Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2021/00432

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2021/00432

Есөнбулаг сум

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт үйл ажиллагаа явуулах Бүрдмэллтай ХХК-д /РД: 2624486/ холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Б /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Я.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр орж ирсэн хөрөнгөөр хийгдэх Алтай сумын төв талбайн тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр Бүрдмэл-Алтай ХХК-ийн захирал Я.О-той 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх 11 тоот гэрээг байгуулан мөн оны 11 дүгээр сарын 22-нд санхүүжилтийн 40,000,000 төгрөгийг 100 хувь шилжүүлэн олгосон бөгөөд гэрээг 3 удаа сунгаж өгсөн ч өнөөдрийг хүртэл гэрээт ажил хийгдсэнгүй. Иймд гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээний үндсэн үнэ 40,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг Бүрдмэл Алтай ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход 24,000,000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуульд заасны дагуу алдангийн хэмжээг багасган 20,000,000 төгрөгт тооцсон болно. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь төрийн байгууллага учраас тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын хураамжаас чөлөөлж өгнө үү. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр сумын Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтээр орж ирсэн 40,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээний хороо байгуулахгүйгээр шууд хийж чадна гэж хэлээд авсан. Янз бүрийн шалтгаанаар гэрээ 3 удаа сунгагдсан. Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч ажлын даалгаварт тусгагдсан тохижилтын ажлыг 2021 оны 06 дугаар сарын дотор хүлээлгэж өгөх ёстой байсан. Хэрвээ тэр хугацаандаа хийж чадахгүй бол 40,000,000 төгрөгийг 14 хоногийн дотор 3 хувийн хүүтэйгээр манай нэмэлт санхүүжилтийн дансанд тушаана гээд гэрээ хийсэн байсан. Энэ шаардлагаа биелүүлнэ үү гэв.

Хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-ийн захирал Я.О нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед сумын Засаг дарга байсан Ц, тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга Б дарга нар надтай яриад Бүрдмэл-Алтай ХХК танайх энэ хайсны 40,000,000 төгрөгийг гэрээ хийгээд аваач ээ. 40,000,000 төгрөг буцах гээд байна мөн хайс хийх гэхээр мөнгө нь хүрэхгүй байна. Танайх өөрөө материал оруулж ирдэг, хилийн наймаа хийдэг компани учир үүнийг хийж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Би очиж үзээд Хятад түнштэйгээ яриад ийм хүсэлт ирж байна үүнийг хийх боломж байна уу? гэсэн чинь ямар ч байсан болох юм байна гэсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Тэр гэрээ нь хөгжлийн бодлогын хэлтэс рүү явж аймаг дээр ирж шийдэгддэг юм байна лээ. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний дансанд 40,000,000 төгрөг орсон. Би 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа болгож 50,830 юань буюу Монгол мөнгөөр 29,000,000 төгрөгийг Хятадын дансанд Наран Сансар ББСБ-р дамжуулж хийсэн. Тэгээд 2 метрийн өндөртэй, 3 метрийн урттай тийм хайс хийх юм, дагалдах хэрэгсэл нь 4 гэрэлтүүлэг, явган хүний зам, хайсыг 3 метр тутамд улаан тоосгоор нэг багана босгоод гоёлын хайс хийнэ гэж гэрээ хийсэн. Түүний дагуу би 10,000 ширхэг тоосго, 10 тонн цемент Хятад руу захиалсан. Тэгээд 11 дүгээр сарын 23-нд мөнгө нь ороод би 11 дүгээр сарын сүүлээр We chat-р ярихад ингэж хийж болох уу? гэж надад үзүүлсэн. Бургастайн хил 12 дугаар сарын 19-ний өдөр хаадаг. Хил хаагаад 03 дугаар сарын 01-ний өдөр хил нээхээр материалаа татаж аваад үлдсэн мөнгөө материалаа татаж аваад хүлээж аваад өгнө гэж тохирсон. Тэгээд 1 дүгээр сард ковид гараад Бургастайн хил нээгдээгүй. Түүнээс хойш нээхгүй явсаар байгаад дарга нарт нь бодит байдлаа хэлээд гэрээгээ сунгаад явсан. 2020 онд орон нутгийн сонгууль болоод сумын Засаг дарга солигдоод одоо байгаа Д.Э Засаг дарга болсон. 2020 оны 12 дугаар сард би Д.Э Засаг даргатай уулзаад гэрээ хийгээд ийм зүйл хийхээр авсан юм. Тэгсэн чинь ингээд өвчин гараад байна. Энэ асуудлыг яах вэ? гэхэд Та дахиад гэрээгээ сунга, цар тахал хамаарахгүйгээр ажлаа хийнэ гэсэн гэрээ хийнэ гэдэг гэрээг Б дарга авч ирсэн. Тэгээд тэр гэрээг хараад Хятад түншээсээ асууж байж болъё гээд Хятад түнштэйгээ холбогдоод үүнийг хийхгүй бол мөнгийг нь төл гэж байна. Хүүтэй төлөх юм байна. Тэгэхээр би алдагдалд орох юм байна. Тэгэхээр чи ямар ч байсан наад хайсаа оруулж ир. Хятадууд хэлэхдээ: 4, 5 дугаар саруудад Алтайн Хүдэр Монгол машинууд оруулж хүдэр зөөх гэж байна. Тэр зөөсөн машинаар нь буцаад сөрөг тээвэр хийе. Та ямар ч байсан болно гэж тооц гэж хэлсэн. Тэгээд би болох юм байна гээд гарын үсэг зурсан. 4, 5, 6 дугаар саруудад хил нээгдээгүй. Монголд цар тахал их байна гээд Хятад хилээ нээгээгүй. Одоо болтол хил нээлттэй байгаа. Гэхдээ наймаачдыг оруулахгүй байгаа. Тэгээд би 06 дугаар сарын 28-ны өдөр Б даргатай утсаар яриад гэрээгээ сунгамаар байна нөхцөл байдал ийм болсон гээд хэлсэн чинь би сунгахад бэлэн байна. Наад асуудлаа Засаг даргатай ярь гэсэн. Би Б даргатай 11 цагийн үед яриад Засаг даргатай 13 цагт яг цайндаа явах гэж байхад нь хаалгыг нь тогшиж ороод уулзсан. Ороод Засаг даргад бүх үнэн учраа хэлсэн. Та нар намайг мэдэж байгаа би олон жил хилээр явсан, Алтай сумын бүх нүүрс, цемент, тоосго, аж ахуй нэгжийн бүх зүйлийг хилээр зөөдөг. Та нар мэдэж байгаа гэж хэлсэн. Одоо энэ Н.Б дарга хүртэл надтай явж Засаг даргын Тамгын газрын засварын материалаа авч ирж байсан. Н.Б дарга бол миний амьдралыг бүгдийг нь мэднэ. Алтай сумын иргэдийн түлдэг нүүрс, барьдаг байшингийн тоосго, цементийг би зөөдөг. Тэгээд би энэ болохгүй байна, өвчний асуудал байгаад байна. Та бүхэн үүнийг бодолцож үзнэ үү? гэсэн. Намайг 06 дугаар сарын 28-ны өдөр уулзахад 07 дугаар сарын 01-ний өдөр хариу өгье гэсэн. Гараад би Б дарга руу яриад Засаг даргатай уулзлаа. 07 дугаар сарын 01-ний өдөр хариу өгнө гэж байна гэсэн чинь сунгах гэж байгаа юм байлгүй дээ түр хүлээж бай гэсэн. Тэгээд шийд өгөхгүй байж байтал 07 дугаар сарын 05-ны өдөр төрийн сангийн дарга И над руу утсаар яриад Засаг дарга над руу ярилаа. Бүрдмэл-Алтай ХХК-ийг шүүхэд өг, өгөхгүй бол өөрт чинь хариуцлага тооцно гэж байна. Чи Засаг даргатай яриач гэсэн. Би 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 15 минутад Засаг дарга руу залгасан. Засаг дарга утсаа аваагүй. Тэр өдөр би Засаг дарга руу 3 удаа залгасан. Утсаа авахгүй болохоор нь зурвас бичсэн. Би энэ орон нутгийн төлөө бишгүй зүйл үүрч байсан. Энэ бол хилийн асуудал. Би мөнгийг нь аваад идсэн бол намайг шүүхэд өгөх нь зөв байх. Материалаа бүрдүүлээд жин тан болоод хил дээр байна гэсэн чинь цар тахал дуусахгүй. Ямар ч байсан наад ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Тэгээд би Д.Э дарга руу дахиж зурвас бичээд надад хариу өгөөгүй. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь болж байгаа юм байлгүй дээ гээд яваад байсан. Манай эхнэр Алтай сумын Тамгын газрын Төрийн сангийн дарга хийж байсан. Д.Э Засаг дарга болоод манай эхнэрийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. 08 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэрийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр өдөр залгуулаад намайг шүүхэд өгсөн байсан. Үүнийг би Д.Э-г орон нутаг, иргэдээ бодож биш ерөөсөө өшөө авах гэж улс төрийн зорилгоор хийж байгаа ажил гэж бодож байна. Одоо Н.Б даргын хажууд Засаг дарга Д.Э дарга сууж байгаа. Би түүнийг мэдэж байна. Цаанаас нь тэгж хэл гээд шахаад сууж байгаа. Би бүх нотлох баримтаа явуулсан. Бүх үнэн учраа хэлсэн. 2019 онд миний авсан тендерүүд, хүний захиалсан захиалга бүгд баруун хил дээр гацаанд орсон байж байгаа. Миний өөрийн Хятад улсаас худалдаж авсан чиргүүл хүртэл одоо 2 жилийн хугацаанд Хятадын гаалийн хашаанд байгаа. Энэ бүхнийг бодолцож үзэх ёстой. Н.Б даргыг цаанаас нь Д.Э дарга шахаж байгаа. Би түүнийг сайн мэдэж байна. Түүнээс биш Н.Б дарга намайг сайн мэднэ. Я.О би гэрээний 2.1-д заасан надаас хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа учир уг заалтын дагуу гэрээгээ сунгах хүсэлтээ тухай бүрд нь бичгээр болон утсан холбоогоор уламжилж гэрээний сунгалтыг хийж байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар нь Бүрдмэл-Алтай ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар нь Бүрдмэл Алтай ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 дугаартай Алтай сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр 40,000,000 төгрөгийн төсвөөр сумын төвийн тохижилтын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 343.2-т ...Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна... гэж тус тус заажээ.

Дээрх гэрээгээр талууд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. Үүнд: 1. Аж цогцолборт:

-282 м2 талбайг хайсжуулах /Хайс нь улаан тоосгон суурьтай 1,2 м өндөртэй 2 м тутам баганатай гоёлын хайстай хийх/

-Цогцолбор доторх сусан оргилуурыг сэргээн засварлах

-Цогцолборын 4 талд гэрэлтүүлэг хийх

-Цогцолбор дотор 150 м явган хүний замыг зориулалтын боржураар хийх

-3 ширхэг чийрэгжүүлэлтийн төхөөрөмж суурилуулна

2. Төв талбайн 700м2 талбайг зориулалтын хавтангаар өнгөлж сэргээн засварлах гэжээ.

Хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК нь дээрх гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний төлбөр болох 40,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн төлбөрийн хүсэлт, хяналтын хуудас, Бүрдмэл-Алтай ХХК-ийн Хаан банкны 5315503706 дугаартай дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тохижилтын ажилд зориулан захиалсан гоёлын хайс нь гаалийн баталгаат агуулахаас Монгол улсын хил рүү нэвтрэх боломжгүй саатсанаас ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон гэж маргадаг болно.

Хариуцагч Я.О нь шүүх хуралдаанд ...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний дансанд 40,000,000 төгрөг орсон. Би 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа болгож 50,830 юань буюу Монгол мөнгөөр 29,000,000 төгрөгийг Хятадын дансанд Наран Сансар ББСБ-р дамжуулж хийсэн. Тэгээд 2 метрийн өндөртэй, 3 метрийн урттай тийм хайс хийх юм, дагалдах хэрэгсэл нь 4 гэрэлтүүлэг, явган хүний зам, хайсыг 3 метр тутамд улаан тоосгоор нэг багана босгоод гоёлын хайс хийнэ гэж гэрээ хийсэн. Түүний дагуу би 10,000 ширхэг тоосго, 10 тонн цемент Хятад руу захиалсан. Тэгээд 11 дүгээр сарын 23-нд мөнгө нь ороод би 11 дүгээр сарын сүүлээр We chat-р ярихад ингэж хийж болох уу? гэж надад үзүүлсэн. Бургастайн хил 12 дугаар сарын 19-ний өдөр хаадаг. Хил хаагаад 3 дугаар сарын 01-ний өдөр хил нээхээр материалаа татаж аваад үлдсэн мөнгөө материалаа татаж аваад хүлээж аваад өгнө гэж тохирсон. Тэгээд 1 дүгээр сард ковид гараад Бургастайн хил нээгдээгүй... гэж тайлбарлаж байна.

Дээрх тайлбар нь Наран сансар банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 53,930 юанийг хүлээн авагч Dai Jin Cai-д шилжүүлсэн шилжүүлгийн баримт, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Хами аймгийн Бархөл суман дахь Tiekexiwusi компани Говь-Алтай аймгийн Бүрдмэл-Алтай ХХК-тай төмөр хайс болон тоног төхөөрөмж нийлүүлэхээр харилцан тохиролцож, бид 72,280 юаниар нийлүүлэхээр зөвшөөрч 53,830 юанийн урьдчилгаа төлбөрийг Хами аймгийн Бархөл сумын Хөдөө аж ахуйн банкны 6228 4836 8091 0518 113 дансанд хүлээн авсан. Би бол тус компанийн захирал. Захиалга өгөхөөр тохиролцсон төмөр хайс болон бусад тоног төхөөрөмжийг бэлтгэж 2020 оны 03 дугаар сард Лаоеэмяо боомт нээгдэхэд хүлээлгэн өгч үлдсэн төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон... Төмөр хайс болон бусад тоног төхөөрөмжийг 2020 оны 03 сард хийж бэлэн болгоод манай компанийн Сантанху дахь гаалийн хяналтын агуулахад хадгалж байна. Шинэ төрлийн коронавирусийн өвчлөлийн улмаас хүлээлгэн өгч чадахгүй байсаар байна...Дай Жинцай... гэх баталгаат орчуулгаар нотлогдож байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 дугаартай Алтай сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээний 2.1-д Гүйцэтгэгч байгууллага гэрээний явцад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээ сунгах шаардлага гарвал гүйцэтгэгч байгууллагын хүсэлт, захиалагч байгууллагын гэрээ сунгасан албан бичгийг үндэслэж гэрээг сунгана гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Б, Бүрдмэл Алтай ХХК-ий захирал Я.Ойнбаяр нар нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх 11 тоот гэрээний дагалдах гэрээ №11-4 байгуулж, тус сумын Засаг дарга Д.Э 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэрээг баталжээ.

Уг дагалдах гэрээнд ...Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран ажлын даалгаварт заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн 2021 оны 06 сарын 20-ны дотор хүлээлгэн өгөх, хэрвээ энэ хугацаа хэтэрвэл санхүүжүүлсэн 40,0 сая төгрөгийг мөнгө авсан өдрөөс эхлэн тооцож сарын 3 хувийн хүүтэйгээр эргүүлэн 14 хоногийн дотор ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн 100050255405 тоот дансанд байршуулсан байна... гэж тохиролцжээ. Мөн үндсэн гэрээ болох 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 дугаартай Алтай сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх гэрээ-ний 2.2-т Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бол үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутам 0,2%-ийн /0.5%-иас ихгүй байх/ алданги тооцно гэж заажээ.

Хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК нь гэрээний сунгасан хугацаа буюу 2021 оны 06 сарын 20-ны дотор ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй бөгөөд талууд энэ талаар маргадаггүй болно.

Хариуцагч нь дээрх хугацаанд ажлыг хүлээлгэн өгөх боломжгүй байгаа талаар нэхэмжлэгч талд утсаар мэдэгдсэн гэж тайлбарлан өөрийн 9901**** дугаарын 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч дахин гэрээний хугацааг сунгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрээний хугацаа дахин сунгагдаагүй, түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх 11 тоот гэрээний дагалдах гэрээ №11-4-т талууд ....Цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран ажлын даалгаварт заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн 2021 оны 06 сарын 20-ны дотор хүлээлгэн өгөх... гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 40,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээгээр анз тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газар нь хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг гаргуулахаар мөн шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-ийн хугацаа хэтрүүлсэн явдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын хилээ хаасантай холбоотойгоор үүссэн хүндэтгэн үзэх шалтгаантай байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж зааснаар шүүх алдангийн хэмжээг 50% багасгаж, 10,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг хариуцагч Бүрдмэл-Алтай ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ