Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00305

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нлгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02949 дугаар шийдвэртэй,

Д.Нлгын нэхэмжлэлтэй,

“Аж” ХХК-д холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, үр дагаврыг уг гэрээнд төлөгдсөнөөр тооцсон 259 350 000 төгрөгийг гаргуулах,

Гяр холбогдуулан зээлээр өгсөн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэ 53 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Нлга, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нлга нь “Аж” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амны орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Жжжжтай 43 айлын АОС Жжжж тоот 133 м.кв талбай бүхий 1 давхар амины орон сууцыг захиалж, гэрээний төлбөрийг Гяртай олон жил хамтран ажилласан, цалин хөлс аваагүй, хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашгаас хувь хүртээгүй, “Аж” ХХК-ийн явуулж байгаа төсөл хөтөлбөрт оруулсан бэлэн мөнгө болон бараа материалын үнийг аваагүй зэргийг нийлүүлээд 259 350 000 төгрөгийн төлбөрт харилцан тооцсон ба талууд сүүлд тооцоо нийлж хаусны мөнгийг бүрэн төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээнд тусгасан.

Дээрх амины орон сууц нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орж хүлээн авах ёстой атал өнөөдрийг хүртэл ашиглалтад орох байтугай дотор, гадна тоосго өрснөөс өөр ажил хийгдээгүй. Түүнчлэн захиалагч нарыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу жагсаалт гаргаж өгөөгүй. Бумбат вилла хотхоны талаарх материалаа улсын бүртгэлд огт өгөөгүй, цаашлаад манай байгууллага захиалагч биш гүйцэтгэгч надад хамаагүй гэх зүйлийг ярих болсон тул гэрээнээс татгалзаж байна.  

“Аж” ХХК-ийн захирал Гяр нь Д.Нлгаас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр машин, бэлэн мөнгө, түлш зэрэгийг 53 100 000 төгрөгт тооцон авч, улмаар 53 100 000 төгрөгийн өр төлбөрт Д.Нлгаас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, жжжжны мансардны 1 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцож, Д.Нлгыг дээрх орон сууцанд оруулсан. Д.Нлга энэхүү орон сууцанд амьдрах болсон хэдий ч 1 жилийн хугацаанд дээрх орон сууцны өмчлөлийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй.

Иймд “Аж” ХХК-аас Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Жжжжтай 43 айлын орон сууц болох Бумбат вилла хотхон-ы 12 тоот 133 м.кв талбай бүхий 1 давхар амины орон сууцны төлбөрт төлсөн 259 350 000 төгрөгийг, Гяраас машин, бэлэн мөнгө, түлш зэргээр тооцон зээлсэн 53 100 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Нлга нь “Аж” ХХК-ийн дүрэмд заасны дагуу компанийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг ба өөрийн эрх мэдлийг ашиглан 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр амины орон сууц захиалан бариулах гэрээг зээл авах нэрийдлээр байгуулсан.

Уг гэрээний 4.2-т заасны дагуу гэрээний төлбөрт 259 350 000 төгрөгийг төлсөн мөн бэлэн мөнгө, түлш зэрэгт тооцон 53 100 000 төгрөг өгсөн гэдэг нь үндэслэлгүй, худал тайлбар бөгөөд манай компанийн албан ёсны дансаар Д.Нлгаас мөнгө орж ирж байсан удаа байхгүй. Д.Нлга 259 350 000 төгрөгийг төлсөн гэх баримтыг гаргаж өгөөгүй.

Харин “Аж” ХХК-д Д.Нлгын оруулсан хөрөнгө оруулалт гэх гарчиг бүхий санхүүгийн баримтын огноо 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэж байх ба “Аж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ажилд томилох тухай тушаалаар Өга нь уг өдрөөс эхэлж нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Иймд нэхэмжлэгч талаас хэргийн материалд хавсаргасан Д.Нлгын оруулсан хөрөнгө оруулалт гэх санхүүгийн баримт хуурамч юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Аж” ХХК-аас 259 350 000 төгрөг, Гяраас 53 100 000 төгрөг тус тус гаргуулах Д.Нлгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 720 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагчаас 53 100 000 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлийг нотлох цорын ганц баримт нь “Аж” ХХК-д иргэн Д.Нлгын оруулсан хөрөнгө нэртэй 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий бичгийн баримт байх бөгөөд үүнээс өөрөөр энэ шаардлага нотлогдохгүй байна. Уг баримтаас үзэхэд дээрх төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг хариуцагчид зээлсэн гэж үзэхэд эргэлзээтэй, гэрч Өга шүүх хуралдаанд “би тус компанид 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар анх ажилд орсон. Д.Нлгын оруулсан хөрөнгө гэх баримт нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн баримт мөн байна. Намайг ажилд орохоос өмнөх асуудал болохоор уг баримтанд заасан бэлэн мөнгө, түлш машин зэргийг хариуцагч нарт бодитоор өгсөн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед компанид нябо гэдэг ажилтан байгаагүй. X тайлан гаргадаг байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна” гэж,

мөн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан 53.100.000 төгрөгийн бичгийн баримтыг “Хамтран ажиллах гэрээний хураамж эсэх, цаашлаад хувь хүн Д.Нлгын компанитай байгуулсан өөр гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн үүрэг байсан эсэх зэрэг тодорхойгүй олон зүйл байна”. гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч нар болон нэхэмжлэгч нарын хооронд ямар нэг хөрөнгө оруулалтын гэрээ, хамтран ажиллах гэрээ болон бусад төрлийн гэрээ байгуулж хамтран ажилласан асуудал байхгүй. Зөвхөн 53 100 000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал зээлдүүлсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч талаас дээрх 53 100 000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал зээлдүүлсэн бичгийн баримтыг хөрөнгө оруулалтын гэрээ, хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалт, хураамж гэж огт мэдүүлээгүй буюу хавтаст хэрэгт уг 53 100 000 төгрөгийн баримтыг өөр гэрээний харилцаанаас үүссэн төлбөр хураамжийн асуудал болохыг нотолсон ямар ч гэрээ нотлох баримтаар авагдаагүй. Мөн “Аж” ХХК-ийн захирал Гяр нэхэмжлэгч Д.Нлга нарын “Фейсбүүк” чатны харилцан ярианд үзлэг хийж нотлох баримтаар үнэлэн хэрэгт хавсаргасан бөгөөд уг харилцан яриагаар “ Гяр нь Д.Нлгаас “53 100 000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал авсан ба түүнийхээ оронд Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө байрыг шилжүүлж өгье” гэж байгаа үйл баримт нь “Аж” ХХК-ийн захирал Гяр нэхэмжлэгч Д.Нлга нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь нотлогддог.

Хавтаст хэрэгт авагдсан “53 100 000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа материал өгсөн баримт” болон “Аж” ХХК-ийн захирал Гяр Д.Нлга нарын “Фейсбүүк” чатны харилцан ярианд үзлэг хийсэн бичгийн нотлох баримтуудыг харахад нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд буцаан төлөх зээлийн харилцаа үүссэн байгаа нь нотлогдож байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нлга нь хариуцагч “Аж” ХХК-д холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 259 350 000 төгрөгийг буцаан гаргуулахаар, хариуцагч Гярт холбогдуулан зээлээр өгсөн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүний үнэ 53 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан “Аж” ХХК-д Д.Нлгаас оруулсан хөрөнгө оруулалт гэх баримтад “нийт дүн 53 100 000 төгрөг” гэж тодорхойлсон байна. /хх11/

 

Анхан шатны шүүх Ганбаяр Бэрхээдэй, Нараа нара гэх нүүр хуудас /фэйсбүүк/  хаягт хадгалагдах цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд Д.Нлга: “м.кв багасах нь дээ, би 200 сая төгрөг барьчих юм бол гэж бодож байна, 3 жилийн хөдөлмөр шүү дээ”; Гяр: “чи аль хурдан мөнгө болохыг сонго, хаана зүгээр үү 250 сая болохоор асуудалгүй юм сонго, ...12-ыг 130 м.кв болгоод авах уу”; Д.Нлга: “за тэгье, өрлөг дуусчих юм бол би м.кв тулах санаа байна, ...миний оруулсан мөнгө 53 сая болсон байна лээ”; Гяр: “тэрийг би чамд хэлсэн”; Д.Нлга: “тэрэнд л тэр байр авъя гэж тохирсон биздээ”; Гяр: “би зээлээ төлсөн өдрөө чамд ордер дээр нь итгэмжлэл хийж өгнө, угаасаа барьцаанд байгааг мэдэж байгаа биз дээ” гэж тусгагджээ. /хх52/

 

Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Д.Нлга нь 53 100 000 төгрөгийг Гярт шилжүүлсэн эсэх, эсхүл хуулийн этгээдэд шилжүүлсэн эсэх байдал нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийснээр талуудын хэн алины мэтгэлцэх эрх нээгдэж, шүүх нотлох баримтыг хамааруулан үнэлэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                             Э.ЗОЛЗАЯА