Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2109

 

 

 “Б-1” СӨХ-ны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б-1” СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Д-т холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 666 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Б-1” СӨХ нь 2015 оны 02 дугаар сард гэрчилгээгээ хүлээж аваад 2015 оны 6 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Буянт-Ухаа-1 Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах 726 дугаар байрны 20 тоотод оршин суух иргэн Г.Д нь 2015 оны 6 сараас 2015 оны 12 сар, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 сар, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засар үйлчилгээний төлбөрөө төлөхгүй, удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 666 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь хууль ёсны дагуу байгуулагдсан учир гэрчилгээ олгосон бөгөөд хариуцагчийн оршин сууж байгаа орон сууц нь тус сууц өмчлөгчдийн холбоонд харъяалагдаж байгаа учир тэрээр төлбөрөө төлөх үүрэгтэй. Хан-Уул дүүрэг болон Төрийн орон сууцны корпорациас ирж шалгаад ямар нэгэн зөрчил илрээгүй тул хариуцагчийн тус сууц өмчлөгчдийн холбоо нь хууль бусаар байгуулагдсан, оршин суугчдын дийлэнх олонхын санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б-1” СӨХ гэх байгууллага нь хууль бусаар буюу нийт оршин суугчдын дийлэнх олонхын дэмжлэг аваагүй гэж үзэж байгаа учир тус байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус юм. Дээрх мөнгийг буюу нэхэмжилж буй мөнгийг иргэн Г.Д-с нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Долгороос 666 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Буянт-Ухаа-1 СӨХ-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-с улсын тэмдэгтийн хураамжинд 20 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна." гэж заасан байх ба Л.Б миний бие хариуцагч Т.Д-г хуулийн ёсны шаардлага хангасан итгэмжлэлийн үндсэн дээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа хэргийн зохигч мөн юм. Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцаж байсан ба хэдийгээр шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй ч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "Монгол улсын иргэн нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай эдэлнэ" гэж заасны дагуу өмгөөлөгчөөр хангуулах хүсэлтийг бичгээр шүүхэд хүргүүлсэн болно. Гэвч анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй мөн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Б-1” СӨХ нь хариуцагч Т.Д-т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 666 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг холбоог  байгуулахдаа хууль бусаар буюу нийт оршин суугчдын дийлэнх олонхын дэмжлэг аваагүй тул үйл ажиллагаа нь хууль бус, нэхэмжилж буй мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан байна. Мөн дээрх хуульд зааснаар “сууц өмчлөгч” гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дах сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх юм.

 

Иймээс тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний засварыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй байна.

 

“Сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг тогтоох бөгөөд дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх”-ээр дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.2, 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч холбооны бүх гишүүдийн хурлын 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг сард айлаас авах 1 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 19 600 төгрөг байхаар тогтоосон байх ба төлбөрт засвар үйлчилгээ 3 900 төгрөг, лифт 3 800 төгрөг, жижүүр 3 800 төгрөг, цэвэрлэгээ 6 000 төгрөг, хог 2 000 төгрөг, баримтын үнэ 100 төгрөг, нийт 19 600 төгрөг болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч Г.Д нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нэхэмжлэгч холбоонд хамаарах 728 дугаар байрны 20 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал тогтоогдсонгүй. 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны 34 сарын төлбөр 666 400 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 3 дахь талд авагдсан “Б-1” СӨХ-ны  тайлан гэх бичгийн баримт болон талуудын тайлбар тогтоогджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч “Б-1” СӨХ-г нийт оршин суугчдын дийлэнх олонхийн дэмжлэг авч байгуулагдаагүй тул тус сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хууль бус гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул түүний татгалзал үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Т.Д-с 666 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б-1” СӨХ-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч авах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ. Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.   

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ