Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2021/00640

 

Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу малын үнэ 11,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.******* нь нь Ч.*******оос 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 203 тооны эм хонь нэр бүрийг 50,000 төгрөгөөр нийт 10,150,000 төгрөг, 30 хурга нэр бүрийг 30,000 төгрөгөөр нийт 900,000 төгрөгөөр тооцож нийт 11,050,000 төгрөгийн 233 тооны бог малыг бэлэн мөнгөөр авахаар харилцан тохиролцсон. Тохиролцсон ёсоор Л.*******ын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас 35км зайд орших Шар нүдэн гэх газраас малаа туулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р багийн төв дээр А.*******д тоо ёсоор хүлээлгэх өгсөн. Тухайн үед А.******* хүүгийн хамт явж байсан. А.*******д малаа хүлээлгэх өгөөд малаа авах гэтэл мөнгө байхгүй 200 хонь буюу 10,000,000 төгрөгийн оронд Toyota prius-20 маркийн автомашин өгье гэсэн санал тавьсан. Миний хувьд нэгэнт туугаад ирсэн болохоор яаж буцаагаад туугаад явах билээ гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл Toyota prius 20 маркийн автомашин Улаанбаатар хотод хүүхэд унаж байгаа ирэхээр нь утсаар ярьж байгаад удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдийгээр хуучин навсгар ч гэсэн Toyota Prado-78 маркийн автомашиныг нь Toyota prius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд хашаанд байж байг гэхэд А.******* зөвшөөрсөн тул би унаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-16-05 тоот хашаа болох аав *******гийн хашаанд тавьсан тэр цагаас хойш унаагүй хэвээрээ байгаа. Түүнээс хойш А.******* руу удаа дараа утсаар ярихад Toyota prius-20 автомашинаа өгч чадахааргүй болсон, наад машиныг чинь янзлуулаад өгнө ямар ч байсан чамайг хохиролгүй болгож өгнө гэж хэлснээс хойш одоог хүртэл утсаа авахгүй байна. Иймд А.*******аас бог малын үнэ 11,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ч.******* танил нь 2020 оны 9 дүгээр сард 200 эм хонь зармаар байна та аваадах уу гэж надтай уулзсан. Хариуд нь би чи хэдээр зарах юм бэ гэхэд 1 хонийг 40,000 төгрөгөөр зармаар байна гэж хэлэхэд би зах зээлийн үнэ 30,000 төгрөг байна энэ үнээр авна гэсэн. Тэгээд бид хоёр үнэн дээр тохиролцоогүй гэтэл Ч.******* өмнө нь манай хүүгийн унадаг Toyota prius-20 маркийн автомашиныг сонирхдог байсан. Тэгээд тухайн үед манай хүүгийн машиныг 200 эм хониороо сольж авъя гэхэд хүү маань малыг үзээд. Үнээ барихгүй юм байна гээд больчихсон юм. Ингээд 2020 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулийн өдөр над руу 88251551 дугаарын утсаар миний 80080122 дугаарын утас руу ярьж манай гэр Жинст сумын Нарийн хар гэх газар руу нүүж байна би нөгөө 200 ширхэг хонио, Улаанбаатар руу хүнд зарах 30 хургатай Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Шар нүдэн гэх газарт аваад үлдлээ. Би тань руу малаа туугаад аваад очлоо таны Toyota Prado-78 маркийн автомашиныг малаараа авахаар боллоо, өмнөөс машинаа унаад хүрээд ирээ газрын дунд солилцъё гэсэн. Ч.******* 4-5 жилийн өмнө миний Toyota Prado-78 маркийн автомашиныг худалдаж авна гээд сонирхож байсан хүн юм. Тухайн үед машиныхаа үнийг 15,000,000 төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Ингээд миний бие машинаа 200 хониор сольж түүнд зарахаар болоод машинаа унаад урдаас нь очсон. Машин мал хоёрыг солихдоо Өлзийт сумын 1 дүгээр багийн төв дээр байрлах мал угаах хашаанд малаа авч ирж өгөөд манай хүүхэд бид хоёрыг Өлзийт суман дээр хүргэж өгчхөөд Toyota Prado-78 маркийн машиныг унаад явсан. Түүнээс хойш бид хоёр хоорондоо утсаар холбоотой байсан. 2020 оны 11 дүгээр сард машины хойд хоёр амортизатор сольё цохиод байна. Та надад амортизатор худалдан авсан 150,000 төгрөгийг өгөөрэй гэхэд нь би зөвшөөрч өгөхөөр болсон. Би Ч.*******оос бэлэн мөнгөөр болон Toyota prius-20 маркийн автомашин сольж өгөх талаар ямар нэгэн хэлцэл болон гэрээ хийгээгүй. Надад анхнаасаа мал бэлэн мөнгөөр худалдан авах уу гэсэн санал тавьсан мөн Toyota prius-20 маркийн автомашиныг малаар солих санал л тавьсныг би хүлээн зөвшөөрөөгүй. Харин надаас миний Toyota Prado-78 маркийн автомашиныг малаар худалдан авах санал тавиад энэ саналыг нь би хүлээн зөвшөөрч машинаа зарсан. Харин автомашинаа өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Учир нь коронавирус цар тахлын нөхцөл байдлаас болоод мөн миний бие 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөлөө гэмтээгээд Улаанбаатар хот руу явж хагалгаанд ороод 2021 оны 02 дугаар сарын дундуур ирээд гэрийн асаргаанд байж байгаад 2021 оны 05 сарын эхээр хөл дээрээ боссон. Энэ хооронд Ч.******* над руу ярьж байсан машиндаа дрилл өнгөлгөө болон хаалганы цоожнуудаа янзлуулмаар байна. Та төгрөгийг нь өгнө биз дээ гэж ярьж байсан. Би тухайн засваруудынх нь төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан. Улаанбаатар хот руу явуулах 30 хурганы хувьд би өөрөө Ч.*******т зарж өгнө гээд тухайн үед 200 хоньтойгоо хамт аваад үлдсэн. Хургыг миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын иргэн Баяраа гэх хүнд худалдсан, мөнгийг нь тэгж байгаад өгнө гээд надад хэлсэн. 2021 оны 02 дугаар сард би хурганы мөнгийг Баяраагаас нэхэхэд хаш хөөрөг байна сонирхох уу нөгөө хүндээ хэлээд өгөх үү гэхэд нь би Ч.*******т санал болгоход хөөргийг нь сонирхоод үзье зургийг нь фейсбүүкээр явуулчих гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баяраа хөөргөний зураг явуулаагүй тул би *******т зургийг явуулаагүй. Баяраа гэх хүнээс 30 хурганы 750,000 төгрөгийг миний бие удалгүй авч өгнө. Миний хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн өгөх өр байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь шүүхэд хандан А.*******аас бог малын үнэ 11,050,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгчээс А.******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 203 тооны эм хонийг нэг бүрийг 50,000 төгрөгөөр нийт 10,150,000 төгрөг, 30 хурга нэг бүрийг 30,000 төгрөг нийт 900,000 төгрөг бүгд 11,050,000 төгрөгийн 233 тооны мал авахаар утсаар ярьж харилцан тохиролцсон. Тохиролцон ёсоор Л.*******ын хамт “Шар нүдэн” гэх газраас малаа туугаад Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн төвд авчирч А.*******д тоо ёсоор хүлээлгэн өгөөд мөнгөө авах гэтэл А.******* нь бэлэн мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Эдгээр хүмүүс хоорондоо А.*******ын хүүхдийн Toyota Рrius-20 маркийн автомашиныг худалдан авахаар харилцан ярилцаж байсан бөгөөд тухайн үед Toyota Рrius-20 маркийн автомашин нь Улаанбаатар хот руу А.*******ын хүү унаад явсан байсан. Тухайн үед тохиролцохдоо зарсан малын үнэ 10,000,000 төгрөгт Toyota Рrius-20 маркийн машиныг авахаар болж, үлдсэнийг бэлэн мөнгөөр өгөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь Toyota Рrius-20 машинаа Улаанбаатар хотоос ирэхээр Ч.*******т хүлээлгэх өгнө гэсэн асуудлыг ярьсан байдаг. Нэхэмжлэгч Ч.*******ын зүгээс А.*******ын Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авч үлдээд Toyota Рrius-20 машинаа хүлээлгэж өгөөд Toyota Prado-78 машинаа буцаагаад авах талаар хэлж малаа хүлээлгэн өгснөөр тухайн үйл явдал дууссан байдаг. Уг барьцаанд авсан гэх Toyota Prado-78 маркийн машиныг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 16-05 тоотод аваачиж тавьсан, тэр өдрөөс хойш байрнаасаа хөдлөөгүй байдаг. Энэ үйл явдлаас хойш нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай Toyota Рrius-20 маркийн автомашинаа авах талаар утсаар ярихад машинаа зарсан талаар хэлсэн тул нэхэмжлэгч нь А.*******аас мөнгөө нэхэхэд мөнгийг нь өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа больсон тул шүүхэд хандсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь малын тоо дээр маргаж байгаа энэ нөхцөлд тухайн үйл явдал дээр байсан Л.******* нь 233 тооны эм хонь байсан гэдгийг мэдүүлдэг тул түүний мэдүүлгийг чухалчилж хараасай гэж хүсэж байна. Toyota Рrius-20 машиныг хоорондоо авах талаар ярилцаж байсан гэсэн зүйлийг ярьдаг. Нэхэмжлэгч нь хонио тууж очихдоо мөнгөөр зарна гэж бодож очсон боловч хариуцагч мөнгө байхгүй гээд Toyota Рrius-20 машинаа санал болгож энэ талаар А.*******ын хүүхдээс асуухад зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч нь мөнгөө автлаа Toyota Prado-78 машиныг нь барьцаанд авсан байдаг. Гэрчийн мэдүүлгүүдийг уншихад хариуцагч талаас асуулгасан гэрчүүд нь зөрүүтэй мэдүүлгийг өгсөн нь харагддаг. Гэрч н. ганц А.*******ын тууж явсан 230 тооны малыг машинд ачсан гэдэг боловч, нь олон тооны мал ачиж явсан тул тоог мэдэхгүй гэсэн зүйлүүдийг ярьдаг. Үнэхээр туранхай малууд байсан бол хариуцагч А.******* Улаанбаатар хот руу эрсдэл үүрч борлуулах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Борлуулсан гэх баримт дээр 165 хонийг борлуулж 7,191,600 төгрөгийг ашиг олсон байна гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******д өөрийн өмч хөрөнгийг хүлээлгэн өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид малынх нь оронд Toyota Prado-78 машинаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гарган өгөөгүй байдаг. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 9 дүгээр сард Ч.******* надад ишиг, хурга заруулах талаар хэлж байсан. Ингээд би хүүхдийнхээ Toyota Рrius-20 машинаар очиж ишиг хургыг нь үзэхэд Ч.******* Toyota Рrius-20 машиныг сонирхож байсан. Тэгээд надад хандан муудсан хонио 40,000 төгрөгөөр зарна гэхэд нь би 30,000 төгрөгөөр авна гээд тухайн үед үнэ дээрээ тохиролцоонд хүрээгүй байдаг. Toyota Рrius-20 машиныг худалдан авах талаар хүүхдэдээ хэлэхэд хүү зөвшөөрөөгүй. Тэгээд байж байтал 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ч.******* над руу утсаар “Би муудсан хонио ялгачихлаа, та Toyota Prado-78 машинаа асаагаад аваад ир” гэж ярьсан. Ингээд ярьсны дагуу би Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутагт Toyota Prado-78 машинаа унаад очсон Ч.******* машинаа авч би малаа туугаад явсан байдаг. Сүүлд нь над руу таны машин хойд амаржин нь цохиод байна мөн дрилл өнгөлгөө хийлгэмээр байна гээд мөнгө нэхэж байсан би түүнийг нь хүлээн зөвшөөрсөн ч мөнгө төгрөг өгөөгүй. Тухайн үед бидний хооронд машин барьцаанд үлдээх эсэх талаар ямар нэгэн яриа болоогүй. Би 2021 оны 1 сард хөлөө гэмтээгээд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2 дугаар сард гэртээ ирсэн, гэрийн асаргаанд байж байгаад 5 сард хөл дээрээ боссон. Тэр хооронд Ч.******* над руу олон удаа ярьсан. Тухайн үед 30 хурга байсан бөгөөд нэг хургыг 25,000 төгрөгөөр худалдаж 750,000 төгрөг болсон энэ мөнгийг нь би өгөхөд татгалзах зүйлгүй, харин хонь нь 12 килограмм барьж 1 килограммыг нь 3200 төгрөгөөр бодож, зарим нь үхэж, зарим нь гологдоод 6,000,000 гарган төгрөг болсон. Мөн Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу нэг бүрийг 10,000 төгрөгөөр ачиж Улаанбаатар хотод Өндөр ширээтэд н.Баяраа гэх хүнд Ч.*******ын хонийг зарсан. н.Баяраа гэх хүн хаш хөөрөг санал болгож байна гэхэд зургийг нь явуулчих гэсэн боловч Баяраа нь зургаа явуулаагүй энэ хооронд шүүхэд хандсан байсан. Би анхнаасаа мөнгө байхгүй гэдгээ Ч.*******т хэлсэн. Ч.******* нь Toyota Prado-78 машинаа аваад ир гэсэн тул түүнд машинаа өгсөн байдаг. Тухайн үед хамт байсан Л.******* болсон үйл явдлын талаар буруу мэдүүлсэн байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нь Ч.*******той ашиг сонирхлын зөрчилтэй, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байгаа нь энэхүү хэрэгт субьектив байдлаар хандах эсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэг нь эргэлзээтэй байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдаг. Энэ харилцаа нь иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан сайн дурын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ юм. Гэрээ байгуулах саналын хувьд иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.3-д заасан нөхцөлийг хангасан гэрээ гэж үзэж байна. Гэрээний гол нөхцөл нь 203 хонийг Toyota Prado-78 машинаар сольж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 233 тооны бог малыг бэлэн мөнгөөр худалдсан гэж 11,050,000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин А.******* нь 30 хургыг борлуулж өгнө гэсэн тул борлуулсан мөнгөө төлөх бүрэн боломжтой” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа хариуцагч А.*******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу малын үнэ 11,050,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 203 тооны эм хонь нэг бүрийг 50,000 төгрөгөөр нийт 10,150,000 төгрөг, 30 хурга нэг бүрийг 30,000 төгрөгөөр нийт 900,000 төгрөгөөр тооцож нийт 11,050,000 төгрөгийн 233 тооны бог малыг бэлэн мөнгөөр худалдан авахаар тохирсон, улмаар 200 хонь буюу 10,000,000 төгрөгийн оронд Toyota Prius-20 маркийн автомашин өгье гэсэн санал тавьсныг зөвшөөрч, Toyota Рrius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авсан. Toyota Рrius-20 автомашинаа өгөхгүй гэсэн тул А.*******аас бог малын үнэ 11,050,000 төгрөгийг гаргуулан хэмээн шаардсан.

Хариуцагч 200 эм хонийг нэг бүрийн 30,000 төгрөг, 30 хургыг хүнд зарж өгөхөөр 25,000 төгрөгөөр худалдаж авсан. 200 эм хонины өртөгт бодож Toyota Pradо-78 маркийн автомашиныг өгсөн, одоо 30 хурганы үнэ 750,000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ буюу хонийг автомашинаар солих тухай үйл баримт нь арилжааны гэрээний шинжийг агуулж байгаа боловч хариуцагчийн зүгээс Toyota Prius-20 маркийн автомашин болон Toyota Prado-78 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй, түүнчлэн анхнаасаа шууд эд хөрөнгө шилжүүлэх тухай нөхцөл байдал үүсээгүй, харин хариу мөнгөн төлбөрийг тохиролцон шилжүүлэх үүрэг үүссэн байх тул арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч талаас худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч А.*******д 203 эм хонь, 30 хургыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, 1 эм хонийг 50,000 төгрөг, 1 хургыг 30,000 төгрөгөөр худалдсан хэмээн тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу эм хонь болон хургыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Ч.******* нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эм хонь болон хургыг хариуцагч А.*******д биет байдлаар хүлээлгэн өгч, өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч үнийг төлөх үүргийг хүлээж амаар гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Худалдах худалдан авах гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч 203 эм хонь, 30 хурга хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч 200 эм хонь, 30 хурга хүлээн авсан гэж малын тооны хувьд зөрүүтэй тайлбар гаргаж, талууд мал хүлээлцсэн тухай тооцоо нийлсэн акт бичгээр үлдээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.*******ыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авхуулсан бөгөөд гэрч “2020 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Ч.*******ын хамт Баянговь сумаас 233 толгой хонийг туулцаж Өлзийт суманд А.******* гэх хүнд хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлсэн.

Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч талын 203 эм хонь, 30 хургыг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Л.*******ын мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай үндэслэл бүхий тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э., С., Б. нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд Э. “...С. бид хоёр Улаанбаатар хот руу ачиж явсан. Нэг хонийг 10,000 төгрөгөөр ачсан” гэж, С. “...олон хүний хонь ачиж авсан тул хэдэн хонь, хэдэн төгрөгөөр ачиж явсан талаар санахгүй байна” гэж, Б. “...2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хот, Эмээлт, Шанд гэх газар хонь, хурга буулгасан. Хэдэн толгой, ямар үнээр зарсан гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан бой руу туугаад оруулахад 2 дахиад гологдоод ирсэн” гэж тус тус мэдүүлсэн. Гэрч С. болон Б. нар хонины тоог хэд байсан талаар мэдэхгүй гэж, Э. 230 хонийг С.тай тэнцүү хувааж ачсан гэж мэдүүлж байгаа боловч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу А.******* хүлээж авсан өдрөөс хойш 5 хоногийн дараах үйл баримтын талаар дурдаж байх тул эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна.

Харин 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 203 эм хонь, 30 хургыг нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******ын өмчлөлд шилжүүлж, хариуцагч А.******* нь хонь, хургыг биет байдлаар үзэж, шалгаад хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчид хонийг хүлээлгэж өгөх үед хамт байсан гэрч Л.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч Ч.******* нь өмнө миний Toyota Prado-78 маркийн автомашиныг худалдаж авахаар сонирхож байсан. 200 эм хонины өртөгт бодож Toyota Pradо-78 маркийн автомашиныг өгсөн, 30 хурганы үнэ 750,000 төгрөгийг одоо төлнө” гэж маргаж байгаа боловч Toyota Pradо-78 маркийн автомашиныг нэхэмжлэгч Ч.*******ын өмчлөлд шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс А.******* зөвшөөрснөөр Toyota prius-20 автомашинаа өгөх хүртэл хугацаанд Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авсан гэх тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.3-т “...Энэ хуулийн 156.1-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан тул талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******ын өмчлөлийн Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авч Баянхонгор сумын 2 дугаар баг, 16-5 тоотод өөрийн эцэг Д.*******гийн хашаанд тавьсан гэж гэрчээр Д.*******, Д.Цэндээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Д.******* “...2020 оны 10 сард авч ирж хашаанд тавьсан, түүнээс хойш унаж хөдөлгөөнд оролцоогүй” гэж, Д.Цэндээ “...хашаанд хар хөх өнгийн жийп машин 2020 оны 10 сараас хойш байгаа. хэн нэгэн унаж замын хөдөлгөөнд оролцдоггүй” гэж тус тус мэдүүлсэн.

Түүнчлэн, зохигчид үнийн дүн дээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс нэг эм хонийг 50,000 төгрөг, 1 хургыг 30,000 төгрөгөөр үнэлж худалдсан гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Үүний дагуу нэхэмжлэгч нь “Энх-нахиа” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр Баянхонгор аймагт 2020 оны 9, 10 дугаар сарын байдлаар нэг эм хонь 70,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж үнэлгээний тайланг гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл, уг баримтыг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан бичгийн нотлох баримт болох бөгөөд харин хариуцагч хуульд заасан үүргийн дагуу уг нотлох баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй болно.

Тухайн баримтаас үзвэл Баянхонгор аймагт 2020 оны 9, 10 дугаар сарын байдлаар нэг эм хонь 70,000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч нь нэг эм хонийг 50,000 төгрөгөөр үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин хариуцагч А.*******ын зүгээс нэхэмжлэгч Ч.*******ын хонь болон хурга нь туранхай муу 50,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй, хургыг 25,000 төгрөгөөр хүнд зарж өгсөн одоо 750,000 төгрөгийг Баяраа гэх хүнээс авч өгнө гэж тайлбар гаргаж нотлох баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 ширхэг 2013 кг хонины мах 6,441,600 төгрөг гэх Эмээлт Эрдэнэ трейд ХХК-ийн зарлагын баримт, “...Гомбо овогтой Мөнхжаргал миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-нд Өлзийт сумын иргэн А.*******аас 25 тооны хурга нэг бүрийн үнэ 25,000 төгрөгөөр худалдаж авсан үнэн Т.Мөнхжаргал” гэх бичгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас гаргаж өгсөн зарлагын баримт нь А.*******ын хонины махны зарлагын баримт мөн эсэх нь тодорхойгүй, хонины тоо 165 гэж зөрүүтэй байх тул хонины тоог тодорхойлох боломжгүй, хургийг 25,000 төгрөгөөр авсан гэх бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нөгөөтэйгүүр, хариуцагч А.******* нэхэмжлэгч Ч.*******т 200 эм хонины өртөгт өөрийн өмчлөлийн Toyota Prado-78 маркийн автомашиныг өгсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч Ч.*******т тухайн автомашины бичиг баримтыг албан ёсоор шилжүүлж, өмчлөлд өгөөгүй байх тул дээрх тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******ын өмчлөлийн Toyota Prado-78 маркийн автомашиныг барьцаанд авсан гэх боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаанд аваагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Ч.*******оос өөрийн өмчлөлийн Toyota Prado-78 маркийн автомашиныг шаардан авах эрхтэй болохыг дурдъя.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх ...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж, 208 дугаар зүйлийн 208.2-т “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ...бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч А.*******аас өөрийн хонины үнийг төлөхийг шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч А.*******аас “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд малын үнэ 11,050,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 191,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,050,000 /арван нэгэн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,750 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 191,750 /нэг зуун ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ