Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0252/з |
Дугаар | 420 |
Огноо | 2017-10-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 420
“О н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0605 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “О н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаэр зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "О н" ХХК-ийн "Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн "Б с" хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг "О н" ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0605 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр маргаж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн “Б С” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01665 дугаар захирамжаар "О н" ХХК-ийг өмчлөгчөөр тогтоолгохыг “М к” ХХК, “Э К А” ХХК-иуд хүлээн зөвшөөрч, эвлэрсэн болно.
2. Нэгэнт үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар өмчилж байсан “М к” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан “Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг зөрчиж байна гэж үзэж байна.
3. Улсын бүртгэлийн байгууллага дээрх эд хөрөнгийг “М к” ХХК-ийн өмчлөлд бүртгэхдээ түүний эд хөрөнгө мөн эсэхийг тогтоох ёстой үүргээ биелүүлээгүй нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1.5 дахь хэсгийг зөрчсөн.
4. “О н” ХХК нь “М к” ХХК болон “К б” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй болох нь илтэд тодорхой байхад Улсын бүригэлийн Төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа нь илтэд хууль бус гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “О н” ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б С” хотхоны 44Б байрны 24 тоот орон сууцыг тус компанийн нэр дээр бүртгэх, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.
Анх 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Өр шилжүүлэх гурван талын гэрээгээр маргаан бүхий орон сууцыг “М К А” ХХК-д шилжүүлэхээр болж, улмаар “М К А” ХХК-иас нэхэмжлэгч хуулийн этгээд худалдан авахаар, дараа нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Ч.Б-д олгохоор тохиролцсон байх бөгөөд энэхүү асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Тодруулбал, Ч.Б нь “М К А” ХХК болон “М к” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээг байгуулж, дээрх орон сууцыг “М К А” ХХК-иас иргэн Ч.Б-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцож байжээ.
“М к” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44б дугаартай, .... мкв талбайтай, 55%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан бөгөөд "К б", “С э э э” ХХК нарын хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 дугаар Зээлийн барьцааны гэрээгээр, “М к” ХХК-ийн өмчлөлийн дуусаагүй барилгыг зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан байна.
Мөн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас К б, нөгөө талаас “М к” ХХК, “С э э э” ХХК-ийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Зээлийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөд 44Б байрны 24 тоот орон сууц барьцаалагджээ.
Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий орон сууцыг “М к” ХХК-иас шилжүүлэн авах үед тухайн орон сууц нь зээлийн гэрээний барьцааны зүйл байсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох, эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байхаар заасан.
Иймээс нэгэнт барьцааны зүйл болж улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцыг гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “манай компани К б, “М к” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талаас Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээг “М к” ХХК-тай байгуулж байсан, тухайн үедээ уг орон сууцыг шилжүүлэн авахдаа “бусдын барьцаанд байгаа” эсэхийг шалгаж тодруулах бүрэн боломжтой, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх зарчмын дагуу холбогдох захиргааны байгууллагаас асууж, тодруулах нь нэхэмжлэгчид хамааралтай гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн “өмчлөх эрх манай компанид үүссэний дараа барьцааны гэрээнд оролцоогүй байхад нэхэмжлэгчид хамаатуулсан” гэх гомдлын тухайд 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “М к” ХХК, “С С А Э” ХХК-ийн хооронд “Орон сууц захиалах гүйцэтгэх” гэрээ байгуулагдсан, 2007 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “С С А Э” ХХК-иас төлбөр шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан боловч эдгээр баримт нь “С С А Э” ХХК-д хамааралтай болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамааралгүй юм.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Өр шилжүүлэх гурван талт гэрээний тал биш, анх 2010 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Барилгын элс, хайрга нийлүүлэх гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх гэрээг байгуулснаар маргаан бүхий орон сууцтай холбоотой эрх үүссэн, энэхүү цаг хугацаанаас өмнө маргаан бүхий орон сууц нь бусдын барьцаанд байсан тул дээрх гомдол үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0360 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0605 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ