Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/00026

 

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00026

 

 

С С - ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С С - ХХК, Ц.Э, Д.Т, Б.Б, Я.О, З.Ц, Т.Б, Л.Г, У.Б, Д.Н, Ж.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С Х К М -ХХК-д холбогдох гэм хорын хохиролд нийт 265,128,318 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, Я.О, нэхэмжлэгч Д.Тийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч С С - ХХК, Ц.Э нарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, нэхэмжлэгч З.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С С - ХХК, иргэн Д.Т, Б.Бт, З.Ц, Т.Б, Л.Г, У.Б, П.А, Д.Н бид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг бөгөөд 2019 оны 8 сарын 5-ны өдөр их хэмжээний бороо орж, бидний оршин суугаа газар үерт автаж, үүний улмаас бидэнд хохирол учирсан. Бид уг газарт оршин суугаад 5-15 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд ихээхэн хэмжээний хур бороо орсон ч ингэж үерт автаж байгаагүй. Гэтэл Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг шинэчлэлийг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд С Х К М -ХХК нь үерийн усны гольдролыг хааж далан барьсаны улмаас иргэдийн суурьшлын бүс рүү их хэмжээний үерийн ус орж, бидэнд хохирол учраад байна. Бид өөрт учирсан хохирлын үнэлгээг С Х К М -ХХК-тай харилцан тохиролцож, 20 гаруй үнэлгээний компаниас нэгийг сугалан, сонгогдсон Арвижих Эстимейт ХХК-аар айл бүрийн хохирлын үнэлгээг гаргуулсан. Уг үнэлгээг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд бидний хохирол төлбөрийг барагдуулж өгнө гэсэн боловч одоогоор иргэн тус бүрт нийт хохирлын 30 хувийн төлбөрийг барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг хэзээ, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тус компанийн буруутай үйл ажиллагааг тогтоосон. Иймд С С - ХХК, Ц.Э нар 185,208,369 төгрөг, Д.Т 18,473,263 төгрөг, Б.Б, Я.О нар 45,649,194 төгрөг, З.Ц 6,993,000 төгрөг, Т.Б 3,358,460 төгрөг, Л.Г 1,071,000 төгрөг, У.Б 245,000 төгрөг, Ж.Б /П.А/ 843,500 төгрөг, Д.Н 3,276,532 төгрөгийг тус тус гаргуулах буюу гэм хор учруулсны хохиролд нийт 265,128,318 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С Х К М -ХХК нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих төслийг ажлыг хариуцан гүйцэтгээд одоо дуусах шатандаа явж байна. Төсөл хэрэгжихийн өмнө компанийн зүгээс авто зам барихтай холбоотой болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл бий болсон нөхцөлд үүссэн хохирол, хор уршгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс 2019 оны 5 сарын 3-ны өдөр Тэнгэр Даатгал ХХК-тай Даатгалын гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. 2019 оны 8 сарын 5-ны өдөр их хэмжээний бороо орж, үерийн улмаас нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон тул гэрээний дагуу учирсан хохирлыг даатгалын нөхөн олговроор шийдвэрлүүлэхээр Тэнгэр Даатгал ХХК-д хандаад байгаа билээ. Иймд хууль болон гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдлоос үүдэн учирсан хохирлыг даатгагч хариуцан барагдуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: С Х К М -ХХК нь байрлуулах ёстой 4 бетон хоолойг байрлуулаагүйгээс асуудал үүссэн байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С Х К М -ХХК-иас нийт 265,128,318 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С С - ХХК, Ц.Э нарт 185,208,369 төгрөг, Д.Тд 18,473,263 төгрөг, Б.Б, Я.О нарт 45,659,194 төгрөг, З.Цид 6,993,000 төгрөг, Т.Бд 3,358,460 төгрөг, Д.Нт 3,276,532 төгрөг, Л.Гт 1,071,000 төгрөг, Ж.Бд 843,500 төгрөг, У.Бод 245,000 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Сино хайдро Корпорейшн Монголий ХХК-иас 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж шинжээч Б.Мөнхбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж /1,084,000 + 386,300 + 126,900 + 67,400 + 24,800 + 68,700 + 30,300 + 250,320 + 8,000/ нийт 2,046,720 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч С Х К М -ХХК-иас нийт 2,46,720 төгрөг гаргуулж, С С - ХХК, Ц.Э нарт 1,084,000 төгрөг, Б.Б, Я.О нарт 386,300 төгрөг, З.Цид 126,900 төгрөг, Д.Нт 67,400 төгрөг, Ж.Бд 24,800 төгрөг, Т.Бд 68,700 төгрөг, Л.Г-т 30,300 төгрөг, Д.Тд 250,320 төгрөг, У.Бод 8,000 төгрөгийг тус тус олгож, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/12306 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С Х К М -ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 265,128,318 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авч шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Хэрэгт авагдсан Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 492 дугаартай албан тоотын агуулгаас харахад замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хэсэгт тус газрын барьсан түр зам болон манай компанийн барьсан түр замууд зэрэгцээ оршиж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-д уг хоёр түр замын алиных нь улмаас уг гэм хор учирсан болохыг зааглаагүй, шинжээч шүүхийн хэлэлцүүлгийн үед хоёр түр зам байсан болохыг мэдээгүй болохоо мэдүүлсэн зэргээс уг шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа юм. Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар хоёр түр замын зураг, бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хэрэгт ач холбогдолгүй гээд хүлээж аваагүй. Мөн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүхээс хүлээн авдаггүй, эсхүл шинжээч томилох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан тул нотлох баримтаа хууль ёсны болгох боломжгүй байсан. Түүнчлэн, миний бие шүүх хурал зарлагдсан 2021 оны 10 сарын 5-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлж шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн боловч хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч С С - ХХК, Ц.Э, Д.Т, Б.Б, Я.О, З.Ц, Т.Б, Л.Г, У.Б, Д.Н, Ж.Б нар нь хариуцагч С Х К М -ХХК-д холбогдуулан гэм хор учруулснаас учирсан хохиролд нийт 265,128,318 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 01-07-035/332 тоот Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 3 сарын 25-ны өдрийн 07/806 тоот албан бичиг, түүний хавсралт буюу Дүгнэлтийн үндэслэл, тайлбар бичиг, 2020 оны 7 сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар Баянзүрх дүүргийн 11 хороонд оршин суух дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын орон байр, эд хөрөнгө 2019 оны 8 сарын 5-ны өдөр орсон борооны улмаас үерт автсан, уг үерийн шалтгаан нөхцөл нь хариуцагч С Х К М -ХХК-ийн тус газарт гүйцэтгэж байсан замын өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотой буюу тус компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогджээ. /1хх 151-152, 2хх 5-21, 71-73/

 

Анхан шатны шүүх хариуцагч С Х К М -ХХК-ийг тус компанийн зөвлөх инженер А.Берденбекийн баталсан Хөлийн холын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлал-ыг дагаж мөрдөөгүй буюу авто замын ПК 4+121 дээр баригдаж буй 20,7 м төмөр бетон гүүрийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ уг аргачлалд заасан түр замын доод талд 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж, хөлийн голын урсгал нь 4 ширхэг хоолойгоор дамжин урсан өнгөрөх байтал 0,75м диаметртэй хос хоолой байршуулснаас голын ус хальж нэхэмжлэгч нарт хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч С Х К М -ХХК нь авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхдээ Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар арилгах үүрэгтэй.

 

Арвижих эстимейт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар С С - ХХК, Ц.Э нарын эд хөрөнгөд 264,583,383 төгрөгийн, Д.Тд 26,390,375 төгрөгийн, Б.Б, Я.О нарт 65,227,491 төгрөгийн, З.Цид 9,990,000 төгрөгийн, Т.Бд 4,979,800 төгрөгийн, Л.Гт 1,530,000 төгрөгийн, У.Бод 350,000 төгрөгийн, Д.Нт 4,680,760 төгрөгийн, Ж.Б /Д.Амаржаргал/-д 1,205,000 төгрөгийн буюу нийтдээ 378,936,809 төгрөгийн хохирол учирсан /1хх-ийн 27-150/ болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээний талаар хариуцагч маргаагүй байна. Түүнчлэн, хариуцагч нь шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэгч нарт учирсан дээрх хохирлын үнийн дүнгээс тус бүр 30 хувийг төлж, хохирлоос үлдэх 265,128,318 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч нар үлдсэн хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч С Х К М -ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ цаг агаарын аюулт үзэгдэл болсоны улмаас үерийн ус даланг давж нэхэмжлэгч нарт хохирол учирсан, түүнчлэн уг үйл явдал нь Тэнгэр Даатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол тул учирсан хохирлыг даатгагч хариуцан барагдуулах үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэх гомдлын хувьд хариуцагч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, шинжээчид эрх, үүргийг нь /2хх-72, 75/ тайлбарлаж, хууль сануулсан /2хх-73-74/ байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Мөн дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй.

 

Хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн гэх гомдлын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниас хэд хэдэн удаа итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө сольж /1хх-179, 197, 2хх-110, 121, 154, 156, 3хх-65/ байсан байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэнгийн хувьд 2021 оны 10 сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь нотлогдож /3хх 127-128/ байх боловч өмгөөлөгч Б.Сарнайгийн хувьд шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэдгийг шууд нотлох баримт хэрэгт байхгүй, тухайн цаг үед шүүхүүд цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлж ажиллаж байсан тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсэн хугацаа, хариуцагч компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө удаа дараа сольж байсан, хэд хэдэн өмгөөлөгч оролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 5-ны өдрийн 181/ШШ2021/01817 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,483,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН