Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/00090

 

 

 

 

 

 

 

 

 

С.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01856 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-гийн хариуцагч Э.А-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 16,887,791 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд нийт 16,052,774 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д-, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 16,887,791 төгрөг гаргуулах

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн С.Д- нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээгээр иргэн Э.А-той харилцан тохирч, нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр болсон. Нэг сарын түрээсийн төлбөр болох 3,300,000 төгрөгийг барьцааны төлбөр болгон өгсөн бөгөөд хариуцагч нь 15 хоног засвар хийх тул байрны түрээсийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж хийхээр тохиролцсон. Ингээд гэрээ хийснээс хойш 1 сарын дараа түрээсийн төлбөрийн шаардлагаа өгөхөд засварын ажил дуусаагүй, бичиг баримт бүрдүүлэхэд гарч байгаа тул дахиад хугацаа өгөөч гэсэн тул хүлээцтэй хандсан. Гэвч иргэн Э.А- нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөрөө төлөхгүй, миний зүгээс түрээсийн гэрээгээ цуцлах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрөө төлөхгүй намайг хохироосоор ирсэн. Түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр заасны дагуу Э.А-гоос түрээсийн төлбөрөө, алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд С.Д- болон Э.А- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны түрэээсийн төлбөрт 15,950,000 төгрөг, алдангид 79,750 төгрөг, түрээсийн хугацааны ашиглалтын төлбөр 1,065,273 төгрөг, цахилгааны төлбөр 10,350 төгрөг, нийт 17,105,373 төгрөгнөөс барьцааны төлбөр болох 3,300,000 төгрөгийг хасаад 13,805,373 төгрөгийг Иргэний хуулийн 219.1, 232.4-д заасны дагуу Э.А-гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан. Хэргийг шийдэх явцад байраа чөлөөлүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уг шаардлагаасаа татгалзаад, нүүлгэлтийн зардал 200,000 төгрөг, чингэлгийг 1 сарын 250,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож гэрээ байгуулж 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 2,750,000 төгрөгийг шилжүүлсэн, бусад материалын зардалд 332,418 төгрөг, нийлээд 3,082,418 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учир хариуцагч Э.А-гоос 16,887,791 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрээ байгуулсны дараа түрээсийн байрандаа шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэхийн тулд түрээслүүлэгчтэй харилцан тохирч бүрэн засвар болон бусад шаардлагатай ажлуудыг хийж дуусах хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тохирч, түрээсийн төлбөрөө түүнээс хойш бодохоор болсон ба гэрээ хийсэн өдрөөс дотор засал, тохижолт тоног төхөөрөмжийн татан авалт, материалын бүрдүүлэлт зэрэг бүх ажлаа төлбөр бодогдож эхлэхээс өмнө бүрэн шийдсэн. Энэ хугацаанд гадаа цаг агаар дулаан байсан нь уг түрээсийн байрны халаалт, дулаан зэрэг нь ямар байгааг мэдэх боломжгүй байсан ба үүдэн хэсгийн нэг паар халахгүй, халаахын тулд нэмэлт мотор тавьсан ч ажиллахгүй байсан. Иймд бид уг асуудлыг өөрсдөө шийдэхээр цонхны битүүмжийг сайжруулж, нэмэлт паар тавиулж, өмнө тавьсан байсан эвдэрхий эргэлтийн моторыг нь шинэ сайн чанарынхаар солиулсан ч дулаан ирээгүй. Ийм нөхцөл байдалд дахин мэргэжилтэнд хандахад ирж шалгаад тухайн байрны насжилт, элэгдлээс шалтгаалж уг обьектыг төвийн дулаанаар бүрэн хангах боломжгүй гэдгийг мэдэгдсэн, мөн дулааны шугам орж ирж буй тал болох баруун талд байх Ханбүргэдэй дэлгүүрт орж үзэхэд шугамыг шалгах боломжгүй, засвар хийж, тавилга болгосон хананы цаана орсон байсан. Мөн уг байрны шалан доогуур газар ухаж байж дулааны шугамыг нь шалгах боломжтой гэсэн. Мөн дүүжин таазны цаана байх үндсэн тааз нь ямар ч дулаалгагүй, банзаараа байснаас дулаан маш их алдаж байсан. Ингээд бидний өөрсдийн шийдэх боломжгүй, бидний мэдлээс хэтэрсэн асуудал үүссэн тул энэ тухайгаа буюу хүйтний асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгаагаа түрээслүүлэгчид мэдэгдэхэд наадах чинь бидний асуудал биш, та нар өөрсдөө засаад авбал ав, бидэнд хамаагүй, чадахгүй бол гар гэсэн хариуг шууд өгсөн нь биднийг гайхшруулж мөн хүнд байдалд оруулсан. Иймд бид учир зүйгээ олохоор олон удаа ярилцахад С.Д- нь шийдвэртэй хариу өгөхгүй, нөхөртэйгөө зөвлөлдөнө, нөхөр байхгүй байна, эсвэл хариу өгөхгүй, утсаа авахгүй байх зэргээр бидний ажлыг гацаасаар байсан. Тэр болгонд бид ажлаа алдаж, санхүүгийн хувьд ч хохирсон. Миний хувьд тухайн обьектод урт хугацаанд үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байсан тул банкнаас бизнесийн зээл авч хөрөнгийн асуудлаа шийдсэнээр шаардлагатай бүх засварыг хийж дуусган тухайн байршил болон объектын хэмжээ, загвар, онцлогт тохируулан гал тогооны хэмжээ, загварт нийцсэн хиншүү сорогчийг мэргэжлийн байгууллагаар баталгаат хугацаа бүхий гэрээ байгуулан хийлгэсэн, обьектын ойр орчим дахь судалгааг хийсний үндсэн дээр үйлчлүүлэгчдэд зориулсан менюг тусгайлан гаргаж, 2 тогоочтой гэрээ байгуулан туршилтын хоолыг хийлгэж, цалинг бодож эхэлснээр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байсан. Тиймээс түрээслүүлэгчтэй зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэхээр цонх, үүдний хэсгийн битүүмжлэл, дулаан алдагдлыг багасгаж, доторх дулааны асуудлыг шийдүүлж, хуульд заасны дагуу ашиглалтын шаардлага хангуулах, эд хөрөнгийн доголдлыг нь арилгуулаад түрээсийн байрыг ашиглаж болох хэвийн байдалд оруулж өгсний дараагаас үйл ажиллагаа эхлүүлсэн өдрөөс төлбөрөө төлөх хүсэлт тавьсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй байраа суллаад гар гэсэн шаардлагыг дахин тавьж, объектоо нэн даруй суллаж өг гэсэн ба дээр нь 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх тухай мэдэгдлийг өгсөн. Миний зүгээс түрээслүүлэгчтэй зохих зөвшилцөлд хүрч энэхүү обьектыг түрээслэн ажиллах сонирхолтой байсан хэдий ч хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзсан. Ингээд сүүлд нь бидэнд огт хэлж, мэдэгдэлгүй хаалганы цоожийг сольж, бидний эд хөрөнгийг барьцаалан, дотор байсан бүх шинэ тавилгыг бөөгнүүлэн хурааж, тоос шороонд даруулж орхисон. Мөн цахилгаанаа салгасан байсныг Дуламсүрэнгээс өмгөөлөгчийнх нь дэргэд асуухад Орон сууцны контороос тасалсан гэсэн тул шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Харин бидний хөргөгч, хөлдөөгч дотор зарим бүтээгдэхүүн байсан нь муудсан байсныг авч хаясан. Бид дотор гадна талдаа бүрэн өндөр хүчин чадалтай хяналтын камерыг цагдаагийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр, зохих шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар суурилуулж ажиллуулж байсан боловч Дуламсүрэн нь цахилгаанаа тасалж, бидний тухайн обьектод зориулж захиалгаар хийлгэсэн шинээрээ байгаа эд хөрөнгөд хайр гамгүй хандаж, бөөгнүүлэн хурааж, давхарлан тавьж тоос шороонд даруулан орхисон байна. Энэ мэт увайгүй үйлдэл нь намайг хөрөнгө мөнгө, цаг хугацаа сэтгэл санааны хувьд маш их хохироосон тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ:

3.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 16,052,774 төгрөг гаргуулах.

3.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Д-, Э.А- нар ажлын байрны түээсийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна. Барьцаа болгож түрээслэгч түрээслүүлэгчид 3,300,000 төгрөг өгсөн. Байрны түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Эхний 1 сар нь засвар хийх хугацаа байсан. Энэ хугацаандаа барилгын засварын ажил, цахилгааны монтаж, сантехникийн ажил, агааржуулалтын хоолой, хяналтын камер суурилуулалт, газын хоолой суурилуулалт, гадна хаяг, дотор засал тохижилт, текний хэсгийн бүрэн тохижилт, гал тогооны тохижилтыг хийж, Тохижилт, цэвэрлэгээний гэрээ зэргийг зохих төрийн байгууллагуудтай байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэсэн. Эдгээрт нийт 16,052,774 төгрөгний зардал /сандал, ширээ хүнсний бүтээгдэхүүн, ажилчдын цалин ороогүй/ гаргаад байсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд гадаа хүйтэрч эхлэхэд обьект дотор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ талаар түрээслэгч талд мэдэгдсэн. Түрээслэгч нь та нар өөрсдөө засч ав чадахгүй бол гар гэсэн. Бид урт хугацаанд үйл ажиллагаагаа эрхлэхээр зорьж, маш их хөрөнгө мөнгө зарцуулсан байсан учир болж өгвөл засаад орчих санаатай байсан. Пааранд нь суурилуулсан насос нь шатсан байсныг шинээр сольж тавьж үзсэн. Нэмэлт паар тавьсан. Хэрэглэгчдэд үйлчлэх төврүү өөрийнхөө утсаар дуудлага өгч хандсан. Мэргэжлийн хяналтанд гомдол гаргаж үзүүлсэн. Ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Засвар авахгүй байр бидэнд түрээслэсэн байсан. Үйл ажиллагаа явуулаагүй тул нэг ч төгрөгний ашиг олоогүй. Баахан засвар засан сайжруулалт хийсэн. Өмчлөгч нь өөрсдийн хөрөнгийг засварлуулаад бас дээрээс нь түрээсийн мөнгөө авна гэдэг бол аливаа гэрээний харилцан тэгш эрхтэй, ашигтай байх зарчим алдагдаж байна. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр хүйтэн байгааг хүлээн зөвшөөрч хаалгаа давхар болгосон, тэгсэн ч дулаан болоогүй. Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу мэргэжлийн байцаагч ирж шалгаад өргөтгөлийн инженерийн шугам сүлжээг стандартын дагуу угсраагүйгээс дулаан хангамж доголдох нөхцөл үүссэн тухай албан тоотоор хариу өгсөн. Иймээс С.Д- нь бид нарт доголдолтой эд хөрөнгө түрээслэсэн. Эд хөрөнгийг ашиглах боломжгүй байсан тул нэхэмжилсэн хугацааны хөлсийг төлөхөөс татгалзаж байна. Мөн түрээслэгчийн зүгээс доголдолтой гэдгийг гэрээ байгуулах үед мэдээгүй. Харин хүйтэрсэн үед мэдсэн. Дотор 2.5 градуст хүний эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байсан. Түрээслэгч С.Д- байшин халдаггүй гэдгийг түрээсийн гэрээ байгуулах үед мэдэж байсан. Бид халаалтын талаар түрээслэгчээс асууж байсан. Гэтэл халаалт сайн гэж хариулж байсан. Манайх жил орчим юу ч хийгээгүй, халаалт бол зүгээр гэж байсан. Бид нар хүйтэн байгаа талаар түрээслүүлэгчид тэр даруй мэдэгдэхэд өөрөө ирж үзсэн. Өөрсдөө янзал, эсвэл гар зайл гэдэг. Иймээс стандартын дагуу угсраагүй байр түрээслэснээс бидэнд нийт 16,052,774 төгрөгний шууд хохирол учирсан тул С.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан байсан тул халаалт нь ямар болохыг мэдэхгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатарт гэнэт хүйтрээд хүүхэд маань маш хүнд ханиад тусаад Эх нялхасын төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байх үеэр архи зарах тусгай зөвшөөрөл нь бүтэхгүй бол түрээсээ төлөх боломжгүй боллоо, хоолоор угаасаа ашиг олохгүй юм байна гэж байнга утсаар ярьж намайг ядрааж байсан. Тухайн үед өөрөө болгоно, бүтээнэ гэж орчихоод элдэв шалтаг тоочиж байсныг анзаарч байсан ч хүүхэд өвдсөн байхад залгаад байхаар заримдаа утсаа авах боломжгүй байсан. Харин ч сэрүүвтэр байна гэхээр нь юм хийх гээд байгаа адилхан улсыг дэмжье гэж бодоод таазны дулаалга хөөс шахуулаад, дотор хаалга цонх хийлгээд пөнхийсэн. Гэвч Ч.Эрдэнэжаргал зориуд бариулыг нь хугалаад дотор хаалга хаагдахгүй болохоор сэрүүхэн байх нь аргагүй байсан. Түрээсийн үнээ бууруулья гэдэг санал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсных нь дагуу хоёр тал өмгөөлөгч аваад харилцан зөвшилцөөд түрээсийн үнийг 2,750,000 төгрөг болгож бууруулахаар тохиролцтол маргааш нь Э.А- өөрөө болилоо гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гэрээгээ цуцлая, түрээсийн байраа чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдэл удаа дараа өгсөн боловч өөрсдийнхөө эд хогшлыг худалдаж ав гэсэн хууль зүйн үндэслэлгүй шаардлага тавьж эхэлсэн. Ингээд хуулийн зөвлөх эгчтэй нь ойлголцохыг хичээсэн боловч бүтэлгүйтсэн. Манай үл хөдлөх объект нь рестораны үйл ажиллагаа явуулахуйц хэмжээний энгийн засвартай цэвэрхэн байр байсан, гэтэл Э.А- нь мэргэжлийн биш хүмүүсээр дотоод заслыг хийж гүйцэтгүүлснээс болж дахин засал чимэглэл хийхэд хүрээд байгаад гомдолтой байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар С.Д-, Э.А- нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул С.Д-гээс 3,300,000 төгрөгийг гаргуулан Э.А-д олгож, нэхэмжлэгчийн нийт 16,887,791 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагчийн хохирол 16,052,774 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар С.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /226,977+70,200+65,287/ нийт 362,464 төгрөгийг, Э.А-гийн төлсөн 238,214 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хэн алины нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг буюу хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцэл гэж нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хариуцагч Э.А- нь ажлын байрны түрээсийн гэрээг хийсэн мөчөөсөө миний үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эзэмшиж байсан төдийгүй гэрээ цуцалъя гэсэн мэдэгдэл хоёр талаасаа өгч авч байсан ч доторх эд зүйл сандал, ширээгээ аваагүй ажлын байрыг чөлөөлж өгөөгүй. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр агуулахын зориулалтаар байлгаж нэхэмжлэгч намайг дотор байгаа эд зүйлээс юмаа авна, хүн очно гэх зэргээр гүйлгэж байсан. Сантехникийн хүн оруулах зорилгоор нэвтрэх шаардлага удаа дараа тавиад биелүүлээгүй учир нэхэмжлэгч миний бие гэрч байлцуулж дотогш нэвтэрсэн. Цоожны голоо сольж ороход ч тэр дараа нь ч тэр хяналтын камераар хянаж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч банкны өр зээл төлөхийн тулд яаралтай дотор нь байгаа эд зүйлийг хариуцагчид авахыг цахимаар, мессэжээр, шуудангаар мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр чингэлэг түрээслэх гэрээгээр нүүлгэлтийн компани хөлслөн эд зүйлийг нь бүтэн жил хадгалуулсан төлбөр болох 3,082,418 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хэрэгсээгүйд гомдолтой байна. Хариуцагч одоог болтол эд зүйлээ авахгүй чингэлгийн түрээсийн төлбөрөөр нэмж хохироосоор байна. Нэхэмжлэгч миний хувьд тухайн ажлын байрыг худалдан аваад удаагүй Э.А-д түрээслэхээр болсон тул зохицоод ажиллахыг машид хичээсэн, байрны дулаантай холбоотой асуудлаар видео бичлэг хийж хэргийн материалд өгснийг шүүхийн зүгээс үзлэг хйиж баталгаажуулсан байгаа, миний өмгөөлөгч нар бүгд тэдэнтэй харилцан зөвшилцөхийг хичээж хангалттай хугацаа өгсөн боловч хариуцагч нарын зүгээс ямар нэгэн алхам хийгээгүй тул шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Э.А-гоос 3,028,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Э.А-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 16,887,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд нийт 16,052,774 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д-гээс барьцаа 3,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.А-д олгож, хариуцагч Э.А-гоос 16,887,791 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч С.Д-гээс хохирол 16,052,774 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Э.А-гийн эд зүйлсийг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, хариуцагч Э.А- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1856 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс авбал зохих 3,300,000 төгрөгөө чингэлгийн түрээсийн төлбөрт суутган тооцохоор харилцан тохиролцов. Нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзаж, хариуцагч нь эд зүйлийг бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авахаар эвлэрлийн гэрээ байгуулж байх тул цаашид ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно, эд зүйл гэдэгт видео бичлэг, хавтаст хэргийн баримт жагсаалт бүхий дараалалд байгааг ойлгоно гэжээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний дээрх нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч С.Д-, хариуцагч Э.А- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Э.А-гийн эд зүйлсийг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, хариуцагч Э.А- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1856 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс авбал зохих 3,300,000 төгрөгөө чингэлгийн түрээсийн төлбөрт суутган тооцох, нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзаж, хариуцагч нь видео бичлэг, хавтаст хэргийн баримт жагсаалт бүхий дараалалд буй эд зүйлийг бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй хүлээн авах, зохигчид цаашид ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйгээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,408 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ