Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01754

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01754

 

Х.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дугаар шийдвэртэй

Х.Үгийн нэхэмжлэлтэй хариуцагч ТЗт холбогдох

2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 000 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ү нь ТЗт 2006 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 14 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан. Тус газарт цай зөөгчөөс эхлэн Үйлчилгээний хэлтсийн 1, 2, 6 дугаар багуудын ахлагч, гадна талбайн зөөвөр тээврийн багийн ахлагч, 6-р багийн үйлчилгээний хянагч /ахлах үйлчлэгч/ болтлоо дэвшин ажиллаж ирсэн. Х.Үгийн хариуцан ажиллаж байсан Үйлчилгээний хэлтсийн 6-р багийн зарим ажилтнуудын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу тус газрын Чанар, менежментийн хэлтсээс хяналт шалгалтыг хийж Х.Үг 6-р багийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тэнцэхгүй байна гэж дүгнэн албан тушаал бууруулах санал буюу илтгэх хуудсыг удирдлагуудад танилцуулсан байдаг. Энэхүү илтгэх хуудсанд дурдсан саналыг үндэслэн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалаар ахлах үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчээр томилж албан тушаал буруулан шийдвэрлэсэн. Ингэхдээ тухайн ажилтнуудын гаргаж буй өргөдөлд дурдсан 14 алдаа, зөрчлүүдийг тухай бүрт нь нотлоогүй, хууль болон байгууллагын дүрэм, журамд нийцээгүй, үндэслэлгүй тушаал гарган албан тушаал бууруулсанд гомдолтой байна. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтод Х.Үтай 2019 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан багийн ахлагчийн ажил албан тушаалын нэршил нь 2020, 2021 онуудад үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/ болж өөрчлөгдсөн байна. Өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал гэдэгт хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд авсан болон халсан тушаалд заасан, нэхэмжлэгч халагдахаасаа өмнө хийж байсан ажил, албан тушаалыг ойлгохоор байх тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу Багийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэснийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б\85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох болгон тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ү нь тус газарт 2006 онд цай зөөгч, 2013 онд 2 дугаар багийн ахлагч, 2014 онд цай зөөгч, 2017 онд 1 дүгээр багийн ахлагч, 2020 онд 6 дугаар багийн үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ээр тус тус ажиллаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тус газрын Чанарын менежментийн хэлтсийн 6 дугаар багийн 9 ажилтны гаргасан өргөдөл, гомдлын дагуу хийсэн Хяналт шалгалтын дүгнэлт №01-ээр Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2,11.3,11.12, ТЗҮЭГ-ын Ёс зүйн дүрэм-ийн 3.1.3 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаар тушаалаар үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд томилсон. Төр Засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.Үгийн хариуцаж байсан гуравдугаар баг нь 13 үйлчлэгчтэй ба 9 үйлчлэгч нь өргөдөл гаргасан байдаг. Өргөдөл нь ёс зүйн хороонд биш Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захиргаанд гаргасан байдаг. Манай байгууллагын зүгээс хяналт шалгалтыг хийж өргөдөл тус бүрийг шалгаж тогтоогоод 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хяналт шалгалтын дүгнэлтэн дээр зургаадугаар багийн ахлагч Х.Ү нь ажил хөдөлмөр эрхлэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2, 11.3, Хөдөлмөрийн дотоод аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ёс зүйн дүрмийн 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5, 4.3.8 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан учраас Х.Үг ахлах үйлчлэгчийн албан тушаалаас чөлөөлж үйлчлэгчийн ажилд томилсон. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар 2019 онд багаас нь өргөдөл гомдол гараад ёс зүйн зөвлөл нь хуралдаж Х.Үд сахилгын шийтгэл оногдуулж байсан. Дахин зөрчил гаргахгүй байх талаар нэхэмжлэгчид сануулсан боловч 2021 онд дахин ажилтнуудаас өргөдөл гомдол гаргасан. 2019 онд гарсан зөрчил 2021 онд давтагдсан. Өргөдөлд дурдагдсан зөрчлүүд өөрийнх нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон албан тушаалын тодорхойлолтод байсан ажил үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдсон учраас албан тушаалыг нь бууруулж үйлчлэгчийн албан тушаалд томилсон. Мөн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2013 оны тушаалаар батлагдсан цэвэрлэгээний талбайн ноогдол харилцан адилгүй хуваарилж байгаа нь тогтоогдсон. 13 үйлчлэгч байхаас 1 үйлчлэгчид 200-300 м.кв талбай өгсөн байхад 1000 м.кв талбай хуваарилсан зөрчил гарсан. Зөрчил гарсанаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар гэсэн хугацааг бид баримтлаад явсан. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гарахад яг энэ өдөр Х.Ү нь бие өвдөөд байна гээд эмнэлгийн магадалгаа өгсөн байдаг. Эмнэлгийн магадалгаа өгснөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон. ТЗ нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тушаалыг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Үг тус газарт урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хууль болон хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тушаалын үндэслэлд хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, Чанарын менежментийн хэлтсийн 3 дугаар сарын 02-ны өдрийн №01 дүгнэлтийг үндэслэсэн болно. Тус дүгнэлтэд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд нь тушаалын үндэслэл болно. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Уянгын Х.Үгийн өвчтэй байсан тухай тодорхойлолт-ыг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Хариуцагч Х.Үгийн зөрчлийг шалган тогтоож 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Х.Ү нь 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл эмнэлгийн чөлөө, бусад өдрүүдэд чөлөөтэй байсан тул 3 дугаар сарын 30-ны өдөр тушаалын төсөл танилцуулж хоёр ажлын байр санал болгосон байдаг. Нэхэмжлэгч тухайн хоёр ажлын байрны аль нэгэнд саналаа өгөх хоёр хоногийн хугацааг хүссэний дагуу тушаалыг гаргахгүй хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч 4 дүгээр сарын 01-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй гэж мэдэгдэн 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлгийн магадалгаа өгсөн. Хариуцагчийн зүгээс Х.Үг хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй үед ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалыг эмнэлгийн хуудсыг үндэслэн гаргаагүй болно. Ажилтныг өвчтэй байх тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан гэж ажил олгогчийн зүгээс үзэж, эмнэлгийн хуудас /лист/-д үндэслэн Х.Үг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсны дараа 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тушаал гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Ү нь хариуцагч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан гурван зөрчлөөс сонгож оногдуулаагүй байж албан тушаал бууруулсан нь буруу, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор оногдуулах ёстой хуулийн хугацааг хэтрүүлсэн тул үндэслэлгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Эмнэлгийн магадалгаа өгснөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орсон. Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газраас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан байна. /хх.1-2, 19, 108,126/

Хариуцагч байгууллагын даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 тоот тушаалаар Х.Үг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үйлчилгээ хянагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлчлэгчээр ажиллуулсан байна.

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11, 12, Ёс зүйн дүрмийн 3.1.3б дүгээр заалт, ЗГҮЭГ-ын 2021 оны 3 дугаар сарын 02-ны хяналт шалгалтын дүгнэлт №01-ийг тус тус баримталжээ. /хх.46/

Хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийн ажил албан тушаалыг бууруулахдаа нэхэмжлэгч Х.Үг ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан, уг зөрчилд үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон хэлбэрийг ногдуулах нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зөрчих юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулах бөгөөд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар ажил олгогчид олгоогүй болно.

Иймд анхан шатны шүүх ажил олгогчийн нэхэмжлэгчид ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн шүүх ажил олгогч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар нь нэхэмжлэгч Х.Үг Чанарын менежментийн хэлтсийн Хяналт шалгалтын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр зөрчил гаргасныг тогтоосон байхад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаар тушаалаар албан тушаалыг бууруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзсэн нь зөв болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй үед ажлаас чөлөөлж ажилд томилсон тушаалыг эмнэлгийн хуудсыг үндэслэн гаргаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр ТЗ-н даргын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Үг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО