Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/01632

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2021/01632

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 17 дүгээр хороо, 7 хэсэг Хан хиллс хотхон 533 дугаар байрны 701 тоотод оршин суух, Зуудраг овогт Ганбатын Анхбаяр /РД:ШУ94121015/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15, Сенчьюри Плазад оршин байрах, Чингис хаан банк ХХК /РД:2698072/-д холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Анхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

1. Г.Анхбаяр нь Чингис Хаан Банк ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр анх ажилд орсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бизнесийн хэлтэст харицааны менежерийн албан тушаалд томилогдсон бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Г.Анхбаяр нь ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил, алдаа доголдол гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот Чингис Хаан Банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Анхбаярыг орон тоо хасагдсан гэх шалтгаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсан. Энэхүү тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон Чингис Хаан Банкны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгааг хууль бусаар орон тоо хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна.

Тухайн байгууллага нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Чингис Хаан банк ХХК-ийн дүрмийг шинэчлэн найруулсан байдаг. Энэхүү дүрмийн 1.1-т: Чингис Хаан банкны үйл ажиллагааны чиглэл, зарчим, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хяналтын тогтолцоо зэрэг асуудалтай холбоотой харилцааг зохицуулна гэж заасны дагуу байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг уг дүрмээр зохицуулсан байна. Уг дүрмийн 4 дүгээр зүйлийи 4.3.1.1-т Банкны стратегийг тодорхойлох зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнг батлах бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байхаар тусгасан. Үүнээс харахад байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах эрх хэмжээ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал байна. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 тоот Гүйцэтгэх захирлын Ажил, албан тушаалын орон тоог хасах тухай тушаалаар харилцааны менежерийн 1 орон тоог хассан нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн явдал болсон байна. Өөрөөр хэлбэл албан тушаалын орон тоо нь дотоод зохион байгуулалтын бүтцэд хамаарах асуудал тул зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу албан тушаалын орон тоог хасах боломжтой гэсэн үг юм.

Үүнээс үүдэн гүйцэтгэх захирлын албан тушаалын орон тоо хассан тушаал нь Чингис Хаан Банк ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул үүний үр дагавар болох 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь үндэслэлгүй болсон.

Иймд Г.Анхбаярыг Харилцааны менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныгаа дэмжиж байна.

2. Г.Анхбаяр нь хариуцагч Чингис Хаан банктай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр жилийн 1.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай 216,148,000 ам долларын орон сууц худалдан авах зориулалт бүхий зээл авч, үүнээс хойш гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлээ төлж байсан.

Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот Чингис Хаан Банкны гүйцэтгэх захирлын тушаалаар Г.Анхбаярыг орон тоо хасагдсан гэх шалтгаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсан. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ-ний 19 дүгээр зүйлд: Зээлдэгч нь өөрийн хүсэлтээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ам доллароор олгосон орон сууцны зээлийн хүүг тухайн өдрөөс эхлэн жилийн 6 хувийн хүүнд шилжүүлж, эргэн төлөх хуваарийг шинэчлэх бөгөөд 1 ам долларын дээд ханшийг 2800 төгрөгөөс хэтрүүлэхгүй тооцно. гэж заасны дагуу зээлийн жилийн хүүг огцом өсгөж 1.2 хувиас 6 хувь болгон өсгөх тухай мэдэгдэл ирж, одоогийн байдлаар Г.Анхбаярын цалингийн данснаас автоматаар хүүг өсгөсөн байдалтайгаар зээлийн эргэн төлөлтийг татан авч байна.

Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ нь 2017 оноос хойш тус банкинд хэрэгжиж ирсэн бөгөөд гэрээний нөхцөлүүдийг урьдчилан тогтоосон стандарт байсан тул орон сууцтай болохын тулд гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Иймд зөвхөн зээлийн хэмжээ, хүү, хугацаанд анхаарал хандуулж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл ажлаас гарсан ямар ч тохиолдолд зээлийн хүүний хэмжээг өөрчлөн, нэмж байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэсний дагуу хүчин төгөлдөр бус байх нөхдөлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсан бөгөөд энэ нь огтхон ч Г.Анхбаяраас шалтгаалсан эсхүл буруутай гэх үндэслэл биш юм. Үүнтэй холбоотойгоор өөрөөс шалтгаалаагүй болон стандарт нөхцөл тогтоосон гэрээнээс болж үндэслэлгүйгээр их хэмжээний хүү төлөх болсон нь Г.Анхбаярын эрх, ашиг сонирхолд үл нийцэж байна.

Иймд Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Анхбаяр нь Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон Чингисхаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгааг хууль бусаар орон тоо хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 2018 оноос Чингис хаан банкинд Уул уурхайн бизнесийн хэлтэст харилцааны менежерээр ажиллаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал нь Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 25 тоот тушаалыг гаргасан бөгөөд тушаалд дурьдсан үндэслэлээр Г.Анхбаяртай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн мөн Чингис хаан банкны Хөдөлмөрийн дотоод жүрмын 3.20.1-т зааснаар банк болон түүний харъяа газар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Чингис хаан банк ХХК-ийн дүрмийн 4.4.5.3-т ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх гэж заасан тул ажилтныг ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь гүйцэтгэх захиралд олгогдсон байх тул Гүйцэтгэх захирлын 25 тоот тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1-т Банкны стратегийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнг батлах бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байхаар тусгасан. Үүнээс харахад байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах эрх хэмжээ нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэжээний асуудал байна. Гэтэл гүйцэтгэх захирлын Ажил албан тушаалын орон тоог хасах ажлаас чөлөөлөх" тушаал гаргасан нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн асуудал байна" гэжээ. Банкны зохион байгуулалтын бүтцэд салбар нэгж газар түүний хэлтсүүдэд хамаарах ба Төлөөлөн удирдах эөвлөлөөс шинээр салбар нэгж газар хэлтсүүдийг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг томилж, гүйцэтгэх захирал нь Банкны дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Дээрх зүйлээс харахад Ажил албан тушаалын орон тоог хасах ажлаас чөлөөлөх" тушаал гаргах нь гүйцэтгэх захиралд олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн асуудал биш юм.

Манай банкны ажилчдад тусгай нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээл олгох журам гэж байдаг. Энэ журмын хүү, шимтгэл, хугацаа гэх зэрэг нөхцөлийг гүйцэтгэх захирал баталдаг. Нэхэмжлэгч энэ талаар маргахдаа Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4-т заасныг баримталдаг. Энэхүү гэрээ нь стандарт гэрээ гэдгийг яаж баталж байгааг ойлгохгүй байна. Стандарт гэрээ гэдэг нь ямар гэрээ юм бэ? Ганцхан банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ гаргаж ирчихээд түүнийгээ стандарт гэрээ гэж байгааг ойлгохгүй байна. Манай зүгээс стандарт гэрээ гэж үзэхгүй байна. 2 талын хүсэл зоригоор байгуулагдсан гэрээ гэж үзэж байна. Нэмэлт тайлбар дээр хүү, шимтгэл, төлөлтийн хуваарийг хараад энэ гэрээ байгуулсан гэдэг зүйлийг бичсэн байдаг. Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 тоот тушаал нь хүчин төгөлдөр тушаал. Орон сууцны зээлийн гэрээг стандарт гэрээ биш гэж үзэж байгаа учраас 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.Анхбаяр нь хариуцагч Чингис хаан банк ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр шаардлагуудаа нэхэмжлэгч шүүх хуралдаанд дэмжиж оролцов.

Хариуцагч тал нь тухайн үед Уул уурхайн бизнесийн хэлтэст 4 харилцааны менежерийн албан тушаалын орон тоотой байсан түүнээс 2 ажилтны орон тоог цөөрүүлж хассан учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар тушаалыг хүлээн авч, ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ талаар талууд маргаагүй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг: Уул уурхайн харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Чингис хаан банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар Ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар Байгууллагын банкны харилцааны менежер ...Г.Анхбаярыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Уул уурхайн бизнесийн хэлтэст Харилцааны менежерээр томилон ажиллуулжээ./хх-ийн 4 дэх талд/

Хариуцагч банк нь Г.Анхбаяртай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна./хх-ийн 9-14 дэх талд/

Гэтэл тус банкны Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалтууд, Чингис хаан банкны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын 2021 оны 14 тоот тушаалаар орон тоо нь хасагдсан тул Уул уурхайн бизнесийн хэлтсийн Харилцааны менежер Г.Анхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож үүрэгт ажлаас нь халжээ./хх-ийн 5 дахь талд/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Уул уурхайн бизнесийн хэлтсийн Харилцааны менежерийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсныг ойлгох ба хариуцагч 2 орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч Г.Анхбаярыг хэрхэн, ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэж орон тоо хасагдах үндэслэлд хамруулсан талаархи баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан буюу Г.Анхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон талаархи тушаалд бичигдсэн Чингис хаан банкны Гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил, албан тушаалын орон тоог хасах тухай 14 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 болон Чингис хаан банкны Дүрмийн 4.4.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 1.3-д заасныг үндэслээд, Чингис хаан банк ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийн нэгж болох Уул уурхайн бизнесийн хэлтсийн орон тооноос Хэлтсийн захирал бөгөөд Уул уурхайн бизнесийн захирал-ын болон Харилцааны менежер-ийн 1 орон тоог 2021 оны 03 дугаар сарын 01-ийн өдрөөс тус тус хассугай гэжээ./хх-ийн 15 дахь талд/

Хариуцагч шүүх хуралдаанд Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Чингис хаан банкинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай А/49 дүгээр тушаал болон мөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Чингис хаан банкны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай А-60 дугаар тушаалуудын дагуу манай банкны үйл ажиллагаанд хэсэгчлэн хориг тавьсан ба банк нь зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллаагүй банкны үндсэн болон биет бус хөрөнгө нь өөрийн хөрөнгийн хэмжээнд хүрэлцэхгүй байгаа учир 2020 онд санхүүгийн төлөвлөгөө буюу төсөв батлаагүй мөн өнөөдрийг хүртэл банкны үйл ажиллагаа нь тогтворжоогүй тул 2021 онд мөн санхүүгийн төлөвлөгөө буюу төсөв батлаагүй. Иймд холбогдох арга хэмжээг авч ажиллан банкны үйл ажиллагааг тогтвортой болгохын тулд ажиллаж байгаа учир орон тоог хассан гэжээ./хх-ийн 118, 162-163 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хуульд зааснаар хүлээдэг. Гэтэл энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Анхбаярыг Чингис хаан банкны Уул уурхайн бизнесийн хэлтсийн Харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Чингис хаан банк ХХК-аас Г.Анхбаярын ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах үндэслэлтэй.

Г.Анхбаяр нь нэг сард 1,300,000 төгрөгийн үндсэн цалинтай гэж тайлбарлаж байгаа ба энэ нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байх тул түүний ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцож, түүний ажилгүй байсан хугацаа 6 сарын цалин нийт 7,800,000 төгрөгийг /1,300,000х6 сар/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэл гаргуулахаар нэхэмжилсэн тул энэ өдрийг хүртэл тооцож олгохоор шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймээс нэхэмжлэгч Г.Анхбаярын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болох нь зүйтэй байна.

Хоёр: Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

Г.Анхбаяр, Ц.Ганбат нар нь Чингис хаан банк ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр жилийн 1,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай 216,148,000 ам долларын орон сууц худалдан авах зориулалттай зээл авсан болох нь зохигчдын тайлбар, гэрээгээр нотлогдож байна./хх-ийн 52-60 дахь талд/

Мөн Г.Анхбаяр, Г.Ганбат, Ц.Цоодолмаа нар нь Чингис хаан банк ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ./хх-ийн 61-64 дэх талд/

Дээрх ам долларын гэрээний үүргээ Г.Анхбаяр нь төлбөр төлөх хуваарийн дагуу төлж байсан талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Г.Анхбаяр нь хариуцагч Чингис хаан банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар орон тоо хасагдсан шалтгаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халж, энэ өдрөөс эхлэн Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний 19 дүгээр зүйлд Зээлдэгч нь өөрийн хүсэлтээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ам.доллараар олгосон орон сууцны зээлийн хүүг тухайн өдрөөс эхлэн жилийн 6 хувийн хүүнд шилжүүлж, эргэн төлөх хуваарийг шинэчлэх бөгөөд 1 ам долларын дээд ханшийг 2800 төгрөгөөс хэтрүүлэхгүй тооцно гэж заасны дагуу зээлийн жилийн хүүг огцом өсгөж 1,2 хувиас 6 хувь болгон өсгөх тухай мэдэгдэл ирж, миний цалингийн данснаас автоматаар хүүг өсгөсөн байдлаар зээлийн эргэн төлөлтийг татан авч байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, ажлаас гарсан ямар ч тохиолдолд зээлийн хүүний хэмжээг өөрчлөн, нэмж байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэсний дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна гэж тодорхойлон шаардаж байна.

Хариуцагч нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний гол нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулан гарын үсэг зурж, тамга дарж хүчин төгөлдөр болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч талаас гаргаж өгсөн Чингис хаан банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 229 дүгээр Чингис хаан банкны тусгай нөхцөлтэй орон сууцны зээлийн нөхцөл батлах тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтууд нь нэхэмжлэгч Г.Анхбаяртай байгуулсан Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээнээс хойш батлагдсан байх тул энэхүү маргаанд хамааралгүй гж үзэх боловч үүнээс өөр баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул уг баримтаас ач холбогдол бүхий заалтыг иш татах нь зүйтэй гэж үзэв./хх-ийн 175-178 дахь талд/

Дээрх Чингис хаан банкны тусгай нөхцөлтэй орон сууцны зээлийн нөхцөл батлах тухай тушаалаар баталсан хавсралт Чингис хаан банкны тусгай нөхцөлтэй орон сууцны зээлийн журмын төсөл-ийн 1.1-т тус журмын зорилгыг ...тогтоосон шалгуур хангасан иргэнд орон сууц захиалах, худалдан авахад нь зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгох, хянах, буцаан төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасны дагуу тухайн гэрээг байгуулахад гэрээний хэн алин хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, тухайн гэрээний гол нөхцлийг тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул хуульд заасан заалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймээс нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын энэхүү шаардлагыг үндэслэж буй Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхдөлд хамаарч байна гэснийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Анхбаярыг Чингис хаан банк ХХК-ийн Уул уурхайн бизнесийн хэлтсийн Харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Чингис хаан банк ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Анхбаярт олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Анхбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

4. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Чингис хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Анхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,742,637 төгрөг, нийт 3,242,637 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Чингис хаан банк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид /70,200+139,750/ 209,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ