Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0140

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Магнайдисковери” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5-д заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “Магнайдисковери” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн  шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шинэ акт гаргаагүй бол “Магнайдисковери” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 тоот мэдэгдэл, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийн “Магнайдисковери” ХХК-д холбогдох хэсэг /захиргааны акт/ хүчингүй болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд” оролцуулна” гэж заасны дагуу шүүхээс тодруулах ажиллагааг хийх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргаанд гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэжээ.

Үүнийг дараах баримтаар үгүйсгэж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Магнайдисковери” ХХК-ийн гаргасан өргөдлийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Алтай нэртэй 3169.31 гектар талбайд бүхэлд нь  “Ай Ай Жэй Эй Эй” ХХК 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 16:27 минутад хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна.

Тухайн өргөдөл нь хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа бөгөөд Засаг даргаас санал авахаар албан тоот хүргүүлсэн байгаа.

Өргөдөл гаргагч “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй тул гуравдагч  этгээдээр татан оролцуулах ёстой байсан.

Хариуцагчийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/2461 дүгээр албан тоотод энэ тухай тодорхой бичсэн атал анхан шатны шүүх “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, мөн нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1, 121.3.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Магнайдисковери” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь “Алтай” нэртэй 3169.31 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025216 дугаар өргөдөл гаргасныг хариуцагчаас “...Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн...” гэсэн үндэслэлээр 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 378 дугаартай шийдвэр гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 6/3700 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлжээ.

Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Магнайдисковери” ХХК-иас Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан 01 дугаартай албан бичгээр NE-025216 дугаартай өргөдлийг дахин авч хэлэлцэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүсжээ. Энэхүү хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 290 дүгээр саналаар дээрх өргөдлийн бүртгэлийн NE-025216 дугаарт бүртгэгдсэн “Алтай” нэртэй 3169.31 гектар талбайд “Магнайдисковери” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Иймд нэхэмжлэгч компаниас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад хандан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор хүсэлт гарган холбогдох бичиг баримт, хурлын тэмдэглэлийг авч шийдвэрлэж өгнө үү” гэж А/02 дугаартай албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичгийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар албан бичгээр “боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгчээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандаж “...Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг, “Алтай” нэртэй газарт 3169.31 гектар талбайд хайгуулын зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон эсэх талаарх лавлагаа...”-г хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1/4432, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1/4569 дугаартай албан бичгүүдийг Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлжээ. Уг албан бичгүүдийн хариу болгож ирүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6/2611 дугаар албан бичигт “...Дээрх талбайд “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргажээ. Уг өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуульд заасан ажиллагааг хийж байна...” гэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4458 дугаар захирамжаар хүсэлтийг хариуцагчаас “Ай Ай Жэй Эй Эй ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон эсэх талаар лавлагаа авсны дараа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1/13384 дугаар албан бичгээр “Ай Ай Жэй Эй” ХХК-иас гаргасан Х201506221953 дугаартай өргөдлийг шийдвэрлэсэн эсэх, уг өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эсэх тухай лавлагаа авахад хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7/2461 дугаар албан бичгээр “...“Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийн ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар дээр дурдсан талбайд “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй байна” гэсэн хариу өгчээ. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн “Ай Ай Жэй Эй Эй” ХХК-ийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь “Ай Ай Жэй Эй” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбайд буюу Говь-Алтай аймгийн Алтай сумын “Өндөр” нэртэй /солбицолын цэгүүд ижил/ 3169.31 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-026037 дугаартай өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдлийг хариуцагч эцэслэн шийдвэрлээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу “Ай Ай Жэй Эй” ХХК-ийн гуравдагч этгээдээр татан оролцуулж, тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг дахин тодруулсны дараа хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх ёстой байжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбатын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/5847 дугаартай албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн байна. Уг албан бичигт нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байх, тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг хариуцагчид мэдэгджээ. Зүй нь анхан шатны шүүх дээрх хүсэлтийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх ёстой байсныг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР