийн Aлтанзолбоог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн  хуулийн тусгай  ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн  хэрэгсэл   жолоодох  эрхийг  01 жилийн хугацаагаар   хасч, 02 сарын баривчлах ялаар шийтгэж, оногдуулсан 02 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ялтан Ж.Алтанзолбоогийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Алтанзолбоод холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад  Ж.Алтанзолбоо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны “Арангатын даваа” гэх газар “Соната-5” маркийн 27-71 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ эсрэг урсгалд орсны улмаас “Хонда CRY” маркийн 25-90 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас жолооч Ш.Энхбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ялтан Ж.Алтанзолбоо /хх-ийн 56-57,60-61,171-181-р ху/, хохирогч Ш.Энхбаяр        /хх-ийн 21-22,171-181-р ху/, иргэний нэхэмжлэгч Н.Оюунцэцэг /хх-ийн 19-20, 171-181-р ху/ нарын хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Ж.Сайнжаргал /хх-ийн 20-р ху/, гэрч Б.Ганбаатар /хх-ийн 25-р ху/, Д.Баасанжаргал /хх-ийн 27-р ху/ нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгүүд, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 118 тоот дүгнэлт /хх-ийн 29-р ху/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ¹15130 тоот акт /хх-ийн 40-р ху/, Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ¹123 тоот дүгнэлт /хх-ийн 48-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байх тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэнд буцаахыг хүссэн өмгөөлөгч А.Отгонбаярын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Харин Ж.Алтанзолбоогийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт

“72.1 Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:

72.1.1.хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн…”  гэж заасны дагуу Ж.Алтанзолбоог эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ж.Алтанзолбоо нь хохирогч Ш.Энхбаяр, иргэний нэхэмжлэгч Ш.Оюунцэцэг нарт эмчилгээний зардал 2.496.310 төгрөг, машины үнэ 3.080.000 төгрөг, нийт 5.576.310 төгрөг төлсөн болох нь хохирогч Ш.Энхбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдах  шаардлагатай гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг өөрчилж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтанзолбоог эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хэргийг хэрэгт бүртгэлтэнд буцаахыг хүссэн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Ж.Алтанзолбоод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

3.Ж.Алтанзолбоо нь хохирогч Ш.Энхбаяр, иргэний нэхэмжлэгч  Н.Оюунцэцэг нарт эмчилгээний зардал 2.496.310 төгрөг, машины үнэ 3.080.000 төгрөг, нийт 5.576.310 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                               Б.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ

                                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ