Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01586

 

"Х" ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Х" ХК-ийн хариуцагч "ЭБДэ" ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт                    42 611 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, түүний өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Эй Би Ди элеватор" ХХК-тай 22 000 000 төгрөгийн үнэ бүхий 025/19 тоот гэрээ байгуулж, лифт угсруулахаар тохиролцсон. Тус гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхний лифт хүлээлгэн өгөхөөр 1 лифт угсралтын дүнгийн 60 хувь 6 600 000 төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгосон. Гэтэл хариуцагч нь 2019 оны 10 дугаар сар хүртэл бүтэн лифт угсраагүй бөгөөд захиалагчийн зүгээс удаа дараа ажлыг хурдасгах шаардлага тавьсан боловч ажлыг орхин явсан. Захиалагчийн хяналт хийлгэхээр “Өргөх механизм магадлалын инженерийн төв” ХХК-тай гэрээ байгуулж тус компанийн угсарсан лифтэнд дүгнэлт хийлгэж акт тогтоолгосон бөгөөд тус актаар "ЭБДэ" ХХК-ийн угсарсан лифтний зам шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд тус ажлыг бүрэн буулгаж “Прайд трейдинг” ХХК-тай дахин гэрээ байгуулж лифт угсруулсан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг үндэслэн барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр 6 600 000 төгрөг, доголдолтой холбогдуулан гаргасан 3 400 000 төгрөг, төмөр болон бусад материалын төлбөр 3 572 000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 11 000 000 төгрөг, хяналт магадлангийн төлбөр 1 099 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгээгүй ажлыг “Прайд трейдинг” ХХК-аар гүйцэтгүүлсэн 16 940 000 төгрөг, нийт 42 611 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр "Х" ХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 84 айлын орон сууцны барилгын стандарт 2 ширхэг DEAO маркийн лифт угсрах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг бүрийг нь 11 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж нэг лифтний урьдчилгаа төлбөр 6 600 000 төгрөгийг авсан. Ингээд нэг лифтний ажлыг 80 хувьд хүргээд ажил зогссон. Энэ нь захиалагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон. Лифт угсарч байх явцад "Х" ХК-ийн барилгын талбайд ажиллаж байсан ажилчид хүндрэл учруулж байсан бөгөөд бидний хийж байгаа ажлыг үл хүндэтгэдэг, буруу заавар өгөөд түүнийгээ заавал хий гэж шаарддаг, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлж өгдөггүй зэргээр ажлыг бүрэн хийж дуусгах боломжгүй байсан тул арга буюу ажил зогссон. Мөн гол шалтгаан нь гэрээнд заагаагүй нөхцөл байдал бий болсон. Тодруулбал, захиалагчийн барьсан “Хүрд-Өргөө” орон сууцны барилгын лифт угсрах хонгил нь бетон цутгалтын алдаатай, лифт угсрах боломжгүй, тухайн барилгын хийц алдааг мэргэжлийн байгууллагаар буюу тус барилгыг барьж гүйцэтгэсэн гүйцэтгэгч байгууллагаар засуулж байж лифт угсрах ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон. Энэ талаар шаардлага гаргахад захиалагч талтай үл ойлголцож ажлыг зогсоож талууд гэрээнээс татгалзсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д зааснаар захиалагч нь ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд үл ойлголцол үүсч гэрээнээс татгалзсан. Хэрэв захиалагч талын буруутай үйл ажиллагаа болон лифт угсрах барилгын талбай алдаагүй байсан бол бид ажлыг хугацаандаа бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд манай компани лифт угсралтын чиглэлээр олон жилийн туршлагатай, ажлыг зохих стандартын дагуу угсрах бүрэн чадамжтай юм. Нэг лифтний ажлыг 80 хувьтай хийж гүйцэтгэсэн, харин хонгилын алдаагаа засч өгөөгүйгээс ажлыг 100 хувь дуусгах боломжгүй байсан тул урьдчилгаа төлбөр болох 6 600 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 355.6 дахь хэсэгт тус тус зааснаар урьдчилгаанд шилжүүлсэн 6 600 000 төгрөг нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцогдох юм. Хэрэв хийсэн ажил 60 хувь гэвэл 11 000 000 төгрөгийн 60 хувь 6 600 000 төгрөг буюу хийсэн ажилд дүйцэх төлбөр байна. Мөн нэхэмжлэгч нь доголдолтой холбогдуулан 3 400 000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Ямар доголдлыг хэн, хэзээ хэрхэн илрүүлж ямар хэмжээний зардал гарсан болох нь ойлгомжгүй тодорхой бус байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй учир шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь төмөр болон бусад материалын төлбөрт 3 572 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь хянан магадлангийн төлбөр 1 099 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ "ЭБДэ" ХХК-ийн угсарсан лифтний зам шаардлага хангахгүй дүгнэлт гарсан тул тус ажлыг бүрэн буулгаж “Прайд трейдинг” ХХК-тай дахин гэрээ байгуулж лифт угсруулсан гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад “Прайд трейдинг” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж лифт угсруулсан байх бөгөөд “Өргөх механизм магадлалын инженерийн төв” ХХК-тай “Зөвлөх үйлчилгээ авах гэрээ”-г 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, уг гэрээгээр “Прайд трейдинг” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавиулан акт үйлдүүлэхээр тохиролцсон нь талуудын байгуулсан гэрээ болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот актуудаар нотлогдож байна. Тус гэрээ болон актад “Прайд трейдинг” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн лифтэнд үзлэг хийсэн талаар дурдсан байна. Иймд зөвлөх үйлчилгээг манай компанийн хийсэн ажилд үнэлгээ хийлгэхээр хөлсөлсөн мэтээр худал тайлбар гарган төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хугацаа хэтэрсэн торгууль 11 000 000 төгрөгийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, талуудын байгуулсан гэрээ захиалагч талын буруутай үйл ажиллагаа буюу Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасан үүргээ биелүүлээгүйгээс буюу тус барилгын лифтний хонгил алдаатай хийгдсэнтэй холбоотойгоор ажлыг 100 хувь хийж дуусгах боломжгүй болж 2019 оны 08 дугаар сард талууд гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох нөхцөл байхгүй болсон учир энэ талаарх нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул "ЭБДэ" ХХК-иас 42 611 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Х" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Х" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 371 005 төгрөгийг улсын төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаартай “Лифт угсралтын актад “...зорчигчийн лифтний өмнө нь угсарсан байдалд үзлэг хэмжилт хийв” гэж дурдсан, мөн “Өргөх механизмын магадлалын инженерийн төв” ХХК-тай хийсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний 1.1-д заасныг тус тус үндэслэн "ЭБДэ" ХХК-ийн гүйцэтгэсэн лифт угсралтын ажлын гүйцэтгэлд гаргасан дүгнэлт гэдэг нь нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс урьдчилгаа төлбөр 6 600 000 төгрөгийг хүлээн авсан боловч хийсэн ажил нь шаардлага хангахгүй тул бүрэн буулгаж, ямар нэгэн байдлаар ашиглагдаагүй тул тус мөнгийг буцаан төлөх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүхээс “Лифт угсарсан акт”-ын зөвхөн хариуцагчид ашигтай хэсгийг ишлэн авч хэт нэг талыг барин, нотлох баримтыг бүрэн бодитой, бүх талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна. Бид тухайн үед хонгилын цутгалтын алдааг засахаар ухалт хийж байсан нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан гэрчийн мэдүүлэг болоод дараа нь ажил гүйцэтгэсэн “Прайд трейдинг” ХХК-ийн ажил ямар нэгэн асуудлаар зогсоогүй үргэлжилсэн байдлаар нотлогдоно. Гэвч хариуцагч нь тухайн үедээ ажлаа хийхгүй, огт холбоогүйгээр алга болсон тул бидний зүгээс ухалтаа хийж дуусгаад өөр компаниар хийлгүүлсэн. Хэрэв хариуцагч ажлаа орхиж яваагүй байсан бол ажил цаашид үргэлжлэх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүхээс алданги 11 000 000 төгрөг, хянан магадлангийн 1 099 000 төгрөг, бусад материалын зардал 3 572 000 төгрөгийг тус тус ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тусгаагүй. Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс ажлын зарим хэсгийг гүйцэтгээгүй, зарим хэсгийг гүйцэтгэсэн ашиглах боломжгүй байх тул гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээгүй гэж үзэн нийт үнийн дүнгээс алдангийг тооцон нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтууд дундаас нэхэмжлэгчийн зүгээс зарим шаардлагатай баримтуудыг хуулбар хувийг хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараагаар бид нэхэмжлэлийн үндэслэл болж буй нотлох баримтуудыг эх хувиар гарган өгөх боломжтой болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтын эх хувийг гарган өгөх боломжтой талаар дурдсан боловч шүүх харгалзан үзэлгүйгээр хэргийг шууд хянан шийдвэрлэж, хэрэгт хамааралтай, нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч "Х" ХК нь хариуцагч "ЭБДэ" ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 6 600 000 төгрөгийг буцаан гаргуулах, доголдолтой холбогдуулан гарсан зардал 3 400 000 төгрөг, төмөр болон бусад материалын төлбөр 3 572 000 төгрөг, хугацаа хэтэрсэн торгууль 11 000 000 төгрөг, хяналт магадлангийн төлбөр 1 099 000 төгрөг, гүйцэтгээгүй ажлыг нь бусдаар гүйцэтгүүлсэн гэрээний үүрэгт төлсөн 16 940 000 төгрөгийг хохиролд тооцож нийт 42 611 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 71, 81-83/

 

“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэг талаас ажил гүйцэтгэгч "ЭБДэ" ХХК, нөгөө талаас захиалагч "Х" ХК байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах цэцэрлэг бүхий 84 айлын орон сууцны барилгын стандарт 2 ширхэг DEAO маркийн лифтийг угсрах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, хугацаанд нийт 22 000 000 төгрөгөөр гүйцэтгэх, захиалагч нь ажилчдын түр сууц, ус, цахилгаан, барилга угсралтын ажлын графикийн дагуу материалаар хангах, санхүүжилтийг 2 хувааж буюу урьдчилгаанд 50 хувь, техникийн комисст ажлыг хүлээлгэн өгсний дараа үлдэх санхүүжилтийг олгох нөхцлийг харилцсан тохиролцсон байна. /хх 20-21/

 

Талууд дээрх гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал болон уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь нэг ширхэг лифт угсрах ажлын тодорхой хувийг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс хариуцагч талд 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 6 600 000 төгрөг төлсөн /хх 12/ талаар маргаагүй байна. Гэрээнээс татгалзсан эсхүл гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзах эсхүл цуцлах үндэслэл болсон гэрээний үүргийн зөрчилд хэн буруутай болох, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажил ач холбогдолтой эсэх, тооцогдох боломжтой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар болон уг гэрээ цуцлагдсан шалтгаан нөхцөлд гэрээний талуудын хэн аль нь буруутай, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь хангалттай нотлогдоогүй гэх агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.  

 

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 6 600 000 төгрөгийн буцаан гаргуулахыг шаардсан бөгөөд энэ шаардлага нь гэрээний эсрэг талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нөхцөл бүрдсэн байх учиртай.

 

Гэрч А.Бат-Одын “... 2019 оны 07 дугаар сарын үед... 2 цахилгаан шатны угсралтын...ажил гүйцэтгэхээр ороход цахилгаан шатны хонгил, цахилгаан шатны хэмжээ 2 таарахгүй зөрүүтэй байсан, Тухайн үед манай захирал хэмжээнээс өөр хийгдэх ажлуудаа хийж бай гэсэн. Бид өөрсдийн боломжоор хонгил доторх ажлыг хийхгүй, хонгилоос гадуурх бүх ажлыг хийсэн. Барилгын компанийг нураалтаа хийж өгөөч гээд нэлээд хойшилсон... би өөр ажилд орох гээд гарсан...ажлаас гарах үед лифт 25-30 хувьтай байсан... 2 лифтний мотор, цахилгааны ажлуудыг гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /хх 104-108/, нэхэмжлэгч компанийн “Прайд трейдинг” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний Гуравын 3-т “Ай Би Ди элеватор” ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй нэг ширхэг, угсрагдаагүй нэг ширхэг лифтийг угсарч гүйцэтгэх талаар тохиролцсон /хх 23/ гэх байдлыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу 1 лифтний угсрах ажлыг 60 хувьтай гүйцэтгэсэн, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь захиалагчаас Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4 дэх хэсэгт заасан ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдал болох лифт угсрахад саад болсон лифт угсрах хонгилын бетон цутгалтын алдааг залруулах арга хэмжээг аваагүйтэй холбоотой байна. Иймд уг алдааг залруулаагүй тохиолдолд ажил гүйцэтгэгчээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болжээ. Энэ алдааг захиалагч тал “Прайд трейдинг” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын явцад ч засаагүй байсан нь “Өргөх механизмын магадлалын инженерийн төв” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өпотйн “Лифт угсралтын акт”-д “хонгилын цутгалт алдаатай хийгдсэнээс болж эсрэг ачаа арын ханадаа зарим хэсэгт шүргэж байна” гэж тэмдэглэгдсэнээр давхар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч “хариуцагчийг ажлаа гэрээнд заасан хугацаанд биелүүлэх талаар удаа дараа шаардаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч 1 лифтийг угсрах ажлыг доголдолтой гүйцэтгэсэн нь “Өргөх механизмын магадлалын инженерийн төв” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1 тоот “Лифт угсарсан акт-д “Чиглүүлэгч зам төмөр, хаалганы механизм, босго, машины өрөөний тоноглолын угсралтын зай хэмжээст алдаатай зүйл олон байв” гэснээр тогтоогдож байх боловч уг ажлын доголдол үүссэн шалтгаан нь нэхэмжлэгчийн “хонгилын цутгалтыг алдаатай хийгдсэн” залруулаагүйтэй холбоотой байна. Иймд хариуцагчийн гэм буруу байхгүй.

 

Дээрхээс дүгнэвэл захиалагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахыг шаардах эрхгүй гэх үндэслэлээр хариуцагчаас гэрээний дагуу урьдчилж төлсөн 6 600 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 1 лифт угсралтын ажил 60 хувь байсан бөгөөд нэхэмжлэгч өөр компаниар үлдэх ажлыг хийж гүйцэтгүүлсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг талууд цуцалсан гэж дүгнэнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдах үндэслэл нь ажил гүйцэтгэгчийн үүргийн буруутай үйлдэлтэй хамааралгүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй байна. Харин гэрээ цуцлахад хариуцагч буюу ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь урьдчилгаа төлбөр болох 6 600 000 төгрөгт тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй бөгөөд хэргийн оролцогчийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө”, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж тус тус заасан байх тул “хариуцагчийн хийсэн ажил нь шаардлага хангаагүйг нотолсон баримтыг шүүх үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг хариуцагч талд ашигтайгаар үнэлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/01577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 371 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА                     

                          

                           ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Д.ЦОГТСАЙХАН