| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2021/00495/И |
| Дугаар | 182/ШШ2021/02360 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2021/02360
2021 11 02 182/ШШ2021/02360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
Үйлчилгээний төлбөрт 552,375 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018.08.19-ний өдөр Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагалдах гэрээ болох MONGOLdoo 40 дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, 14720823 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээг мөн байгуулсан. Гар утас худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Энь 2,289,000 төгрөгийн үнэтэй Huawei P20 PRO маркийн гар утсыг 490,000 төгрөг хөнгөлүүлж 1,799,000 төгрөг төлж авсан, үйлчилгээний гэрээний дагуу 9025**** дугаарын эзэмшигч болж улмаар Huawei P20 PRO маркийн гар утсыг 24 сарын хугацаанд буюу 2020 оны 07 сар хүртэл тасралтгүй ашиглах үүрэгтэй байсан. Ийнхүү хариуцагч Б.Энь Huawei P20 PRO маркийн гар утсыг, 9025**** дугаарын утасны хамт 2018 оны 08 сараас 2019 оны 04 сарыг хүртэл ашиглаж, энэ хугацаанд үйлчилгээний төлбөрт 467,427 төгрөгийг төлсөн байдаг.
Харин хариуцагч Б.Энь 2019 оны 04 сараас хойш гар утас, дугаарыг огт ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцлах талаар бидэнд огт санал гаргаагүй, 2019 оны 05 сараас 2020 оны 07 сарыг хүртэл 602,375 төгрөгийг төлөх үүрэгтэй, үйлчилгээг ашигласан гэж үзэж байгаа. Тийм учраас хариуцагч Б.Энь гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээний 6.1.-д заасан үйлчилгээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, сарын суурь хураамж, хэрэглээний нэмэлт төлбөрийг төлөөгүй байна. Төлүүлэх талаар байгууллагын зүгээс удаа дараа утсаар холбогдсон, мессэж үлдээсэн, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Иймд хариуцагч Б.Э-гийн төлөх 2019 оны 05 сараас 2020 оны 07 сарыг хүртэл 602,375 төгрөгөөс барьцааны 50,000 төгрөгийг хасч, 552,375 төгрөгийг гар утас худалдах, худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагаас 2018.08.19-ний өдөр Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагалдах гэрээ болох MONGOLdoo 40 дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулсан. Гар утас худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,289,000 төгрөгийн үнэтэй Huawei P20 PRO маркийн гар утсыг 490,000 төгрөг хөнгөлүүлж 1,849,000 төгрөг төлсөн. Үүнд барьцааны 50,000 төгрөг хамт төлөгдсөн. Үйлчилгээний гэрээний дагуу 9025**** дугаарын эзэмшигч болж улмаар Huawei P20 PRO маркийн гар утсыг ашиглан 2019 оны 04 сарыг дуустал үйлчилгээний төлбөрийг төлсөн.
Гар утас төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 6.2-т “... хэрэглэгч хугацаанаас өмнө татгалзах үед, хөнгөлсөн үнийн дүнг үйлчилгээ үзүүлэгч талд бүрэн төлж барагдуулна” гэж заасан байгаа. Хөнгөлсөн үнийн дүн нь 490,000 төгрөг байгаа. Харин миний бие 2019 оны 04 сарыг хүртэл төлбөр төлөхдөө сар бүр 80,000 төгрөгөөр хангалттай төлбөр хийсэн. Нэхэмжлэгч байгууллагын үйлчилгээ надад таалагдаагүй, 2019 оны 04 сард нэмж өөр утас авья гэхэд боломжгүй гэж теллер нь хэлсэн, ингээд би дахиж дугаарыг ашиглаагүй. Ашиглаагүй, үйлчилгээ аваагүй байхад гар утас худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар заалтыг үндэслэн 2019 оны 05 сараас 2020 оны 07 сарыг хүртэл 602,375 төгрөг, үүнээс барьцааны 50,000 төгрөгийг хасч, 552,375 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
|
|
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулж, үйлчилгээний төлбөрт 552,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Б.Энь гар утас худалдан авч, гэрээнд заасны дагуу үйлчилгээний төлбөрийг 2 жилийн хугацаанд тасралтгүй төлөх байтал 2019 оны 04 сараас хойш төлбөр төлөөгүй, нэгэнт гэрээгээр үүрэг хүлээсэн тул худалдах, худалдан авах гэрээний 6.1-д зааснаар 2019 оны 05 сараас 2020 оны 07 сарыг хүртэл үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд надад С ХХК-ийн үйлчилгээ таалагдаагүй учир 2019 оны 04 сараас хойш дугаарыг огт ашиглаагүй, ашигласан хугацааны үйлчилгээний төлбөрийг би бүгдийг төлсөн, тухайн үед би теллерт нь дахиад өөр гар утас аваад үйлчилгээг нь үргэлжлүүлье гэхэд зөвшөөрөөгүй, С ХХК нь Huawei брэндийн албан ёсны төлөөлөгчийн газар биш байсан, хэрэв худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардаж байгаа бол хөнгөлсөн 490,000 төгрөгийг буцаан авах асуудал яригдана, энэ төлбөр нь миний ашигласан хугацааны үйлчилгээний төлбөрт орсон, гэтэл огт ашиглаагүй хугацааны үйлчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.06.29-ний өдрийн А-339 тоот тушаалаар тус компани нь хэрэглэгчийн үйлчилгээнд дараа төлбөрт үйлчилгээний 4G LTE дата багцыг нэвтрүүлэхээр шийдвэрлэж, уг тушаалын хавсралтаар 4G LTE дата багцын үндсэн нөхцлүүдийг баталсан байх бөгөөд энэхүү үйлчилгээний хүрээнд зохигчдын хооронд 2018.08.19-ний өдөр гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ /урамшуулалтай үнээр/ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч Б.Энь 2,289,000 төгрөгийн үнэтэй Huawei P20 PRO маркийн гар утсыг урамшуулалтай үнээр буюу 490,000 төгрөг хөнгөлүүлж 1,799,000 төгрөгөөр худалдан авах, дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг Монголдоо 40 багцаар, 24 сарын хугацаанд тогтмол, идэвхитэй ашиглаж, сарын суурь хураамж болон хэрэглээний нэмэлт төлбөрийг сар бүр, тасалдалгүй төлөх үүргийг, нэхэмжлэгч нь дурдсан гар утсыг хөнгөлөлттэй үнээр худалдаж, биет байдлын болон эрхийн доголдолгүй гар утсыг хариуцагч Б.Э-д бүрэн хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.
Улмаар дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар зохигчид 2018.08.19-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулж, энэ гэрээгээр хариуцагч Б.Энь нэхэмжлэгч С ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарын эзэмшигч болж бүртгүүлэн, 50,000 төгрөгийн барьцаа байршуулж, тус компанийн Монголдоо 40 багц, дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 9025**** дугаарыг ашигласан үйлчилгээний төлбөрийг сар бүр төлөх, нэхэмжлэгч С ХХК нь үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл, зохигчид худалдах, худалдан авах гэрээг дагалдуулж дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээнүүдээр хүлээсэн зохигчдын эрх, үүрэг хоорондоо харилцан хамааралтай болжээ.
Нэхэмжлэгч С ХХК нь дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч Б.Э-д Huawei P20 PRO маркийн гар утсыг гэрээ байгуулсан өдөр буюу 2018.08.19-ний өдөр хүлээлгэн өгч, хариуцагч Б.Энь гар утасны төлбөрт 1,799,000 төгрөгийг, барьцааны 50,000 төгрөгийн хамт нийт 1,849,000 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-нд төлж, мөн өдрөөс эхлэн 9025**** дугаарын хэрэглэгч болон Huawei P20 PRO маркийн гар утсыг, дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарын хамт ашиглаж эхэлсэн.
Ийнхүү хариуцагч Б.Энь Huawei P20 PRO маркийн гар утас, дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг хамтад нь 2018.08.19-ний өдрөөс 2020.08.19-ний өдрийг хүртэл тасралтгүй 2 жил буюу 24 сарын хугацаанд ашиглах байтал 2019.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласан, ашигласан хугацааны үйлчилгээний 1 сарын төлбөрт 41,197 төгрөг, 63,823 төгрөг, 57,181 төгрөг, 72,975 төгрөг гэх мэтээр нийт 467,427 төгрөгийг төлсөн байх ба, энэ үеэс хариуцагч Б.Энь нэхэмжлэгч С ХХК-ийн үйлчилгээ өөрт нь таалагдахгүй байгаа талаар, дахин өөр утас авах боломжтой эсэх талаар операторт санал тавихад дахин гар утас өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн, С ХХК нь Huawei маркийн гар утасны албан ёсны эрхтэй борлуулагч биш байсан гэсэн шалтгаанаар дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг 2019 оны 05 сараас хойш дахин ашиглаагүй, өмнөх сарын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С ХХК нь дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлэх, дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарын 2019 оны 05 сараас хойшхи хугацааны үйлчилгээний хөлс төлөх талаар хариуцагч Б.Э-тэй утсаар холбогдох, мессэж илгээх зэргээр 2019.08.01-ний өдрөөс эхлэн шаардаж байжээ.
Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утасны төлбөр төлсөн баримт, 9025**** дугаарын үйлчилгээний төлбөр төлсөн баримтууд, төлбөр төлөх тухай төлбөрийн нэхэмжлэхүүд, Монголдоо 40 багцын танилцуулга, 2018.06.29-ний өдрийн А-339 тоот тушаал, хавсралт, нэхэмжлэгч байгууллагын оператороос 2019.08.01-нээс 2021.01.12-ны өдрийн хооронд хариуцагч Б.Э-тэй утсаар холбогдсон талаарх дуудлагын баримтуудаар тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан стандарт нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ /урамшуулалтай үнээр/-ний 5 дугаар зүйлийн 5.4-т “хэрэглэгч хугацаанаас өмнө гэрээ цуцлах болон 6.1-д заасан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд, хавсралт 1-д заасан гар утасны хөнгөлсөн дүнг нэхэмжлэх эрхтэй”,
6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэглэгч өөрийн дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг MONGOLdoo 40 багцаар, 24 сарын хугацаанд тогтмол идэвхитэй ашиглаж, сарын суурь хураамж болон хэрэглээний нэмэлт төлбөрийг сар бүр, тасалдахгүй төлөх үүрэгтэй”,
6.2-т “хэрэглэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах болон 6.1-д заасан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд, хавсралт 1-д заасан гар утасны хөнгөлсөн дүнг үйлчилгээ үзүүлэгч талд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”,
Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.9.1-д тухайн дугаарыг худалдан аваад хэрэглээ хийгээгүй, ашиглаагүй, дугаар хадгалах үйлчилгээнд бүртгүүлээгүй буюу тухайн дугаар идэвхгүй төлөвт шилжсэнээс хойш 6 дахь сард үйлчилгээ үзүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй”,
4.2.1.-д “Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн үйлчилгээг өөрийн техникийн боломж болон хүчин чадлын хүрээнд чанарын өндөр түвшинд үзүүлэх”, 4.2.3.-т “Хэрэглэгчийн сар бүрийн хэрэглээний төлбөрийн нэхэмжлэхийг гэрээнд заасан и-мэйл хаяг, мессежээр хэрэглэгчид мэдэгдэх үүрэгтэй”,
3 дугаар зүйлийн 3.2.5-д “хэрэглэгч өмнөх сард ашигласан үйлчилгээний төлбөрөө дараа сарын 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор бүрэн төлнө”, 6.4.-т “Хэрэглэгч нь 6.1-д заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж,
Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг”, 3.1.6-д "хэрэглэгч" гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг”,
25 дугаар зүйлд заасан үйлчлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 25.1.2-т “хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах эрхтэй”,
26 дугаар зүйлийн хэрэглэгчийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 26.2.2.-т “харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж тус тус зохицуулсан байна.
Гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, зохигчдын хэн аль нь хариуцагч Б.Эгэрээний үүргээ биелүүлээгүй буюу дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг ашиглахгүй болсон 2019 оны 05 сараас эхлэн гэрээг цуцлах талаар бие биедээ санал гаргах эрхтэй байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлсэн талаарх бичгийн баримтгүй. Гэсэн хэдий ч хариуцагч Б.Э-д С ХХК-ийн үйлчилгээ таалагдаагүй, энэ талаар С ХХК-нд шаардлага тавьсан цаг хугацаа буюу 2019 оны 05 сард Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээ цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч С ХХК-нд гар утасны хөнгөлсөн дүн болох 490,000 төгрөгийг шаардах эрх, нөгөө талаар хариуцагч Б.Э-д уг хөнгөлсөн дүнг төлөх үүрэг үүсэхээр талууд тохиролцсон байх боловч энэхүү тохиролцоо ойлгомжгүй, Иргэний хуульд нийцээгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд нэхэмжлэгч С ХХК-нд хохирол шаардах эрх үүсэхээс биш дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарын ашиглаагүй хугацааны төлбөр шаардах эрх үүсэхгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ /урамшуулалтай үнээр/-ний 6 дугаар зүйлийн 6.1, дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хариуцагч Б.Э-д үйлчилгээ үзүүлсэн байж түүнээс дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг ашигласны төлбөрийг шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Б.Энь гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ /урамшуулалтай үнээр/-ний 6 дугаар зүйлийн 6.1, дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5, 6.4, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг 2018.08.19-ний өдрөөс 2019 оны 05 сар хүртэл тасралтгүй ашигласны үйлчилгээний төлбөрийг нэгэнт төлчихсөн, ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болох талаар дээр нэгэнт дүгнэсэн болно.
Гэтэл нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 05 сараас хойш хариуцагч Б.Э-д үйлчилгээ үзүүлээгүй, хариуцагч Б.Э нэхэмжлэгч С ХХК-иас үйлчилгээ аваагүй, 2019 оны 05 сард зохигчдын хоорондох гэрээний харилцаа нэгэнт цуцлагдсан байхад нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э-г2019 оны 05 сараас 2020 оны 07 сар хүртэл дараа төлбөрт үйлчилгээний 9025**** дугаарыг ашигласан гэж үзэн, гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ /урамшуулалтай үнээр/-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн түүнээс 552,375 төгрөгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Б.Э-д холбогдох үйлчилгээний төлбөр 552,375 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч Б.Э-д холбогдох үйлчилгээний төлбөр 552,375 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 17,371 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА