Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00619

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Т-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00209 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Т-гээс 81 628 414 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгож, шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Г.Т-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049228 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоотод байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Орон сууцыг шинжээч 96 014 600 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагч Капитрон банк ХХК-аас үнийн санал аваагүй, шинжээч томилох тогтоолыг өмчлөгчид танилцуулаагүй, өмчлөгч, төлбөр авагч Капитрон банк ХХК-тай уулзаж, харилцан тохиролцох ажиллагааг хийгээгүй, шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн, өмчлөгчөөс үнийн санал авахдаа орон сууцны шинжээчээр тогтоосон үнэлгээг анхны дуудлага худалдаагаар 70 хувь, хоёр дахь дуудлага худалдаагаар 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, орон сууцыг хэт багаар үнэлсэнд гомдолтой байна. Хоёр дахь албадан дуудлага худалдааны дараа 81 628 414 төгрөгийн төлбөрийн шаардлагад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцаа 48 007 300 төгрөгийн төлбөрт өгөөд цаана нь 33 621 114 төгрөгийн төлбөртэй үлдэж байгаа юм байна. Иймд зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул Г.Т-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201049228 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоотод байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 96 014 600 төгрөгөөр үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар захирамжаар Г.Т-гээс 81 628 414 төгрөгийг гаргуулан, Капитрон банк ХХК-д олгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шшийдвэр гүйцэтгэх ажиллагааг 20390081 дугаар тогтоолоор үүсгэж, гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр төлөгч Г.Т-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/ 54б байрны 77 тоот хаягт байрлах, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20390081/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20390081/5 дугаартай тогтоолоор хураан авч Г.Т-гийн төрсөн ээж Ц.Ч-гийн хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Хураасан барьцаа хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нартай харилцан тохиролцон тогтоож, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор тус газарт ирүүлэхийг төлбөр төлөгч Г.Т-д 4-220/34140, 4-220/34917, төлбөр авагч Капитрон банк ХХК-д 4-220/34140 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дах заалтыг үндэслэн шинжээч Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийн үнэлгээг 96 014 600 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг талуудад албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч Г.Т-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан ханын материал /18060/, 54б байрны 77 тоот хаягт байрлах, 68.86 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-2201049228 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо талуудаас үнийн санал аваагүй, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгуулах талаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарыг гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хамт шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас үнийн санал аваагүй, харилцан тохиролцох ажиллагаа явуулаагүй, зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй-г дурдаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан төлбөр төлөгч Г.Т-гийн өмчлөлийн эд хөрөнгөд үнэлгээ хийсэн ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, мөн шинжээч томилох тогтоолыг танилцуулаагүй, орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

 

Талуудын маргааны зүйл болсон хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргаан буюу хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан журамд нийцсэн эсэх, мөн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн хийсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн 64 дүгээр талд авагдсан Баян модот ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн СХД-ОС-20/10/01 дугаар албан бичиг, тус компанийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэл зэргийг үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх уг эрхийг хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ