Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 215/МА2022/00006

 

Говь-Алтай аймгийн А сумын

ЗДТГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2021/00432 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн А сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн А сумын Баян-Овоо багт үйл ажиллагаа явуулах “Б-А” ХХК-д /РД: 26244.../ холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Б /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн А сумын ЗДТГ-ын дарга Н.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтээр орж ирсэн хөрөнгөөр хийгдэх А сумын төв талбайн тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Б-А” ХХК-ий захирал Я.О-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх 11 тоот гэрээг байгуулан мөн оны 11 дүгээр сарын 22-нд санхүүжилтийн 40.000.000 төгрөгийг 100 хувь шилжүүлэн олгосон бөгөөд гэрээг 3 удаа сунгаж өгсөн ч өнөөдрийг хүртэл гэрээт ажил хийгдсэнгүй. Иймд гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээний үндсэн үнэ 40.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг “Б-А” ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход 24.000.000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуульд заасны дагуу алдангийн хэмжээг багасган 20.000.000 төгрөгт тооцсон болно. Говь-Алтай аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн байгууллага учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтээр орж ирсэн 40.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үнэлгээний хороо байгуулахгүйгээр шууд хийж чадна гэж хэлээд авсан. Янз бүрийн шалтгаанаар гэрээ 3 удаа сунгагдсан. Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч ажлын даалгаварт тусгагдсан тохижилтын ажлыг 2021 оны 6 дугаар сарын дотор хүлээлгэж өгөх ёстой байсан. Хэрвээ тэр хугацаандаа хийж чадахгүй бол 40.000.000 төгрөгийг 14 хоногийн дотор 3 хувийн хүүтэйгээр манай нэмэлт санхүүжилтийн дансанд тушаана гээд гэрээ хийсэн байсан. Энэ шаардлагаа биелүүлнэ үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Хариуцагч “Б-А” ХХК-ий захирал Я.О нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тухайн үед сумын Засаг дарга байсан Д.Ц, тухайн үеийн ЗДТГ-ын дарга Т.Б дарга нар надтай яриад “Б-А” ХХК танайх энэ хайсны 40.000.000 төгрөгийг гэрээ хийгээд аваач ээ. 40.000.000 төгрөг буцах гээд байна мөн хайс хийх гэхээр мөнгө нь хүрэхгүй байна. Танайх өөрөө материал оруулж ирдэг, хилийн наймаа хийдэг компани учир үүнийг хийж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Би очиж үзээд Хятад түнштэйгээ яриад ийм хүсэлт ирж байна үүнийг хийх боломж байна уу? гэсэн чинь ямар ч байсан болох юм байна гэсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Тэр гэрээ нь Хөгжлийн бодлогын хэлтэс рүү явж аймаг дээр ирж шийдэгддэг юм байна лээ. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний дансанд 40.000.000 төгрөг орсон. Би 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа болгож 50.830 юань буюу Монгол мөнгөөр 29.000.000 төгрөгийг Хятадын дансанд Н С ББСБ-аар дамжуулж хийсэн. Тэгээд 2 метрийн өндөртэй, 3 метрийн урттай тийм хайс хийх юм, дагалдах хэрэгсэл нь 4 гэрэлтүүлэг, явган хүний зам, хайсыг 3 метр тутамд улаан тоосгоор нэг багана босгоод гоёлын хайс хийнэ гэж гэрээ хийсэн. Түүний дагуу би 10.000 ширхэг тоосго, 10 тонн цемент Хятад руу захиалсан. Тэгээд 11 дүгээр сарын 23-нд мөнгө нь ороод би 11 дүгээр сарын сүүлээр We chat-р ярихад ингэж хийж болох уу? гэж надад үзүүлсэн. Бургастайн хил 12 дугаар сарын 19-ний өдөр хаадаг. Хил хаагаад 03 дугаар сарын 01-ний өдөр хил нээхээр материалаа татаж аваад үлдсэн мөнгөө материалаа татаж аваад хүлээж аваад өгнө гэж тохирсон. Тэгээд 1 дүгээр сард ковид гараад Бургастайн хил нээгдээгүй. Түүнээс хойш нээхгүй явсаар байгаад дарга нарт нь бодит байдлаа хэлээд гэрээгээ сунгаад явсан. 2020 онд орон нутгийн сонгууль болоод сумын Засаг дарга солигдоод одоо байгаа Д.Э Засаг дарга болсон. 2020 оны 12 дугаар сард би Д.Э Засаг даргатай уулзаад гэрээ хийгээд ийм зүйл хийхээр авсан юм. Тэгсэн чинь ингээд өвчин гараад байна. Энэ асуудлыг яах вэ? гэхэд та дахиад гэрээгээ сунга, цар тахал хамаарахгүйгээр ажлаа хийнэ гэсэн гэрээ хийнэ гэдэг гэрээг Т.Б дарга авч ирсэн. Тэгээд тэр гэрээг хараад Хятад түншээсээ асууж байж болъё гээд Хятад түнштэйгээ холбогдоод үүнийг хийхгүй бол мөнгийг нь төл гэж байна. Хүүтэй төлөх юм байна. Тэгэхээр би алдагдалд орох юм байна. Тэгэхээр чи ямар ч байсан наад хайсаа оруулж ир. Хятадууд хэлэхдээ: 4, 5 дугаар саруудад “Алтайн-Хүдэр” монгол машинууд оруулж хүдэр зөөх гэж байна. Тэр зөөсөн машинаар нь буцаад сөрөг тээвэр хийе. Та ямар ч байсан болно гэж тооц гэж хэлсэн. Тэгээд би болох юм байна гээд гарын үсэг зурсан. 4, 5, 6 дугаар саруудад хил нээгдээгүй. Монголд цар тахал их байна гээд Хятад хилээ нээгээгүй. Одоо болтол хил нээлттэй байгаа. Гэхдээ наймаачдыг оруулахгүй байгаа. Тэгээд би 06 дугаар сарын 28-ны өдөр Т.Б даргатай утсаар яриад гэрээгээ сунгамаар байна нөхцөл байдал ийм болсон гээд хэлсэн чинь би сунгахад бэлэн байна. Наад асуудлаа Засаг даргатай ярь гэсэн. Би Т.Б даргатай 11 цагийн үед яриад Засаг даргатай 13 цагт яг цайндаа явах гэж байхад нь хаалгыг нь тогшиж ороод уулзсан. Ороод Засаг даргад бүх үнэн учраа хэлсэн. Та нар намайг мэдэж байгаа би олон жил хилээр явсан, А сумын бүх нүүрс, цемент, тоосго, аж ахуй нэгжийн бүх зүйлийг хилээр зөөдөг. Та нар мэдэж байгаа гэж хэлсэн. Одоо энэ Н.Б дарга хүртэл надтай явж ЗДТГ засварын материалаа авч ирж байсан. Н.Б дарга бол миний амьдралыг бүгдийг нь мэднэ. А сумын иргэдийн түлдэг нүүрс, барьдаг байшингийн тоосго, цементийг би зөөдөг. Тэгээд би энэ болохгүй байна, өвчний асуудал байгаад байна. Та бүхэн үүнийг бодолцож үзнэ үү? гэсэн. Намайг 06 дугаар сарын 28-ны өдөр уулзахад 07 дугаар сарын 01-ний өдөр хариу өгье гэсэн. Гараад би Т.Б дарга руу яриад Засаг даргатай уулзлаа. 7 дугаар сарын 01-ний өдөр хариу өгнө гэж байна гэсэн чинь сунгах гэж байгаа юм байлгүй дээ түр хүлээж бай гэсэн. Тэгээд шийд өгөхгүй байж байтал 7 дугаар сарын 5-ны өдөр төрийн сангийн дарга И над руу утсаар яриад Засаг дарга над руу ярилаа. “Б-А” ХХК-ийг шүүхэд өг, өгөхгүй бол өөрт чинь хариуцлага тооцно гэж байна. Чи Засаг даргатай яриач гэсэн. Би 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цаг 15 минутад Засаг дарга руу залгасан. Засаг дарга утсаа аваагүй. Тэр өдөр би Засаг дарга руу 3 удаа залгасан. Утсаа авахгүй болохоор нь зурвас бичсэн. Би энэ орон нутгийн төлөө бишгүй зүйл үүрч байсан. Энэ бол хилийн асуудал. Би мөнгийг нь аваад идсэн бол намайг шүүхэд өгөх нь зөв байх. Материалаа бүрдүүлээд жин тан болоод хил дээр байна гэсэн чинь цар тахал дуусахгүй. Ямар ч байсан наад ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Тэгээд би Д.Э дарга руу дахиж зурвас бичээд надад хариу өгөөгүй. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь болж байгаа юм байлгүй дээ гээд яваад байсан. Манай эхнэр А сумын Тамгын газрын Төрийн сангийн дарга хийж байсан. Д.Э Засаг дарга болоод манай эхнэрийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. 8 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэрийн анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр өдөр залгуулаад намайг шүүхэд өгсөн байсан. Үүнийг би Д.Э-ыг орон нутаг, иргэдээ бодож биш ерөөсөө өшөө авах гэж улс төрийн зорилгоор хийж байгаа ажил гэж бодож байна. Одоо Н.Б даргын хажууд Засаг дарга Д.Э дарга сууж байгаа. Би түүнийг мэдэж байна. Цаанаас нь тэгж хэл гээд шахаад сууж байгаа. Би бүх нотлох баримтаа явуулсан. Бүх үнэн учраа хэлсэн. 2019 онд миний авсан тендерүүд, хүний захиалсан захиалга бүгд баруун хил дээр гацаанд орсон байж байгаа. Миний өөрийн Хятад улсаас худалдаж авсан чиргүүл хүртэл одоо 2 жилийн хугацаанд Хятадын гаалийн хашаанд байгаа. Энэ бүхнийг бодолцож үзэх ёстой. Н.Б даргыг цаанаас нь Д.Э дарга шахаж байгаа. Би түүнийг сайн мэдэж байна. Түүнээс биш Н.Б дарга намайг сайн мэднэ. Я.О би гэрээний 2.1-д заасан надаас хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа учир уг заалтын дагуу гэрээгээ сунгах хүсэлтээ тухай бүрд нь бичгээр болон утсан холбоогоор уламжилж гэрээний сунгалтыг хийж байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б-А” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 50.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 407.950 төгрөгийг хариуцагч “Б-А” ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

 

Хариуцагчийн төлөөлөгч Я.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Говь-Алтай аймгийн “Б-А” ХХК-ий төлөөлөгч, захирал ажилтай Я.О би Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 133/ШШ2021/00432 тоот шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, хуульд заасан шаардлага хангаагүй, бүрдүүлбэр дутуу нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 62 дугаар зүйлийн 62.1, 65 дугаар зүйлийн 65.11, 116 дугаар зүйлийн 116.2, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3, 58.3.4, 220 дугаар зүйлийн 220.1,2,3, 221 дүгээр зүйлийн 221.1.2, 222 дугаар зүйлтийн 222.2, 225 дугаар зүйлийн 225.2, 348 дугаар зүйлийн 348.2, 350 дугаар зүйлийн 350.1-Б, 366 дугаар зүйлийн 366.1 дэх заалтууд, мөн короновируст халдвар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлж тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.14, 7.1.19, 7.1.27, 7.1.28, 7.1.29, 7.1.33, 10 дугаар зүйлийн 10.7, 10.8, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.2, 11.1.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.7, 10.4.16, 10.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дээрх 2 хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй зөвхөн Иргэний хууль хэрэглэж шийдвэр гаргасан тул гомдолтой байна.

 

Мөн уг нэхэмжлэлийг цаг үеийн нөхцөл байдлаа харгалзаж үзэлгүй албан тушаалын, намын харьяалал, улс төржиж, өс хонзонгоор гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэх байна гэдгийг би тодорхой тайлбарласаар байтал хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн би сумын Засаг даргатай гэрээ хийгээгүй Тамгын газрын дарга Т.Б-тэй гэрээ хийсэн. Т.Б дарга надад Засаг даргатай уулз гэсэн. Тэгэхээр нь би Засаг даргатай гэрээ хийгээгүй өөртөө чинь ярьж тохироод гэрээгээ сунгаж болохгүй юу гэтэл миний зүгээс бодит байдал шалтгаан нөхцлийг мэдэж байгаа тул татгалзах зүйлгүй гэсэн. Гэхдээ би Засаг даргатай уулзъя гээд Засаг даргатай уулзахад 2021 оны 07 сарын 01 гэхэд хариу өгье явж бай гэсэн тул Засаг даргын өрөөнөөс гараад Т.Б даргад хэлсэн үгийг нь дамжуултал дарга сунгая гэж байгаа юм байна би ч гэсэн тийм бодолтой байна та явж бай гэсэн. Тэгэхээр нь би та нар өмнөх сунгасан гэрээг 2021 оны 5, 6 сард цар тахал гайгүй болоод хил нээгдчихнэ гэсээр байгаад цар тахал өвчнөөс хамаарахгүйгээр уг гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэх боломжтой гэсээр байгаад төөрөгдөлд оруулж уг заалтыг оруулсан.

 

Гэтэл одоо өвчний байдал улам нэмэгдэж хил гаалийн хорио цээр тодорхойгүй хугацаагаар улам чангараад хаачихлаа. Өмнөх алдаагаа дахиад давтахгүйгээр гэрээгээ өөрчлөөд сунгая гэтэл Т.Б дарга “Харин тиймээ, өмнөх гэрээний өөрчлөлт бидний бодож төлөвлөснөөс өөрөөр эргэчихлээ. Иймд өмнөх алдаагаа засаад бодит байдал, хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзээд гэрээгээ сунгах бодолтой байна” хариу өгье явж бай гэсэн. Гэтэл 2021 оны 06, 07, 08, 09, 10 дугаар саруудад өвчлөлийн тархац өндөр болсон тул ихэнхи байгууллага, аж ахуйн нэгж төрийн үйлчилгээ цар тахлын дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28-д заасан: Цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглаж цахим хэлбэрээр үзүүлэх, 7.1.29-д заасан: Төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж байгаа юм байна гэж ойлгосон.

 

Мөн надтай гэрээ байгуулсан ЗДТГ дарга Т.Б манай “Б-А” ХХК-ий 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ сунгуулах албан тоотод хариу өгөөгүй тул би гэрээгээ сунгасан гэж бодоод яваад байсан. Гэтэл Санхүү албаны дарга И 2021 оны 07 дугаар сарын 05-нд над руу утсаар яриад Засаг дарга “Б-А” ХХК-ийг шүүхэд өг, өгөхгүй бол өөрт чинь хариуцлага хүлээлгэнэ гээд байна чи Засаг даргатай ярь гэхээр нь ярих гээд 3 удаа залгаад утсаа авахгүй болохоор нь аргаа бараад мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Тэгэхээр нь би Иргэний хуулийн 43.1.3-т зааснаар гэрээ сунгагдсанд тооцсон. Мөн шүүх бүрэлдэхүүн дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний улмаас нөхцөл байдал ямар байсныг үнэлэлгүй нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

 

“Б-А” ХХК-ий захирал, төлөөлөгчийн хувьд гэрээний 2.1-д заасан хүндэтгэн үзэх цар тахал өвчний хорио цээр, хил хаасантай холбоотой гэрээний үүрэг биелэгдээгүй байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг хангаж, бүр алданги тооцсонд харамсаж байна. Коронавируст халдвар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д: Цар тахлын үед хорио цээр хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх гэж хуульчилж өгсөн байхад ямар нөхцөлд байгаагаа мэдэх Засаг дарга гэрээг сунгах нөхцөл байдлыг мэдсээр байж дарамталж, нэг талын хүсэл зорилгоо илэрхийлсэн гэрээг хийж хүчээр хил нээгдэнэ гэж төөрөгдөлд оруулан хуурч мэхэлж гэрээ хийсэн. Мөн би ч хятад түнштэйгээ ярихад болох байх гэж хэлснээс төөрөгдөлд орж гэрээг сунгахад хүрсэн гэдгээ хэлсээр байтал дээрх хуулийн “дэмжлэг үзүүлэх“ гэсэн заалт зөрчигдсөн болно.

 

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.14 дүгээр заалтаар: Шаардлагатай барааг улсын хилээр гаргахыг хориглох,

7.1.19-д заасан: Улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх,

7.1.27-д заасан: Хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөх,

7.1.33-т заасан: Цар тахлын үед зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг л улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах

10 дугаар зүйлийн 10.7, 10.8-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгах, хүүгийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах гэсэн заалтууд зөрчигдсөн тул уг шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл гэж үзэж байна.

“Б-А” ХХК нь энэ хуулийн дээрх заалтуудаар улсын хилээр бараа оруулах, гаргахыг хориглосон тул яаж төмөр хайс, цемент, тоосго зэргээ оруулж ирэх вэ ?

- Тээврийн хэрэгсэл, зорчигч, ачаа барааг нэвтрүүлэхийг тодорхой хугацаанд хязгаарлалт хийсэн байхад яаж зорчих вэ?

- Дэглэм сунгах хүртэл хугацаагаа сунгасан байхад яаж үүнийг зөрчих вэ?

Мөн шүүх хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөл гэсэн хууль гарсаар байтал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж 10,0 сая төгрөгийн алданги гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай “Б-А” ХХК-ий ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хуульчилж өгсөн байхад хэрэгжүүлээгүй харин ч алданги тооцож, захиалсан материал нь БНХАУ-ын Хами аймгийн Сантанхуа боомтын гаалийн баталгаат агуулахад байгааг мэдсээр байж ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүргийг биелүүл гэж шахалт дарамт үзүүлж, шүүхэд хандаж байгаа нь ажил гүйцэтгүүлэгч дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

 

Миний бодлоор дээрх хуулиудаар бол гэрээний хугацааг хорио цээр тавигдаж хил худалдаа хэвийн болтол сунгах, алданги тооцохгүй байх, аж ахуй нэгжүүдийнхээ хэвийн үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэхээр хуульчилж өгч төрөөс дэмжсээр байтал харин ч эсрэг ажиллаж төрд эсрэгээр хандаж төрийн нэрийн өмнөөс түүнийг нь хууль зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрөөс дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчнийг харгалзаад аж ахуйн нэгж, айл, өрхийг гэрэл цахилгаан, дулаан, хогны мөнгийг чөлөөлсөөр байтал хариуцагч “Б-А” ХХК-д эсрэгээр үйлчилсэнд гомдолтой байна.

 

Мөн хариуцагчийн хувьд Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.7-д заасан: Хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах

10.4.16-д заасан: ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд “түр хугацаагаар зогсоох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл Бургастай боомтын хилээр ачаа бараа оруулахгүй аж ахуйн нэгж, иргэд худалдаа хийхгүй хязгаарласан хориотой хэвээр байгаа болно. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.9, Цар тахлын тухай хуулийн 11.13.13 дээрх хуулиудад эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавигдах шаардлага нь:

- Хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой, хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс нийгмийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байна гэсэн байгаа.

Гэтэл нэхэмжлэгч хэтэрхий нэг талыг барьсан, хууль зөрчсөн, шахалт дарамт үзүүлсэн, улс төржсөн, намчирхсан, өс хонзон санасан, аж ахуйн нэгж, иргэний нэр төр, эрх чөлөөнд халдсан, дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчний өмнө бүхэл бүтэн дэлхийн улс орнууд хүчин мөхөсдөж байгаа онцгой нөхцөл байдлыг мэдсээр, үзсээр, харсаар байж хуулийг гууль болгож уландаа гишгэсэнд гомдолтой байна.

“Б-А” ХХК-ий хувьд уг төслийн мөнгийг гэрээний дагуу л зохих байгууллагатай гэрээ хийгээд захиалгаа өгөөд бэлэн болгочихсон өөрөөс хамааралгүй шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлээгүйд хүрсэн. Энэ байдлуудаа ч хавтаст хэрэгт нотолсон учир холбогдох хуулиудын заалтуудыг зөрчсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 133/ШШ2021/00432 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг үндэслэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар нь тус суманд байрлах “Б-А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар болон “Б-А” ХХК-ий хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал болох “Б-А” ХХК нь А сумын төв талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал болох А сумын Засаг даргын Тамгын газар нь 40.000.000 төгрөгийг санхүүжилтээр гүйцэтгэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтыг тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд энэ гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж мөн хуулийн 343.2 дахь хэсэгт заажээ.

 

Гэрээнд зааснаар хариуцагч “Б-А” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний төлбөр болох 40.000.000 төгрөгийг захиалагч талаас хүлээн авч гэрээний дагуу зарим материалын үнэнд БНХАУ-ын Хами аймгийн Бархөл суман дахь хөршийн дансанд урьдчилгаа болгон 50.830 юань буюу монгол мөнгөөр 29.000.000 төгрөгийг шилжүүлж захиалсан материалаа авч чадалгүй дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч улмаар хил хаагдсанаас болоод ажлаа гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага 40.000.000 төгрөг нь орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө учраас А сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэх эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтаар тухайн үед аймгийн Засаг дарга нь эрхээ шилжүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд цаг үеийн нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг сунгах шаардлага гарвал гүйцэтгэгч байгууллагын хүсэлт, захиалагчийн гэрээ сунгасан албан бичгийг үндэслэн гэрээг сунгана гэж тохиролцсоны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг сунгаж дагалдах гэрээг баталсан байна.

 

Уг дагалдах гэрээгээр гэрээт ажил “...Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх, хэрвээ энэ хугацаа хэтэрвэл санхүүжүүлсэн 40.000.000 төгрөгийг мөнгө олгосон өдрөөс эхлэн 3 хувийн хүүтэйгээр 14 хоногийн дотор сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтын дансанд байршуулсан байна...” гэж тохиролцоод 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т гэрээт хугацаанд гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бол үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутамд 0.2 хувийн /0.5 хувиас ихгүй байх/ алданги тооцно гэж заасан байна.

 

Ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дахин сунгагдаагүй, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан дагалдах гэрээний дагуу “...цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран ажлын даалгаварт заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэн 2021 оны 6 дугаар сарын 20-ны дотор хүлээлгэн өгнө...” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч А сумын Засаг даргын Тамгын газар нь гэрээний дагуу шилжүүлсэн 40.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Мөн ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээгээр анз тооцохоор заасан байх тул хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг мөн шаардах эрхтэй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б-А” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 40.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сард хил хаагаад 2021 оны 3 дугаар сард хил нээгдэхээр материалаа татаж авахаар Хятад улсын Бархөл сум дахь түнштэйгээ тохиролцсон боловч тэр үеэс хойш Ковид-19 цар тахлын улмаас хил нээгдээгүй учраас гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй өөрөөр хэлбэл давагдашгүй хүчний шинжтэй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолд Засгийн газрын 2020 оны 177 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж Бургастайн боомтоор бараа нэвтрүүлэх хязгаарлалтыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан байна. Тиймээс хариуцагчийн энэ хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлж чадаагүй гэх татгалзлын үндэслэл нотлогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2021/00432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                          ШҮҮГЧИД                            Ш.Б

 

                                                                              Т.Ж