Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01577

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/01577

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 46, Хүрд оффист оршин байрлах, Хүрд ХК /РД:2061783/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 15-01 тоотод оршин байрлах, Эй Би Ди элеватор ХХК /РД:6124674/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,611,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, гэрч А.Бат-Од /рд:УХ85121812/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Манай компани нь Баянзүрх дүүргийн 25-р хороонд өөрийн эзэмшлийн газар дээр Хүрд Өргөө 98 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Эй Би Ди элеватор" ХХК-тай Лифт угсруулахаар 22,000,000 төгрөгийн 025/19 тоот гэрээ байгуулсан.

Тус компани 2019 оны 07 дугаар сарын 01-нд ажлаа эхэлсэн бөгөөд гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхний лифтийг хүлээлгэн өгөхөөр нэг лифт угсралтын дүнгийн 60% буюу 6,600,000 төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон.

Гэтэл Эй Би Ди элеватор ХХК нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл нэг ч бүтэн лифт угсраагүй бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа ажлыг хурдасгах шаардлага тавьсан боловч ямар нэгэн холбоогүйгээр ажлыг орхин явсан. Бид захиалагчийн хяналт хийлгэхээр "Өргөх Механизм Магадлалын Инженерийн төв ХХК-тай гэрээ байгуулж тус компанийн угсарсан лифтэнд дүгнэлт хийлгэж акт тогтоолгосон бөгөөд тус актаар "Эй Би Ди элеватор ХХК-ийн угсарсан лифтны зам шаардлага хангахгүй дүгнэлт гарсан тул тус ажлыг бүрэн буулгаж "Прайд Трейдинг ХХК-тай дахин гэрээ байгуулж лифт угсруулсан,

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасныг үндэслэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр 6,600,000 төгрөг, доголдолтой холбогдуулан гаргасан 3,400,000 төгрөг, төмөр болон бусад материалын төлбөр 3,572,000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 11,000,000 төгрөг, хяналт магадлангийн төлбөр 1,099,000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн гүйцэтгээгүй ажлыг Прайд Трейдинг ХХК-аар гүйцэтгүүлсэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 16,940,000 төгрөг, нийт 42,611,000 гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүрд ХК-ийн нэхэмжлэлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хүрд ХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах цэцэрлэг бүхий 84 айлын орон сууцны барилгын стандарт 2ш DEAO маркийн лифт угсрах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд нэг бүрийг нь 11,000,000 төгрөг буюу нийт 22,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж нэг лифтны урьдчилгаа төлбөр 6,600,000 төгрөгийг манайд шилжүүлсэн. Ингээд бид гэрээний дагуу ажлыг эхлүүлж нэг лифтний ажлыг 80%-д хүргээд ажил зогссон.

Нэг лифтны ажил дуусалгүй 80%-тай байхдаа зогссон нь захиалагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. Лифт угсарч байх явцад Хүрд ХК-ийн барилгын талбайд ажиллаж байсан ажилчид маш их хүндрэл учруулж байсан бөгөөд бидний хийж байгаа ажлыг үл хүндэтгэдэг, буруу заавар өгчихөөд түүнийгээ заавал хий гэж шаарддаг, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлж өгдөггүй зэргээр ажлыг бүрэн хийж дуусгах боломжгүйд хүрсэн тул арга буюу ажил зогсоосон.

Мөн ажлыг зогсоож, цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон өөр нэг гол шалтгаан нь гэрээнд заагаагүй нөхцөл байдал бий болсонтой холбоотой юм. Тухайлбал захиалагч Хүрд ХК-ийн барьсан Хүрд-Өргөө орон сууцны барилгын лифт угсрах хонгил нь бетон цутгалтын маш их алдаатай буюу лифт угсарах ямарч боломжгүй, тухайн барилгын хийц алдааг мэргэжлийн байгууллагаар буюу тус барилгыг барьж гүйцэтгэсэн гүйцэтгэгч байгууллагаар засуулж байж лифт угсарах ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Энэ талаар шаардлага гаргахад захиалагч талтай үл ойлголцож ажлыг зогсоож талууд гэрээнээс татгалзсан юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүсч гэрээнээс татгалзсан.

Хэрэв захиалагч талын буруутай үйл ажиллагаа болон лифт угсрах барилгын талбай алдаагүй байсан бол бид ажлыг хугацаандаа бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд манай компани лифт угсралтын чиглэлээр олон жилийн туршлагатай, ажлыг зохих стандартын дагуу угсрах бүрэн чадамжтай юм. Бид нэг лифтний ажлыг 80%-тай хийж гүйцэтгэсэн, харин хонгилын алдаагаа засч өгөөгүйгээс ажлыг 100% дуусгах боломжгүй байсан тул урьдчилгаа төлбөр болох 6,600,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. Мөн хуулийн 355.6-д ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасахаар заасан байх тул урьдчилгаанд шилжүүлсэн 6,600,000 төгрөг нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцогдох юм. Хэрэв хийсэн ажил 60% гэж тооцвол 11,000,000 төгрөгийн 60% = 6,600,000 төгрөг буюу хийсэн ажилд дүйцэх төлбөр байна.

Мөн нэхэмжлэгч нь доголдолтой холбогдуулан 3,400,000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар доголдол үүсч түүнийг нь хэн, хэзээ хэрхэн илрүүлж ямар хэмжээний зардал гарсан болох нь ойлгомжгүй тодорхой бус байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир шаардлага үндэслэлгүй байх тул мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь төмөр болон бусад материалын төлбөрт 3,572,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс уг төмөр болон бусад материалын төлбөртэй огт хамааралгүй бөгөөд энэ нь Прайд трейдинг XXX-тай холбоотой байх тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэгч нь хянан магадлангийн төлбөр 1,099,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Шаардлагын үндэслэлээ Эй Би Ди Элеватор ХХК нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл ажлаа хийгээгүй тул бид хяналт хийлгэхээр Өргөх механизм Магадлалын Инженерийн төв ХХК-тай гэрээ байгуулж тус компанийн угсарсан лифтэнд дүгнэлт хийлгэж акт тогтоолгосон бөгөөд тус актаар Эй Би Ди Элеватор ХХК-ийн угсарсан лифтны зам шаардлага хангахгүй дүгнэлт гарсан тул тус ажлыг бүрэн буулгаж Прайд Трейдинг ХХК-тай дахин гэрээ байгуулж лифт угсруулсан гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад Хүрд ХК нь Прайд Трейдинг ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж лифт угсруулсан байх бөгөөд Өргөх механизм Магадлалын Инженерийн төв ХХК-тай зөвлөх үйлчилгээ авах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж уг гэрээгээр Прайд Трейдинг ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавиулан акт үйлдүүлэхээр тохиролцсон нь талуудын байгуулсан гэрээ болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №01 тоот актуудаар нотлогдож байна. Тус гэрээ болон актад Прайд Трейдинг ХХК-ийн хийж гүйцэтгэсэн лифтэнд үзлэг хийсэн талаар дурдсан байна. Иймд зөвлөх үйлчилгээг манай компанийн хийсэн ажилд үнэлгээ хийлгэхээр хөлсөлсөн мэтээр худал тайлбар гарган төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хугацаа хэтэрсэн торгууль 11,000,000 төгрөгийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь талуудын байгуулсан гэрээ захиалагч талын буруутай үйл ажиллагаа Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасан ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалттаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс буюу тус барилгын лифтны хонгил алдаатай хийгдсэн байсантай холбоотойгоор ажлыг 100% хийж дуусгах боломжгүй болж 2019 оны 08 дугаар сард талууд гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох нөхцөл байхгүй болсон учир энэ талаарх нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлага хууль зүйн хувьд үйдэслэлгүй юм.

Иймд Хүрд ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүрд ХК нь хариуцагч Эй Би Ди элеватор ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үндэслэлээр хариуцагчийн татгалзлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хүрд ХК болон хариуцагч Эй Би Ди элеватор ХХК-ийн хооронд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах цэцэрлэг бүхий 84 айлын орон сууцны барилгын стандарт 2ш DEAO маркийн лифт угсралтын ажлыг 22,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тогтоож, хариуцагчийн ажил гүйцэтгэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 28-ны хооронд, гэрээний 1-ийн 7-д Урьдчилгаа 50%, техникийн комисст хүлээлгэн өгсний дараа үлдэх санхүүжилтийг олгоно, 3-ын 1-д Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж ажиллах бөгөөд аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал шаардах санаачлагаар гэрээг дүгнэх, торгууль алданги тавих эрхтэй, 3-ын 2-т Захиалагч нь хийгдсэн ажлын батлагдсан гүйцэтгэлийг тухайн сардаа багтааж санхүүжүүлэх үүрэгтэй. Хэрэв санхүүжүүлэх дүнг санхүүжүүлээгүй бол гүйцэтгэлийн дүнгийн 5%-иар торгууль хүлээж хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлбэр дүнгээс нь 0,3%-иар алдангийг нэмж төлөх, гүйцэтгэгч нь өөрийн буруугаас үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулсан, урьдчилгааг өөр зүйлд зарцуулсан зэрэгт хариуцлага хүлээхээр тус тус гэрээнд заажээ. /хх-ийн 20-21 дэх талд/

Дээрх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй ба уг гэрээнд эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасны дагуу зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 6,600,000 төгрөгийг нэхэмжлэгч Хүрд ХК нь хариуцагч Эй Би Ди элеватор ХХК-ийн Төрийн банк дахь 103 500 513 036 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 331 дугаартай төлбөрийн даалгавраар ажлын хөлс гэж шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-ийн 42 дахь талд/

Хариуцагч Эй Би Ди элеваторХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг эхлүүлж хийсэн боловч өөрсдөө 80 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн гэж, нэхэмжлэгч Хүрд ХК нь тэдний гүйцэтгэсэн ажлыг 60 хувийн гүйцэтгэлтэй гэж тус тус маргаж байх хэдий ч хэргийн үйл баримтаар чухам хэдэн хувийн ажлыг хариуцагч талыг гүйцэтгэсэн болохыг дүгнэсэн болон нэхэмжлэгч тал ажлыг гүйцэтгэхийг хэдийд, хэрхэн шаардсан талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д Гэрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа ил далд ажлын акт, техникийн бичиг баримт, гүйцэтгэлийн зураглал хийж фото зургаар баталгаажуулж захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан нь тус гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн нөхцөлд хэрэгжихээр тохирсон учир баримт бичиг үйлдээгүйг зохигчдын хэн аль нь тайлбарлав.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Бат-Од ...2019 оны 07 дугаар сарын үед орсон. 2 цахилгаан шатны угсралтын ажилд Эй Би Ди Элеватор ХХК-тай ярилцаад ажил гүйцэтгэхээр орсон. Ороход цахилгаан шатны хонгил, цахилгаан шатны хэмжээ хоёр таарахгүй, зөрүүтэй байсан. Тухайн үед манай захирал хэмжээнээс өөр хийгдэх ажлуудаа хийж бай гэсэн. Бид өөрсдийн боломжоор хонгил доторх ажлыг хийхгүй, хонгилоос гадуурх бүх ажлыг хийсэн. Барилгын компанийг нураалтаа хийж өгөөч гэж шаардаад манай ажил нилээд хойшилсон. Дараа нь би өөр ажилд орохоор болоод гарсан. Хонгилын хэмжилтийн утаснуудыг унжуулсан, 2 цахилгаан шатны моторыг тавьсан. Цахилгааны холболтуудыг хийсэн. Бэлтгэл ажлууд ер нь бүгд хийгдсэн. Намайг сүүлд очих үед зам хаалга нь хийгдсэн, кабин нь угсрагдсан байсан. Барилга талаас хэмжээ таарахгүй учраас нураалтын ажил дээр нэлээд удсан. Ухалт, шулаагаа хийж өгөхгүй бол манай ажил явдаггүй байсан. Буруу цутгалтаас үүдэлтэй ханыг ухах ажлыг Хүрд ХК хийж өгөх ёстой байсан. Тэдний барилгын инженер нь настайвтар хүн байсан. Өөрийнхөөрөө зүтгэсэн. Намайг гарах үед бидний угсарсан 2 лифт тус бүр 25-30 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ажиллаж байх хугацаанд гаднаас хүмүүс авчраад нураалтын ажил хийгдэж байсан... гэж мэдүүлжээ.

Хариуцагч тайлбартаа захиалагч талын буруутай үйл ажиллагаа болон лифт угсрах барилгын талбай алдаагүй байсан бол бид ажлыг хугацаандаа бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан гэх тайлбар нь Өргөх механизмын магадлалын инженерийн төв ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чиглүүлэгч зам угсарсан акт-ын 2-т Хонгилын цутгалтын алдаанаас болж бүхээг, эсрэг ачаа хоорондын зай 5 см-ээс багагүй байх ёстой байтал 3,5 см хэмжээстэй байхаар зам төмөр тавигдсан нь Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 3.22 дахь заалт зөрчигдсөн байна. Үүнийг гүйцэтгэгч нь захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр шийдсэн гэх боловч, Мэргэжлийн хяналтын газраас лифтэнд бүрэн магадлал хийх үед энэ алдааг зөвшөөрөхгүй байх магадлалтай гэснээр уг барилга нь стандарт хэмжээсийн дагуу баригдаагүй доголдолтой байсан болох нь тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгч буюу захиалагч Хүрд ХК-ийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан ...буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйд хариуцагч Эй Би Ди элеватор ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Хүрд ХК нь Прайд трейдинг ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээний үнийн дүнг 16,940,200 төгрөгөөр тогтоож, ажил гүйцэтгэх хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 30 хоногт, гэрээний 3.3-т Эй Би Ди элеватор ХХК-ийн 60%-ийн гүйцэтгэлтэй нэг ширхэг, угсрагдаагүй нэг ширхэг лифтийг угсарч гүйцэтгэхээр тус тус гэрээнд заажээ. Уг гэрээний дагуу хэрэгт авагдсан баримтаар Прайд Трейдинг ХХК нь ажлын урьдчилгаа хөлс 4,400,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ажлыг эхлүүлсэн ба 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр заасан байна./хх-ийн 22-23 дахь талд/

Гэтэл нэхэмжлэгч Хүрд ХК нь Өргөх механизмын магадлалын инженерийн төв ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулж, үйлчилгээний хөлсийг угсрах ажлын төсөвт өртгийн 1% буюу 1,099,600 төгрөгөөр тооцож, гүйцэтгүүлэхээр зааж, Өргөх механизмын магадлалын инженерийн төв ХХК нь Прайд трейдинг компанийн захирал Д.Гүрсэд, механик З.Батзолбоо нарыг байлцуулан хэмжилт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай Лифт угсралтын акт-ыг үйлдэж, уг актад 3 зөрчил дурьдан угсрагдсан байгаа лифтийг хэвийн байдалд оруулахын тулд бүрэн буулгаад дахин угсрах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ нь Эй Би Ди элеватор ХХК-ийн гүйцэтгэсэн Лифт угсралт-ын ажлын гүйцэтгэлд гаргасан дүгнэлт гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч тал 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Лифт угсарсан акт нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээний үндсэн дээр гарсан. Энэ тухай гэрээний 1.1-д Эй Би Ди элеватор ХХК-аар угсруулж байгаа гэсэн боловч тухайн актанд Прайд трейдинг ХХК-ийг бичсэн шалтгаан нь тухайн үедээ лифтний хэмжилт, магадалгаа хийлгэхэд Прайд трейдинг ХХК-ийн төлөөлөл байсан учраас андуурагдаж Эй Би Ди элеватор ХХК биш Прайд трейдинг ХХК-ийг бичсэн нь тухайн гэрээний нөхцөлийг хангаж байгаа акт, гэрээнд Эй Би Ди элеватор ХХК гэж заасан байгаагаар нотлогдоно. гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч тал үүнийг нь гэрчээр нотлуулан няцааж маргасан тул зөрүүтэй баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон буюу хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх харьцуулан үнэлээд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар цуцалсан боловч тухайн гэрээний чухам аль хэсгийг хариуцагч зөрчсөн болохыг зохигч талууд баримтаар тодохойлоогүйгээс хариуцагчийг дангаар нь тухайн гэрээг цуцлахад буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохүй байна.

Гэрээний дагуу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг талууд шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн Прайд Трейдинг ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үнийн дүнг 16,940,200 төгрөгөөр тогтоосон боловч Хүрд ХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 2019 оны 12 дугаар сарын 13-ны хооронд нийт 5 удаагийн төлбөрийн даалгавараар нийт 20,395,000 төгрөгийг шилжүүлсэн нь эргэлзээ бүхий байна./хх-ийн 31-43 дахь талд/

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар нэхэмжлэгч маргаж, урьдчилгаа төлбөр 6,600,000 төгрөг, доголдолтой холбогдуулан гаргасан 3,400,000 төгрөг, төмөр болон бусад материалын төлбөр 3,572,000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 11,000,000 төгрөг, хяналт магадлангийн төлбөр 1,099,000 төгрөг болон гэрээт ажлыг гуравдагч этгээд Прайд трейдинг ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн зардал 16,940,000 төгрөг, нийт 42,611,000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг шүүх хариуцагчийн тайлбар татгалзал, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс гаргасан дээрх бичгийн баримтууд зэргийг хуульд заасан журмын дагуу харьцуулан дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзээд нэхэмжлэгчид учирсан хохирол, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг харгалзан үзэх учиртай.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасанд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй урьдчилгаа төлбөр 6,600,000 төгрөг, доголдолтой холбогдуулан гаргасан 3,400,000 төгрөг, төмөр болон бусад материалын төлбөр 3,572,000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 11,000,000 төгрөг, хяналт магадлангийн төлбөр 1,099,000 төгрөг болон гэрээт ажлыг гуравдагч этгээд Прайд трейдинг ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн зардал 16,940,000 төгрөг, нийт 42,611,000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан шалтгаан нөхцөлд тус гэрээний талуудын хэн алин буруутай болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол буюу зардал шаардах тохиолдолд нэг талд учирсан хохирол, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой атал хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэл хангалттай нотлогдохгүй байна.

Хариуцагч компани нь гэрээгээр тохирсон 2 ширхэг лифт угсрах ажлыг хийж эхлүүлэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоосон ба уг ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч талын инженерүүд буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн татгалзаж буй тайлбараар нотлогдсон.

Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжлэлээр шаардсан нийт 46,611,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Эй Би Ди элеватор ХХК-иас 42,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хүрд ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаарзүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хүрд ХК-ийн улсын тумдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 371,005 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болж 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ