Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01834

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01834

Улаанбаатар хот

 

 

 

2021 10 07 181/ШШ2021/01834

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 2а хэсэг Баатарсайханы гудамж 960 тоотод оршин суух, Олхонууд овогт Халтармаагийн Үүрийнтуяа /РД:ЦВ85020708/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Төрийн ордонд оршин байрлах, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох,

2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Х.Үүрийнтуяа нь Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 14 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан. Тус газарт цай зөөгчөөс эхлэн Үйлчилгээний хэлтсийн 1, 2, 6 дугаар багуудын ахлагч, гадна талбайн зөөвөр тээврийн багийн ахлагч, 6-р багийн үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/ болтлоо дэвшин ажиллаж ирсэн.

Х.Үүрийнтуяа нь Үйлчилгээний хэлтсийн 6-р багийг ахлан 13 хүн хариуцан ажилладаг байсан бөгөөд хийж гүйцэтгэж буй ажил нь хариуцлагатай, зохион байгуулалттай, өндөр ур чадвартай байхыг шаарддаг ба зарим үед гадны болон дотоодын зочидод үйлчлэх, Монгол улсын болон Төрийн ордны нүүр царай болох ч тохиолдол байдаг тул тэр хэмжээгээр өөрийн хариуцсан ажилтнуудад хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шаардлага тавин ажилладаг.

Түүний хариуцан ажиллаж байсан Үйлчилгээний хэлтсийн 6-р багийн зарим ажилтнуудын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу тус газрын Чанар, менежментийн хэлтсээс хяналт шалгалтыг хийж Х.Үүрийнтуяаг 6-р багийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тэнцэхгүй байна гэж дүгнэн албан тушаал бууруулах санал буюу илтгэх хуудсыг удирдлагуудад танилцуулсан байдаг. Энэхүү илтгэх хуудсанд дурдсан саналыг үндэслэн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалаар ахлах үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр томилж албан тушаал буруулан шийдвэрлэсэн. Ингэхдээ тухайн ажилтнуудын гаргаж буй өргөдөлд дурдсан 14 алдаа, зөрчлүүдийг тухай бүрт нь нотлоогүй, хууль болон байгууллагын дүрэм, журамд нийцээгүй, үндэслэлгүй тушаал гарган албан тушаал бууруулсанд гомдолтой байна.

Х.Үүрийнтуяа нь тус газарт цай зөөгчөөс ахлах үйлчлэгч болтлоо 14 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь хэрэгжүүлэн ажиллаж, ажилчин залуу алтан медаль, нийтийн ахуйн үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан, мөнгөн шагнал зэргээр шагнагдаж байсан.

Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтод Х.Үүрийнтуяатай 2019 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан багийн ахлагчийн ажил албан тушаалын нэршил нь 2020, 2021 онуудад үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/ болж өөрчлөгдсөн байна.

Өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал гэдэгт хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд авсан болон халсан тушаалд заасан, нэхэмжлэгч халагдахаасаа өмнө хийж байсан ажил, албан тушаалыг ойлгохоор байх тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Багийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэснийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох болгон тодруулж байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Үүрийнтуяа нь тус газарт 2006 онд цай зөөгч, 2013 онд 2 дугаар багийн ахлагч, 2014 онд цай зөөгч, 2017 онд 1 дүгээр багийн ахлагч, 2020 онд 6 дугаар багийн үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ээр тус тус ажиллаж байсан.

2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тус газрын Чанарын менежментийн хэлтсийн 6 дугаар багийн 9 ажилтны гаргасан өргөдөл, гомдлын дагуу хийсэн Хяналт шалгалтын дүгнэлт №01-ээр Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2,11.3,11.12, ТЗҮЭГ-ын Ёс зүйн дүрэм-ийн 3.1.3 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд томилсон.

Төр Засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.Үүрийнтуяагийн хариуцаж байсан гуравдугаар баг нь 13 үйлчлэгчтэй ба 9 үйлчлэгч нь өргөдөл гаргасан байдаг. Өргөдөл нь ёс зүйн хороонд биш Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын захиргаанд гаргасан байдаг. Өргөдөлд дурдсанаар ёс зүйн зөрчилтэй холбогдолгүй, ажилтнуудад үнэн зөв үнэлгээ тавидаггүй, хувийн зүйлийг үндэслэн өндөр оноо тавьдаг, үйлчлэгчийн талбай нормын дүрмийг мөрддөггүй, харилцан адилгүй ажлын хуваарийг оногдуулдаг гэсэн нэр бүхий 14 зөрчил дутагдлыг ажилтнууд дурдаж гаргасан байдаг. Манай байгууллагын зүгээс хяналт шалгалтыг хийж өргөдөл тус бүрийг шалгаж тогтоогоод 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлтэн дээр зургаадугаар багийн ахлагч Х.Үүрийнтуяа нь ажил хөдөлмөр эрхлэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг, Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ёс зүйн дүрмийн 3.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан учраас Х.Үүрийнтуяаг ахлах үйлчлэгчийн албан тушаалаас чөлөөлж үйлчлэгчийн ажилд томилсон. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар 2019 онд багаас нь өргөдөл гомдол гараад ёс зүйн зөвлөл нь хуралдаж Х.Үүрийнтуяад сахилгын шийтгэл оногдуулж байсан. Дахин зөрчил гаргахгүй байх талаар нэхэмжлэгчид сануулсан боловч 2021 онд дахин ажилтнуудаас өргөдөл гомдол гаргасан. 2019 онд гарсан зөрчил 2021 онд давтагдсан. Өргөдөлд дурдагдсан зөрчлүүд өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод байсан ажил үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдсон учраас албан тушаалыг нь бууруулж үйлчлэгчийн албан тушаалд томилсон

Тухайн өргөдөлд ёс зүйн зөвлөл өөрөө холбогдохгүй, ажил үүргийн хөдөлмөрлөлтөд үнэлгээ хийдэггүй гэдэг зөрчил гарж байсан, удирдлагын үр дүнгийн урамшуулал болон жилийн үр дүнгийн урамшууллын үнэлгээг ажлын үр дүнг үнэлэх журмын дагуу үнэлдэггүй, өдөр тутмын үнэлгээг мөрддөггүй учраас үнэлгээ зөв зохистой хийгдэхгүй байна гэсэн гомдол ирсэн. Мөн Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2013 оны тушаалаар батлагдсан цэвэрлэгээний талбайн ноогдол харилцан адилгүй хуваарилж байгаа нь тогтоогдсон. 13 үйлчлэгч байхаас 1 үйлчлэгчид 200-300 м.кв талбай өгсөн байхад 1000 м.кв талбай хуваарилсан зөрчил гарсан. Энэ талаар удирдлагын зүгээс сануулга өгөхөд өөрчлөгдөөгүй байсан. Нэг үйлчлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ба жилд нэг удаа групп тогтоолгох тухай хуралд орж хүүхдийнхээ группийг сунгуулдаг. Гэтэл Х.Үүрийнтуяа хоёр цагийн чөлөө олгоогүйн улмаас тус үйлчлэгчийн хүүхэд группээс хасагдсан талаар хяналт шалгалтаар тогтоогдсон. Үйлчлэгч нар өргөдлөө гаргаад доор нь шийдвэрлэсэн гэдэг дээр багийн ахлагч нь гарын үсэг зураад, хэлтсийн дарга мөн зураад хүний нөөцөд өгдөг. Гэтэл Х.Үүрийнтуяа нь чөлөө олгоогүй гарын үсэг зураагүй байсан учраас үйлчлэгч хоёр цагийн чөлөө авч чадаагүй байсан. Энэ талаар тогтоогдохгүй байсан чинь нэхэмжлэгч чөлөөний хуудас гаргаад өгчихлөө.

Зөрчил гарсанаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар гэсэн хугацааг бид баримтлаад явсан. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гарахад яг энэ өдөр Х.Үүрийнтуяа нь бие өвдөөд байна гээд эмнэлгийн магадлагаа өгсөн байдаг. Эмнэлгийн магадлагаа өгснөөс хойш 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон. Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газар нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тушаалыг гаргасан байдаг.

Иймд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2021 оны Б/85 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Х.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа нь хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч, тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж маргасан.

Дараах үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Х.Үүрийнтуяа нь 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газарт цай зөөгчөөр анх ажилд орж, нэг, хоёр, зургаадугаар багийн ахлагч болон гадаа талбайн ахлагч, зургаадугаар багийн үйлчилгээний хянагчаар 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар Х.Үүрийнтуяаг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11, 12, Ёс зүйн дүрмийн 3.1.3б дүгээр заалт, ЗГҮЭГ-ын 2021 оны 03 дугаар сарын 02-ны хяналт шалгалтын дүгнэлт №01-ийг тус тус үндэслэн Х.Үүрийнтуяаг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлчлэгчээр ажиллуулжээ./хх-ийн 46 дахь талд/

Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ Х.Үүрийнтуяагийн ёс зүйн зөрчлийг хэзээ, яаж илрүүлсэн талаар тогтоогоогүй, Ёс зүйн зөрчлийг шалгах эрх бүхий газар нь шалгаагүй бөгөөд хяналт шалгалтын газраас шалгалт явуулж гаргасан дүгнэлтийг үндэслэснийг зөвшөөрөхгүй, тус газрын ёс зүйн дүрмийн 4.1 дэх хэсэгт ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан гурван зөрчлөөс сонгож оногдуулаагүй байж албан тушаал бууруулсан нь буруу, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор оногдуулах ёстой хуулийн хугацааг хэтрүүлсэн тул үндэслэлгүй гэж шаардлагаа тодорхойлсон бол,

Хариуцагч тал Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар 2019 онд багаас нь өргөдөл гомдол гараад ёс зүйн зөвлөл нь хуралдаж Х.Үүрийнтуяад сахилгын шийтгэл оногдуулж байсан. Дахин зөрчил гаргахгүй байх талаар нэхэмжлэгчид сануулсан боловч 2021 онд дахин ажилтнуудаас өргөдөл гомдол гаргасан. 2019 онд гарсан зөрчил 2021 онд давтагдсан. Өргөдөлд дурдагдсан зөрчлүүд өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдсон учраас албан тушаалыг нь бууруулсан гэж тус тус тайлбарлан маргасан.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/81 дүгээр Х.Үүрийнтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4.6.4, Газрын ёс зүйн зөвлөлийн хурлын 2019 оны 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Үйлчилгээний хэлтсийн 6-р багийн ахлагч Х.Үүрийнтуяад ёс зүйн зөрчил гаргасан тул үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй./хх-77 дахь талд/

Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа нь 2019 онд Ёс зүйн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байсан болох нь дээрх тушаалаар тогтоогдсон гэж үзнэ.

Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ажилтан Х.Үүрийнтуяа нь ажил хөдөлмөр эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3, 11.12 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, ТЗҮЭГ-ын Ёс зүйн дүрмийн 3.1.3б дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.4 дахь заалтуудыг зөрчсөнийг тус газрын Чанарын менежментийн хэлтсийн Хяналт шалгалтын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр тогтоосон үйл баримт нотлогдож байна./хх-47-75 дахь талд/

Хариуцагч нь ажилтан Х.Үүрийнтуяаг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр ажиллуулан албан тушаал бууруулах тушаал гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан /албан тушаал бууруулсан/ үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулах зохицуулалттай байтал ажил олгогч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэсэн ерөнхий заалтыг баримтлан ажилтан Х.Үүрийнтуяагийн албан тушаалыг бууруулсан тушаал гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Ажилтан Х.Үүрийнтуяагийн ажил хөдөлмөр эрхлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3, 11.12 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, ТЗҮЭГ-ын Ёс зүйн дүрмийн 3.1.3б дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.4 дахь заалтуудыг тус тус зөрчсөнийг нь тус газрын Чанарын менежментийн хэлтсийн Хяналт шалгалтын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр тогтоосон байхад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар албан тушаалыг бууруулсан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Тодруулбал, ажилтанд Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-т тус тус заасан заалтад байхгүй Албан тушаал бууруулсан нь буруу байх бөгөөд тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас нь хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй юм.

Хариуцагч нь ажилтан Х.Үүрийнтуяагийн гаргасан зөрчлийг шалган, тогтоож 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гаргаад түүнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор тушаал гарах ёстой учраас түүнийгээ нотлохын тулд 2021 оны 3, 4 дүгээр сарын Х.Үүрийнтуяагийн цагийн бүртгэлийг баримтаар өгсөн гэж тайлбарласан боловч уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шарадлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-т Энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар албан тушаалын байдлыг түр өөрчилж болно. Энэ тухай гэрээний 5.3-д тэмдэглэнэ гэж заасан боловч тухайн үндэслэлээр ажилтан Х.Үүрийгтуяагийн албан тушаалыг өөрчлөөгүй тул уг маргаанд хамаарахгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Үүрийнтуяаг 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр ажиллуулан албан тушаал бууруулсан нь дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтын тохирохыг баримтлаагүй тушаал гаргасан нь буруу болжээ.

Иймээс Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай Х.Үүрийнтуяаг үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлчлэгчээр ажиллуулсан тушаалыг хүчингүй болгож, түүнийг үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гарсан Б/85 тоот тушаалын огнооноос тоолоход нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Үүрийнтуяаг тус газарт урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас 70,200/далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ