Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01454

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01454

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 63 дугаар байр Мансардны 1 тоотод оршин суух, Отгоо тайж овогт Дагдангийн Нарантулга /РД:ПЮ87011172/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж 18 Guradu центер 5 давхар, 506 тоотод байрлах, Актив бриж ХХК /РД:5439094/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул 4 дүгээр гудамжны 49б тоотод оршин суух, Шарагчууд овогт Бэрхээдэйн Ганбаяр /РД:ЧИ8411271/ нарт холбогдох,

Амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг уг гэрээнд төлөгдсөнөөр тооцсон 259,350,000 төгрөгийг Актив бриж ХХК-аас гаргуулах замаар арилгуулах, зээлээр өгсөн бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүний үнэ 53,100,000 төгрөгийг Б.Ганбаяраас гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Нарантулга, түүний өмгөөлөгч Б.Гантулга, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн Д.Нарантулга нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Активбриж ХХК-тай 19/04 дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан, энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлалтай 43 айлын АОС Бумбат Вилла хотхоны 12 тоот 133 мкв талбай бүхий 1 давхар амины орон сууцыг захиалсан.

Гэрээний төлбөрийг Актив Бриж ХХК-ийн захирал Б.Ганбаяртай олон жил хамтран ажилласан, цалин хөлс аваагүй, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас авах ёстой байсан ашиг, Б.Ганбаярын хэрэгжүүлж байгаа болон урд өмнө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт оруулсан хөрөнгө мөнгө зэргийг нийлүүлээд 259,350,000 төгрөгийн төлбөрт харилцан тооцсон ба талууд тооцоо нийлж Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээний 4.2-т тусгасан байдаг.

Б.Ганбаяр нь Д.Нарантулгаас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр машин, бэлэн мөнгө, түлш зэргийг 53,100,000 төгрөгт тооцон авч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 63 дугаар байрны мансардны 1 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.

Нэхэмжлэгч Д.Нарантулгаас Б.Ганбаяр нь бэлнээр 3,300,000 төгрөг,

Хаан банкны дансаар хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөг,

Бусдаар дамжуулан 1,200,000 төгрөг,

Б.Ганбаяр Д.Атартунгалаг нарын хооронд байгуулагдсан "Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ"-ний төлбөрт Д.Нарантулга нь өөрийн Рино маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцуулан Д.Атартунгалагт шилжүүлж өгсөн.

Б.Ганбаярын бусдаас худалдан авсан түлшний төлбөрөөс 5,100,000 төгрөгийг Д.Нарантулга түлш борлуулагчид төлсөн.

Б.Ганбаяр нь ганц нэг хүний цалин өгөх хэрэгтэй байна гэж бэлнээр 1,500,000 төгрөг.

Б.Ганбаярын иргэн Б.Чулуунсүрэнд төлөх ёстой өр төлбөрөөс 12,000,000 төгрөгийг Д.Нарантулга нь Б.Чулуунсүрэнд төлсөн юм.

Иймд дээрх мөнгөнүүдийг бэлнээр болон, өөрийн дансаар авсан, түлш авахдаа болон Б.Чулуунсүрэнгээс зээл авахдаа байгууллагын нэр дээр бус иргэнээр гэрээ байгуулсан 53,100,000 төгрөгийн төлбөрт Б.Ганбаяр нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 63 дугаар байрны мансардны 1 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцсон учир Б.Ганбаяраас 53.100.000 төгрөгийг, хариуцагч Актив Бриж ХХК-наас 259,350,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Активбриж ХХК, Б.Ганбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Нарантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Нарантулга нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Активбриж ХХК-тай 19/04 дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэж байгаа боловч уг гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Уг гэрээнд заасан төлбөрийг Д.Нарантулга огт төлөөгүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлалтай 43 айлын АОС Бумбат Вилла хотхоны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдох хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг орон сууц нь Активбриж ХХК-ийн эзэмшил, өмчлөл бус бөгөөд Д.Нарантулга нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй юм.

53,100,000 төгрөгийг шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр машин, бэлэн мөнгө, түлш зэрэг нийт 53,100,000 төгрөгийн эд зүйл өгсөн гэх боловч бодитоор Активбриж ХХК-д хүлээлгэн өгөөгүй, Активбриж ХХК хүлээн аваагүй.

Харин Баянзүрх дүүргийн 4-р хороо, 63 дугаар байрны мансардны 1 тоот орон сууцанд 1 жилийн хугацаанд Активбриж ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг хувь эзэмшигчийн хувьд түр оршин суусан юм. Тиймээс уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгнө гэсэн ямар нэгэн амлалт, үүрэг хүлээгээгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүний гаргаж өгсөн баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Д.Нарантулга нь Активбриж хязгаарлагдмал хариуцлагтай компанийн дүрэмд заасны дагуу компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Энэ хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эрх мэдлийг ашиглан 19/04 дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээ-г зээл авах нэрийдлээр байгуулж авсан юм.

Активбриж ХХК болон Д.Нарантулга нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 19/04 дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээ-ний 4.2-т заасны дагуу гэрээний төлбөрт 259,350,000 төгрөгийг төлсөн, мөн бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцон 53,100,000 төгрөг өгсөн гэдэг нь үндэслэлгүй, худал тайлбараар шаардлага гаргаж байх бөгөөд манай компанийн албан ёсны дансаар Д.Нарантулгаас мөнгө орж ирж байсан удаа байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх, үүрэгтэйгээр оролцдог ба нэхэмжлэгч Д.Нарантулгын зүгээс 259,350,000 төгрөгийг төлсөн бол мөнгө төлсөн баримтаа шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх байтал өнөөдрийг хүртэл ямар ч баримт гаргаж өгөөгүй байна.

Харин Активбриж ХХК-д иргэн Д.Нарантулгын оруулсан хөрөнгө оруулалт гэх гарчиг бүхий санхүүгийн баримтын огноог харахад 2019 оны 06 дугаар сарын 26 гэжээ. Активбриж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/04 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Б.Баттулга нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн байдаг. Иймд нэхэмжлэгч талаас хэргийн материалд хавсаргасан Активбриж ХХК-д иргэн Д.Нарантулгын оруулсан хөрөнгө оруулалт гэсэн гарчиг бүхий санхүүгийн баримт хуурамч байна. Энэ талаар Активбриж ХХК-ийн нягтлан бодогч Б.Баттулга нь гэрчээр шүүх хуралдаанд оролцож тайлбараа өгснөөр үгүйсгэгдсэн.

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Активбриж ХХК болон Рэска ХХК нарын хооронд 3 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний хүрээнд Активбриж ХХК нь туслан гүйцэтгэгчийн үүрэг хүлээн гэрээнд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бумбат Виллаж төсөл нь 100 хувь Рэска ХХК-ийн өмч юм. Нэхэмжлэгч талаас Бумбат Виллаж төслийг Активбриж ХХК дангаараа хэрэгжүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Д.Нарантулгын гаргасан Активбриж ХХК болон иргэн Б.Ганбаяр нарын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Активбриж ХХК-тай байгуулсан 19/04 дугаартай Амины орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн мөнгө болох 259,350,000 төгрөг, мөн бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцон өгсөн авах ёстой төлбөр гэх 53,100,000 төгрөг, нийт 312,450,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Нарантулга нь хариуцагч Активбриж ХХК, Б.Ганбаяр нарт холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг уг гэрээнд төлөгдсөнөөр тооцсон 259,350,000 төгрөгийг Активбриж ХХК-аас гаргуулах, машин, бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцон өгсөн 53,100,000 төгрөгийг Б.Ганбаяраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Активбриж ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшигч Д.Нарантулга болон Активбриж ХХК нарын хооронд Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Активбриж ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Бумбатын аманд байрлах, 43 айлын Бумбат вилла хотхоны 133 м.кв талбайтай, 1 давхар амины орон сууцыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, Д.Нарантулга нь 259,350,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцааны шинжийг агуулсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Гэрээний 4.2-т захиалагч төлбөрийг 100% төлсөн гэж заасан ба үүнийг нэхэмжлэгч тал хариуцагч Б.Ганбаяртай олон жил хамтран ажилласан, цалин хөлс аваагүй, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас хувь хүртээгүй, Активбриж ХХК-ийн явуулж байгаа төсөл хөтөлбөрт өөрөөс оруулсан бэлэн мөнгө, бараа материалын үнийг буцаан аваагүй зэргийг нийлүүлээд 259,350,000 төгрөгийн төлбөрт харилцан тооцсон гэж тайлбарласан бөгөөд гэрээнд заасан хугацаанд амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр уг гэрээнээс татгалзаж, 259,350,000 төгрөгийг хариуцагч Активбриж ХХК-аас нэхэмжлэлээр шаардсаныг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн нь нөгөө талд гэрээг цуцлах, гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй. Хариуцагчийн хувьд гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр боловч нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн үнэ болох 259,350,000 төгрөгийг бэлнээр төлөөгүй, хөдөлмөрийн хөлс, олсон ашгаас ногдох хувь, компанийн үйл ажиллагаанд зориулан оруулсан хөрөнгө оруулалтыг харилцан тооцохоор тохиролцсон гэж тайлбарласныг нь хариуцагч үгүйсгэн маргасан тул гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар гэж шүүх 259,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон гэрээний төлбөрт тооцогдсон гэх хөдөлмөрийн хөлс, олсон ашгаас Д.Нарантулгад ногдох хувь, компанийн үйл ажиллагаанд оруулсан бэлэн мөнгө, бараа материалын үнэ нийтдээ хэдэн төгрөг болсон зэрэг нь тодорхойгүй, эдгээр нь бичгийн баримтаар нотлогдоогүй, зохигч талуудын хооронд үүссэн гэрээний өөр эрх зүйн харилцаанаас үүдэлтэй үүргийн харилцааны талаар зохигч талууд тайлбарлан маргасан тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, уг маргааныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсныг нэхэмжлэгч хэрэгжүүлж чадаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсан үндэслэлээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Активбриж ХХК-аас 259,350,000 төгрөг гаргуулахыг шаардсан Д.Нарантулгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Б.Ганбаяраас машин, бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцож өгсөн 53,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 4 дэх хуудсанд авагдсан Актив бриж ХХК-д иргэн Д.Нарантулгын оруулсан хөрөнгө оруулалт гэсэн бичвэр бүхий баримтыг үндэслэн 53,100,000 төгрөгийг гаргуулахаар нээхмжлэлийн шаардлагын энэ хэсгийг тодорхойлсон боловч тус баримтыг үйлдэж, гарын үсэг зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарсан Б.Баттулга шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: Энэ акт нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн. Д.Нарантулга гарын үсэг зурж, тамга дараад өг гэхээр нь Д.Нарантулгын хүсэлтээр үйлдэж өгсөн. Актад бичигдсэн бэлэн мөнгө, түлш, машин зэргийг Активбриж ХХК-д оруулсан эсэхийг мэдэхгүй. Энэ нь намайг ажилд орохоос өмнөх асуудал. Би зүгээр л шивэлтүүдийг нь хийдэг байсан. Б.Ганбаяр, Д.Нарантулга хоёр надтай төсөл дээр цуг ажиллана гэж тохирсон. Бид нэг оффист цуг суудаг, тамга тэмдэг миний шургуулганы нүдэнд байсан учраас дарсан гэжээ.

Мөн хэргийн 163-174 дэх хуудсанд авагдсан ХААН банкны деспозит дансны Бэрхээдэйн Ганбаярын 5102059351 тоот хуулгад: 2016.10.25-ны өдөр 5046293804 данснаас Ganaad гэж 1,000,000, мөн 1,000,000, Нарантулга гэж 9,300,000, 2016.11.07-ны өдөр Narantulgaas 150,000, 2016.11.24-ны өдөр Ganbayart 750,000, 2016.12.30-ны өдөр Ganbayart 100,000, 2017.01.04-ний өдөр Ganbayart 135,000, 2017.01.30-ны өдөр Narantulgaas 310,000 төгрөг... гэж тус тус бичигдсэн байна.

Хэргийн 115-123 дахь талд авагдсан Активбриж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 01/04 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Цалингийн тооцоолол, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт тус тус авагджээ.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх Д.Нарантулга, Активбриж ХХК-ийн захирал Б.Ганбаяр нарын хооронд фэйсбүүкээр харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52 дахь тал/-ээс үзэхэд: Зохигчид нь 2019 оны 6 дугаар сарын 24, 2020 оны 01 дүгээр сарын 17, мөн оны 02 дугаар сарын 05, 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус харилцсан бичвэрт тусгагдсан агуулга, утга санааг хэргийн үйл баримтуудтай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд Д.Нарантулгын нэхэмжлэлийн шаардлагын 53,100,000 төгрөгийг хариуцагч Б.Ганбаяраас гаргуулахыг шаардсан хэсгийг хангахгүй орхих үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч Д.Нарантулга нь Активбриж ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учир тус компанид оруулсан хөрөнгө оруулалт гэх мөнгө болон эд материалыг тухайн компанийн 50 хувийн эзэмшигч болоход зарцуулсан хөрөнгө, эсхүл хамтран ажиллах гэрээний хураамж эсэх талаар эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа хуульд заасан журмын дагуу гаргаж холбогдох баримтаар нотлон шийдвэрлүүлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Активбриж ХХК-аас 259,350,000 төгрөг, Б.Ганбаяраас 53,100,000 төгрөг тус тус гаргуулах тухай Д.Нарантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,720,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болж 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ТҮМЭНЦЭЦЭГ