Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/01817

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/01817

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянзүрх 2 дугаар гудамж 1 тоотод оршин байрлах, Сэлүүн салхивч ХХК /РД:5152887/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Баянзүрх 2 дугаар гудамж 1 тоотод оршин суух, Монголжингоо овогт Цэрэндоржийн Энхболд /РД:УБ76041719/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 6-7 тоотод оршин суух, Зуутраг овогт Доржийн Түвшинтөр /РД:ОЙ78083115/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, 6 дугаар гудамж 8 тоотод оршин суух, Мардай овогт Баатарын Батцог /РД:УУ60051210/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, 6 дугаар гудамж 8 тоотод оршин суух, Боржигон овогт Ядамжавын Оюунчимэг /РД:ЧИ59122264/

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хөлийн 25-3 тоотод оршин суух, Дилав овогт Зонройжавын Цэнд-Аюуш /РД:ИУ69011215/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хөлийн 25-3 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөргэрэлийн Бэлэгдэмбэрэл /РД:ЦД66020873/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туулын 10-10 тоотод оршин суух, Мөнх овогт Лхагвасүрэнгийн Гантүлхүүр /РД:ЦЗ81030718/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, 3-25 тоотод оршин суух, Ахсум холдон овогт Уушийн Болд /РД:БД60120814/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хөлийн гол 3-24 тоотод оршин суух, Баянжаргал овогт Далхаагийн Нямдэлгэр /РД:ПИ75041303/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Товчооны 6-6 тоотод оршин суух, Боржигон овогт Жамьяндоржийн Батжаргал /РД:ЖЯ77041515/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бээжингийн гудамж GB плаза 301 тоот хаягт байрлах Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК /РД:5728444/-д холбогдох,

Гэм хор учруулсны хохиролд нийт 265,128,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Н.Отгонцэцэг, шинжээч Б.Мөнхбаяр /цахимаар/, нэхэмжлэгч компанийн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Ц.Энхболд, Б.Батцог, Я.Оюунчимэг, нэхэмжлэгч Б.Түвшинтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, Л.Гантүлхүүр, Д.Нямдэлгэр, Т.Бэлэгдэмбэрэл Батжаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нэхэмжлэгч Р.Цэнд-Аюушийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сэлүүн салхивч ХХК, иргэн Д.Түвшинтөр, Б.Батцогт, З.Цэнд-Аюуш, Т.Бэлэгдэмбэрэл, Л.Гантүлхүүр, У.Болд, П.Амаржаргал, Д.Нямдэлгэр бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг юм. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ихээхэн хэмжээний бороо орж, бидний оршин суугаа газар үерт автаж, үүний улмаас бидэнд ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Бид уг хаяг буюу газарт оршин суугаад 5-15 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд ихээхэн хэмжээний хур бороо орсон ч нэг ч удаа ингэж үерт автаж байгаагүй юм.

Гэтэл Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг шинэчлэлийг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК нь үерийн усны гольдролыг хааж далан барьсаны улмаас иргэдийн суурьшлын бүс рүү ихээхэн хэмжээний үерийн ус орж, бид хохирол хүлээгээд байна. Бид өөрт учирсан хохирлын үнэлгээг Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-тай харилцан тохиролцож, 20 гаруй үнэлгээний компаниас нэгийг сугалан, сонгогдсон эрх бүхий хуулийн этгээд Арвижих Эстимейт ХХК-аар айл тус бүрээр нь үнэлгээг гаргуулсан. Уг үнэлгээг хариуцагч Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидний хохирол төлбөрийг барагдуулж өгнө гэсэн боловч одоогоор иргэн тус бүрт нийт хохирлын 30 хувийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сард барагдуулсан. Гэвч үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Бидэнд даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөрөө аваад өгнө гэдэг юм. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн буруутай үйл ажиллагааг тогтоосон.

Бид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар уг хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлээ хамтран гаргасан юм.

Иймд Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд нар 185,208,369 /Нэг зуун наян таван сая хоёр зуун найман мянга гурван зуун жаран ес/-н төгрөг, Д.Түвшинтөр 18,473,263 /Арван найман сая дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун жаран гурав/-н төгрөг, Б.Батцог, Я.Оюунчимэг нар 45,649,194 /Дөчин таван сая зургаан зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн дөрөв/-н төгрөг, З.Цэнд-Аюуш 6,993,000 /Зургаан сая есөн зуун ерэн гурван мянга/-н төгрөг, Т.Бэлэгдэмбэрэл 3,358,460 /Гурван сая гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун жар/-н төгрөг, Л.Гантүлхүүр 1,071,000 /Нэг сая далан нэгэн мянга/-н төгрөг, У.Болд 245,000 /Хоёр зуун дөчин таван мянга/-н төгрөг, Ж.Батжаргал /П.Амаржаргал/ 843,500 /Найман зуун дөчин гурван мянга таван зуу/-н төгрөг, Д.Нямдэлгэр 3,276,532 /Гурван сая хоёр зуун далан зургаан мянга таван зуун гучин хоёр/-н төгрөгийг гаргуулах буюу гэм хор учруулсны хохирол нийт 265,128,318 /хоёр зуун жаран таван сая нэг зуун хорин найман мянга гурван зуун арван найм/-н төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Сэлүүн салхивч ХХК-ийн төлөөлөгч болон иргэн Ц.Энхболд нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас гэм хорын хохирол 185,208,369 төгрөг гаргуулах Сэлүүн салхивч ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж, хамтран нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь Сэрүүн салхивч ХХК-ийн хувьцааг миний бие 100 хувь эзэмшдэг бөгөөд өөрөө гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг. Сэрүүн салхивч ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үйл ажиллагаа явуулдаг юм. Иймээс Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас миний үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол болон хуулийн этгээдийн эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 185,208,369 төгрөгийг Сэрүүн салхивч ХХК-тай хамтран нэхэмжилж байгаа учир 185,208,369 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.Батцог шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед энэ үйл явдал болсон юм. Зам барьж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай компани зөрчил гаргасан. Та бүхэнд хэлэхэд үнэн гэдэг бол ганц байдаг, 2 үнэн гэж байдаггүй. Энэ мэтгэлцэж байгаа асуудал бол Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК алдаа гаргасан нь гарцаагүй үнэн. Монгол улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын бүх ажилчид харсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дараа Зам тээвэр хөгжлийн яамны шинжээчид хөндлөнгийн шинжилгээ хийж мөн л дүгнэлт гаргасан. Яг үнэндээ Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК биднийг хохироосон. Технологийн алдаанаас болж бидний ахуй амьдрал сөнөсөн, үнэндээ живүүлсэн. Ахуйгүй хүн яаж амьдардаг юм бэ, ийм учраас бид Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас тохиролцох санал тавьж бид хүлээн зөвшөөрсөн. Гэтэл дараа нь МХГ-аас дүгнэлт гаргуулая гэхэд бид хүлээн зөвшөөрсөн. Дахин Ус цаг уурын шинжилгээний хүрээлэнгээс шийдвэр гаргуулая гэхэд мөн хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд бид зөвшөөрсөн бөгөөд багаар үнэлсэн ч бид маргаагүй. Дараа нь өөр байгууллага газруудаар байгалийн гамшиг гэдэг байдлаар асуудлаас бултах гэсэн оролдлого гаргасан. Уулын урсгал усыг хааснаас болоод ус даланг давж бохиртой холилдсон их ус орж ирээд бидний амьдралыг живүүлсэн. Мөнгөний их бага хамаагүй. Хамгийн гол нь энэ хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч З.Цэнд-Аюушийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: З.Цэнд-Аюушийн хувьд 9.990.000 төгрөгийн хохирол гарсан. Үүнээс 30 хувийн төлсөн. Үлдэх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т Хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэх, 9.4.4-т Учирсан хохирлыг арилгах гэсэн заалт байгаа. Яагаад учруулсан хохирлыг арилгуулах вэ гэхээр Иргэний хуулийн 502.2, 497-т заасан гэм хорын хохирлын асуудлууд гэж яригдсан. Харин хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай асуудал бид ярьсан. Энэ бол гэм хор учруулсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, өөрсдөө шинжээч томилуулан, хохирлын хэмжээг тогтоолгож, тогтоосон хохирлын 30 хувийг төлсөн. Үлдэх 70 хувийг төлөхгүйгээр удаашруулж байгаа учраас Иргэний хуулийн 9.4.3-т зааснаар үүргээ гүйцэтгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөө хүлээн аваар шаардах ёстой байсан байх. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, өөрсдөө шинжээч томилуулан 30 хувийг нь төлж байгаад үлдсэн 70 хувийг өгөхгүй хойшлуулж байгаа нь ямар шалтгаантай нь ойлгомжгүй байдаг. Иймд Иргэний хуульд заасны дагуу хүлээсэн үүргийг шаардах байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хуулин 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Я.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас гэм хорын хохирол 45,659,194 төгрөг гаргуулах Б.Батцогийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож, нэхэмжилж байна. Тухайн газар эзэмших эрх, миний нэр дээр боловч Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас манай гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөд хохирол учирсан гэж үзэж байгаа тул 45,659,194 гаргуулж, Б.Батцог бидэнд олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Түвшинтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манай гэр бүлд Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК нь 26.390.000 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс 30 хувийг өгсөн. Үлдсэн 70 хувь буюу 18.473.000 төгрөгийг Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас гаргуулах саналтай байна гэв.

Нэхэмжлэгч Т.Бэлэгдэмбэрэл, Л.Гантүлхүүр, Ж.Батжаргал, Д.Нямдэлгэр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд, Д.Түвшинтөр, Б.Батцог, З.Цэнд-Аюуш, Т.Бэлэгдэмбэрэл, Л.Гантүлхүүр, У.Болд, Д.Нямдэлгэр, Ж.Батжаргал, Я.Оюунчимэг нараас Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэлийн тухайд: Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК зам тээврийн барилгын ажил хийж гүйцэтгэхдээ үерийн хаалтуудыг буруу хийж технологийн горим алдагдуулснаас бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү хэмээж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн хувьд тухайн үед учирсан хохирлын үнэлгээ гаргуулан харилцан тохиролцож, хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ гаргуулсан. Үнэлгээгээр тогтоосон хохирлын 30 хувийг нэхэмжлэгч нарт төлсөн, үлдэх 70 хувийг төлөхгүй удааширсан учраас нэхэмжлэгч нарын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Сэлүүн салхивч ХХК болон Ц.Энхболд нарын нэхэмжилсэн 185.208.369 төгрөгийн тухайд: Ц.Энхболд болон Сэлүүн салхивч ХХК гэж ялгалгүйгээр 185.208.369 төгрөгийг хувь заахгүйгээр хэн нэгнийх нь нэр дээр шилжүүлэн өгнө үү гэж хүсэж байна. Бусад нэхэмжлэгч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл адилхан гэм хорын хохирол шаардаж байгаа. Үнэхээр гэм хор учруулснаас үүссэн үүрэг гэдэг нь шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон. Учруулсан хохирлууд нь хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч болон хариуцагч биш эсэх тал дээр огт маргаан байхгүй. Өөрөөр хэлбэл Сэлүүн салхивч ХХК-ийн хувьд хөрөнгө нэхэмжлэх эрхтэй тэгээд гэдэг нь маргаангүй. Мөн учирсан хохирлын 30 хувийг төлсөн асуудалд талуудаас мөн маргаан байхгүй. Үлдэх 70 хувийг өгөхгүй байгаа шалтгаан нь бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, даатгалаас шаардах ёстой гэдэг байр суурийг хариуцагч талаас илэрхийлж байсан. Эдгээр үндэслэлүүд аль аль нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогддоггүй учраас хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-д холбогдуулан Сэрүүн салхивч ХХК, Д.Түвшинтөр, Б.Батцогт, З.Цэнд-Аюуш, Т.Билэгдэмбэрэл, Л.Гантүлхүүр, У.Болд, Д.Нямдэлгэр, П.Амаржаргал нараас гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. Шүрэнчулуун би хүлээн авч, танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нараас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 11 дүгээр нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үерт авсан хохиролд 265,128,318 төгрөгийг Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК-наас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих төслийг ажлыг хариуцан гүйцэтгээд одоо дуусах шатандаа явж байна.

Төсөл хэрэгжихийн өмнө компаний зүгээс авто зам барихтай холбоотой болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл бий болсон нөхцөлд үүссэн хохирол, хор уршгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Тэнгэр Даатгал ХХК-тай Даатгалын гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа болно.

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний бороо орсон үерийн улмаас нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь даатгалын тохиолдол бий болсон тул гэрээний дагуу учирсан хохирлыг даатгалын нөхөн олговроор шийдвэрлүүлэхээр Тэнгэр Даатгал ХХК-д хандаад байгаа билээ.

Иймд хууль болон гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдлоос үүдэн учирсан хохирлыг даатгагч хариуцан барагдуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ:

Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК нь байрлуулах ёстой 4 бетон хоолойг байрлуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд, Д.Түвшинтөр, Б.Батцог, Я.Оюунчимэг, З.Цэнд-Аюуш, Т.Бэлэгдэмбэрэл, Л.Гантүлхүүр, У.Болд, Д.Нямдэлгэр, Ж.Батжаргал нар нь хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд нийт 265,128,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Сино Хайдро Корпорейшн Монголиа ХХК нь байрлуулах ёстой 4 бетон хоолойг байрлуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Шүүх доорх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нар нь учирсан хохирлоо арилгуулахаар гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй бөгөөд гэм хор учруулсан этгээдийг Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК гэж үзэн хариуцагчаар татсан байна.

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин байсан айлууд /нэхэмжлэгч нар/ 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орсон борооны усны үерт автсан бөгөөд хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийг зам засварын ажлыг гүйцэтгэхдээ голын усны урсгалыг хааж шороон далан барьснаас үерийн ус шороон даланд хашигдан хальж, эд хөрөнгө үерт автаж хохирол учирсан гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байна.

 

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тасгын газрын албан бичиг /хх-154х-155үүд, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр НАЗХШ/201902003 дугаартай гэрээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөрбетон гүүрийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажилд тээвэрлэлт хийх зориулалтаар голын усны урсгалыг хааж, хөндлөн далан барьж, 0,75 м-ийн диаметртэй хос хоолойгоор голын усыг нэвтрүүлж байсан нь 2019.05.01-ний өдөр зөвлөх инженер А.Берденбекийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачилал /1-р хх-212-215х/-ын 2.Хөлийн голын ажил явуулах түр замыг гүйцэтгэх аргачилалд заасан ...Ажил явуулах түр замын доод талд 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрнө. Түр замын дүүргэлтийн өндөр нь хөлийн голын 2 талын далангаас 30см-ээр намхан байх ба борооны ус голын урсгал өндөр түвшинд очиход голын урсгал нь далан болон дүүргэлт хийсэн хэсгээс хальж давахгүй болно гэснийг зөрчсөн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон борооны улмаас голын ус нэмэгдэж, дээрхи хоолой усыг чөлөөтэй нэвтрүүлж чадахгүй хальж баруун талын хамгаалалтын даланг даван ойр орчмын айлууд үерт автсан болох нь Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019.08.13-ны өдрийн 01-07-035/332 тоот Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.03.25-ны өдрийн 07/806 тоот албан бичиг, түүний хавсралт Дүгнэлтийн үндэслэл, тайлбар бичиг, 2020.07.16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /1-р хх-151-152, 2-р хх-ийн 5-21, 71-73 дахь талд/,

Тодруулбал, хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь авто замын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөрбетон гүүрийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачилал-д зааснаар түр замын доод талд 1 м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрөх байтал 0,75 м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас голын /үер/ ус хальж нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас үерийн ус даланг давж хохирол учруулсан гэх үндэслэлээр татгалзсан байна.

Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Сэргэлэн, Баян сумын нутагт 2019.08.05-ны өдөр Борооны бөөн үүл хүчтэй хөгжиж, 02 цаг 45 минутын хугацаанд 4,0-58,0 мм аянга дуу цахилгаантай ширүүн аадар бороо орсон болохыг Цаг уур орчны шинжилгээний газар тодорхойлж, 2020.07.16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд энэ нь Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу цаг агаарын аюултай үзэгдэл болсон байна гэж дүгнэжээ.

2020.07.16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ...Гүүрийн гүйцэтгэлийн аргачлалд түр далан доогуур Ф1м-ийн диаметртэй 4 ширхэг бетонон дугуй хоолой тавихаар төлөвлөж өгсөн. Ф1м-ийн диаметртэй дугуй хоолойн ус өнгөрүүлэх чадвар 1.68 м3/сек байдаг ба нийт 4 хоолойн ус өнгөрүүлэх чадвар 6.72 м3/сек болж байна. Энэ нь хур борооны үерийн усны хамгийн их урсацын тооцоог 5 жилээр тооцвол /гүүрийн гүйцэтгэлийн аргачлал/-д тусгагдсан Ф1м-ийн 4 ширхэг хоолой болон 30 см-ийн нам дор төлөвлөгдсөн далангаар хангалттай үерийн ус өнгөрч гарахаар байсан байна гэжээ.

Эдгээрийг харьцуулан дүгнэхэд 02 цаг 45 минутын хугацаанд 4,0-58,0 мм-ийн аадар бороо орсон-оос үүсэх үерийн усыг Ф1м-ийн диаметртэй 4 хоолойн ус өнгөрүүлэх чадвар /6.72 м3/сек/ нэвтрүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул цаг агаарын аюултай үзэгдэл болсон нь нэхэмжлэгч нарын учирсан хохиролд шалтгаант холбоогүй буюу хамааралгүй байна.

 

Иймд хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийг 2019.05.01-ний өдөр зөвлөх инженер А.Берденбекийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачилал-ыг дагаж мөрдөөгүйгээс Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм норматив, техникийн баримт бичиг, техник технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг үерт автуулан хохирол учруулсан гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуульд зааснаар, гэм хор арилгах ерөнхий үүргийн хувьд, хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар, гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэсэн зохицуулалт, гэм хор арилгах тусгай үүргийн хувьд, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар, Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулжээ.

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд нарын эд хөрөнгөд 264,583,383 төгрөгийн, Д.Түвшинтөрд 26,390,375 төгрөгийн, Б.Батцог, Я.Оюунчимэг нарт 65,227,491 төгрөгийн, З.Цэнд-Аюушид 9,990,000 төгрөгийн, Т.Бэлэгдэмбэрэлд 4,979,800 төгрөгийн, Л.Гантүлхүүрт 1,530,000 төгрөгийн, У.Болдод 350,000 төгрөгийн, Д.Нямдэлгэрт 4,680,760 төгрөгийн, Ж.Батжаргал /Д.Амаржаргал/-д 1,205,000 төгрөгийн буюу нийтдээ 378,936,809 төгрөгийн хохирол учирсан болох нь Арвижих эстимейт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон бөгөөд энэхүү хохирлын хэмжээний талаар хариуцагч тал маргаагүй. /1-р хх-ийн 27-150 дахь талд/

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлын үнийн дүнгээс тус бүр 30 хувийг төлж барагдуулсан болох нь Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд нарт 2019.10.02-ны өдөр 79,375,017.90 төгрөгийг Ц.Энхболдын Хаан банкны 5064166727 тоот дансанд, Б.Батцог, Я.Оюунчимэг нарт 2019.10.02-ны өдөр 19,568,227.70 төгрөгийг Б.Батцогийн Хаан банкны 5031213790 тоот дансанд, У.Болдод 2019.10.25-ны өдөр 105,000 төгрөгийг түүний Хаан банкны 5847202099 тоот дансанд, Л.Гантүлхүүрт 2019.10.02-ны өдөр 459,000 төгрөгийг түүний Хаан банкны 5032486213 тоот дансанд, Д.Түвшинтөрд 2019.10.02-ны өдөр 7,917,112.50 төгрөгийг түүний Хаан банкны 5069205163 тоот дансанд, П.Амаржаргал /Ж.Батжаргал/-д 2019.10.02-ны өдөр 361,500 төгрөгийг түүний Хаан банкны 5452035566 тоот дансанд, Т.Бэлэгдэмбэрэлд 2019.10.02-ны өдөр 1,439,340 төгрөгийн түүний Хаан банкны 5009880557 тоот дансанд, Д.Нямдэлгэрт 2019.10.02-ны өдөр 1,404,228 төгрөгийг түүний Хаан банкны 5006532579 тоот дансанд, З.Цэнд-Аюушид 2019.10.02-ны өдөр 2,997,000 төгрөгийг Ц.Өнөр-Ундрахын Хаан банкны 5315254045 тоот дансанд тус тус олгосноор буюу зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдож байна./2-р хх-ийн 164-172 дахь талд/

 

Хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК нь Тэнгэр Даатгал ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу нөхөн төлбөр олгох эсэх маргаан нь гэрээний талуудад хамааралтай бөгөөд нэхэмжлэгч нар /нэр бүхий 11 иргэн/-т учирсан хохирлыг хуульд заасны дагуу хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК төлөх үүрэгтэй тул хариуцагчийн Тэнгэр Даатгал ХХК-д хандсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас 264,583,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас нийт 265,128,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд нарт 185,208,369 төгрөг, Д.Түвшинтөрд 18,473,263 төгрөг, Б.Батцог, Я.Оюунчимэг нарт 45,659,194 төгрөг, З.Цэнд-Аюушид 6,993,000 төгрөг, Т.Бэлэгдэмбэрэлд 3,358,460 төгрөг, Д.Нямдэлгэрт 3,276,532 төгрөг, Л.Гантүлхүүрт 1,071,000 төгрөг, Ж.Батжаргалд 843,500 төгрөг, У.Болдод 245,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Сино хайдро Корпорейшн Монголий ХХК-иас 300,000/гурван зуун мянга/ төгрөг гаргуулж шинжээч Б.Мөнхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж /1,084,000+386,300+126,900+67,400+24,800+68,700+30,300+250,320+8,000/ нийт 2,046,720 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-иас нийт 2,46,720 төгрөг гаргуулж, Сэлүүн салхивч ХХК, Ц.Энхболд нарт 1,084,000 төгрөг, Б.Батцог, Я.Оюунчимэг нарт 386,300 төгрөг, З.Цэнд-Аюушид 126,900 төгрөг, Д.Нямдэлгэрт 67,400 төгрөг, Ж.Батжаргалд 24,800 төгрөг, Т.Бэлэгдэмбэрэлд 68,700 төгрөг, Л.Гантулхүүрт 30,300 төгрөг, Д.Түвшинтөрд 250,320 төгрөг, У.Болдод 8,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/12306 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сино хайдро Корпорейшн Монголиа ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 265,128,318 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авч шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

С.ХИШИГБАТ