Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 38

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Нацагдорж, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                           А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Г.Амартүвшин 

      Иргэдийн төлөөлөгч                                 О.Аззаяа

      Нарийн бичгийн дарга                             Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овогт Төмөрсүхийн Гантулгад холбогдох 201718000009  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 1 дүгээр баг,  1-5 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Харчууд овогт Төмөрсүхийн Гантулга, /РД:МП91010216/,

 

  Шүүгдэгч Т.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээн амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Т.Гантулгын 2017 оны 01-р сарын 23-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршин суудаг юм. Би самарт явж байгаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хүдэр сумын төвд байж байгаад өөрийн найз Б.Энхбаяртай тааралдсан. Тухайн үед Энхбаяр нь “өөрийн таньдаг хүмүүстэйгээ самарт яваад ирлээ” гэж хэлж байсан. Энхбаяртай хамт миний таньдаг Батхүү явж байсан, нэг нь танихгүй залуу байсан. Тэгээд тэр танихгүй залуутай танилцаж хэсэг юм ярьж байгаад архи уух гэж байгаад ажилтай болоод салаад явсан. Ингээд маргааш өглөө нь Б.Энхбаярын байгаа айл болох Батсайхан ахын гэрт байсан ба тал шилтэй архийг Батсайхан ах бид 2 хувааж уугаад Б.Энхбаяр бид 2 түлээний модонд явахаар Батхүү, Ууганбаяр нар манай эмээгийн гэрт байсан ба эмээгийнд очсон. Ингээд Батхүү, Ууганбаяр нарыг дагуулаад хөрөө олохоор гарсан боловч хөрөө олдохгүй явсаар орой болчихоор нь өнөөдөр модонд явж амжихгүй боллоо гэж бодоод бид нар архи ууцгаасан. Гадуур сумын төвөөр архи ууж явж байгаад орой 18 цагийн үед “Андууд” бааранд орж архи ууцгаасан. Энэ үед би архи их уусан байсан учир тасарчихсан байсан ба нэг мэдэхэд Сэлэнгэ аймгийн төвөөс Гансувд ирээд Батхүү бид 2 тосож авсан. Тэгээд дэлгүүр орж хиам талх аваад манай гэр лүү явсан ба бид нарыг манай гэрт ирээд байж байхад Б.Энхбаяр араас орж ирсэн. Ингээд бид нар хиам талх идээд 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи хувааж уугаад байж байхад Батхүү нь манай гэрт эзэрхүү гутал хувцастайгаа хэвтээд байхаар нь “боль” гэсэн чинь “сүртэй юм” гээд мөн “би ажилтай байна явлаа” гэсэн чинь “гэрээсээ хөөлөө” гэх мэтээр хоорондоо үг идээд Батхүү бид 2 маргалдсан. Энэ үед манай эхнэр Ууганхишиг над руу залгаад “ямар хүмүүстэй архи уугаад байгаа юм бэ, гэр оронд хүмүүс цуглуулаад архи уулаа” гэхээр нь би “намайг ажилтай гээд  гэр лүү хүн явуулаад ирээд авчих” гээд хэлчих гэсэн. Удалгүй гаднаас Ариунаа, Оогий гээд 2 эгч орж ирээд “гэр оронд юу болоод байгаа юм бэ, наадах чинь хойно ажилтай ах нь дуудаад байна, одоо аваад явлаа” гэсэн чинь Батхүү “гэрээс хөөлөө” гээд олон юм яриад байсан. Тэгээд Ууганбаяр, Гансувд нар түрүүлээд гараад явсан ба араас нь бид нар бөөнөөрөө гарсан. Тэгээд би буцаж гэр лүүгээ ороод гэрийнхээ цоожийг авахдаа Батхүүг айлгах санаатай гал тогоонд зуухны хажуугийн бор өнгийн шкафны шургуулагт байсан хар өнгийн жижиг иштэй хутга авч гараад байшингаа цоожлоод Батхүүг айлгахаар гэрээс авсан баруун гартаа бариад явтал Ариунаа эгч “наадах чинь хутгатай байна” шүү гэж хэлэхэд Б.Энхбаяр миний урд зогсож байсан ба 2 гараа өргөөд миний гарыг барих гэхээр нь Би Энхбаярын цээжээр нь тэврээд хамт газар унахдаа хутгалчихсан. Тэгээд босоод ирэхэд нь миний баруун гарт байсан хутганы иш нь гарт үлдсэн үзүүр хэсэг нь хугарсан байсан. Тэгээд би Ариунаа, Отгоо эгч нарт “би хүн хутгалчихлаа, хутга нь хугарчихлаа” гэж хэлж байсан. Хугархай хутганы ишийг сандраад хажуу айлын хашааны цас руу шидсэн. Бид 2 цасан дээр зэрэгцээд би зүүн талын мөрөө дарж унасан. Энхбаяр баруун мөрөө дарж хажуу талаараа унасан. Би Батхүү айлгах санаатай гэрээс хутга авч гараад Батхүүгийн араас явтал Энхбаяр миний урд 2 гараа өргөөд миний гарыг барих гэхээр нь өөрөөсөө холдуулах гээд тэврээд өргөх гэж байгаад бид 2 хамтдаа газар унасан ба унах үед миний баруун гарт байсан хутгаар хутгалчихсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91,92-р ху/,

      2. Шүүгдэгч Т.Гантулгын 2017 оны 03-р сарын 06-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надтай хамт архи ууж байсан Батхүү намайг “гэрээсээ хөөчих юм байна л даа, чамайг сайхан явахыг чинь харна” гэх мэтээр хэлээд байхаар нь би Батхүү өмнө нь шоронд орж байсан болохоор нь хутгаар айлгах санаатай гэрт галт тогоонд зуухны хажуугийн бор өнгийн шургуулганд байсан хар өнгийн жижиг иштэй хутгай байсныг авч гараад байшингаа цоожлоод Батхүүгийн араас айлгахаар гэрээс авсан хутгаа баруун гартаа бариад явтал Ариунаа эгч “наадах чинь хутгатай байна” шүү гэж хэлэхэд Б.Энхбаяр миний урд зогсож байсан ба 2 гараа өргөөд миний гарыг барих гэхээр нь Би Энхбаярын цээжээр нь тэврээд хамт газар унахдаа хутгалчихсан. Батхүүг айлгах санаатай гэрээс хутга авч гараад Батхүүгийн араас явтал Энхбаяр миний урд 2 гараа өргөөд миний гарыг барих гэхээр нь би Энхбаярыг холдуулах гээд эргүүлэх үед би 2 газар унасан. Би Энхбаярыг гэмтээнэ гэж бодоогүй. Б.Энхбаяр бид 2 хэрэлдэж, маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Харин Батхүү намайг “гэрээсээ хөөчих юм байна л даа, чамайг сайхан явахыг чинь харна” гэх мэтээр дарамтлаад байхаар нь би хутгаар айлгах гээд гэрээсээ хутга авч гарсан. Түүнээс биш Б.Энхбаяр бид 2 хэрэлдэж маргалдаагүй. Миний авч гарсан хутга цэнхэр өнгийн ленттэй байсан. Өмнө нь хугарах гээд хөдөлгөөн орчихсон байсан болохоор лентээр манай аав ороож өгсөн. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би өөрийн буруу зүйл хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-р ху/,

     3. Шүүгдэгч Т.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Бид 4-үүлээ 0,75 граммын шилтэй архийг талд нь ортол уусан. Би Батхүү гэдэг хүнтэй маргалдаад гадаа гараад 3-уулаа над руу дайрах юм болов уу гэж бодоод айлгах гэж хутга авч гарсан боловч хальтарч унахдаа Энхбаярыг хутгалчихсан. “Гэрээсээ хөөлөө” гээд хатуу үг хэлээд байхаар гадаа гараад тэд нарыг нийлээд  над руу дайрах юм бол айлгана гэж бодоод хутга авсан. Тухайн өдрийн орой 2 шил архи уусан. Би өөрийгөө удирдах чадвартай байсан. Хохирогч бид нар найзууд. Хохирогч бид 2-ын хооронд маргаан гараагүй. Гадаа хашааны үүд хавиас над руу гараа алдраад  ирсэн Би санаандгүй л хутгалсан. Тэгээд харахад хутга нь байхгүй иш нь үлдсэн байхаар нь хутганы ишээ цасан дунд хашаа руу шидсэн. Найзыгаа хутгалсандаа их харамсаж байна. ...гэх мэдүүлэг,

     4. Хохирогч Б.Энхбаярын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2016 оны 12 дугаар сарын 10-ний үед шиг санаж байна. Өөрийн найз Батхүү, Ууганбаяр нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүхээр очсон. Ингээд Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газарт 7 хоног самар түүж байгаад 5 шуудай цайруулсан самартай ирээд самраа ууланд самар авч байсан хүнд зарсан ба 800.000 төгрөг болсон. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Батсайхан ахын гэрт унтаж байхад өглөө Гантулга ганцаараа орж ирээд “урд өдөр нь ууж байсан пиво байна уу” гэхээр нь “байхгүй хүнд өгчихсөн” гэж хэлээд “би одоо аваад өгье” гэж хэлээд эмээгийндээ очиж мөнгө аваад дэлгүүр орж 1 шил 0,75 гр архи, аваад Г.Гантулгын гэрт ирээд Ууганбаяр, Батхүү, Т.Гантулга бид нар хувааж уусан. Ингээд 12 цагийн үед Т.Гантулгын гэрээс гарч Хүдэр сумын төвөөр явж байгаад “Андууд” бааранд орж 1 шил 0,75 архи, пиво авч уусан. Тэнд архи ууж байгаад би тасраад уначихсан байсан ба нэг сэргэхэд бааранд ганцаараа ширээн дээр нь ширээ дэрлээд унтаж байсан. Тэгээд босоод баарнаас гараад Т.Гантулгын гэрт очиход Т.Гантулга, Ууганбаяр, Батхүү, Гансувд нар 1 шил 0,75 гр архи тавьчихсан ууцгааж байсан. Би ороод мөн тэр архинаас 1-2 удаа уугаад байж байтал гаднаас танихгүй 2 хүүхэн орж ирээд Т.Гантулгыг авч явна “та нар юун хүмүүс вэ, одоо та нар явцгаа” гэхээр нь “найзууд нь байна” гэж хэлсэн ба энэ үед Т.Ганталга “би явлаа” гэхээр нь “би явлаа” гээд гэрээс нь гарсан ба энэ үед Батхүү, Ууганбаяр 2 “хөөгдчих юм байна л даа” гээд гэрээс нь 1 аяга аваад гарсан. Ингээд хажуу айлынх нь хашаа руу Батхүү, Ууганбаяр, Гансувд нар надаас түрүүлээд явж байсан ба би араас нь алхаад явж байтал Т.Гантулгатай хамт үлдсэн 2 эмэгтэйгийн “наадах чинь хутгатай явж байгаа шүү” гэж орилохоор нь эргээд хартал миний ард ирчихсэн байхаар нь би гарыг нь барих гээд өөрийнхөө 2 гарыг өргөсөн чинь намайг барьж аваад баруун гар тал руу татаж унагаад унах үед гартаа барьсан хутгаараа миний зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд Гантулга босоод явсан ба би босох гээд өндийж байтал Батхүү, Ууганбаяр нар ирээд намайг босгоод Батсайхан ахын гэрт оруулж 30-40 минут сууж байгаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт үзүүлэхэд надад оёдол тавьж өгөөд цус тогтоох тариа эмчилгээ хийж өгөөд цус тогтоох тариа эмчилгээ хийж өгөөд эмнэлгийнхээ машинаар намайг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Дархан-Уул аймгийн эмнэлэг ЭХО-д хараад “цээжин дотор чинь хутга хугарсан байна, хагалгаанд орох хэрэгтэй байна” гээд хагалгаанд орж авахуулсан. Т.Гантулга бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Яагаад хутга барьж гарч ирсэн талаар мэдэхгүй. Тухайн үед гадаа харанхуй байсан учир ямар өнгийн хутга хаанаа барьсан байсныг мэдээгүй. Бид нарыг явж байхад явж байхад Т.Гантулгатай үлдсэн эмэгтэй “наадах чинь хутгатай явна шүү” гэж хэлсэн. Тэр үед эргээд хартал миний зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалсан. Бид нар Гантулгыг дарамталсан айлгасан зүйл огт болоогүй. Архиа хувааж уугаал байж байсан чинь гаднаас 2 эмэгтэй орж ирээд Т.Гантулгыг авч явна “та нар юун хүмүүс вэ, одоо та нар явцгаа” гэх мэтээр хэлээд байхаар нь гэрээс нь гараад явсан. Т.Гантулга өөрийнхөө хийж байгаа үйлдлийг мэдэхээр байсан. Бид 2-н дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө нь хүүхэд байх үедээ хэрэлдэх, маргалдах, зодолдох үе байсан. Миний хувьд Т.Гантулгад их гомдолтой байна. Зүгээр байж байгаад хутгалуулсан. Би Т.Гантулгатай хэрэлдэж маргалдаагүй. Надад хагалгааны төлбөр болох 1.300.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-р ху/,   

     5. Хохирогч Б.Энхбаярын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Би Т.Гантулгын гэрээс гараад хойд айл руу орохоор явж байтал миний хойноос “наадах чинь хутгатай явж байгаа шүү” гэж орилохоор нь эргээд хартал миний ард ирчихсэн байхаар нь би гарыг нь барих гээд гараа өргөх үед Т.Гантулга намайг тэвэрч аваад газарт унах үед намайг хутгалсан байсан. Би бодохдоо намайг тэвэрч авах үед хутгалсан байх гэж бодож байна. Би Гантулгын гарыг барихаар гараа өргөх үед Гантулга намайг тэвэрч аваад мушгиж газар унасан. Тэр үед миний зүүн далны орчим хутгалсан байсан ба тухайн үед хутганы иш байхгүй хутгалсан газраас цус гарч байх шиг байсан. Бид нар Гантулгыг дарамталсан зүйл байхгүй. Зүгээр бид нар гэрт нь архи уугаад сууж байхад гаднаас 2 танихгүй эмэгтэй орж ирээд “Гантулгыг авч явна” гээд бид нарыг гаргасан. Бид нар гарч явах үед Батхүү Т.Гантулгад хандан “гэрээсээ хөөчих юм байна л даа” гээд үг хаяад байсан. Өөр хэрүүл маргаан болоогүй. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед хэрэглэсэн эм тарианы мөнгөний баримт ээж маань ажлаасаа чөлөө авч намайг 15 хоног сахиж байсан үеийн баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Т.Гантулга хагалгаа болон ор хоногийн мөнгө гэж 1.200.000 төгрөг төлсөн. Бусад эмчилгээний зарлдыг төлж барагдуулаагүй. Гомдолтой байна. Би Гантулгатай найз нөхөд байхад намайг зүгээр байхад хутгалж хэдэн сар ажил хөдөлмөр хийх боломжгүй болгосон. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 25-р ху/,

     6.Хохирогч Б.Энхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн хүсэлтэнд:  Миний бие нь 2016 оны 12-р сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд найз Гантулгындаа бусад найз нар болох Гантулга, Гансувд, Ууганбаяр, Батхүү нартай очоод архи уусан.  Тэгээд гэрийн эзэн Гантулга нь “ажилтай болчихлоо, гарах хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл Батхүү “гэрээсээ хөөгөд байгаа юм уу” гээд жаахан уурласан. Тэгээд бид 4 гарсан. Гэтэл Гантулга араас гарч ирсэн.  Гэтэл “наадах чинь хутгатай шүү” гээд хэн нэгэн нь хашгирсан. Тэгээд би эргэж хараад болиулах гээд гарыг нь барьсан чинь хамт уначихсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх,

Мөн Миний бие Б.Энхбаяр нь  2017.04.11-нд болох Гантулгын шүүх хуралд  ажлын шаардлагын улмаас оролцох боломжгүй боллоо. Намайг байлцуулахгүйгээр хуралдааныг хийхэ.д татгалзах зүйлгүй болно. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. ...гэх хүсэлтүүд,

      7. Гэрч М.Ууганбаярын 2017 оны 01-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Б.Энхбаярын эмээгийн гэрт байж байхад Б.Энхбаяр, Т.Гантулга нар ирсэн ба Т.Гантулгатай танилцаад Т.Гантулга нь “нэг шил архи уух уу” гэхээр нь “тэгье” гээд Гантулга, Батхүү, Энхбаяр бид нар гэр лүү нь явсан. Ингээд гэрт нь очоод дахин 1 шил 0,75 “Ерөөл” архи авч хувааж ууцгаасан. Ингээд бид нар Хүдэр сумын төвөөр явж байгаад “Андууд” нэртэй улаан өнгийн тоосгон бааранд орж 1 шил 0,75 граммын архи уугаад Б.Энхбаяр согтоод унтаад үлдсэн ба бид нар баарнаас  гараад Гантулгын гэрт очсон ба би согтоод Гантулгын гэрт унтаж байсан. Тэр үед Гансувд бид нартай хамт самарт явна гээд ирсэн ба Батхүү дэлгүүрээс 1 шил 0,75 граммын архи авсан байсныг уугаад сууж байсан. Энэ үед гаднаас танихгүй 2 эмэгтэй орж ирээд “юун хүмүүс вэ, та нар гарцгаа” гэхээр нь Гансувд бид 2 Т.Гантулгын гэрээс түрүүлээд гараад хажуугийнх нь ороод явж Батсайхан гэх ахын гэрийн үүдэнд явж очоод зогсож байтал Батхүү “хөөе хутгалчихлаа” гэхээр нь Гансувд бид 2 яваад очиход Б.Энхбаяр эвхрэлдээд газар унасан байсан. Гантулга байхгүй байхаар нь бид нар Б.Энхбаярыг босгоод хажуу айлын Батсайхан ахын гэрт оруулж хэсэг суулгаж байгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би хол байсан учир хараагүй. Гансувд бид 2-г айлын гадаа очиход Батхүү “хөөе хутгалчихлаа” гэхээр нь л очсон. Очиход ямар нэгэн хутга ил харагдахгүй байсан. Тэнд байсан хүмүүстэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Батхүү нь Гантулгын гэрээс гарахдаа “гэрээсээ хөөчих юм байна л даа” гэсэн чинь хоорондоо үг хаялцаад байсан. Тэрнээс биш өөр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийгээгүй. Бид нар Гантулгыг айлгасан дарамталсан зүйл юу ч болоогүй. Гантулга ер нь архи уучихсан согтуу байсан ба өөрийнхөө хийж байгаа үйлдлийг мэдэхээр байсан. Б.Энхбаяр бас согтсон байсан. Гэхдээ тухайн үед болсон зүйлийг мэдэхээр байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

    8. Гэрч Д.Гансувдын 2017 оны 01-р сарын 18-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 19-ний үед шиг санагдаж байна. Сэлэнгэ аймагт гэртээ байж байсан чинь Энхбаяр над руу утсаар яриад “бид нар самранд явж байна, тогооч хэрэг болоод байна, чи явах уу” гэхээр нь би “маргааш очъё” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед 4 зам дээрээс Хүдэр сум руу явах машинд суугаад орой 19 цагийн үед Хүдэр суманд очсон. Батхүү, Гантулга, Ууганбаяр нар нь намайг “Андууд” нэртэй баарны гадаа тосож авсан ба Энхбаярын хаана байгааг  асуухад “согтоод тасарчихсан” гэж хэлсэн. Батхүү, Гантулга, Ууганбаяр нар 1 шил архи авяч явсан ба бид 3 Гантулгын гэрт очсон. Тухайн үед гэрт нь гал түлээд сууж байтал Энхбаяр ирсэн. Энэ үед Ууганбаяр согтсон байсан тул орон дээр гараад унтсан. Т.Гантулга “унтлаа” гээд орондоо орж хэвтэж утсаар ярьж байгаад гадаа гарч утсаар ярьсан ба энэ үед гаднаас 2 эмэгтэй хүн орж ирээд “юун хүмүүс байгаа юм бэ, та нар гарцгаа” гэсэн чинь Энхбаяр тэр 2 эмэгтэйд хандан “бид нар багын найзууд байгаа юм, манай найз нар хоног, би удахгүй явна” гэж хэлсэн чинь юм дуугарахгүй байсан. Тэгсэн чинь Т.Гантулга “тэгвэл та нар хувцсаа аваад яв даа” гэсэн чинь Батхүү “хөөчих юм байна л даа” гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь Ууганбаяр бид 2 түрүүлээд гарч яваад хажуугийнх нь хашаанд ороод хажуу айлын гэрийн үүдэнд зогсож байтал нэг эмэгтэй хүн “наадах чинь хутга байна шүү дээ” гэж орилсон нь удалгүй Батхүү “хөөе хутгалчихлаа” гэхээр нь Ууганбаяр бид 2 яваад очиход Б.Энхбаяр эвхрэлдээд газар унасан байсан. Т.Гантулга хашаагаар гараад тэр хамт байсан 2 эмэгтэйг дагаад явж байгаа харагдсан. Тэгээд бид нар Энхбаярыг босгоод хажуу айлд оруулж хэсэг суулгаж байгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Т.Гантулга, Б.Энхбаяр нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Би юунаас болсон талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

    9. Гэрч Ж.Одгэрэлийн 2017 оны 01-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед таньдаг хүний ач охиных нь төрсөн өдөр болж байсан ба би нөхөр хүүхдийн хамтаар гэрт нь сууж байхад Гантулгын эхнэр Ууганхишиг над руу залгаад “манайд хэдэн залуучууд очоод архи уугаад манай нөхөр Гантулгыг дарамтлаад байна гэнээ. Манай гэрт очоод гаргаад өгөөч” гэхээр нь би найз Ариунзаяагийн хамтаар Т.Гантулгын гэрт очсон. Ингээд Гантулгынд ороход танихгүй 3 залуу, 1 эмэгтэй архи уугаад сууж байсан. Ингээд би ороод Гантулгыг авч гарах гэхэд тэнд байсан танихгүй залуучууд янз янзын юм ярьж Гантулгыг дарамтлаад толгой, цээж рүү нь түлхээд “чамайг илүү сайхан явахыг чинь харна” гэх зэрэг дарамтлах үг хэрэглээд байхаар нь Ариунзаяа бид 2 “та нар одоо гар” гэхэд тэр залуучууд Гантулга руу дайраад “чи муу гэрээсээ хөөлөө” гээд байсан. Тухайн үед тэнд байсан танихгүй залуусын нэг нь Гантулгын гэрээс гарч ороод байхаар нь миний машиныг цохиод гэмтээчих юм болов уу гэж бодоод машинаа харахаар гараад машиныхаа хажууд машинаа хараад зогсож байтал миний араас бүгд бөөнөөрөө хамт гарч ирцгээсэн.  Ингээд Ариунзаяа Гантулгын гэрийг цоожлоод зогосж байхад нөгөө залуучууд Т.Гантулгын хажуу айлын банз нь унасан хашаа руу орж байсан. Тэгсэн Гантулга “та нар байж бай” гэж араас нь орилсон. Тэр үед Т.Гантулгыг “боль явъя” гэхэд явахгүй тэр хүмүүсийн араас очсон. Энэ үед Ариунзаяа “наадах чинь хутгатай байна шүү” гэж анхааруулж орилсон ба бид 2 араас нь яваад очиход Гантулга нэг танихгүй залуутай барьцалдаж аваад газар унасан. Тэгээд босч ирэхээр нь Гантулгыг татаж машиндаа суулгасан ба тэр үед Гантулгын гарт хутга байхгүй харин хар өнгийн иш нь гартаа барьсан байсан. Тухайн үед Гантулга “хутга нь дотроо хугарсан байна шүү дээ” гэхээр нь тоглоод байна гэж бодоод тоохгүй байсан. Тухайн үед Гантулгатай унасан залуу зүгээр босоод ирсэн болохоор нь тэгж бодсон. Тэгээд машиндаа суулгаад хөдлөөд гэрт нь буулгасан. Ингээд Ариунзаяа бид 2 төрсөн өдрийн айлд ороод сууж байтал Батсайхан ахын утас дуугараад авсан чинь “Т.Гантулгыг хүн хутгалчихсан байна айгаад гараад явчихсан” байна гэхээр нь бид машинтай хайсан боловч олдоогүй ба хутгалуулсан хүн нь эмнэлэгт очсон байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

10. Гэрч Ж.Одгэрэлийн 2017 оны 03-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Т.Гантулгын эхнэр Ууганхишиг над руу утсаар яриад “манай гэрт хэдэн залуучууд очоод архидаад байна. Гантулгыг дарамтлаад байна гэнэ, та очоод Гантулгыг ямар нэгэн аргаар аваад гараач” гэхээр нь Би Ариунзаяагийн хамтаар Т.Гантулгын гэрт очоод Т.Гантулгыг гэрээс нь аваад гарахн үед нэг танихгүй залуу “гэрээсээ хөөчих юм байна л даа, чамайг сайхан явахыг чинь харна” гэх мэт дарамтлаад байх шиг байсан. Т.Гантулга, Б.Энхбаяр нар хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Хамт архи ууж байсан нэг танихгүй залуутай хоорондоо маргалдаад байх шиг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

11. Гэрч Г.Нармандахын 2017 оны 01-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед манай эмнэлгээс над руу залгаад “эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирлээ” гэсэн дуудлага ирсэн. Ингээд би эмнэлэг дээр ирэхэд өвчтөн хүлээн авах өрөөнд архи уусан согтуу нэг танихгүй залуу сууж байсан. Үзэхэд царай хөхөлбөр, уруул хөхрөлттэй зовиурыг нь асуухад “дээшээ бөглөх гээд амьсгал авахад хэцүү байна” гэж байсан. Хутганы шарх нь зүүн далны 3 см доор хутганы зүсэгдсэн шархтай, цус олгойдож гарч байсан. Зоонт хийж үзэхэд 4-5 см орж яс тулаад байсан тул би 3 ширхэг оёдол тавьж яаралтай тусламжын цус тогтоох өвдөлт намдаах, амьсгал зүрх судас дэмжих эмчилгээ хийж яаралтай Дархан-Уул аймгийн эмнэлгийн мэс заслын тасаг руу яаралтай явуулсан. Ингээд Дархан-Уул аймагт очоод хагалгаанд орсон байсан. Хүдэр сумын иргэн Гантулга гэх залуу хутгалсан гэж байсан. Т.Гантулга өөрөө алга болчихсон гэж ярьж байсан. Д.Энхбаярын зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалсан шарх байсан ба дээрээс доошоо чиглэлтэй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

12. Гэрч П.Туяагийн 2017 оны 01-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Батсайханы ах Болдбаатарын хүү Энхбаяр гэдэг залуу самраас ирээд ээжийнд байж байгаад манай гэрт 12 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд ах дүү болох Батгэрэл, Гэрэлчимэг нарын хамтаар ирээд нөгөө хэд буцаад явсан. Энхбаяр манай гэрт үлдээд хоносон юм. Маргааш нь өглөө модонд явна гээд 08 цаг өнгөрч байхад босоод байж байхад найз Гантулга нь орж ирээд шөнө архи уусан гээд шилтэй архины доогуур архитай орж ирээд Гантулга өөрөө уугаад Энхбаярт өгөхөд уугаагүй юм. Тэгээд Гантулга, Энхбаяр нар гараад явсан. Орой харанхуй болоод нөхөр хүүхдийнхээ хамтаар унтаж байхад гаднаас Энхбаярын найз гээд нэг залуу эмэгтэй хүнтэй ирээд “хаалгаа онгойлгооч” гээд байсан тэгэхээр нь “би унтаж байна” гээд хаалгаа онгойлгоогүй юм. Тэгээд “Энхбаяр хутгалуулчихлаа” гэхээр нь хаалгаа онгойлгоод “Энхбаяр эвхэрчихсэн хутгалуулчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “цагдаа дуудна” гээд гэрээсээ гараад зам дээр гараад унаанд суугаад эмнэлэгт дуудлага өгч цагдаад мэдэгдсэн. Энхбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Хамт явсан найзууд нь уусан, нэг нь бүүр согтуу байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

13. Гэрч С.Ариунзаяагийн 2017 оны 01-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед таньдаг хүний ач охиных нь төрсөн өдөр болж нөхөр хүүхдүүдийн хамт гэрт нь сууж байхад Т.Гантулгын эхнэр Ууганхишиг манай найз Одгэрэл рүү утсаар залгаад “манайд хэдэн залуучууд очоод архи уугаад залуучууд очоод архи уугаад манай нөхөр Гантулгыг дарамтлаад байна гэнээ. Манай гэрт очоод гаргаад өгөөч” гэхээр нь Одгэрэл бид 2 Т.Гантулгын гэрт очсон. Ингээд Гантулгынд ороход танихгүй 3 залуу, 1 эмэгтэй архи уугаад сууж байсан. Ингээд би ороод Гаттулгыг авч гарах гэхэд тэнд байсан танихгүй залуучууд янз янзын юм ярьж Гантулгыг дарамтлаад толгой, цээж рүү нь түлхээд “чамайг илүү сайхан явахыг чинь харна” гэх зэрэг дарамтлах үг хэрэглээд байхаар байхаар нь Одгэрэл бид 2 “та нар одоо гар” гэхэд тэр залуучууд Гантулга руу дайраад “чи муу гэрээсээ хөөлөө” гэх мэтээр дайраад байсан. Энэ үед Одгэрэл машинаа харахаар гадаа зогсож байсан ба Т.Гантулгын гэрт байсан хүмүүс түрүүлээд гараад явсан ба араас нь Гантулга бид 2 гэрийнх нь цоожийг хайж байгаад олоод би түрүүлээд гэрээс нь гарсан ба Гантулга миний араас гарч ирээд буцаж гэр лүүгээ ороод гарч ирээд гэрийнхээ хаалгыг цоожилсон. Тэгээд Гантулга тэр хүмүүсийн араас “та нар байж бай” гэж араас нь очсон. Тухайн үед Гантулгын баруун гарт хутга барьсан харагдахаар нь тэр хүмүүс рүү анхааруулж “наадах чинь хутгатай байна шүү” гэж орилсон ба бид 2 араас нь яваад очиход Т.Гантулга нэг танихгүй залуутай барилцаж аваад ноцолдоод унасан. Тэгээд Гантулга тэр 2 залуу босч ирэхээр нь Т.Гантулгыг татаж машиндаа суулгасан ба тэр үед Гантулгын гарт хутга байхгүй хамт унасан залуу нь зүгээр босч ирээд “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “цагдаа дуудах уу” гэсэн чинь “зүгээрээ зүгээр” гээд байхаар нь Т.Гантулгыг машинд суулгахад Гантулга бид 2-т хандан “хутга дотроо хугарсан байна шүү дээ” гэхээр нь бид 2 тоглоод байна гэж бодоод тоогоогүй. Тухайн үед Гантулгатай унасан залуу зүгээр босоод ирсэн болохоор нь тэгж бодсон. Тэгээд машиндаа суулгаад хөдлөөд гэрт нь буулгасан. Ингээд Ариунзаяа бид 2 төрсөн өдрийн айлд ороод сууж байтал Батсайхан ахын утас дуугараад авсан чинь “Т.Гантулгыг хүн хутгалчихсан байна айгаад гараад явчихсан” байна гэхээр нь бид машинтай хайсан боловч олдоогүй ба хутгалуулсан хүн нь эмнэлэгт очсон байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

14. Гэрч С.Ариунзаяагийн 2017 оны 03-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Т.Гантулгыг гэрээс нь аваад гарах үед “гэрээсээ хөөчих юм байна л даа, чамайг сайхан явахыг чинь харна” гэх мэтээр дарамтлах маягтай зүйл хэлээд байсан. Гантулга, Энхбаяр нар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

15. Гэрч С.Ариунзаяагийн 2017 оны 03-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой Хүдэр сумаас ярьж байна гээд танихгүй хүн над руу залгаад “танай хүүхэд хутгалуулсан байна, одоо эмнэлгийн машинаар Дархан явах гэж байна” гэж хэлсэн. Ингээд би үүрийн галт тэргээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход ухаангүй хагалгаанд ороод дотор нь байсан. Хутганы хугархайг авсан гэж байсан ба би ажлаасаа чөлөө аваад хүү Энхбаярыг 15 хоног сахиж харсан. Т.Гантулга нь манай гэр “ПСМК” гэх газарт байхад тэнд байдаг байсан. Манай хүүхэдтэй хамт тоглоод л байж байдаг байсан. Б.Энхбаярын эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, хагалгааны мөнгө гээд 1.200.000 төгөрг болсон түүнийг Гантулга төлж барагдуулсан. Харин би хүү Энхбаярыг Дархан-Уул аймагт хэвтэн эмчлүүлэх үед харж асарч байсан ба тухайн үед ажлаасаа чөлөө аваад 15 хоног сахисан. Би өдрийн 13,000 төгрөгөөр цалинждаг учир 15 хоногийн цалингаа авч чадаагүй байгаа. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

16. Гэрч Н.Төмөрсүхийн 2017 оны 02-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүү Г.Гантулга тусдаа гарчихсан учир манайхаас гэр нь хол байдаг болохоор надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Миний хүү их зан чанар сайтай даруу зантай хүү байгаа юм. Т.Гантулгын гэрт хутга гээд байх юм байхгүй. Нэг жижиг хар өнгийн иштэй ишийг нь лентээр боочихсон иш нь сугардаг хутга, ногонн эрээн иштэй заазуур байдаг. Би нэг удаа гэрт нь очиход “манай хутганы иш сугарч унаад байна, та тогтоогоод өг” гэхээр нь би цэнхэр өнгийн цахилгааны утас холбож наадаг лентээр ороож өгч байсан. Б.Энхбаяр манайхыг Сэлэнгэ аймагт ПСМК амьдарч байхад манай тэнд байсан. Би бага байхыг нь мэднэ одоо сайн танихгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

 17. Гэрч Б.Батхишигийн 2017 оны 02-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө үүрээр гэртээ амарч байтал манай эмнэлгийн яаралтай түргэн тусламжаас залгаад “хутгатай хүн ирлээ, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна” гэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. Гэтэл Сэлэнгэ аймгаас ирсэн Энхбаяр гэх залуу цээжний зүүн талдаа хутгалуулсан. 9,10-р хавирганы завсраар хатгагдсан шархтай байсан. Рентгэн шинжилгээ хийж үзэхэд цээжний хөндийд хутганы үзүүр үлдсэн байдалтай байсан. Шархыг шалгахад нэвтэрсэн байсан тул шууд хагалгаанд орох үед цээжний зүүн талд 9,10-р хавирганы орчимд 3 см шархтай шархыг томсгож цээжний хөндийг нээхэд цээжний хөндийд нилээд их хэмжээний сул цустай, уушиг /зүүн уушиг/ бүрэн шалчийсан, зүүн уушигны доод дэлбэнд 2-2,5 см орчим шархтай байсан. Уушигны шархыг оёж битүүлж, цээжний хөндийн цусыг соруулан авч цэвэрлэсэн. Цааш нь шалгахад өрцөнд хутганы үзүүр зүсэгдэж цоорсон байдалтай үлдсэн байсан. Хутганы үзүүрийг өрцнөөс сугалан авч өрцөн дахь шарханд оёдол тавьж битүүлж хааж оёдол хийсэн. Цээжний хөндийд гуурс үлдээсэн. Хэвлийн зүүн дээд талд хавирганы 10-12 см зүсэж хэвлийн хөндийг нээж хэвлийн дотор эрхтнүүдийг шалгахад бүдүүн гэдэсний дэлүүний буланд бүдүүн гэдэс 1-1,5 см орчим зүсэгдсэн байсан. Ингээд шархыг цэвэрлэж оёдол тавьж хэвлийн хөндийн хагалгааг дууссан. Хэвлийн цээжний хөндий нэвтэрч уушиг, өрц, бүдүүн гэдсийг дайран нэвт гэмтээсэн хүнд гэмтэл. Цаг алдсан бол нас барах аюултай гэмтэл байсан. 12-15 см орчим хэмжээтэй хутга, иш байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

   18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн  № 66 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Б.Энхбаярын биед цээжний зүүн талын нэвтэрсэн шарх, зүүн уушигны доод дэлбэн урагдсан, сэтэрсэн шарх, өрцний цоорсон шарх, бүдүүн гэдэсний зүүн өнцгийн цоорол, цээжний хөндийд хий, цус хуралт, хэвлийн гялтангийн үрэвсэл, хагалгааны дараах байдалтай гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаа хутгалах үед үүсэх боломжтой.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 43-р ху/,

    19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02-р сарын 18-ны өдрийн  № 16 тоот нэмэлт актын дүгнэлт хэсэгт:

        1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцны баруун ханцуй, захны урд хэсэгт, зүүн ханцуйнд хуучин урагдалт, ноосон цамцны ар талд зүүн суганы доод хэсэгт шинэ зүсэгдсэн гэмтэл, хар өнгийн футволкны ар талд зүүн суганы доод хэсэгт шинэ зүсэгдсэн гэмтлүүд үүссэн байна.

        2. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцны баруун ханцуй, захны урд хэсэгт, зүүн ханцуйнд үүссэн хуучин урагдалтууд нь гогдож татах хүчний үйлчлэлээр, ноосон цамц,  хар өнгийн футволконд үүссэн зүссэн гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 

      3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамц, хар өнгийн футволкны ар талд зүүн суганы доод талд үүссэн гэмтлүүдийг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгээр үүсгэсэн байж болно гэх дүгнэлт, /хх-ийн 76-р ху/,

 

   20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02-р сарын 02-ны өдрийн  № 11 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Шинжилгээнд ирүүлсэн хугархай ир, үзүүртэй төмөр /хутганы ажлын хэсэг/ нь шинжилгээнд тэнцэнэ.

       2. Шинжилгээнд ирүүлсэн хугархай ир, үзүүртэй төмөр /ажлын хэсэг/ нь хутганы ажлын хэсэг байна.

     3. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн хойд хэсэгт 13мм хэмжээтэй хэсгээр хугарсан хугарал байна. Энэ хугарал нь шинэ хугарал байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

     4. Хутганд үүссэн хугарал нь хугарсан хэсгээр хатуу гадаргуутай зүйлээр үйлчилсний улмаас хугарсан байна.

     5.  Хүний биед зоогдсон байхад хөдлөх үед хөшигдөж хугарах, зоогдсон үед хөшиж дарах үед хугарах боломжтой эсэхийг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэх дүгнэлт, /хх-ийн 84-р ху/,

 

  Шүүгдэгч Т.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 102-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 90-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 91-92-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 93-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 94-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 95-100-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, /хх 5-8-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, /хх 16-р ху/,эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, /хх 17-19-р ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, /хх 20-21-р ху/, хохирлын талаархи баримт,/хх 26,28-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 45, 80, 87–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 44, 81, 86–р ху/, өвтөний түүхийн хуулбар, /хх 47-71-р ху/,шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 51-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 105-р ху/, зэрэг болно.

 

  Шүүгдэгч Т.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр буюу ялимгүй зүйлээр шалтаглан Б.Энхбаярын далны доод хэсэгт нэг удаа хутгалж, амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай баримт, шүүгдэгч, хохирогч нарын  шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирлын талаархи баримт, ...зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  Шүүгдэгч Т.Гантулгад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Т.Гантулгыг танхайн сэдэлтээр бусдын  биед хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Т.Гантулгын үйлдэл  нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.4 дахь хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар тогтов.

  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан шүүгдэгч Т.Гантулгын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хохирогчийн бие эрүүл мэндийн байдал сайжирсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа буюу гэм хор арилсан зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх  нь зүйтэй гэж үзлээ.  

  Энэ хэрэгт шүүгдэгч Т.Гантулга нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хохирогчийн өмсөж явсан цагаан эрээн өнгийн ноосон цамц 1 ширхэг, пудволк 1 ширхэг, хутганы хугархай ажлын хэсэг 1 ширхэг ирсэн, хохирогч талаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “....уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, түүнчлэн хохирогч шүүгдэгч нарын зүгээс ямар ч харилцаа үүсээгүй байхад танхайн сэдэлт гэж зүйлчилж ирүүлсэн нь буруу. Иймд уг хэргийг хүний бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч өөрийн найз гэх Батхүүг “гэрээсээ хөөчих юм байна л даа” гэж хэлсэн үгэнд дургүйцэн гэрээсээ зориуд хутга авч гарсан байх ба хашаанаас гарч явсан Батхүү, хохирогч Б.Энхбаяр нарын араас “хүлээж бай” хэмээн дуудаж очсон, хутгатай байгааг мэдэж түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор өмнүүр нь орсон Б.Энхбаярыг түүний үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэж хохирогчийн зүүн далны хэсэгт хутгалсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзсэн болно.

Хохирогч Б.Энхбаяр, шүүгдэгч Т.Гантулга нарын хооронд ямар нэгэн маргаантай харилцаа үүсээгүй болох нь нотлогдож байгаа ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн нь түүнийг хохирогч болоход хүргэсэн байгаа бөгөөд үүнийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Тэд хоорондоо тэврэлдэн авч болгоомжгүйгээр халтирч унасан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байх төдийгүй шүүгдэгчийг бусдын эрх эрх чөлөөнд зориуд санаатайгаар үл ялих зүйлээр шалтаглан халдсан байдал нотлогдсон гэж үзлээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь ;

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Харчууд овогт Төмөрсүхийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан “танхайн сэдэлтээр бусдын  биед хүнд гэмтэл санаатай учруулах”  гэмт хэрэгт   гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгыг 04 /дөрвөн/ жил 06 /зургаан/ сар 01 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гантулгад оногдуулсан 04 /дөрвөн/ жил 06 /зургаан/ сар 01 /нэг/ хоногийн хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Т.Гантулга нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж явсан цагаан эрээн өнгийн ноосон цамц 1 ширхэг, пудволк 1 ширхэг, хутганы хугархай ажлын хэсэг 1 ширхэг зэргийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ

                                       ШҮҮГЧИД                                      Б.НАЦАГДОРЖ

                                                                                              С.НОЛХООСҮРЭН