Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2021/02597

 

 

 

 

 

 

 

 

 

        2021          10               14                                           184/ШШ2021/02597

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Т нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: НШШГГ

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд “КБ” ХХК-д  холбогдох

 

            Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар  хороо, Хайрхан ханын материал /18080/ 54/б/ байрны 99 тоотод байрлах, 88.88 мкв талбай  бүхий  3 өрөө орон сууцыг 98.014.800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Золжаргал, түүний өмгөөлөгч Г.Тамир,  хариуцагч байгууллагын төлөөлөгч Э.Цэнгүүнзул, Т.Анужин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч  Г.Энхтайван, Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд түүний төлөөлөгч болон өмгөөлөгч нар тайлбарлахдаа:...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Тгээс 81,828,414 төгрөг гаргуулж КБ ХХК-д төлөхөөр эвлэрсэн захирамж  гарсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Г.Тгийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал/18080/ 54 /б/ байрны 99 тоотод байрлах, 88,88 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилж  81,828,414 төгрөгийг 1 сарын дотор төлөх боломжгүй байхад үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага  худалдаанд оруулахаар хураан  авсан.

 Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Даваадоржийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 4-220/38413 тоот мэдэгдлээр  орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 98,014,800 төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдэгдлийг 2020 оны 10 сарын 08-ны өдөр мэдэж  хүлээн  авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг надад танилцуулаагүй, шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хөрөнгийн үнийн саналын талаар харилцан тохиролцуулаагүй  тогтоосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 199 дугаар зүйлийн 199.1-т зааснаар “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нарын харилцан тохиролцож, тогтоосон  үнийн 70 хувиар тооцон  тогтооно.... гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон  төлбөр авагч КБ ХХК-тай уулзуулж харилцан тохиролцуулах ажиллагааг хийлгүйгээр шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн. Шинжээч  томилсон  тогтоолд   шинжээч  нь гарын  үсэг  зураагүй, /хх104/... мөн  Шүүхийн  шинжилгээний  тухай хуулийн  9 дүгээр зүйлийн  9.1-д заасныг  зөрчсөн.  Баян модот гэх компанийг томилсон атал тогтоолоор томилогдоогүй  Цэвээнролом гэдэн хүнд хууль тайлбарлаж   ажиллагаа  хийсэн  мөн  нь  он сар зөрүүтэй зэрэг хэнийг томилоод хэн дүгнэлт гаргаад байгаа нь ойлгомжгүй  хууль зөрчсөн  байна.  

Өмчлөгч нараас үнийн санал авахдаа орон сууцны шинжээчээр тогтоосон үнэлгээг анхны дуудлага худалдаагаар 70 хувь, хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувь бууруулах хууль зүйн  үр дагаварыг тайлбарлаж өгөөгүйн улмаас  миний  эд хөрөнгийг үнэгүйдүүлж хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчиж орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна.

 Шинжээчийн тогтоосон үнэлгээг Иргэний хуулийн 199 дугаар  зүйлийн 199.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааг 70 хувиар бууруулдаг цаашдаа худалдан борлогдохгүй бол 2 дах дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнийг 50 хувиар бууруулж дуудлага худалдаанд оруулж 81,828,414 төгрөгийн төлбөрийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцыг   48,007,300 төгрөгийн төлбөрт тооцож 33,821,114 төгрөгийн өр төлбөртэй үлдэж  байна.  Одоо  3 өрөө  байрны  зах зээлийн   ханшнаас хэт  бага  байна.

 Т-ийн хувьд шийдвэр  гүйцэтгэлийн  ажиллагаанд биеэр нэг ч  удаа  оролцоогүй  хөдөө томилолтоор ажилладаг. Төлбөр төлөх үүрэгтэй  гэдгээ  ойлгож  байгаа.

Хэрэгт нотлох баримтаар  ирүүлсэн  хөрөнгийн  үнэлгээний тайлан  нь  хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар ирүүлсэн бөгөөд    хариуцагч болох  ШШГГ-аас ирүүлээгүй,  Хөрөнгийн  үнэлгээний  төвөөс авсан байна. Энэ  байдлаараа   хувийн  ашиг  сонирхолтой  нь харагдаад байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Шүүхийн  шинжилгээний тухай хуульд зааснаар  үйлдээгүй,  процессын  зөрчилтэй  явуулсан. Төлбөр авагчтай ашиг сонирхолын ямар зөрчилтэй байгаа эсэхийг урьдчилан тогтоосны  дараа томилох байсан. Хуульд заасан журмыг баримтлаагүй  тогтоолоор  хийсэн  дүгнэлт нь  хууль зөрчсөн  үндэслэлгүй  дүгнэлт юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хууль хэрэгжүүлдэг байгууллага байж хуульд заасан дарааллын дагуу тогтоолоо үйлдээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасан байхад хариуцагч байгууллага нь “Б.М” ХХК-г шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл болон төлбөр авагч, төлбөр төлөгч нартай хувийн харилцаатай эсэхийг тодруулалгүй холбогдох хуулийг зөрчиж 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр С.Цэвээнролом гэх хүнд эрх үүрэг танилцуулсан байдаг.

Мөн тогтоол үйлдсэний маргааш нь шинжээч С.Цэвээнролом гэх хүнд хууль тайлбарлах ажиллагаа хийсэн байгаа байдал нь хууль тайлбарласан баримт бичгийг нөхөж үйлдээд С.Цэвээнролом гэх хүнийг шинжээчээр томилоогүй байж түүнд хууль тайлбарласан нь харагдаж байна. “Б.М” ХХК-аас С.Цэвээнроломд олгосон итгэмжлэлийг бүхэлд нь уншиж үзэх юм бол шинжээчийн дүгнэлт гаргана гэсэн агуулгатай үг, үсэг байдаггүй. Иймд төлбөр төлөгч маань ийм ойлгомжгүй хууль зөрчиж шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлсэн үнэлгээний дагуу төлбөр төлөх шаардлагагүй.

 

Дээрх үндэслэлээр  төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн үнэлгээнд гомдол гаргаж байгаа тул Г.Тгийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар  хороо, Хайрхан ханын материал /18080/ 54/б/ байрны 99 тоотод  байрлах, 88,88 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг 98,014,800 төгрөгөөр үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Тгээс 81,828,414 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд СХД-ийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал /18080/ 54 /б/ байрны 99 тоот хаягт байрлах, Ү-2201 дугаарт бүртгэлтэй 88,88 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн ба шүүхээс 2019 оны 9 сарын 19-нд 184/ГХ2019/00349 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг.

  2019 оны 12 сарын 15-нд хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390081 дугаарын тогтоолоор үүсгэж гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгч Г.Тгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал /18080/ 54 /б/ байрны 99 тоот хаягт байрлах, Ү-2201  дугаарт бүртгэлтэй 88,88 м/кв талбай  бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 2 сарын 05-ны өдөр 20390081/03 дугаар тогтоолоор битүүмжлэн 2020 оны 9 сарын 18-нд 20390081/05 дугаар тогтоолоор хураан авч Г.Тгийн төрсөн эх Ц.Чимгээгийн хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Г.Т  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд  биечлэн  ирээгүй,  утсаар холбогдож  байсан  үнийн саналын талаар санал ирүүлнэ  гэсэн  боловч   ирүүлээгүй. Төлбөр төлөгчид  албан тоотууд  явуулж байсан үүнийг  харин түүний ээж  болон  эхнэрт өгсөн байдаг.  

Иргэний хуулийн 199 дугаар зүйлийн 199.1-т заасны дагуу хураасан эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч  нартай харилцан тохиролцон  2020 оны 9 сарын 24-ний өдрийн дотор тус газарт санал ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Тд 4-220/34140,4-220/34917, төлбөр авагч КБ ХХК-д 4-220/34140 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд төлбөр төлөгч  нь үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч КБны төлөөлөгч харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай  хүсэлт  ирүүлсэн тул Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар  зүйлийн 42.1, 55 дугаар  зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээчээр  “Баян модот”  ХХК-ийг 2020 оны 9 сарын 28-нд  шинжээчээр томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 98,014,800 төгрөгөөр тогтоосон. Шинжээчийг тойргийн  журмаар томилдог.

Шинжээчээс үнэлгээний тайланг 2020 оны 10 сарын 05-нд  хүлээн авч төлбөр авагч КБ ХХК-д 2020 оны 10 сарын 08-ны өдөр 4-220/38412, төлбөр төлөгч Г.Тд 2020 оны 10 сарын 08-нд 4-220/38413 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.                                

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан хууль зөрчөөгүй тул төлбөр төлөгч Г.Тгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох үндэслэлтэй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Яагаад ингэж бичсэнийг ойлгохгүй байна. Захирамж гарсан байдаг боловч төлбөр төлөгч төлбөр төлөх ямар ч үйлдэл хийгээгүй. Үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2 удаа явуулсан байдаг. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд байгаа шинжээч томилуулах хүсэлт гаргаж байж ажиллагааг цааш үргэлжлүүлж байсан. Үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Нотлох баримтаа нэхэмжлэгч хариуцагч талууд өөрсдөө бүрдүүлэх ёстой. 98 сая төгрөгөөр үнэлснийг бага үнэлсэн талаар баримт байхгүй. Үнэлгээний санал өг гэж хариуцагч тал нэхэмжлэгчид мэдэгдлийг явуулсан байдаг. Өмчлөгчийн эрх гэж байдаг бол үүргээ бас биелүүлэх ёстой.  Шинжээчийн дүгнэлтийг хийсэн компани  нь  хөрөнгийн үнэлгээ   хийх   тусгай  зөвшөөрөлтэй  хуулийн этгээдээр  дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан  дүүргийн 8 дугаар  хороо, Хайрхан ханын материал /18080/ 54/б/ байрны 99 тоотод байрлах, 88.88 м,кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн хөндлөнгийн шинжээч “Б.М” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас  томилсон шинжээч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулаагүй,  шинжээч тогтоолд гарын үсэг зураагүй, хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах ажиллагаа явуулаагүй гэж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төлбөр авагч “КБ” бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргасан ба шүүх  хүсэлтийг хангаж 2021 оны 09 сарын  10-нд 184/ШЗ32021/09857 дугаар захирамжаар татан оролцуулсан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар ...нэхэмжлэгч КБны нэхэмжлэлтэй Г.Тд холбогдох орон сууцны зээлийн 3002-2017/04 тоот гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 81,828,414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан байна.  /хх 8-7 дугаар тал/

Дурдсан шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн:

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 184/ШЗ2019/03187 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх тухай  мөн өдөр 349 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Г.Тгээс 81,828,414 төгрөг гаргуулан төлбөр авагч “КБ” ХХК-д олгох, хэрэв төлбөрөө сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд Г.Тгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал /18080/ 54/б/ байрны 99 тоот хаягт байрлах 88,88 м,кв талбайтай 3 өрөө, Ү-2201  дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн  шийдвэрийн  дагуу албадан худалдаж  үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрөв гэсэн байна.  /хх 34-38 дугаар тал/

 

 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20390081 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Тд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх- 37 /

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу төлбөр төлөгч Г.Тгийн эхнэр Ч.Будсүрэнд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гардуулж, түүнтэй ярилцан тэмдэглэл үйлдсэн байна. /хх 38,39,40 дүгээр тал /

 

Төлбөр төлөгч Г.Т нь шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул түүний өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 сарын 05-нд битүүмжлэн эхнэр Ч.Будсүрэнд танилцуулсан, 2020 оны 9 сарын 18-нд хөрөнгө хураах 20390081/5 дугаар тогтоол үйлдэн Иргэний хуулийн 199 дугаар зүйлийн 199.1-д зааснаар төлбөр төлөгч Г.Тгийн төрсөн ээж Ц.Чимгээд 2020 оны 9 сарын 22-нд  гардуулсан ба мөн 2020 оны 9 сарын 25-нд 4-220/34917 дугаартай мэдэгдлийг Г.Тгийн оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн байх боловч үнийн санал ирүүлээгүй байна. /хх 44-58 дугаар тал/

 Төлбөр авагч “КБ” ХХК-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг шуудангаар мөн өдөр хүргүүлсэн байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээч томилон тогтоолгох хүсэлтийг 2020 оны 9 сарын 24-ний өдөр гаргасан байна. / хх 57 дугаар тал /

Төлбөр төлөгч Г.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биеэр оролцоогүй болох нь талуудын тайлбараар болон холбогдох баримтуудад гарын үсэг зураагүй байдлаар тогтоогдож байна.   

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/488 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Б.М” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгасан ба уг тогтоолд шинжээч гарын үсэг зураагүй байна. Харин С.Цэвээнроломд 2020 оны 9 сарын 29-нд хууль сануулж, гарын үсэг зуруулсан байна. / хх 59-82 дугаар тал /

 

2020 оны 10 сарын 02-ны өдрийн №СХД 0С-20/10/01 дугаартай албан бичиг бүхий “Хөрөнгийн үнэлгээний тухай” гэх баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 98 014 800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланд “Б.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат гарын үсэг зурсан байна. / хх 84/

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөг болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд” гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг 8.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь ...  дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 9/488 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад С.Цэвээнролом уг үнэлгээг гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасны дагуу томилогдсон этгээд мөн эсэх нь эргэлзээтэй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадахгүй байна гэж дүгнэлээ.

 

         Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасаны дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан С.Цэвээнролом нь шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон “Б.М” ХХК-ийн ажилтан мөн эсэх, түүнд шинжээчийн дүгнэлт гаргах эрх олгосон эсэх,

 уг компаниас түүнийг уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь  тодорхой бус бөгөөд  хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

 “Баян модот” хөрөнгийн үнэлгээний компани нь 2020 оны 9 сарын 30-нд  С.Цэвээнроломд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлд  “Иргэний тухай хууль 199 дахь заалт” гэж бичсэн нь хуульд заасан шаардлага хангаагүй байхаас гадна дээрх итгэмжлэл нь зөвхөн  бичиг баримтуудад гарын үсэг зурах агуулгатай ба  хуульд  заасан   шаардлага  хангаагүй  байна.

  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д   “Энэ  хуулийн  84.2-т заасан  шаардлагыг   хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж хуульд заасан байх байна. Дээрх  итгэмжлэлээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл он сар зөрүүтэй, шинжээчид хууль сануулсны дараа олгосон тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэхэд учир дутагдалтай байна. /хх 83 дугаар тал/   

 

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч байгууллага нөхөж ирүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аваагүй, Хөрөнгийн үнэлгээний төвөөс авсан байгаа  нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байгааг нотолж байна, хуульд заасан шаардлага хангаагүй баримт ирүүлсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгааг хариуцагч тал баримтаар няцааж чадахгүй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-д  “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь... боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...” гэж заажээ.

Хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт гэх баримтуудыг      хуулбарлан ирүүлсэн боловч дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул хэрэгт ач  холбогдолгүй баримтууд гэж  үнэлэв. / хх 189-199 дугаар тал/

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Г.Тгийн төрсөн ээж Ц.Чимгээд 2020 оны 10 сарын 08-нд 4-220/30413 тоот мэдэгдлээр мөн өдөр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 98 014 800 төгрөгийн үнэлгээг,

мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан 4-220/30413 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Т нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 10 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал аваагүй, харилцан тохиролцох ажиллагаа явуулаагүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Тгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал /18080/, 548 байрны 99 тоот хаягт байрлах, 88.88 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 118, 118, 158 дугаар зүйлийн 158.1.1, 180 дугаар зүйлийн 180.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 199 дугаар зүйлийн 199.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Г.Тгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Хайрхан ханын материал /18080/, 548 байрны 99 тоот хаягт байрлах, 88.88 м.кв талбай бүхий 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэсэн  ажиллагааг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ