Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00287

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00287

 

Б.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02204 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.П-ийн хариуцагч М ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М ХК нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр В.Б , түүний эхнэр Б.П нартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан. Даатгуулагч нь даатгалын хураамжаа төлж байсан. Б.П нь нөхрийн хамт Г-аас ипотекийн зээлээр орон сууц худалдан авахдаа М ХК-тай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг байгуулж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө даатгуулсан. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр даатгуулагч В.Б нас барж даатгалын тохиолдол бий болсон. Даатгуулагчийн эхнэр буюу хууль ёсны төлөөлөгч Б.П даатгалын тохиолдлын талаар холбогдох материалыг бүрдүүлж М ХК-д хандсан боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Б.П Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг нь хүлээн авч Б.П гээс М ХК-д гаргасан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг хангуулж, нөхөн төлбөр олгосон талаарх мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус хороонд ирүүлж тайлагнахыг мэдэгдэж шийдвэрлэсэн. Гэтэл

М ХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй. М ХК-ийн нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан тайлбар нь үндэслэлгүй. Учир нь М ХК-тай байгуулсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.3-т амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 7.3.1-д Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэж заасан бөгөөд талийгаач нь аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас бараагүй бөгөөд коронавирус /Covid19/-ээр нас барж энэ тухай Улсын дүн мэдээнд орж нийтэд зарлагдсан. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/412 тоот тушаалын хавсралтаар баталсан Коронавирст халдвар /Covid-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр зааврын 1 дэх хэсэгт заасны дагуу Коронавируст халдвар /Соvіd-19/-тай нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан, эмнэлзүй, тархвар судлалаар сэжигтэй тохиолдол гэж үзсэн тохиолдолд задлан шинжилгээ хийхгүй гэсний дагуу талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгээгүй. Мөн дээрх түр зааврын 8.2-т заасны дагуу цогцсыг зориулалтын газарт чандарлах болон булшлах аргаар оршуулах бөгөөд ил тавихыг хориглоно. 8.5-д цогцсыг оршуулах, зан үйлтэй холбоотой аливаа үйлдлийг хязгаарлаж, цогцостой харьцах хүний тоог цөөн байлгана. 8.6-д Оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа гэр бүлийн гишүүдийг цогцост хүрэхийг хориглоно гэсний дагуу талийгаачийн цогцсыг Цагдаа, Онцгой байдал, Эмнэлгийн ажилчдын өндөр хяналт доор чандарласан тул эхнэр, хүүхэд, эцэг, эх, төрөл төрөгсөд найз нөхөд нь хүний ёсоор салах ёс үйлдэж сүүлчийн замд нь үдэж чадаагүй. Энэ байдлыг мэдсээр байж, холбогдох баримт бичгийг бүрдүүлж нөхөн төлбөр авах хүсэлтийг гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөрийг олгож тайлагнахыг мэдэгдсээр байтал илт хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. М ХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 7.3.1-т заасан Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас бараагүй буюу даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол бий болсон байхад уг гэрээний 6.2.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөрийг... зээлдэгчийн төлбөр хариуцах хувиар олгоно гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй байна. Иймд М ХК-аас үүргийн гүйцэтгэлд 29,615,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М ХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр В.Б болон Б.П нартай №12105017534 тоот ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл даатгуулагч В.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ковид-19 өвчний онош батлагдан эмнэлэгт 13 хоногийн турш хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. Даатгагч нь даатгалын гэрээний 1.1 дэх хэсгийн Даатгалын хамгаалалт даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үүнд, үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэлийг хамгаалахаар тусгасан байдаг. Гэтэл даатгуулагч В.Б ийг эмнэлгийн нас барсан тухай гэрчилгээнд Цочмог мелолейкоз, Олон эрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д вирусын шалтгаант элэгний хатуурал гэх үндсэн болон дагалдах өвчний оношоор нас барсан гэж тодорхойлсон байдаг. Даатгуулагчийн нас барсан шалтгаан болох коронавирусын халдварт өвчнийг Олон улсын өвчний ангилал (ICD10)-т (U07.1) гэх кодоор тэмдэглэж бүртгэсэн байх бөгөөд энэ нь коронавирус буюу вирусээр үүсгэгддэг бусад өвчний адил нэг төрлийн вирусын гаралтай өвчин гэж тодорхойлсон байдаг тул талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл учраагүй гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан №12105017534 тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 7.3-т "Амь нас эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл" 7.3.1-т "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан" 7.3.14-т "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8.5-д Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд даатгуулагч Б.П гээс даатгалын нөхөн төлбөрт 29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч М ХК-иас 29,615,251 /хорин есөн сая зургаан зуун арван таван мянга, хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.П д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.П д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

а/ Шүүх хэргийн нөхцөл байдал, тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Даатгагч М ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа ойлгуулж, танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх, хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэх нь үндэслэлгүй. 2018 оны 06 дугаар сарын 06-ны 210 дугаар тогтоол Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд зааснаар даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэхүү журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасан. Маягт бөглүүлэх үүрэг нь дан ганц даатгагчид олгогдоогүй юм. Учир нь Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг Банкууд даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон Даатгалын багц дүрэмд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулж, даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулдаг.

М ХК-ийн зүгээс уг даатгалын гэрээний маягтыг урьдчилан хэвлэж, бэлэн болгож, банк буюу зуучлагчид хүлээлгэн өгдөг. Өөрөөр хэлбэл, манай талаас даатгуулагчтай гэрээг гардаж байгуулдаггүй болно. Даатгагч, зуучлагчид 2 ууланд нь маягт бөглүүлэхийг үүрэг болгосон байхад дан ганц даатгагч хариуцах ёстой гэж анхан шатны шүүх үзсэнд гомдолтой байна. Яг аль хуулийн заалтыг үндэслэж, шийдвэрлэсэн нь тодорхой бус даатгал, ипотекийн харилцааг ерөнхийлөн зохицуулах хуулийн заалтуудыг нэг бүрчлэн жагсааж, бичсэн нь ойлгомжгүй, Санхүүгийн зохицуулах хорооны журам, шийдвэрийг хуулж бичсэн зэргээс үзэхэд шүүх ипотекийн даатгалын харилцааг зохицуулдаг 2018 оны 06 дугаар сарын 06-ны 210 дугаар тогтоол Ипотекийн үйл ажиллагааны журам хариуцагчаас гаргасан тайлбар, даатгалын гэрээ зэргийг харьцуулан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, дүгнээгүй хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзнэ.

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Даатгуулагч В.Б болон Б.П нартай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулах үед мөрдлөг болгож байсан Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч даатгалын компаниудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү журмын 2.1.1-т заасны дагуу гэрээний эрсдэлийг гэрээндээ тусгасан. Бидний хувьд зохицуулах байгууллагаас тогтоосон журмын дагуу даатгуулагчид учирсан гэнэтийн ослын эрсдлийг хамгаалахаар гэрээгээ байгуулсан. Даатгалын компани нь Даатгалын тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, хавтас хэрэгт авагдсан манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх гэж үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байдаг. Үйл ажиллагааны чиглэлийг нотлох даатгагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талокуудын хооронд байгуулагдсан гэрээний эрсдлийг тусгайлан заасан нөхцөл бүхий гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 06-ны 210 дугаар ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд тусгасан зохицуулалт байсаар байтал нотлох баримтыг үнэлээгүй, хууль, дүрэм, журмын заалтыг буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч талаас дээрх журмын ердийн даатгагчийн хамгаалах эрсдэлийг гэрээндээ тусган даатгуулагчийг гэнэтийн ослын эрсдлээс хамгаалахаар тохиролцсон. Гэтэл даатгуулагч В.Б ийг эмнэлгийн нас барсан тухай гэрчилгээнд Цочмог мелолейкоз, Олонэрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д шалтгаант элэгний хатуурал гэх үндсэн болон дагалдах өвчний оношоор нас барсан гэж тодорхойлсон. Даатгуулагчийн нас барсан шалтгаан болох коронавирусын халдварт өвчнийг Олон улсын өвчний ангилал (ЮОЮ)-т (1Ю7.1) гэх кодоор тэмдэглэж бүртгэсэн байх бөгөөд энэ нь коронавирус буюу вирусээр үүсгэгддэг бусад өвчний адил нэг төрлийн вирусын гаралтай өвчин гэж тодорхойлсоор байтал гэрээнд заагдаагүй эрсдэл буюу даатгуулагчийг өвчний улмаас нас барсанд нөхөн төлбөрийг олгуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд даатгуулагч гэрээний нөхцөл, гэрээнд заагдсан эрсдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл шүүх хариуцагчийг даатгуулагчид гэрээний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй гэх зэргээр хэт субъектив хандлага агуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан №12105017534 даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийг шууд тулган хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 29,615,251 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: М ХК талийгаачийг архаг хууч өвчнөөр нас барсан учраас даатгалын тохиолдол болоогүй гэж үздэг боловч эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор талийгаач ковидоор нас барсан. Тийм учраас талийгаачийг тусгай оршуулах журмын дагуу талийгаачийн ар гэр зохих зан үйлийг хийж чадаагүй байдаг. Бидний зүгээс даатгалын тохиолдол бий болсон учраас энэ үүргээ хэрэгжүүлье гэх шаардлагыг гаргахаар М ХК биелүүлэхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч М ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 29,615,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. В.Б , Б.П нар нь Г ХХК-аас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 83,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ болон уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр БГ2105017534 тоот ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна. /хх-11-18 дахь тал/

 

3. Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 12105017534 дугаар орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хамгаалалтад даатгуулагч амь насаа алдах эрсдлийг тохиролцсон, гэрээнд даатгалын нөхөн төлбөрийг зээлийн төлбөрийн В.Б 50 хувь, Б.П 50 хувиар тус тус тооцон хариуцахаар харилцан тохиролцсон /хх-9/ үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч Б.П нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэх, 9 дүгээр зүйлийн 9.1.9 даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх гэж тус тус зааснаар хариуцагч М ХК-аас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. В.Б 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт Цочмог мелолейкоз, Олон эрхтний дутагдал, Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, В, Д вирусын шалтгаант элэгний хатуурал өвчнөөр нас барсныг бүртгэж эмнэлгийн гэрчилгээ олгогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй, харин даатгалын тохиолдол бий болсон эсэх, уг даатгалын тохиолдолд нас барьсан дээрх шалтгаан хамаарч буй эсэх талаар зохигчид маргасан байна.

 

6. Даатгуулагч В.Б нь олон хавсарсан архаг суурь өвчтэй байсан бөгөөд короновирус халдварт өвчин туссаны улмаас цочмог мелолейкоз, олон эрхтэний дутагдал, В, Д вирусын шалтгаант элэгний хатуурал өвчний хүндрэлээр нас баржээ. Короновируст халдварын цар тахлын улмаас уг халдварт өвчнөөр өвчилсөн нь даатгуулагчийн бусад архаг хууч өвчинд нөлөөлж нас барах эрсдэл бий болсноор даатгалын тохиолдол бий болсон байна. Талуудын байгуулсан гэрээнд ямар эрсдлийн улмаас даатгуулагч амь насаа алдах эрсдлийг даатгаж байгааг тодорхой тохиролцоо байх тул хариуцагчийн даатгалын хамгаалалт хэсэгт тусгасан ослуудыг үндэслэл болгож нөхөн төлбөр олгохоос хариуцагч татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

7. Б.П нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж М ХК-д өргөдөл гаргасан боловч М ХК-аас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 21/507 дугаар албан бичгээр Даатгалын тухай хуулийн 8.5.3, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 7.3, 7.3.1, 7.3.14-т заасан заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан, Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3/2476 тоот албан бичгээр иргэн Б.П гээс гаргасан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг хангуулж, нөхөн төлбөрийг олгосон талаарх мэдээллийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор тус хороонд ирүүлж тайлагнахыг мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон /хх-6-7 дахь тал/ тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

8. М ХК нь гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлагаа даатгуулагчид ойлгуулж танилцуулах, загвар бүхий мэдүүлгийн маягт хуудас баримтыг баталгаажуулан үйлдэх хуулиар хүлээсэн болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нь Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д, 9.1.6, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5тус тус заасантай нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын 3-т гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгуулах талаар заажээ.

 

Зээлдэгчийн хуулиар олгогдсон амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлэлгүй, даатгуулагчид гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй нь даатгуулагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд даатгагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай тул даатгуулагчийн даатгалын зүйл болох амь насаа өвчний улмаас алдсан эрсдлийг даатгалын тохиолдол биш гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үндэслэлтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

9. Анхан шатны шүүх М ХК нь зээлдэгчийн амь насаа алдах эрсдлийн даатгалын үнэлгээг 60,408,299 төгрөгөөр тохиролцсон дүнд багтаан, даатгуулагч В.Б нас барах үеийн зээлийн үлдэгдэл 59,230,502.21 төгрөгийн даатгуулагч В.Б өд ногдох 29,615,251 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг хууль ёсны өвлөгч болох Б.П д хариуцан төлөх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж М ХК-аас даатгалын нөхөн төлбөр 29,615,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.П д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /4б/

 

10. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь тухайн үеийн ипотекийн зээлтэй холбоотой даатгалд хамруулах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан журам буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд нийцсэн байх шаардлагатай бөгөөд даатгалын гэрээнд зөвхөн гэнэтийн ослоор хязгаарлаж, аливаа өвчлөлд хамаарахгүй гэж нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлсэн нь үйлчлүүлэгч буюу даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4а/

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй, гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4а,б/

 

Даатгалын гэрээний төрөл нь амь нас, эрүүл мэндийн даатгал гэж тодорхойлогдсон,

талийгаач В.Б нь цар тахал буюу коронавирус өвчний улмаас нас барсан учир түүний гэнэт нас барсантай холбоотой эрсдлийг хариуцагч хүлээх учиртай.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/02204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ