Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1852

 

 

 

 

 

 

     2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01852

               Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 709 дүгээр байрны 10 давхарт байрлах “Буянт-Ухаа-1” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороолол, 726 дугаар байрны 20 тоотод оршин суух И овогт Т-ын Д /РД: /-т холбогдох,

        дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 666.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1”СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Болд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай “Буянт-Ухаа-1” СӨХ нь 2015 оны 02 дугаар сард гэрчилгээгээ хүлээж аваад 2015 оны 06 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Буянт-Ухаа-1” СӨХ-нд хамаарах 726 дугаар байрны 20 тоотод оршин суух иргэн Г.Д нь 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 12 сар, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 сар, 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 сар, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засар үйлчилгээний төлбөрөө төлөхгүй, удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 666.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тус СӨХ нь хууль ёсны дагуу байгуулагдсан учир гэрчилгээ олгосон бөгөөд хариуцагчийн оршин сууж байгаа орон сууц нь тус СӨХ-нд харъяалагдаж байгаа учир тэрээр төлбөрөө төлөх үүрэгтэй. Хан-Уул дүүрэг болон Төрийн орон сууцны корпорациас ирж шалгаад ямар нэгэн зөрчил илрээгүй тул хариуцагчийн тус СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, оршин суугчдын дийлэнх олонхын санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Л.Батмөнх шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Буянт-Ухаа-1”СӨХ гэх байгууллага нь хууль бусаар буюу нийт оршин суугчдын дийлэнх олонхын дэмжлэг аваагүй гэж үзэж байгаа учир тус байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус юм. Иймд дээрх мөнгийг буюу нэхэмжилж буй мөнгийг иргэн Г.Доос нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Л.Батмөнхөд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1” СӨХ нь хариуцагч Г.Доос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 666.400 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.   

            Хариуцагч Г.Д нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа-1” СӨХ-нд хамаарах 728 дугаар байрны 20 тоот ошрон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны 34 сарын төлбөр 666.400 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  /хх-3/

            “Буянт-Ухаа-1”СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор нэг сард айлаас авах 1 сарын СӨХ-ны төлбөрийг 19.600 төгрөг байхаар тогтоосон байх ба энэхүү нэг сарын 19.600 төгрөгийн төлбөрт засвар үйлчилгээ 3900 төгрөг, лифт 3800 төгрөг, жижүүр 3800 төгрөг, цэвэрлэгээ 6000 төгрөг, хог 2000 төгрөг, баримтын үнэ 100 тус тус багтдаг болох нь дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтаар нотлогдож байна.

            Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1”СӨХ-г нийт оршин суугчдын дийлэнх олонхийн дэмжлэг авч байгуулагдаагүй тул тус СӨХ-ны үйл ажиллагааг хууль бус гэсэн үндэслэлээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөхөөс татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэх шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагчийн “Буянт-Ухаа-1”СӨХ нь нийт оршин суугчдын дийлэнх олонхын санал авч байгуулагдаагүй гэх тайлбар холбогдох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, тайлбараа  өөрөө нотолж, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

         Иймд хариуцагч Г.Д нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй тул түүнээс нэхэмжлэгч байгууллагын шаардсан 666.400 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.        

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 20.550 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Доос 666.400 /зургаан зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1” СӨХ-нд олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Доос улсын тэмдэгтийн хураамжинд 20.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Буянт-Ухаа-1”СӨХ-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР