Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00165

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00165

 

Г.А-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01632 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЧХБ ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Г.А-ыг ЧХБ ХХК-ийн Харилцааны менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгана.

1.2. Г.А-ын ЧХБ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна.

Г.А- нь ЧХБ ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр анх ажилд орсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Уул уурхайн бизнесийн хэлтэст харилцааны менежерийн албан тушаалд томилогдсон, хөдөлмөрийн хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил, алдаа доголдол гаргаагүй. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот ЧХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Г.А-ыг орон тоо хасагдсан гэх шалтгаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсан. Энэхүү тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон ЧХбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгааг хууль бусаар орон тоо хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тухайн байгууллага нь ХХК хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13/02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр ЧХБ ХХК-ийн дүрмийг шинэчлэн найруулсан. Энэхүү дүрмийн 1.1-т: ЧХбанкны үйл ажиллагааны чиглэл, зарчим, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хяналтын тогтолцоо зэрэг асуудалтай холбоотой харилцааг зохицуулна гэж заасны дагуу байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтыг уг дүрмээр зохицуулсан байна. Уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1-т банкны стратегийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнг батлах бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байхаар тусгасан. Үүнээс харахад байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах эрх хэмжээ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал байна.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 тоот гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалын орон тоог хасах тухай тушаалаар харилцааны менежерийн 1 орон тоог хассан нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн явдал болсон. Албан тушаалын орон тоо нь дотоод зохион байгуулалтын бүтцэд хамаарах асуудал тул зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу албан тушаалын орон тоог хасах боломжтой.

Тушаал нь ЧХБ ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1 дэх заалтыг зөрчсөн, үндэслэлгүй.

Г.А- нь хариуцагч ЧХбанктай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 1,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай 216,148,000 ам.долларыг орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, хуваарийн дагуу зээлээ төлж байсан.

Гэтэл Г.А-ыг орон тоо хасагдсан гэх шалтгаанаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халсантай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ-ний 19 дүгээр зүйлд зааснаар ам доллараар олгосон орон сууцны зээлийн хүүг тухайн өдрөөс эхлэн жилийн 6 хувийн хүүд шилжүүлж, эргэн төлөх хуваарийг шинэчлэх бөгөөд 1 ам.долларын дээд ханшийг 2800 төгрөгөөс хэтрүүлэхгүй тооцно гэж заасны дагуу зээлийн жилийн хүүг огцом өсгөж 1,2 хувиас 6 хувь болгон өсгөх мэдэгдэл ирж, одоогийн байдлаар Г.А-ын цалингийн данснаас автоматаар хүүг өсгөсөн байдалтайгаар төлөлтийг татан авч байна.

Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээ нь 2017 оноос хойш тус банкинд хэрэгжиж ирсэн бөгөөд гэрээний нөхцөлүүдийг урьдчилан тогтоосон стандарт байсан тул орон сууцтай болохын тулд гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэсний дагуу хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Өөрөөс шалтгаалаагүй болон стандарт нөхцөл тогтоосон гэрээнээс болж үндэслэлгүйгээр их хэмжээний хүү төлөх болсон нь Г.А-ын эрх, ашиг сонирхолд үл нийцэж байна.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Г.А- нь Хөдөлмөрийн гэрээний 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон ЧХбанкны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байгааг хууль бусаар орон тоо хасаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн мөн ЧХбанкны Хөдөлмөрийн дотоод журмын 3.20.1-т зааснаар банк болон түүний харьяа газар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. ЧХБ ХХК-ийн дүрмийн 4.4.5.3-т ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх гэж заасан тул ажилтныг ажлаас чөлөөлөх бүрэн эрх нь гүйцэтгэх захиралд олгогдсон байх тул Гүйцэтгэх захирлын 25 тоот тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ЧХБ ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1-т дотоод зохион байгуулалтын бүтцийг батлах эрх хэмжээ нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм.

Банкны зохион байгуулалтын бүтцэд салбар нэгж газар түүний хэлтсүүдэд хамаарах ба Төлөөлөн удирдах зөвлөлөөс шинээр салбар нэгж газар хэлтсүүдийг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг томилж, гүйцэтгэх захирал нь Банкны дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Дээрх зүйлээс харахад тушаал гаргах нь гүйцэтгэх захиралд олгогдсон эрх хэмжээний асуудал.

Манай банкны ажилчдад тусгай нөхцөлтэйгөөр хөнгөлөлттэй зээл олгох журам гэж байдаг. Энэ журмын хүү, шимтгэл, хугацаа гэх зэрэг нөхцөлийг гүйцэтгэх захирал баталдаг. Нэхэмжлэгч энэ талаар маргахдаа Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4-т заасныг баримталдаг. Энэхүү гэрээ нь стандарт гэрээ гэдгийг яаж баталж байгааг ойлгохгүй байна. Манай зүгээс стандарт гэрээ гэж үзэхгүй байна. 2 талын хүсэл зоригоор байгуулагдсан гэрээ гэж үзэж байна. Нэмэлт тайлбар дээр хүү, шимтгэл, төлөлтийн хуваарийг хараад энэ гэрээ байгуулсан гэдэг зүйлийг бичсэн байдаг. Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 тоот тушаал нь хүчин төгөлдөр тушаал. Орон сууцны зээлийн гэрээг стандарт гэрээ биш гэж үзэж байгаа учраас 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-ыг ЧХБ ХХК-ийн Уул уурхайн бизнесийн хэлтсийн Харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЧХБ ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ЧХБ ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,742,637 төгрөг, нийт 3,242,637 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч ЧХБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид /70,200+139,750/ 209,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах шатны гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.1. Нэхэмжлэгч нь ЧХбанкны гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот тушаал нь хууль бусаар орон тоо хассан эрх мэдлээ хэтрүүлсэн гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх тус банкны Гүйцэтгэх захирлын 25 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна гэхдээ шалтгаан нь тодорхойгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн заалттай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа ямар шалгуур үзүүлэлтээр ажлаас халагдсан биш хууль бусаар орон тоо хассан эрх мэдлээ хэтрүүлсэн тушаал гаргасан тул ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү гэж маргасан байхад ямар шалгуур үзүүлэлтийг үндэслэж халсан нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийг ямар шалгуур үзүүлэлтээр ажлаас халсан гэх талаар тус банк нь 2021 оны 7 дугаар сар хүртэл 2019 оны бүтэц зохион байгуулалтын дагуу газар нэгж хэлтсүүд үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байсан. Гүйцэтгэх захирал нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар уул уурхайн бизнесийн хэлтсийн орон тооноос хэлтсийн захирал бөгөөд уул уурхайн бизнесийн захирлын болон харилцааны менежерийн 1 орон тоог хассан. Уг тушаалын хэрэгжилтийн дагуу Г.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Г.А-ыг ажлаас халсан талаар тухайн үед тус хэлтэст 3 харилцааны менежер байсан Ш.У-болон Г.С- гэх 2 ажилтан нь хүүхэд асрах чөлөөтэй хөдөлмөрийн гэрээг цуцалж болохгүй тул Г.А-тай хийсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн.

4.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хуульд зааснаар хүлээдэг. Гэтэл энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна гэжээ.Тус банкны ажил олгогчийн төлөөлөгч нь тушаал гарсантай холбогдуулан хуульд зааснаар нэхэмжлэгчид орон тоо хасагдаж байгаа ажлаас чөлөөлөгдөх талаар мэдэгдсэн. Ямар нэгэн хэлбэрийн шаардлага заагаагүй заавал бичгээр мэдэгдэх үүрэг хүлээсэн зүйлгүй. Нэхэмжлэгч нь орон тоо хасагдаж байгаа ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн талаар хурал дээр хүлээн зөвшөөрч энэ тал дээр маргах зүйлгүй гэсэн байдаг.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч ЧХБ ХХК-д холбогдуулан харилцааны менежерийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Г.А-ын ЧХБ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсаныг

хариуцагч тал эс зөвшөөрч ... Уул уурхайн бизнесийн хэлтэст 4 харилцааны менежерийн орон тоотой. Түүнээс 2 ажилтны орон тоог цөөрүүлсэн... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар зөв дүгнэжээ.

 

Хэрэгт ЧХбанкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 338 дугаар Г.А-ыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Уул уурхайн бизнесийн хэлтэст харилцааны менежерээр томилон ажиллуулсан тушаал авагдсан. /хх 4/

 

Хариуцагч нь Г.А-тай 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулжээ./хх 9-14/. Энэ талаар анхан шатны шүүхээс мөн зөв дүгнэжээ.

 

Хариуцагч ЧХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалтууд, ЧХбанкны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.20.1, 4 дүгээр зүйлийн 4.11.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх захирлын 2021 оны 14 тоот тушаалаар орон тоо нь хасагдсан тул Уул уурхайн бизнесийн хэлтсийн харилцааны менежер Г.А-тай байгуулсан гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх 5/

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын тушаал хууль бус, бүтэц орон тооны асуудлыг ЧХБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд эрх бүхий этгээдээс орон тоог цөөрүүлэх шийдвэр гараагүй, цалин төсөв хэвээр байхад гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлж ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

ЧХБ ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.1.1-т Банкны стратегийг тодорхойлох, зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнг батлах бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан. Хэрэгт тус банкны орон тоог цөөрүүлэх шийдвэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан гэх баримтгүй, цалин төсвийн хэмжээ хэвээр байгаа талаар талууд тайлбарласан./хх37/

 

ЧХБ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхтэй ч Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэвэл зохих асуудлаар уг байгууллагаас гарсан шийдвэрийн үндсэн дээр ажилтныг чөлөөлөх юм. Иймд өөрт эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар гүйцэтгэх захирал тушаал гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудал болох ямар шалгуураар нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь тодорхойгүй талаар дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

 

Харин анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй талаар зөв дүгнэжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байх ёстой юм.

 

Харин Г.А-ын ЧХБ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан банкны ажилтны орон сууцны зээлийн гэрээний стандарт нөхцөл болох 19 дүгээр зүйлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Анхан шатны шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон нь зөв байх бөгөөд дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2021/01632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД