Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/02204

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/02204

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2021 11 17 181/ШШ2021/02204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэр 2 гудамж, 89 дүгээр байрны, 55 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Бандийн Пүрэвсүрэн /РД:ЧЕ77042960/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24 Парклэйс оффис 3 давхарт байрлах, Мандал даатгал ХК /РД:5473489/-д холбогдох

29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Мандал даатгал ХК нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн В.Батмөнх, түүний эхнэр Б.Пүрэвсүрэн нартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор даатгуулагч тухай бүр даатгалын хураамжаа төлж байсан.

Иргэн Б.Пүрэвсүрэн нь нөхрийн хамт Голомт банкнаас ипотекийн зээлээр орон сууц худалдан авахдаа Мандал даатгал ХК-тай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-г байгуулж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө даатгуулсан.

Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч В.Батмөнх нас барж даатгалын тохиолдол бий болсон. Даатгуулагчийн эхнэр буюу хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвсүрэн даатгалын тохиолдлын талаар холбогдох материалыг бүрдүүлж Мандал даатгал ХК-д хандсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Иргэн Б.Пүрэвсүрэн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг нь хүлээн авч Б.Пүрэвсүрэнгээс Мандал даатгал ХК-д гаргасан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг хангуулж, нөхөн төлбөр олгосон талаарх мэдээллийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус хороонд ирүүлж тайлагнахыг мэдэгдэж асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл Мандал даатгал ХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй даатгуулагчийг хохироож байна.

Мандал даатгал ХК-ийн нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь: Мандал даатгал ХК-тай байгуулсан Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.3-т амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж заасан бөгөөд талийгаач нь аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас бараагүй бөгөөд коронавирус /Covid19/-ээр нас барж энэ тухай Улсын дүн мэдээнд орж нийтэд зарлагдсан юм.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/412 тоот тушаалын хавсралтаар баталсан Коронавирст халдвар /Covid-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр зааврын 1 дэх хэсэгт заасны дагуу Коронавируст халдвар /Соvіd-19/-тай нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан, эмнэлзүй, тархвар судлалаар сэжигтэй тохиолдол гэж үзсэн тохиолдолд задлан шинжилгээ хийхгүй гэсний дагуу талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгээгүй.

Мөн дээрх түр зааврын 8.2-т заасны дагуу цогцсыг зориулалтын газарт чандарлах болон булшлах аргаар оршуулах бөгөөд ил тавихыг хориглоно. 8.5-д цогцсыг оршуулах, зан үйлтэй холбоотой аливаа үйлдлийг хязгаарлаж, цогцостой харьцах хүний тоог цөөн байлгана. 8.6-д Оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа гэр бүлийн гишүүдийг цогцост хүрэхийг хориглоно гэсний дагуу талийгаачийн цогцсыг Цагдаа, Онцгой байдал, Эмнэлгийн ажилчдын өндөр хяналт доор чандарласан тул эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрөл төрөгсөд найз нөхөд нь хүний ёсоор салах ёс үйлдэж сүүлчийн замд нь үдэж чадаагүй юм.

Энэ байдлыг мэдсээр байж, холбогдох баримт бичгийг бүрдүүлж нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг олгож тайлагнахыг мэдэгдсээр байтал илт хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж иргэнийг чирэгдүүлж байгаад маш их гомдолтой байна.

Мандал даатгал ХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.3.1-т заасан Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас бараагүй буюу даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол бий болсон байхад уг гэрээний 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг... зээлдэгчийн төлбөр хариуцах хувиар олгоно гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй байна. Иймд Мандал даатгал ХК-аас үүргийн гүйцэтгэлд 29,615,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгээс Мандал даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мандал даатгал ХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр В.Батмөнх болон Б.Пүрэвсүрэн нартай №12105017534 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл даатгуулагч В.Батмөнх нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Ковид-19 өвчний онош батлагдан эмнэлэгт 13 хоногийн турш хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

Даатгагч нь даатгалын гэрээний 1.1 дэх хэсгийн Даатгалын хамгаалалт даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үүнд:

-Үйлдвэрлэлийн осол

- Ахуйн осол

- Зам тээврийн осол

-Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол

-Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэлийг хамгаалахаар тусгасан байдаг. Гэтэл даатгуулагч В.Батмөнхийг эмнэлгийн нас барсан тухай гэрчилгээнд Цочмог мелолейкоз, Олон эрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д вирусын шалтгаант элэгний хатуурал гэх үндсэн болон дагалдах өвчний оношоор нас барсан гэж тодорхойлсон байдаг.

Даатгуулагчийн нас барсан шалтгаан болох коронавирусын халдварт өвчнийг Олон улсын өвчний ангилал (ICD10)-т (U07.1) гэх кодоор тэмдэглэж бүртгэсэн байх бөгөөд энэ нь коронавирус буюу вирусээр үүсгэгддэг бусад өвчний адил нэг төрлийн вирусын гаралтай өвчин гэж тодорхойлсон байдаг тул талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл учраагүй гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан №12105017534 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 7.3-т "Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл" 7.3.1-т "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан" 7.3.14-т "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд даатгуулагч Б.Пүрэвсүрэнгээс даатгалын нөхөн төлбөрт 29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичмэл баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч Мандал даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 29,615,251 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Ковид 19-ээр нас барсан, Иргэний хуулийн 431.1-т заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.3.1-т заасан Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас бараагүй буюу даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол бий болсон байхад уг гэрээний 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг... зээлдэгчийн төлбөр хариуцах хувиар олгоно гэж заасныг үндэслэн маргаж, эрсдлийн даатгалын гэрээний дагуу 29,615,251 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хариуцагч Мандал даатгал ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даатгалын тохиолдол бий болоогүй, гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Даатгуулагч В.Батмөнх нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол мөн эсэхэд талууд маргасан.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс, В.Батмөнх, Б.Пүрэвсүрэн нарын Голомт банктай 2014 оны 01 дугаар сарын 02-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулсан 83,000,000 төгрөгийн ЗГ2105017534 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн БГ2105017534 дугаартай ипотекийн гэрээ, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ2105017534 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ2105017534 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн гарфик, зээлийн дансны хуулга /хх-ийн 11-25/, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-7 Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 10/, Санхүүгийн зохицуулах хороонд хандан даатгуулагчид даатгалын нөхөн олговор олгож, гүйцэтгэлийг ирүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 3/2476 тоот хариу албан бичиг /хх-ийн 7/, Мандал даатгал ХК-иас даатгуулагчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн хүсэлтийг шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21/507 дугаартай албан бичиг /хх-ийн 6/, Мандал даатгал ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 3/2476 тоот албан бичигт хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 21/694 дугаартай хариу тайлбар /хх-ийн 8/ гэсэн баримтууд ирүүлсэн нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, үнэлэх боломжтой байна.

Хариуцагчаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг тус тус ирүүлсэн, мэтгэлцээнд ач холбогдол бүхий бичгийн нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн баримттай хариуцагч тал маргаагүй.

 

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн В.Батмөнх, Б.Пүрэвсүрэн, хариуцагч Мандал даатгал ХК нарын хооронд 12105017534 дугаартай Орон сууц, зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хамгаалалтад даатгуулагч амь насаа алдах эрсдлийг тохирсон, гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн В.Батмөнх 50 хувь, Б.Пүрэвсүрэн 50 хувиар тус тус тооцон хариуцахаар харилцан тохиролцсон байна.

Даатгалын гэрээ байгуулсны дараа даатгуулагч В.Батмөнх 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт Цочмог мелолейкоз, Олон эрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д вирусын шалтгаант элэгний хатуурал өвчнөөр нас барсан үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

12105017534 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2028 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгал гэсэн бүтээгдэхүүний төрлийг сонгон, зээлийн үлдэгдэл 60,408,299 төгрөг, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үнэлгээг 60,408,299 төгрөгнөөс хэтрэхгүйгээр тохирч үнэлэн даатгуулсан, даатгуулагчийн амь насны даатгалын хураамжид даатгуулагч нар 205,126 төгрөг төлж гэрээ бичгээр үйлдэгдсэн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан сайн дурын даатгалын гэрээний агуулга шинж бүхий талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байна.

Мөн хуулийн 431.2-т Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна. гэж зааснаар зээлдэгчийн эрсдлийн даатгалын гэрээний зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байна.

 

Даатгуулагч В.Батмөнх, Б.Пүрэвсүрэн нар гэр бүл, түүний эхнэрийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч эсэх дээр хариуцагч маргаагүй бөгөөд мөн байх тул нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч Мандал даатгал ХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч даатгалын гэрээний 1.4.1-д заасны дагуу даатгагчид хугацаанд нь бүрэн мэдээлэл баримтаа өгсөн, энэ талаар талууд маргаагүй.

 

Мандал даатгал ХК нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б.Пүрэвсүрэнгийн даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөлд, 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 21/507 дугаар албан бичгээр, ...хамтран даатгуулагч В.Батмөнх 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нас барсны улмаас нөхөн төлбөр гаргуулах талаар материаллыг судлаад, Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3 Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл" 7.3.1 "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан", 7.3.14 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол" болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэжээ.

 

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3/2476 тоот албан бичгээр Мандал даатгал ХК-д, иргэн Б.Пүрэвсүрэнгээс ирүүлсэн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл болон уг өргөдөлтэй холбогдуулан танай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21/633 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримт бичгүүдтэй танилцлаа;

Иргэн Б.Пүрэвсүрэн нь нөхрийн хамт Голомт банкнаас ипотекийн зээлээр орон сууц худалдан авахдаа танай компанийн ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалд даатгуулж, гэрээ байгуулсан байх ба даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч В.Батмөнх нь нас барсан тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэн нөхөн төлбөр олгуулах хүсэлтэд танай компанийн зүгээс Ковид 19 өвчний онош батлагдан... эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд эмнэлгийн нас барсан гэрчилгээнд Цочмог

мелолейкоз, Олон эрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д вирусийн шалтгаант элэгний хатуурал гэх үндсэн болон дагалдах оношоор нас барсан гэж тодорхойлсон... болон даатгалын гэрээний хамгаалалт хэсэгт тусгагдсан ослуудыг үндэслэл болгон нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дээрх дүгнэлтээр өргөдөлд дурдагдсан нас барсан этгээд нь хэдийгээр олон эрхтний дутагдал, элэгний хатуурал зэрэг оношоор оношлогдсон байх хэдий ч түүний нас баралтын үндсэн шалтгаан нь коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй байх буюу уг халдвар нь бусад өвчинд нөлөөлснөөр давхар эрсдэлийг бий болгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд иргэн Б.Пүрэвсүрэнгээс танайд гаргасан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг хангуулж, нөхөн төлбөрийг олгосон талаарх мэдээллийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус Хороонд ирүүлж тайлагнахыг үүгээр мэдэгдье гэжээ.

 

Энэ нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад Мандал даатгал ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэн, улмаар ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг даатгагч зөрчсөн үндэслэлээр нөхөн төлбөрийг олгох талаар дурдаж хариуцагч байгууллагад мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын

1.1-т Энэ журмын зорилт нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцанд даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий Ипотекийн даатгал-ын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.1 -т Ипотекийн даатгал нь сайн дурын даатгалын тусгайлсан бүтээгдэхүүн бөгөөд ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал болон ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээдийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн 2 тусдаа даатгалын бүтээгдэхүүнээс бүрдэнэ.

2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана.

2 дугаар зүйлийн 2.1.1-д ...ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт,

4.1-т Даатгагч нь даатгуулагчтай байгуулах ипотекийн даатгалын гэрээнд даатгалын зүйл, даатгалын үнэлгээ, даатгалын хураамжийн хувь, даатгалын хураамжийн хэмжээ, хураамж төлөх нөхцөл, даатгалын нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл, даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тодорхойлсон даатгалын хугацаа, түүнийг сунгах нөхцөл, даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, гэрээг дүгнэх, цуцлах нөхцөл, хуульд заасан бусад зүйлсийг заавал тусгана гэжээ.

4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно.,

4.4.1-т Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох,

4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна.,

5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус зохицуулсан байна.

 

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3-р хавсралтад, 3.Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал.

Үндсэн эрсдэл сонгох;

А. Гэнэтийн ослын улмаас нас барах,эрсдэл.

Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, эрсдэл гэж заажээ.

 

Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 12105017534 дугаартай Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний нийтлэг үндэслэл хэсгийн 2.1-д энэхүү гэрээгээр нэг талаас даатгуулагч нь энэ гэрээний мэдүүлгийн маягтад дурьдсан даатгалын зүйлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлөх харилцааг зохицуулна, 2.2-т Даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдүүлгийн маягт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд хамтдаа хүчин төгөлдөрт тооцогдоно, 2.4.5.-д даатгалын зүйл гэж амь нас эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг, 2.4.7 даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, мөн гэрээний 7.3-т Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл-д 7.3.1-т Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан ... гэж тус тус зааж тохиролцжээ.

Гэрээнд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж даатгалын хамгаалалт хэсэгт дурджээ.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохыг заасан.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т зааснаар, даатгалын гэрээнд тусгах нөхцлийг 431.4.1-т даатгалын зүйл, 431.4.2-т даатгалын эрсдэлийн төрөл, 431.4.3-т даатгалын үнэлгээний хэмжээ, 431.4.4-т даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл, 431.4.5-д даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, 431.4.6-д даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага, 431.4.7-д гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл. гэж нарийвчлан заасан ба талуудын хооронд байгуулсан 12105017534 дугаартай гэрээнд даатгалын зүйлийг зээлдэгч нарын амь нас, эрүүл мэнд гэж тодорхойлон, харин даатгалын эрсдлийн төрлийг гэрээний 2.2-т Даатгуулагчийн гарын үсэг бүхий мэдүүлгийн маягт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд хамтдаа хүчин төгөлдөрт тооцогдоно., 2.4.5.-д даатгалын зүйл гэж амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг, 2.4.6-д мэдүүлгийн маягт нь гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд даатгуулагч, даатгалын зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан ба даатгуулагч агуулагдсан мэдээлэл нь үнэн зөв гэдгийг зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан, даатгагчийн тамга тэмдэг бүхий хуудас... гэж тохиролцсоны дагуу Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3-р хавсралтад заасан, Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэл болох А.Гэнэтийн ослын улмаас нас барах,..эрсдэл, Б.Аливаа шалтгааны улмаас нас барах, ...эрсдэл-үүдээс даатгуулагч өөрөө сонголт хийж баталгаажуулсан мэдүүлгийн маягт гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулагдсан, талууд ч гэрээнд энэ талаар нарийвчлан зааж тохиролцсон байна.

 

Харин талууд хэрэгт энэхүү мэдүүлгийн маягтыг ирүүлээгүй, маягт үйлдэгдсэн талаар хэн аль нь тайлбар гаргаагүй тул маягтыг үйлдээгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй., Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д Даатгалын баталгааг гэрээнд заасан хугацаанд даатгуулагчид олгох, 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцлийг даатгуулагчид танилцуулах гэж даатгагчид үүрэг болгон тус тус тогтоосон, мэдүүлгийн маягтыг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус зааснаар даатгагч Мандал даатгал ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч талын, ...маягтын дагуу амь насны даатгалын үндсэн эрсдлээс сонголт хийлгээгүй, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан, гэнэтийн ослын даатгалын гэрээ огт байгуулаагүй, гэрээний аливаа ердийн болон архаг өвчин гэдэгт өвчний ямар онош багтах талаар тохиролцоогүй, даатгуулагч өөрийн ашиг сонирхлын төлөө амь нас эрүүл мэндээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан.. гэж маргаж байгааг хариуцагчийн тайлбар, гэрээний заалт үгүйсгэхгүй байна.

 

Энэ нь, зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй нь даатгуулагчийг буруутгах үндэслэл болохгүй,

Харин даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй, даатгуулагчийг хохироолгүй хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсгийн А-д тус тус заасны дагуу даатгагч Мандал даатгал ХК нь зээлдэгчийн амь насаа алдах эрсдлийн даатгалын үнэлгээг 60,408,299 төгрөгөөр тохиролцсон дүнд багтаан, даатгуулагч В.Батмөнх нас барах үеийн зээлийн үлдэгдэл 59,230,502.21 төгрөгийн даатгуулагч В.Батмөнхөд ногдох 29,615,251 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хууль ёсны өвлөгч болох даатгуулагч Б.Пүрэвсүрэнд хариуцан төлөх үндэслэл тогтоогдож байна.

Иймд гэрээний үндсэн үүрэгт шаардсан 29,615,251 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч Мандал даатгал ХК-иас 29,615,251 /хорин есөн сая зургаан зуун арван таван мянга, хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ТҮМЭНЦЭЦЭГ