Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01856

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2021/01856

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамж Хийморь Б байрны 7 тоотод оршин суух, Боржигин овогт Сэр-Одын Дуламсүрэн /РД:ЧК84011661/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж 23Б байрны 79 тоотод оршин суух, Намхайхан овогт Эрдэнэбилэгийн Ануунгоо /РД:ХБ86091269/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 13,805,373 төгрөг гаргуулах тухай үндсэн, хохирол 16,052,774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дуламсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Иргэн С.Дуламсүрэн нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу гудамж, 13-р байрны 3 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Y-2202003962 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ-гээр иргэн Э.Анунгоотой харилцан тохирч, нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр болсон. Талууд гэрээний 3.3-д Нэг сарын түрээсийн төлбөр болох 3,3 сая төгрөгийг барьцааны төлбөр болгон өгсөн бөгөөд хариуцагч нь 15 хоног засвар хийх тул байрны түрээсийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж хийхээр тохиролцсон. Ингээд гэрээ хийснээс хойш 1 сарын дараа түрээсийн төлбөрийн шаардлагаа өгөхөд засварын ажил дуусаагүй, бичиг баримт бүрдүүлэхэд гарч байгаа тул дахиад хугацаа өгөөч гэсэн тул үнэхээр юм хийх гэж байгаа үе тэнгийн залуус байна гэж бодоод хүлээцтэй хандсан. Гэвч иргэн Э.Анунгоо нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөрөө төлөхгүй, миний зүгээс түрээсийн гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрөө төлөхгүй намайг хохироосоор ирсэн.

Хариуцагчийн хуульч н.Энхтуяа гэх хүнтэй утсаар байнга холбогдож байсан боловч эд зүйлээ хийх агуулахаа цэвэрлэе, хүнд зарах гэж байгаа тул түр хүлээгээрэй, эд зүйлээ авах машин тэрэг хөдөө явсан гэх зэргээр ярьсаар, төлбөрөө ч төлөхгүй, гэрээгээ цуцлах эсэх нь тодорхойгүй, түрээсийн байрыг ч чөлөөлж өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.7-д түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5%-ийн алданги төлөхөөр заасны дагуу Э.Анунгоогоос түрээсийн төлбөрөө, алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй билээ.

Иймд С.Дуламсүрэн болон Э.Анунгоо нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1-д заасны дагуу цуцлаж, гэрээг цуцлах хүртэл хугацааны түрэээсийн төлбөрт 15,950,000 төгрөг, алдангид 79,750 төгрөг, түрээсийн хугацааны ашиглалтын төлбөр 1.065.273 төгрөг, цахилгааны төлбөр 10,350 төгрөг, нийт 17,105,373 төгрөгнөөс барьцааны төлбөр болох 3,300,00 төгрөгийг хасаад 13,805,373 төгрөгийг Иргэний хуулийн 219.1, 232.4-д заасны дагуу Э.Анунгоогоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Хэргийг шийдэх явцад байраа чөлөөлүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уг шаардлагаасаа татгалзаад, нүүлгэлтийн зардал 200,000 төгрөг, Чингэлгийг 1 сарын 250,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож гэрээ байгуулж 2020.10.31-ний өдрөөс 2021.09.30-ны байдлаар 2,750,000 төгрөгийг шилжүүлсэн, бусад материалын зардалд 332,418 төгрөг, нийлээд 3,082,418 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учир хариуцагч Э.Анунгоогоос 16,887,791 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал миний байрнаас юмаа авахгүй байснаас би өрөнд орсон, өрх толгойлсон ээж, амьдрахад мөнгө хэрэгтэй, дээрээс нь ажилгүй, хариуцагчийг хараад дарамтанд байх хэцүү байсан. Энэ хүмүүсийн дарамт дээрээс нь өрийн дарамтанд орсон. Тиймээс байраа зарахдаа тулаад энэ хүмүүсийг юмаа аваач гэж 2 жил гуйсан боловч аваагүйн улмаас би эд нарын эд зүйлийг гэрч байлцуулан жагсаалт үйлдэж, түрээслэсэн контейнэрт юмыг нь хураагаад байраа зарсан. Би эд хөрөнгөө зараад энэ хүмүүсээс салсан. Маш их гомдолтой байна. Намайг хэл амаар зөндөө доромжилсон мэссэж нь байгаа. Мэссэж бичихээс гадна утсаар ярьж дарамталсан. Сэтгэл санааны хохирол маш их байна. Эд хөрөнгөөр хохирсон нялх хүүхэдтэй, одоо хүртэл ажилгүй гэртээ байдаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Анунгоо нь С.Дуламсүрэнгийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 4-р хороо 13-3 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Y-2202003962 дугаартай, үйлчилгээний зориулалттай ажлын байрыг нэг сарын 3,300,000(гурван сая гурван зуун мянга) төгрөгөөр урт хугацаанд түрээслэхээр тохиролцож, 2019.10.15-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 340 дугаартай нотариат дээр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан байлаг. Харин уг гэрээг баталсан нотариат нь иргэн С.Дуламсүрэнгийн найз нь гэж байсан ба түүнд зөвлөгөө өгснөөр дахин өөр нотариат дээр надтай хийх түрээсийн төлбөрөө 1 сарын 300,000 (гурван зуун мянга) төгрөг болгон 2 дахь гэрээг хийсэн. Тухайн үед уг асуудлын нарийн учрыг нь ойлгоогүйгээр 2 дахь гэрээг хийсэн ч татвараас зайлсхийх зорилготой байсныг сүүлд нь ойлгосон. Ингээд бид гэрээ хийсний дараа түрээсийн байрандаа шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд түрээслүүлэгчтэй харилцан тохирч бүрэн засвар болон бусад шаардлагатай ажлуудыг хийж дуусах хугацааг 2019.11.18-ны өдөр хүртэл тохирч, түрээсийн төлбөрөө түүнээс хойш бодохоор болсон ба гэрээ хийсэн өдрөөс дотор засал, тохижолт тоног төхөөрөмжийн татан авалт, материалын бүрдүүлэлт зэрэг бүх ажлаа төлбөр бодогдож эхлэхээс өмнө бүрэн шийдсэн. Энэ хугацаанд гадаа цаг агаар дулаан байсан нь уг түрээсийн байрны халаалт, дулаан зэрэг нь ямар байгааг мэдэх боломжгүй байсан ба үүдэн хэсгийн нэг паар халахгүй, халаахын тулд нэмэлт мотор тавьсан ч ажиллахгүй байгааг асуухад өмнө нь Renova, Тулга зэрэг хоолны газрууд дулаахан хэвийн ажиллаж байсан, дулааны асуудалгүй, ажиллахгүй байгааг пааранд тавьсан моторыг солиод болно гэсний дагуу бусад засвараа бүрэн хийж дууссан. Үүнтэй зэрэгцээд гадаа эрс хүйтэрсэнээр уг түрээсийн байранд ямар ч үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй хүйтэн болсон.

Учир нь өргөтгөлийн хэсгийн паар ямарч ажиллагаагүй, үүдний хэсгийн том цонхууд битүүмжгүй, хаалга нь засвар зай ихтэй тул дулаан алдагдаж, гаднаас хүйтэн орж байгааг мэдсэн. Иймд бид уг асуудлыг өөрсдөө шийдэхээр цонхны битүүмжийг сайжруулж, нэмэлт паар тавиулж, өмнө тавьсан байсан эвдэрхий эргэлтийн моторыг нь шинэ сайн чанарынхаар солиулсан ч дулаан ирээгүй. Ийм нөхцөл байдалд дахин мэргэжилтэнд хандахад ирж шалгаад тухайн байрны насжилт, элэгдлээс шалтгаалж уг объектыг төвийн дулаанаар бүрэн хангах боломжгүй гэдгийг мэдэгдсэн, мөн дулааны шугам орж ирж буй тал болох баруун талд байх Ханбүргэдэй дэлгүүрт орж үзэхэд шугамыг шалгах боломжгүй, засвар хийж, тавилга болгосон хананы цаана орсон байсан. Мөн уг байрны шалан доогуур газар ухаж байж дулааны шугамыг нь шалгах боломжтой гэсэн. Мөн дүүжин таазны цаана байх үндсэн тааз нь ямарч дулаалгагүй, банзаараа байснаас дулаан маш их алдаж байсан. Ингээд бидний өөрсдийн шийдэх боломжгүй, бидний мэдлээс хэтэрсэн асуудал үүссэн тул энэ тухайгаа буюу хүйтний асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгаагаа түрээслүүлэгчид мэдэгдэхэд наадах чинь бидний асуудал биш, та нар өөрсдөө засаад авбал ав, бидэнд хамаагүй, чадахгүй бол гар гэсэн хариуг шууд өгсөн нь биднийг гайхшруулж мөн хүнд байдалд оруулсан.

Иймд бид учир зүйгээ олохоор олон удаа ярилцахад С.Дуламсүрэн нь шийдвэртэй хариу өгөхгүй, нөхөртэйгөө зөвлөлдөнө, нөхөр байхгүй байна, эсвэл хариу өгөхгүй, утсаа авахгүй байх зэргээр бидний ажлыг гацаасаар байсан. Тэр болгонд бид ажлаа алдаж, санхүүгийн хувьд ч хохирсон.

Миний хувьд тухайн объектод урт хугацаанд үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байсан тул банкнаас бизнесийн зээл авч хөрөнгийн асуудлаа шийдсэнээр шаардлагатай бүх засварыг хийж дуусган тухайн байршил болон объектын хэмжээ, загвар, онцлогт тохируулан гал тогооны хэмжээ, загварт нийцсэн хиншүү сорогчийг мэргэжлийн байгууллагаар баталгаат хугацаа бүхий гэрээ байгуулан хийлгэсэн, объектын ойр орчим дахь судалгааг хийсний үндсэн дээр үйлчлүүлэгчдэд зориулсан менюг тусгайлан гаргаж, 2 тогоочтой гэрээ байгуулан туршилтын хоолыг хийлгэж, цалинг бодож эхэлсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байсан.

Тиймээс түрээслүүлэгчтэй зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэхээр цонх, үүдний хэсгийн битүүмжлэл, дулаан алдагдлыг багасгаж, доторх дулааны асуудлыг шийдүүлж, хуульд заасны дагуу ашиглалтын шаардлага хангуулах, эд хөрөнгийн доголдлыг нь арилгуулаад түрээсийн байрыг ашиглаж болох хэвийн байдалд оруулж өгсний дараагаас үйл ажиллагаа эхлүүлсэн өдрөөс төлбөрөө төлөх хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй байраа суллаад гар гэсэн шаардлагыг дахин тавьж, объектоо нэн даруй суллаж өг гэсэн ба дээр нь 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх тухай мэдэгдлийг 2019.11.21-ний өдрийн 22:15 цагт дамжуулж өгсөн.

Миний зүгээс түрээслүүлэгчтэй зохих зөвшилцөлд хүрч энэхүү объектыг түрээслэн ажиллах сонирхолтой байсан хэдий ч хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж, бүдүүлгээр хөөж, С.Дуламсүрэнгийн нөхөр нь утсаар юмаа аваад зайл пизда минь гэх зэргээр доромжилж хөөсөн.

Улмаар өөрсдийн танил, хамаатны эгч нь гэх өмгөөлөгчөөрөө дамжуулж харилцаж эхэлсэн ба биднийг гаргахыг шаардсан хэвээр байсан. Ингээд Дуламсүрэн фирмийн өмгөөлөгч авсан, өөрийг нь төлөөлж бидэнтэй харилцана гэсэн ба 91117700 дугаар бүхий Дарьсүрэн гэх /одоо Шүүгч болсон гэх/ уг өмгөөлөгч нь надтай анх утсаар ярьж байхад наад пиздануудаа зайлуул гэж цаана нь эрэгтэй хүн хашгирч байсан. Дуламсүрэнтэй биечлэн уулзаж ярилцахад ч ойлголцоход хүндрэлтэй, бүдүүлэг хандлага гаргасаар байсан тул уулзаж ярилцаад ойлголцолд хүрэхгүй юм байна гээд бичгээр харилцахаар шийдэж, Дуламсүрэнтэй имэйлээр харьцах санал тавьж, хэд хэдэн имэйл бичсэн ч бидэнд огт хариу өгөөгүй ба өөрсдийн байр суурь болон бүдүүлэг хандлагаа өөрчлөөгүй. Харин өмгөөлөгч Дарьсүрэн нь биднийг хэл амаараа учраа олцгооё, Шүүхээр яваад яах юм, ямар нэгэн үр дүнд хүрэхгүй, уг объектод та нарын хйисэн засварын зардал болон аваад явах боломжгүй эндээ үлдэж байгаа зүйлсийг нь аваад мөнгийг чинь бодоод өгье гэсний дагуу бид бүх тооцоогоо жагсаалтаар өгсөн боловч Дуламсүрэн нь дахиад л хэлснээсээ буцсан. Энэ эргэж буцсан байдал нь бидэнд ч тодорхой шийдвэр гаргахад төвөгтэй байсан төдийгүй өмгөөлөгч эгч нь болох Дарьсүрэнд ч хүндрэлтэй, хэцүү байсан гэдгийг хамт уулзах үедээ ойлгосон. Тиймээс Дуламсүрэн нь дахин Л.Түвшинцэнгэл гэх өөр өмгөөлөгчтэй болсноор байдлыг бүр ч буруу талаас нь харж, /эсвэл өмгөөлөгчдөө худал хэлсэн/, өмгөөлөгч нь биднийг бүх эд хөрөнгөө салгаж аваад гар гэж хөөсөн.

Энэ хугацаанд тэд цаг хожиж, дараагийн түрээслэгч нартаа зориулан үүдний хэсэгтээ давхар хаалга хийсэн. Энэ үед бид цаашид хамтран ажиллах сонирхолтой хэвээр байсан хэдий ч биднийг гар гэж хөөсөн хэвээр байсан. Дараа нь үүдний хэсэгтээ хагас дутуу дулаалгын хөөс шүршүүлсэн ба энэ явцдаа бидний засвар хэсгийг бохирдуулж, дараа нь хэвийн болгоно гэсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй орхисон, үүдний гэрлийн бүрхүүлийн хэсгээс хагалсан. Тухайн үед нь бид энэхүү ажилтай нь холбогдуулаад бидний хийсэн засварыг гэмтээх зэргээр гадны нөлөө үзүүлбэл эргүүлж хэвийн байдалд оруулж өгөх тухай мэдэгдэл Дуламсүрэнд бичгээр өгч гарын үсэг зуруулсан хэдий ч эвдэж гэмтээсэн зүйлсээ маргааш нь засаад өгье гэж худал хэлээд тэр чигт нь хаясан.

Ингээд сүүлд нь бидэнд огт хэлж, мэдэгдэлгүй хаалганы цоожийг сольж, бидний эд хөрөнгийг барьцаалан, дотор байсан бүх шинэ тавилгыг бөөгнүүлэн хурааж, тоос шороонд даруулж орхисон. Мөн цахилгаанаа салгасан байсныг Дуламсүрэнгээс өмгөөлөгчийнх нь дэргэд асуухад Орон сууцны контороос тасалсан гэсэн тул шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Харин бидний хөргөгч, хөлдөөгч дотор зарим бүтээгдэхүүн байсан нь муудсан байсныг авч хаясан. Бид дотор гадна талдаа бүрэн өндөр хүчин чадалтай хяналтын камерыг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, зохих шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар суурилуулж ажиллуулж байсан боловч Дуламсүрэн нь цахилгаанаа тасалж, бидний тухайн объектод зориулж захиалгаар хийлгэсэн шинээрээ байгаа эд хөрөнгөд хайр гамгүй хандаж, бөөгнүүлэн хурааж, давхарлан тавьж тоос шороонд даруулан орхисон байна. Энэ мэт увайгүй үйлдэл нь намайг хөрөнгө мөнгө, цаг хугацаа сэтгэл санааны хувьд маш их хохироосон тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Дуламсүрэн, Э.Анунгоо нар ажлын байрны түээсийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна. Барьцаа болгож түрээслэгч түрээслүүлэгчид 3,300,000 төгрөг өгсөн. Ү-2202003962 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай Чингэлтэй дүүргийн 4-р хороо Бага тойруу гудамж 13-р байрны 3 тоот үйлчилгээний зориулалтай байрыг түрээслэсэн. Энэ байрны түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.

Эхний 1 сар нь засвар хийх хугацаа байсан. Энэ хугацаандаа барилгын засварын ажил, цахилгааны монтаж, сантехникийн ажил, агааржуулалтын хоолой, хяналтын камер суурилуулалт, газын хоолой суурилуулалт, гадна хаяг, дотор засал тохижилт, текний хэсгийн бүрэн тохижилт, гал тогооны тохижилтыг хийж, Тохижилт, цэвэрлэгээний гэрээ зэргийг зохих төрийн байгууллагуудтай байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэсэн. Эдгээрт нийт 16 052 774 төгрөгний зардал /сандал, ширээ хүнсний бүтээгдэхүүн, ажилчдын цалин ороогүй/ гаргаад байсан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд гадаа хүйтэрч эхлэхэд обьект дотор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар түрээслэгч талд мэдэгдсэн. Турээслэгч нь та нар өөрсдөө засч ав чадахгүй бол гар гэсэн. Бид урт хугацаанд үйл ажиллагаагаа эрхлэхээр зорьж, маш их хөрөнгө мөнгө зарцуулсан байсан учир болж өгвөл засаад орчих санаатай байсан. Пааранд нь суурилуулсан насос нь шатсан байсныг шинээр сольж тавьж үзсэн. Нэмэлт паар тавьсан. Хэрэглэгчдэд үйлчлэх төв 7 руу өөрийнхөө утсаар дуудлага өгч хандсан. Мэргэжлийн хяналтанд гомдол гаргаж үзүүлсэн.

Ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Засвар авахгүй байр бидэнд түрээслэсэн байсан. Үйл ажиллагаа явуулаагүй тул нэг ч төгрөгний ашиг олоогүй. Баахан засвар засан сайжруулалт хийсэн. Өмчлөгч нь өөрсдийн хөрөнгийг засварлуулаад бас дээрээс нь түрээсийн мөнгөө авна гэдэг бол аливаа гэрээний харилцан тэгш эрхтэй, ашигтай байх зарчим алдагдаж байна.

2019 оны 1 дүгээр сарын сүүлээр хүйтэн байгааг хүлээн зөвшөөрч хаалгаа давхар болгосон, тэгсэн ч дулаан болоогүй. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу мэргэжлийн байцаагч ирж шалгаад өргөтгөлийн инженерийн шугам сүлжээг стандартын дагуу угсраагүйгээс дулаан хангамж доголдох нөхцөл үүссэн тухай албан тоотоор хариу өгсөн.

Иймээс С.Дуламсүрэн нь бид нарт доголдолтой эд хөрөнгө түрээслэсэн. Эд хөрөнгийг ашиглах боломжгүй байсан тул нэхэмжилсэн хугацааны хөлсийг төлөхөөс татгалзаж байна.

Түрээслүүлэгч С.Дуламсүрэн нь татвараас санаатай зайлсхийж 2 өөр гэрээ хийсэн, МУ-ын Иргэний хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, намайг залилан мэхлэх замаар өөрийн байранд засвар хийлгэчихээд гарахыг шаардаж бидэнд их хэмжээний хохирол учруулж байх тул учирсан хохирол болох бүх засвар, үйлчилгээ, загвар хэмжээний хувьд өөр газарт тохирохгүй захиалгаар хийлгэсэн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, зарим тавилга, хийхээр төлөвлөсөн хоолны материал, ажилчдад олгосон цалин зэрэгт гаргасан бүх зардлыг бүрэн барагдуулж өгнө үү.

Мөн түрээслэгчийн зүгээс долголдолтой гэдгийг гэрээ байгуулах үед мэдээгүй. Харин хүйтэрсэн үед мэдсэн. Дотор 2.5 градуст хүний эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байсан. Түрээслэгч С.Дуламсүрэн байшин халдаггүй гэдгийг түрээсийн гэрээ байгуулах үед мэдэж байсан. Бид халаалтын талаар түрээслэгчээс асууж байсан. Гэтэл халаалт сайн гэж хариулж байсан. Манайх жил орчим юу ч хийгээгүй, халаалт бол зүгээр гэж байсан. Бид нар хүйтэн байгаа талаар түрээслүүлэгчид тэр даруй мэдэгдэхэд өөрөө ирж үзсэн. Өөрсдөө янзал, эсвэл гар зайл гэдэг. Иймээс стандартын дагуу угсраагуй байр түрээслэснээс бидэнд нийт 16,052,774 төгрөгний шууд хохирол учирсан тул С.Дуламсүрэнгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Дээрх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 13-р байрны 3 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019-10-02-ны өдөр худалдан авсан байсан тул халаалт нь ямар болохыг мэдэхгүй байсан. 2019-11-13-ны өдөр Улаанбаатарт гэнэт хүйтрээд хүүхэд маань маш хүнд ханиад тусаад Эх нялхасын төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байх үеэр архи зарах тусгай зөвшөөрөл нь бүтэхгүй бол түрээсээ төлөх боломжгүй боллоо, хоолоор угаасаа ашиг олохгүй юм байна гэж байнга утсаар ярьж намайг ядрааж байсан.

Тухайн үед өөрөө болгоно, бүтээнэ гэж орчихоод элдэв шалтаг тоочиж байсныг анзаарч байсан ч хүүхэд өвдсөн байхад залгаад байхаар заримдаа утсаа авах боломжгүй байсан. Харин ч сэрүүвтэр байна гэхээр нь юм хийх гээд байгаа адилхан улсыг дэмжье гэж бодоод таазны дулаалга хөөс шахуулаад, дотор хаалга цонх хийлгээд пөнхийсэн. Гэвч Эрдэнэжаргал зориуд бариулыг нь хугалаад дотор хаалга хаагдахгүй болохоор сэрүүхэн байх нь аргагүй байсан.

Түрээсийн үнээ бууруулья гэдэг санал 2019-12-12-ны өдөр тавьсаных нь дагуу хоёр тал өмгөөлөгч аваад харилцан зөвшилцөөд түрээсийн үнийг 2,750,000 төгрөг болгож бууруулахаар тохиролцтол маргааш нь Э.Анунгоо өөрөө болилоо гэсэн.

2020-01-15-ны өдрөөс эхлэн гэрээгээ цуцлая, түрээсийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдэл удаа дараа өгсөн боловч өөрсдийнхөө эд хогшлыг худалдаж ав гэсэн хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьж эхэлсэн. Ингээд хуулийн зөвлөх эгчтэй нь ойлголцохыг хичээсэн боловч бүтэлгүйтсэн.

Манай үл хөдлөх объект нь рестораны үйл ажиллагаа явуулахуйц хэмжээний энгийн засвартай цэвэрхэн байр байсан, гэтэл Э.Анунгоо нь мэргэжлийн биш хүмүүсээр дотоод заслыг хийж гүйцэтгүүлснээс болж дахин засал чимэглэл хийхэд хүрээд байгаад гомдолтой байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Дуламсүрэн нь хариуцагч Э.Ануунгоод холбогдуулан, түрээсийн гэрээг цуцлуулж, гэрээний үүрэгт 16,887,791 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хохирол 16,052,774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч анх түрээсийн гэрээг цуцлуулж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 15,950,000 төгрөг, алдангид 79,750 төгрөг, түрээсийн хугацааны ашиглалтын төлбөр 1,065,273 төгрөг, цахилгааны төлбөр 10,350 төгрөг нийт 17,105,373 төгрөгөөс барьцааны төлбөр 3,300,000 төгрөгийг хасаад 13,805,373 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уг шаардлагаа өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үндэслэлээр чөлөөлүүлэхээр нэмэгдүүлсэн боловч тухайн нэмэгдүүлсэн шаардлагаасаа 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр татгалзсан ба гэрээний дагуух түрээсийн байранд байрлуулсан эд зүйлээ аваагүйн улмаас түүнийг нь нүүлгэлтийн компаниар 200,000 төгрөгийн зардал гаргаж, 2020.10.31-нд П.Мөнхтулгатай чингэлэг түрээслэх гэрээ байгуулж, сарын 250,000 төгрөгөөр 2021.09.30-ныг хүртэл хариуцагчийн эд зүйлийг чингэлгэнд хурааж, хадгалахад төлсөн төлбөр 2,750,000 төгрөг, бусад материал болон урсгал зардалд 332,418 төгрөг, нийлээд 3,082,418 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Зохигч талууд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.Дуламсүрэн, хариуцагч Э.Анунгоо нар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, С.Дуламсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003962 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 13 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 60,3 м2 ажлын байрыг үйлчилгээний зориулалтаар, 2019.10.15-ны өдрөөс 2020.10.15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, нэг сарын төлбөр 3,300,000 төгрөг байхаар тохиролцжээ./хх-ийн 4-8 дахь талд/

Нэхэмжлэгч нь ...ажлын байрны түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, бүртгүүлэхгүй байх нь миний эрх, манай охин өвдсөн байсан болохоор бүртгүүлж амжаагүй байсан... гэж, хариуцагчийн төлөөлөгч ...нэг өдөр 2 өөр үнийн дүнтэй түрээсийн гэрээ байгуулсан боловч уг гэрээнүүдийн алыг нь ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүйн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

Зохигч талууд нь Ажлын байрны түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан гэх боловч мөн хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан тул түрээсийн гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хуульд ийнхүү гэрээг ямар хэлбэр, журмаар байгуулахыг заасан тул уг журмыг баримтлаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх үр дагавартай бөгөөд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашигласан байдал нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.

Ийнхүү зохигч талуудын хооронд байгуулсан Ажлын байрны түрээсийн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл-д хамаарч байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. С.Дуламсүрэн нь түрээсийн зүйлийг буцаан авсан ба гэрээний нөгөө тал болох Э.Анунгоо нь шилжүүлсэн мөнгийг буцааж авах эрхтэй.

Хариуцагч Э.Анунгоог бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заасан зохицуулалтын дагуу төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн болно.

Иймээс нэхэмжлэгч гэрээний зүйл болсон орон сууцыг суллан авч, бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон тул, Э.Анунгоогийн гэрээний дагуу барьцаанд төлсөн 3,300,000 төгрөгийг С.Дуламсүрэнгээс гаргуулан Э.Анунгоод олгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээр харилцан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтад зааснаар С.Дуламсүрэн, Э.Анунгоо нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул С.Дуламсүрэнгээс 3,300,000 төгрөгийг гаргуулан Э.Анунгоод олгож, нэхэмжлэгчийн нийт 16,887,791 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн хохирол 16,052,774 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар С.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /226,977+70,200+65,287/ нийт 362,464 төгрөгийг, Э.Анунгоогийн төлсөн 238,214 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ